Монголын Оюу толгой ордын алт, зэсээр “Лондон 2012” олимпийн медалийг хийсэн гэх мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарч байгаа билээ. Оюутолгой ордын алтны хольцтой медалийг Британы музейд тавьсан тухай “Reuters” агентлаг мэдээлснийг 24tsag.mn хүргэж байсан. Тэгвэл саяхнаас гадаадын хэвлэлүүдэд Оюу толгой ордын дээжээр хийсэн гэх медалийн асуудал хөндөгдөх боллоо. “Монголын Оюу толгой төслийн олборлолт 2013 оноос эхэлнэ” гэж албан эх сурвалжууд дурдсаар байтал аль хэдийн монгол алтны хольцтой медаль хийгдсэн гэж сурталчилж байгаа нь асуудал дагуулж эхлээд байна. Будлианы учрыг тодруулахаар гадны болон Монголын төрийн бус байгууллагууд аль хэдийн анхааралдаа авчээ. Энэ талаар “Иргэдийн Альяанс” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Занаатай ярилцлаа.
- Оюу толгойн олборлолт эхлээгүй байхад энэ ордын алтаар медаль хийсэн гэх асуудал яригдаад, реклам нь яваад байгаа. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ? Ямар учиртай юм бэ?
- Тийм ээ. Монголын Өмнөговь аймгийн Оюу толгой ордын дээжээр Лондонгийн олимпийн медаль хийнэ гэж манайхан их ярьсан. Гэтэл энэ нь өөрөө их будлиантай асуудал болоод байна. Оюутолгойн олборлолт өнөөдөр эхлээгүй, дараа жил эхэлнэ гэдгийг бид бүгд хэвлэлээр дамжуулан мэдэж байгаа. Компани нь ч тэгэж мэдэгдсэн шүү дээ. Гэтэл олимпийн медаль хийсэн гээд байгаа нь учир нь олдохгүй байна. Оюутолгой бол Монголын ард түмний өмч. Тийм учраас яагаад олимпийн медалийг Монголын алтаар хийсэн гэж сурталчилаад байгаагийн учрыг олох хэрэгтэй.
- Хоёр долоо хоногийн өмнө Оюутолгойн алтаар хийсэн медалийг Британий музейд тавилаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас ямар учиртай вэ?
-Тэр Британы музейд тавьсан медалиуд бол загвар нь. Анхандаа Монголын алтны хольцтой хийнэ гэж байснаа сүүлд зэсээр хийхээр болсон гэсэн. Тэр нь явсаар сүүлдээ Монголын зэсээр ганц хувь хийнэ гэж ярьж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ бол цаанаа их будлиантай юм болоод байгаа юм. Олборлож эхлээгүй зэсээр олимпийн медаль хийнэ гэж балай юм яриад байна.
- Та энэ асуудлаар яг хэнд нь хандсан бэ?
- Би бол ерөнхий сайдын зөвлөхөд хандаж энэ асуудлыг тавьсан. Тэгэхэд эргүүлээд надаас асуугаад байсан. Тэгэхээр ерөнхий сайд ч гэсэн энэ талаар мэдээлэлгүй байна гэсэн үг. Саяхан нэг уулзалт дээр ерөнхий сайдаас асуух боломж олдсон. Гэхдээ манайхан ерөнхий сайд ийм асуултанд хариулахгүй гээд байсан болохоор байгаль орчин, эрүүл мэндийн талаар асуусан. Гэхдээ заавал энэ будлианы учрыг ол гэж цаанаас, Лондонгийн талаас бас шаардаад байгаа.
-Лондонгийн талаас гэхээр...?
- Монголын Оюутолгойд хөндлөнгийн хяналт тавьдаг “Oyu tolgoi Watch” гэдэг төрийн бус байгууллага байдаг шүү дээ. Түүн шиг Лондонд төвтэй байгаль орныг хамгаалах нэг байгууллага байдаг. “London mining network” гэж олон улсын байгууллага байдаг. Энэ газар “Рио Тинто”-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Лондонгийн олимпийн медалийн цаана багагүй асуудал байгааг мэдэж байгаа учраас энэ асуудалд хяналт тавьж байгаа.
- Оюу толгой төслийнхөнтэй уулзсан уу?
- “Оюутолгой” ХХК бол энэ асуудлыг сайн мэдэхгүй байгаа юм билээ.
- Монголын Засгийн газар ч мэдэхгүй, Оюутолгой төслийнхөн ч мэдэхгүй байна. Тэгэхээр “Рио Тинто”-гийн сурталчилгаа хийх арга юм болов уу? Та юу гэж бодож байна?
- Уг нь Лондонгийн медалийг “Рио Тинто”-гийн нэг төсөл болох Америкийн Салт Лейк хотын “Кеннекот Юта” гэдэг уурхайн алт, зэсээр хийж байгаа юм. Гэхдээ Салт Лейк хот өнөөдөр байгаль орчны хувьд маш их доройтсон. Бараг сүйрч байгаа газар. Тиймээс төрийн бус байгууллагууд “Рио Тинто”-д ингэж их анхаарал хандуулаад байгаа юм. Оюутолгойн хаа нэгтэйгээс бидэнд мэдэгдэхгүй зэс олборлосон гэж бодъё. Тэгсэн ч эхлээд зэсийн баяжмал гаргана, бүтээгдэхүүн болгон, хил гаалиар гаргана гээд олон асуудал тодорхойгүй байна.
- Гэтэл Монголын тамирчид эх орныхоо алт, зэсээр хийсэн медалийн төлөө өрсөлдөнө гээд их баяр хөөртэй байх шиг байсан?
- Энэ бол их билэгшээлтэй зүйл. Монголын тамирчид эх орныхоо хөрсний дээж шингэсэн медалийн төлөө тоглоно гэдэг баяртай, сайхан үйл явдал. Харин тэр нь үнэн үү, үнэн бол ямар аргаар, яаж хийсэн бэ гэдгийг заавал тодруулах хэрэгтэй байна.
- Та цаашид хэнд хандана гэж бодож байна вэ? Энэ асуудлыг Монголын талаас хэн мэдэх вэ?
- Ер нь бол ерөнхий сайд энэ талаар мэдчихсэн, цаагуураа судалж байгаа байх. Харин олборлож эхлээгүй зэсээр яаж олимпийн медаль хийхийг Д.Зоригт, С.Баярцогт нараас асуух хэрэгтэй. Анх Оюутолгойн гэрээг байгуулсан энэ хүмүүс мэдэж л таарна. Надад зав олдохгүй, тэд нар ч олдохгүй байна. Би нэлээн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан байгаа. Тийм болохоор сэтгүүлчдийг эрэн сурвалжлаад энэ будлианы учрыг олоосой гэж хүсч байгаа.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Баяр /24tsag.mn/
No comments:
Post a Comment