2012 оны төсвийн тухай хуулийг
баталсны дараа Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бид ирэх онд хэчнээн төгрөгийн орлого, зарлага, алдагдалтай төсөв баталчихсан бэ?
-Нэгдсэн төсвийн нийт орлого 5,8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 36,1 хувь. Зарлага 6,3 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 39,1 хувь. Төсвийн алдагдал 483,7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувьтай тэнцэж байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Анх дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 18 их наяд төгрөгөөр өргөн барьсан. Одоо 16 их наяд болгосон. Өөрөөр хэлбэл бага тооноос хувилж бодоход өндөр хувь гарах учиртай. Тэгэхээр бид төсвийн орлого, зарлагыг маш том танасан гэдэг нь харагдаж байгаа юм.Ирэх оны төсөв Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх, манай орны өндөр өсөлтийг хангахад чиглэлээ.
Ийм төсөв батлагдсанд сэтгэл хангалуун байна.
Анх төсөв өргөн барихад зарлагын хэмжээ өндөр байна гэж Азийн хөгжлийн банк,
Олон улсын валютын сангийнхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. МАН, АН-аас
гарсан ажлын хэсгийнхэн Засгийн газартайгаа хамтарч нэлээд сайн ажилласны
хүчинд төсвийн зарлагыг 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Мөнгөний
бодлогыг батлах үеэр Монгол банкныхан төсвийн зарлагыг нэг их наяд орчим
төгрөгөөр бууруулбал инфляцийг нэг оронтой тоонд барих зорилтоо хангаж чадна
гэснийг нь анхаарч үзсэн. Хоёрдугаарт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад төсвийн
хүндрэлүүд гарч эхэлсэн учир болгоомжилж, 2008, 2009 оны эдийн засгийн хямралаас
авсан сургамжаараа орлогоо 600 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан.
-Цалин, тэтгэврийн 53 хувийн нэмэгдэл хэвээр үлдсэн үү?
-Төсөвт өөрчлөлт хийхдээ иргэдийн орлогыг
нэмэх, нийт эдийн засгийнхаа өсөлтийг хангах нөхцөлийг бий болгож чадсан.
Өөрөөр хэлбэл ухаалаг төсөв болсон гэж хэлэхийг хүсэж байна. Яагаад гэвэл
цалин, тэтгэврийг ирэх онд 53 хувиар нэмэхээ шийдэж чадлаа. Хугацааны хувьд
зөвхөн цалин нэмэхэд анх өргөн барьснаасаа жаахан хожуу ирэх оны дөрөв болон
аравдугаар сарын 1-нд нэмэхээр зохион байгуулсан. Нийт цалин, тэтгэврийг
нэмэхэд 400 орчим тэрбум төгрөг зарцуулагдах учраас инфляцийг хөөрөгдөхгүйн
үүднээс ийм зохицуулалт хийсэн. Нийгмийн даатгалаас олгодог, тэтгэвэр,
тэтгэмжийг 53 хувиар эхний хагас жилдээ багтааж буюу ирэх оны гуравдугаар сарын
1, тавдугаар сарын 1-нд нэмнэ.
-Хамтарсан Засаг иргэдэд амласан 1,5 сая төгрөгөө өгч дуусгах уу?
-Эх орны хишиг сангаас олгох 1,5 сая төгрөгийг
иргэдэд хүртээх нөхцөлийг төсвийн хуульд тусгаж өглөө. УИХ-ын 39-р тогтоолтой
уяж нийт иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг хувьцаа
хэлбэрээр олгоно. Иргэд энэ хувьцааг дэлхийн зах зээлд IPO хийж гаргахаас өмнө
мөнгө болгохыг хүсвэл Засгийн газартаа эргүүлэн өгөх боломж нээлттэй. Иймээс
улсын төсөвт 400 орчим сая төгрөг, нийт компаниудад санал болгосноор 1,5 их
наяд, нийт 1,9 их наяд төгрөгийн хувьцааг мөнгө болгох боломжтой гэж үзсэн.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 20 хувийг иргэддээ үнэ
төлбөргүй олгоно. Иймээс иргэдийн хувьцаа 2-10 дахин өсөх бололцоотой. Энэ
өсөлтийг хүлээвэл нэг сая биш, хоёр, гурав, дөрвөн сая ч болж мэднэ. Ингэхээр
Хамтарсан Засгийн газрынхан иргэдэд амласан амлалтаа давуулан биелүүлж байна
гэж ойлгож болно.
-Ирэх онд хийх хөрөнгө оруулалтын хувьд юунд илүү анхаарсан төсөв болсон бэ?
-Хөрөнгө оруулалтын хувьд бид шинэ зарчим барьж
ажиллалаа. Шинэ конторын барилгуудын ажлыг төсвөөс хассан. Мөн тэвчиж болох
зардлуудыг их хэмжээгээр буурууллаа. Тоног, төхөөрөмж, машин унааны зардлыг 50
хувь танасан. Ер нь бол 2013 оноос эхлээд эргэн төлөгдөх нөхцөлтэй томоохон
хөрөнгө оруулалтын төсвүүдийг бүгдийг нь Хөгжлийн банканд хариуцуулах болсон.
