Monday, 14 May 2012

С.Бямбацогт: Засгийн газар бүсийн нэмэгдлийг мөнгөн хэлбэрээр олгоё гэсэн

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа
-Бүсийн нэмэгдэл олгохоор гурван жилийн өмнө хуулийн төсөл санаачилсан. Гэтэл өнөөг хүртэл дорвитой ахиц гарсангүй. Шалтгаан нь юу вэ?
-Зах зээлд шилжихээс өмнө хээрийн, өндөр уулын, говийн нэмэгдэл гэж олгодог байсан. Ингэхдээ байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд, эдийн засаг нийгмийн хөгжил сул бус нутагт ажиллаж, амьдардаг иргэдийн тогтвор суурьшлыг баталгаажуулж, амьжиргааны чанарыг бууруулахгүй байх зорилгоор хэрэглэдэг байсан. 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш дээрх нэмэгдлүүд байхгүй болсон. 1998 оноос эхлээд бүсийн нэмэгдлийг шийдье гэж ярьж эхэлсэн. Гэтэл өнөөг хүртэл шийдээгүй. Харин өнгөрсөн оноос эхлэн тодорхой хэмжээгээр шийдэж эхэллээ.
Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг 2009 онд санаачилсан.
Тодорхой хэмжээний ахиц, дэвшил гарсан. Нийслэлээс хэр хол алслагдана, тэр хэмжээгээр бараа бүтээгдэхүүн, бензин шатахуун, эрчим хүч, дулаан цахилгааны үнэ өртөг өсдөг. Монгол Улсын хэмжээнд эрчим хүчийг ижил үнэтэй болгосон нь бүсийн нэмэгдлийн тодорхой асуудлыг шийдсэн томоохон дэвшил. Үүнээс гадна Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох тухай хуульд алслагдсан болон говийн бүсэд ажиллаж, амьдардаг төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл олгох, импортоор орж ирж байгаа өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, бензин, шатахууныг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй байна. Мөн улсын хэмжээнд бензин, шатахууныг ижил үнэтэй болгоё гэж асуудал тавьсан ч шийдэгдээгүй. УИХ дээр гацчихлаа.
-Засгийн газраас бүсийн нэмэгдэл олгох асуудлаар санал гаргасан гэж байсан. Ямар санал гаргасан юм бэ?
-Монгол Улсын Засгийн газраас бүсийн нэмэгдлийг өрх, иргэнийг дэмжиж мөнгөн хэлбэрээр олгоё гэсэн санал гарсан. Өөрөөр хэлбэл, алслагдсан болон говийн бүсэд амьдардаг нэг иргэнд 7000-10000 төгрөгийн нэмэлт дэмжлэг үзүүлье гэсэн. Жишээ нь, дөрвөн ам бүлтэй айл сар бүр 28-40 мянган төгрөгийн мөнгөн хэлбэрийн дэмжлэг авдаг болох юм. Энэ хуулийг Засгийн газар санаачилж, УИХ-д өргөн барих г% байна. Хэрэв бид.яаралтай баталбал бүсийн, нэмэгдэл тодорхой хэмжээний мөнгөн хэлбэрээр олгогдоно. Ингэснээр өндөр өртөгтэй бараа, бүтээгдэхүүний зардлаа нөхөх бололцоотой.
-Уг хууль хэрэгжиж эхэлбэл нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Үүнд тодорхой хариулт өгөөч?
-Зөвхөн алслагдсан болон говийн бүсэд амьдардаг иргэдэд нэмэгдэл олгох гээгүй. Тухайн бүсийн иргэдэд нөхөн олговор өгч байгаа юм. Хотоос алслах тусам иргэдийн орлого багасч, зардал өсдөг. Орлогоосоо зарлага нь давсан алслагдсан бүсэд иргэд амьдрахгүй. Амьдралын шаардлагаар аятай, тухтай амьдрах орчин, нөхцөл хайж хот уруу шилждэг. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотын хүн амын ачааллаа дийлэхээ болилоо. Замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, гэмт хэргийн гаралт ихэсч, сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Хотод үүссэн сөрөг үр дагаврууд үүнээс үүдэлтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана иргэн оршин сууж байна, тэнд нь ая тухтай амьдрах нөхцөл боломжийг нь төр бүрдүүлж өгөх ёстой гэж Үндсэн хуульд заасан. Энэ заалтыг биелүүлье гэж байгаа юм. Хэрэв алслагдсан болон говийн бүсэд дэд бүтэц, эдийн засаг хөгжвөл хүмүүс орон нутагтаа амьдарна. Тэгвэл хоттой ижил боломжийг алслагдсан болон говийн бүсэд яаж бий болгох вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.
-Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахууныг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал юунаас болоод шийдэгдэхгүй байна вэ?
-Уг асуудал дээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос Р.Раш гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Асуудлыг судалж, даруйхан оруулж ирэх байх. Байнгын хороон дээр гацчихаад байгаа юм.
-Иргэдийн орон нутагт амьдрах орчин нөхцөлийг хэрхэн дэмжих вэ. Хуульд тусгасан зүйл бий юу?
-Бүсийн нэмэгдэлтэй болсноор нийслэлийнхэнтэй адилхан амьдарна гэж байхгүй. Эрчим хүч, зам харгуй, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, халаалт гээд дэд бүтцийг шийдэж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийг-мийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайн бүсэд амьдрах иргэн тодорхой ажлын байраар хангагдах ёстой. Ажлын байраар хангахын тулд үйлдвэрүүд барих шаардлагатай. Эдгээрийг цогц-лоож байж эдийн засгийн хөгжил нь сайжирч, ард иргэд сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Орлогыг нь нэмэгдүүлээд зардлыг нь бууруулж, мөнгөн тусламж үзүүлж, цалингийн нэмэгдэл олгож, бараа бүтээгдэхүүний үнийг татвараас чөлөөлснөөр асуудал бүрэн шийдэгдэнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Цаана нь шийдэх олон асуудал бий.
-Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэлд хэдэн аймаг, сум хамрагдаж байгаа вэ?
-Нийт 11 аймгийн 170 орчим сум хамрагдаж байгаа. Аймаг, сумдыг хамруулахдаа километр зайгаар нь бус бүс нутгийн иргэдийн амьжиргааны өртгийг судалсан. 2009 онд өргөн баригдсан хуульд 0-500, 500-1000,1000-аас дээш километрээр нь ялгаж байсныг учир дутагдалтай гэж үзсэн. Олон аймаг, сумдаар явж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, орлого, зарлага, амьдралын чанар зэргийг судалсны үндсэн дээр хамрагдах аймаг, сумдыг тогтоосон. Судалгаа хийсэн учраас оновчтой болсон гэж бодож байна.
-Засгийн газраас хуулийн төслөө өргөн барьчихвал энэ хаврын чуулганы хугацаанд баталж амжих уу?
-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт алслагдсан болон говийн бүсэд нэмэгдэл олгох асуудал туссан. 2008 оны сонгуулиар дэвшүүлсэн МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт ч тусч, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Хоёр намаас тухайн үед нэр дэвшиж байсан гишүүд бүсийн нэмэгдлийн асуудлыг шийднэ гэж байсан. Тийм учраас дэмжиж, шийдэх байх гэж найдаж байгаа.
Нийтлэлч
Ц.Жаргалцэцэг
Эх сурвалж

Монголын үнэн

No comments:

Post a Comment