Tuesday, 22 May 2012

Х.Цогтбаатар: Дэлхийд гайхагдсан цорын ганц музейтэй болох боломж Монголд бий

Монголын говиос 2005 онд олдсон хэмээн яригдаж буй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийг Нью-Йоркт 1.05 сая ам.доллараар дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл гараад байгаа. Уг үлэг гүрвэлийг монголын говиос олдсон эсэхийг нотлох хугацаа аравхан хоног.  Энэхүү асуудлыг шинжлэх ухааны талаас нь нотлохоор ажиллаж буй Шинжлэх ухааны академи Палеонтологийн төв лаборатори, музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатартай ярилцлаа.

-Яагаад хилийн чанадад монголын говиос олдсон эртний үлэг гүрвэлийн олдвор дуудлага худалдаанд орох дээрээ тулчихав?
-Яагаад гэдгийг нь мэддэгсэн бол ийм асуудал үүсэхгүй.
-Судалгааны  ажил ямар шатандаа явна. Тухайн үзмэр маань АНУ-д байгаа тул Монголын говиос олдсон гэдгийг нотлох боломж хэр байна? 
-Маш хэцүү байна.  Ердөө аравхан хоногийн дотор нотлох хугацаатай. Гэтэл хоёр хоног нь явчихлаа. Хэрвээ амжихгүй бол тэд худалдах ажлаа шуурхайлна. Тиймээс цаг хугацаа маш чухал, алсаас энэ асуудлыг зохицуулна гэдэг  хүндхэн байна.
-Яаралтай чухал үед дэлхийн бусад улс орнууд руу виз гаргаад  очих боломж, эрх зүйн тогтолцоо байдаггүй юм уу. Өөрийн биеэр очоод шинжилж судалвал илүү баталгаатай, үр дүнтэй юм биш үү? 
-Ер нь бол тийм л дээ. Гэхдээ заавал тухайн улс оронд нь очиж, шинжлэх нь чухал биш. Миний хувийн бодол шүү. Харилцаа холбоо, техник технологи өндөр хөгжсөн энэ цаг үед эхний ээлжинд тухайн олдворын зургийг сайн авахуулж чадвал бид үзэж судалж шинжлэх боломж байна.
-Зургийг нь хараад монголоос олдсон, гадаадаас олдсон гэж ялгаж харах  боломжтой гэж үү?
-Байлгүй яахав. Нэгдүгээрт, тербозавр батаар гээд монголоос олдсон гэдгийг ШУ-ны үүднээс батлаад тогтоочихсон үзмэр. Умард Америкаас өмнө нь олдож байсан Тернозавраас огт өөр, биеэ даасан төрөл. Хоёрт, тухайн үзмэрийн тайлбар, танилцуулга дээр яг Монголоос олдсон гэж бичээгүй  ч Төв Ази, говиос олдсон гэж тэмдэглэсэн байгаа.
-Дэлхийн улс орнуудаас үлэг гүрвэлийн олдвор олддог газрууд хэр олон байдаг вэ?
-Энэ удаагийн “Тиранозаурус Батаар“ шиг үзэг гүрвэл өмнө нь олдож байгаагүй.
-Ганцхан Монголоос олддог гэж үү?
-Монголын говиос тодорхой хэсэгт нь олддог. Геологийн нас нь өөр өөр байдаг зэрэг үндэслэлээр манай орноос олдсон болохыг нотлохоор ажиллаж байна.
-Нотлох боломж хэр байна?
-Шинжлэх ухааны талаас нь бүхэл үндэслэлээ тавина. Тэд мэдээж сөрөг няцаах юм аа л хийх байх. Тэр бүхэнд нь унахгүй байх талаар нь судалж байна. Нотоллоо гэхэд үнэхээр танай улсынх юм бол яагаад хил гаалиар чинь гараад ирсэн юм бэ гэж ам таглах болов уу гэж бодож байна.  Хэн яаж гаргасан талаар хардаж сэрдэж ажил хийх нь гол биш, хууль хяналтынхан тогтоооно.  Харин бидний хувьд нэгэнт АНУ-д оччихсон, дуудлага худалдаанд орсон нь тодорхой байна.  Монголын говиос олдсон гэдгийг нотлох нь чухал.  Гэхдээ энэ ажлыг биднээс гадна ерөнхийлөгчийн Тамгын газраас АНУ-д өмгөөлөгч гаргаад ажиллаж байгаа. Хуулийн талын асуудлыг би мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагын зүгээс шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү баталгаатай, ямар ч  асуудалд унахааргүй нотолгоог хайж байна. Гадуур янз бүрийн яриа гарч байна. Музейнхэн үзмэрийг гадагш гаргасан, хамтарсан экспедицийн олдоворуудаас нь хил давчихлаа гэж яригдаж байна. Тийм байх ямар ч үндэслэлгүй. Хээрийн судалгааг гадны улс оронтой хамтарч хийдэг. Гэхдээ судалгааны үеэр өчүүхэн жижиг олдвор олдсон ч тэр өдрийнхөө  тэмдэглэлээр бүртгэлжүүлдэг.
