Өчигдөр
Таван толгой дахь цэргийн хээрийн сургуулийн баазад Улаанбаатар хот дахь нийт
зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд зарласан марш тактикын тэмцээн амжилттай
болж өндөрлөлөө. Энэ үеэр Батлан хамгаалах яамны сайд, УИХ-ын гишүүн Л.Болдоос
цөөн зүйлийг тодрууллаа.
-Марш
тактикын тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулдаг. Энэ жилийн тэмцээний гол
онцлог нь юу байна вэ?
-Ер нь манай зэвсэгт хүчний анги
салбаруудын мэргэжлийн хамгийн гол ур чадвараа харуулж, уралдаж өрсөлддөг гол
тэмцээн бол марш тактикын тэмцээн. Жил бүр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн
энэ тэмцээнд маш идэвхтэй оролцож анги салбар бүр өөрийнхөө багуудыг оролцуулж
цэргийн эрдэмд яаж суралцав, цэргийн эрдмийг хэрхэн эзэмшив, цаашид яаж улам
сайн эзэмших вэ? Өнөөдөр зэвсэгт хүчний өмнө тавигдаж байгаа олон шинэ
шаардлагуудыг яаж амжилттай даван туулах вэ гэх мэт олон зорилтуудыг
хэрэгжүүлэх үүднээс энэ тэмцээнийг зохион явуулдаг. Үүгээрээ маш их ач
холбогдолтой. Энэ жил түүхэн гурван их ойгоо угтан хийж байгаагаараа энэ
тэмцээн илүү онцлог өмнөхөөсөө илүү нягт зохион байгуулалттай болсон.
-Монгол
улсын зэвсэгт хүчний техникийг хуучны нэг үгээр хэлбэл дэлхийн хоёрдугаар дайны
үеийнх гэсэн шүүмжлэл гардаг. Энийг шинэчлэх тал дээр батлан хамгаалах яамнаас
ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Энэ жилийг бид нар зэвсэгт хүчний
шинэчлэлийн шийдвэрлэлийн жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сургалт
хүмүүжлийн ажлаас гадна цэргийнхээ үүрэг гүйцэтгэх чадвар, цаашдын олон талт
үүрэг гүйцэтгэх боломж бололцоог хөгжүүлэх, хамгийн гол нь зэвсэгт хүчний
материаллаг баазыг сайжруулах, зэвсэглэл техникийг шинэчлэх сайжруулах томоохон
хөтөлбөрүүдийг хийхээр болсон. Ер нь манай зэвсэгт хүчин бас ч гэж боломжийн
өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Цаашдаа энэ амжилтандаа тулгуурлаад
дэлхийд өөрсдийгөө харуулж чадах, Монголын зэвсэгт хүчний чадварыг харуулж
чадах тийм хэмжээнд шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэх бололцоотой гэж бодож
байгаа.
-Дэлхийн
бусад орны зэвсэгт хүчний зэвсэг техниктэй манай орны зэвсэг техник, хувцас
хунарыг харьцуулахад ямархуу түвшинд байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд бид цэргийн
салбарт нилээд их шинэчлэлийг хийлээ ш дээ. Хувцас хунарыг бүрэн шинэчиллээ.
Зэвсэглэл техникийн хувьд ч гэсэн шинэчлэл хийсэн. Маш олон шинэ төрлийн орчин
үеийн агаарын довтолгооноос хамгаалах болон хуягт тээвэрлэгчдийг оруулж ирсэн.
Түүнчлэн хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл зэвсэг техникийг иж бүрэн
шинэчилсэн. Энэ ажлаа цаашид улам үргэлжлүүлж Монгол улсын зэвсэгт хүчин хэний
ч өмнө нүүр улайхааргүй хөгжлийн өндөр түвшинд хүрнэ.
С.Будрагчаа
Guren.mn
2011
оны 5-р сарын 17, Мягмар гари
No comments:
Post a Comment