Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Нүүрснээс нефть гаргах үйлдвэрт төрийн оролцоо 51 хувиас дээш байна


Манай улс нефть бүтээгдэхүүний хомсдолоо шийдэхийн тулд хүрэн нүүрснээс нефть нэрэх технологийн үйлдвэр байгуулахаар болсон байна. Энэ талаар тодорхой асуудлууд яригдаж байгаа аж. Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хүрэн нүүрснээс нефть нэрэх технологийн үйлдвэр байгуулах гэж байгаа юм байна. Энэ тал дээр АХБ-наас дэмжлэг авах гэж байгаа гэсэн. Тэд ямар шалгуур тавьж байгаа юм бэ?
-Ер нь аливаа зээл өгч байгаа газар төслийг санхүүжүүлэхдээ ТЭЗҮ-ийг нь хардаг. ТЭЗҮ нь сайн байвал үнэхээр дэмжигдэхээр төсөл. Яагаад гэвэл өөрийг нь барихад 1.5-1.8тэрбум евро хэрэгтэй гэж байгаа. Гэтэл манай гаднаас оруулж ирж байгаа импортын нефть бүтээгдэхүүний өртөг жил бүр тэрбум төгрөгт хүрч байгаа. Яг одоогийн байдлаар л даа.
Цаашид эдийн засаг өсвөл бид таван тэрбум хүртэлх төгрөгийн нефть бүтээгдэхүүнийг жил бүр импортлох шаардлагатай болно.
Тэгэхээр эдийн засаг маш эрчимтэй хөгжих юм бол энэ үйлдвэр зардлаа нэг юм уу, хоёр жилийн дотор нөхөөд, ашигтай ажиллах бололцоотой. Энд хамгийн шилдэг технологийг нэвтрүүлэх ёстой. Хамгийн шилдэг технологи нь Германд байгаа, патентлагдчихсан. Тийм учраас Герман улс энд хөрөнгө оруулалтаа хийнэ. Тэгээд ТЭЗҮ хангалттай байвал энэ нь Монголд амьдрах чадвартай, хамгийн сайн төсөл болж байгаа юм.
-ТЭЗҮ-ийг нь хийсэн юм уу?
-Лиценз нь Тисэн групп" гээд компанид байдаг. Дэлхий нийтийг хамарсан маш том компани. Бид тэднийхээр урьдчилсан ТЭЗҮ хийлгэчихсэн байгаа. Ингээд тохирчихвол урьдчилсан ТЭЗҮ-ийг ТЭЗҮ болгоод явуулчих байх.
-Тэгэхээр 100 хувь Германы хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах нь ээ?
-100 хувь германы хөрөнгө оруулалттай компани. Энэ технологи өөрөө 100 хувь патентлагдсан учраас бид хүрэн нүүрснээс нефть химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барья гэвэл тэдний патент, технологийг авах ёстой. Тэгэхээр энэ төсөл дээр Германы маш том хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ойлгож болно.
-Монголын талын оролцоо хэр байх вэ?
-Бидний бодож байгаагаар энэ бол стратегийн ач холбогдолтой учраас 51-ээс дээш хувь нь төрийн мэдэлд байх ёстой. Германы мэргэжилтнүүд ирээд манай хэд хэдэн том нүүрсний ордыг шалгаж үзээд Багануур, Төгрөгийн нүүрсэн дээр хийж болох юм байна. Сайншандын раойнд ч Улаанбаатарын ойролцоо ч хийж болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа.
-АХБ-наас хэчнээн ам.долларын санхүүжилтийн асуудал яригдаж байгаа вэ?
-АХБ улс орнуудад жил бүр тодорхой хэмжээний лимит өгчихдөг. Энэ яригдаж байгаа төсөл өөрөө маш том учраас үнэхээр ач холбогдолтой байна гэвэл манай улсын лимитийг тооцохгүйгээр нэмээд мөнгө өгчих бололцоотой. Гэхдээ нэг байгууллага ийм том төслийн эрсдэлийг дангаараа үүрэх ямар ч сонирхолгүй л дээ. Тийм учраас бид Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголтын банк, Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, дээрээс нь Европын сэргээн босголтын банк зэрэг олон талын оролцоотойгоор төслийн санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байна. Үүн дээр Герман, магадгүй Хятадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг ч хамруулж болно. Төсөл өөрөө маш том төсөл. Бодоод үз л дээ, 1.8 тэрбум евро гэдэг ойролцоогоор 2.5 тэрбум ам.доллар, манайхаар бол гурав орчим их наяд төгрөг болно шүү дээ.
Нийтлэлч
Л.Энхдэлгэр
Эх сурвалж
Монголын мэдээ
2011 оны 10-р сарын 12, Лхагва гариг

No comments:

Post a Comment