Анх 1,5 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төсөл оруулж ирсэн боловч 200 тэрбумыг нь хасаж чадлаа.
1,5 их наядын 500 тэрбумыг гуравхан том зүйлд
зориулах юм. Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэхэд 150 тэрбумыг
төсөвлөсөн. Төмөр замд нэг л удаа ийм төсөв гаргаж байна. Дахиж төсвөөс энэ
чиглэлээр мөнгө гарахгүй. Мөн эрчим хүчний болон авто замын эргэн төлөгдөх
хөрөнгө оруулалтын хэмжээ 250 тэрбум байгаа. 2013 оноос хөрөнгө оруулалтын
төсвүүд Хөгжлийн банканд очих учраас улсын төсөв маш жижиг болох юм. Хөрөнгө
оруулалтын зардал буурч эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээг хүргэх зардал
л үлдэнэ. Хүний хөгжил сангаас 800 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа.
Тэгэхээр ирэх оны долдугаар сараас эхлээд иргэд зөвхөн хувьцааны ногдол ашиг
авна. Хүний хөгжил санд орох орлого түүнээс хойш тэтгэвэр, тэтгэмжийн санд орох
учиртай.
-Гишүүдэд хуваарилдаг тэрбум төгрөгийг нэмсэн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Анх гишүүний гэх тодотголтой гарч ирсэн энэ
мөнгө нэмэгдсэн орлогын хуваарилалтаас гарсан. Тэгэхээр төсвийн орлого,
зарлагыг ингэж хассан байхад буурна уу гэхээс өсөхгүй. Гишүүний мөнгө гэж
төсөвт суугаагүй.
-Анхнаасаа яагаад ийм өндөр орлого, зарлагатай төсвийн төсөл оруулж ирсэн бэ. Төлөвлөлтөд ямар нэгэн алдаа байсан уу?
-УИХ-ын хуралдаанд төсвийн тодотголыг оруулах
үед яг ийм асуултыг тавьж байсан. Бид өөдрөг байгаа юмыг өөдрөгөөр нь харах
хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтөө 8,2 хувьтай, дотоодын нийт бүтээгдэхүүнээ 7,2
их наяд төгрөг болно гэж тооцож байсан. Хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 хувийн
өсөлттэй дотоодын нийт бүтээгдэхүүн 11 их наяд төгрөг болохоор байгаа. Үүнд
суурилсан эдийн засгийн өсөлтөө тооцож өргөн барьсан. Төсөв өргөн барьсны дараа
өндөр хөгжилтэй орнуудад хоёр том хямрал явагдсан. Нөгөө талаар дэлхийн нэг
номерын эдийн засагтай АНУ өрийнхөө асуудлыг шийдэж чадахаа больсон учраас
дэлхийн эдийн засгийн өсөлт буурч магадгүй гэсэн үндэслэлээр болгоомжилж
танасан. Бидний бодсоноос муу биш байвал орлого нэмэгдэх нь тодорхой. Тэр үед
тодотгосон нэмэлт хийж болно.
-Төмрийн хүдэр, нүүрс зэргээ бид хэзээ болтол экспортын татваргүй гаргах вэ?
-Засгийн газраас төмрийн хүдэр, нүүрсэнд
экспортын татвар тавъя хэмээн ярьж байсан. Биднийг төсөв өргөн барьсны дараа
ийм татвар тавих нь одоогийн нөхцөл байдалд тохирох үгүйг харзнах хэрэгтэй гэж
үзсэн. Уул уурхайн эдийн засгаа босгох үүднээс З-5 жилийн хугацаанд татварын
орчноо тогтвортой байлгах хүсэл хаа сайгүй байгаа. Гэхдээ экспортын татвараас
илүү үнийн асуудал байгаа юм. Манай нүүрсний үнийг Австрали, Индонезитэй
харьцуулбал иргэдэд буруу ойлголт төрнө. Тэдний хэлж байгаа үнэ ачаа, даатгал
зэргийнхээ төлбөрийг оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл бүх зардлаа шингээсэн
үнэ, огт зардал шингээгүй үнийн хооронд их хэмжээний ялгаа бий.
-Ирэх онд мөнгөний ханш унана гэсэн иргэдийн болгоомжлолд Сангийн сайдын хувьд хариулт өгөөч?
-Мөнгөний ханш унахгүй. Харин чангарна гэж хэлсэн. Эдийн засаг талаас ямар асуудал байна гэхээр Монгол Улс томоохон экспортлогч орон учир орлого дандаа валютаар орж ирдэг. Мөнгөний ханшын уналт нийт валют хэрэглээнд байгаа мөнгөний дүнгийн харьцаанаас үүсдэг. Тиймээс эргэлтэд байгаа мөнгөний хэмжээтэй харьцуулахад манайд орж ирж буй валютын хэмжээ маш өндөр байгаа. Тиймээс XX тогтоол шиг зүйл гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Эх сурвалж
Зууны мэдээ
Зууны мэдээ
2011 оны 12-р сарын 01, Пүрэв
гариг
No comments:
Post a Comment