-Гадаадын улс орнуудын музейн үзмэрийг их үздэг  байлгүй. Энэ яах аргагүй Монголын говиос олдсон үзмэр байна гэж хэлмээр санагдах үе байдаг уу?
-Палеонтологийн  шинжлэх ухааны нэг хатуу дүрэм бий. Монголоос олдсон олдворыг Америкаас олдсон гэж өөрчилж танилцуулах эрхгүй.  Зарим улс орны музейд зүгээр л хэвийг нь худалдаж аваад хиймэлээр орлуулсан тохиолдол ч таардаг. Тухайн олдвор олдсон газрыг нь тэмдэглэж, ямар байдалтай байсныг нь үнэн зөвөөр тогтоохгүй л бол тэр олдворын үнэ цэнэ гэж байхгүй.
-Үлэг гүрвэлийн араг яс олддог улс орон хэр олон байдаг вэ ?
- Монгол шиг баялаг орон хуруу дарам цөөн. Африк, өмнөд америкийн  хэсэгхэн газар л үлэг гүрвэлийн араг яс олддог. Гэхдээ Аляска, хойд мөсөн далайд хүртэл их бага хэмжээгээр араг ясны олдвор таардаг. Тэгэхээр үлэг гүрвэл хаана эх газар байна тэнд л амьдарч байсан гэсэн үг.
-Бүрэн бүтнээрээ үлэг гүрвэлийн араг яс хэр их олддог вэ?
-Монголд л их олддог. Ер нь монголд музейн үзмэрийг олон нийтэд хүргэж чаддаггүй.  Дэлхийн хэмжээнд музейн үзмэрийг маш өндөрт хадгалж, хамгаалж, олон нийтэд сурталчилдаг.  Өндөр хөгжилтэй орнуудад дотооодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувийг түүх соёл, музейн салбартаа зарцуулдаг гэдэг. Харин манай оронд нэг хүрэхгүй шахам хувийг зарцуулдаг. Палеонтлогийн салбарын нэг онцлог бий. Дэлхийн улс орнуудтай хамтарч хайгуул, судалгааг хйидэг. Ганцхан монголынх гээдл амиа бодож болохгүй, хүн төрөлхтөний түүх гэдэг утгаараа  илүү цар хүрээтэй салбар.
- Монголын  аль нэг газарт эртний түүх дурсгал, соёлын өв, палеонтологийн олдвор оллоо гэхэд танай байгууллагад мэдэгдэх үү?
-Хуулиараа бол мэдээлэх ёстой. Мэдээлж байгаа хүн ч бий. Гэхдээ зохион байгуулалттайгаар, ялангуяа говийн аймгуудаар бүлэг болон  хууль бусаар малталт хийдэг хүмүүс ч цөөнгүй байна. Тэдгээр хүмүүс шинжлэх ухаанд хайртайдаа тийм ажил хийгээгүй нь тодорхой. Ашиг сонирхлын үүднээс л тэгж байгаа.
-Хөрөнгийг нь төсөвлөөд шийдчихвэл монголд үнэхээр  их олдвор байгаа гэж ойлгож болох уу?
-Мэргэжлийн бус хүмүүс  эдгээр олдворыг олж, ухаж сүйтгэж, худалдах явдал гарч байна гэдэг. Ер нь 90-ээд оноос хойш энэ асуудал эрс нэмэгдэж, нинжа нарын бүлэг үүссэн. Тэдгээр хүмүүсийн хийсэн ажлын үр дүн одооноос харагдаж байна. Хойшид ч өөр ямар асуудал үүсч, ямар олдвор хилийн чанадад байгаа гэж дуулдахыг таах арагагүй. Үнэхээр их баялагтай орон тулдаа л байна. Хэрэв баялаггүй байсан бол хамаг нь дуусаад энэ талаар ярих ч зүйлгүй болох байсан.  Хамгийн гол нь монгол улс дэлхийн хаана ч байхгүй их өв соёл, түүхийн болон эртний палеонтологийн олдвортой ховорхон  үзмэрүүдтэй. Дэлхийд  гайхагдсан , давтагдашгүй музейтэй болох боломж Монголд бий. Бидэнд үзмэрүүд нь байгаа, гэвч байшин нь л байхгүй.

Монголд төдийгүй дэлхийд хамгийн томд тооцогдох энэхүү үлэг гүрвэлийн араг яс нь 1955 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас олдсон. Тарбозавр нэртэй энэхүү махан идэшт үлэг гүрвэл нь 70 сая жилийн тэртээ манай улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан аж. Түүний биеийн урт 14-15 метр, 2-3 тонн жинтэй








Сурвалжлагч П.Наран
Гэрэл зургийг Н.Ариунаа

No comments:

Post a Comment