Saturday, 19 May 2012

Лу.Болд: Хувьсгалыг УИХ дотор хийхгүй бол түүний гадна хийх болдог

Далд шийдэгдсэн бэлэн асуудлыг парламент хэлэлцдэг болж. Ийм замаар парламентын ардчилал алга болбол дахин хувьсгал гарч байж л өөрчлөхөөс өөрөөр хүчрэгдэхгүй зам руу явах болно.
УИХ-ын гишүүн Лу.Болдтой ярилцлаа.
-Парламентад дахин орж ирсэнд тань баяр хүргэе. Сонгуулийн хүчтэй өрсөлдөөнд ялалт байгуулна гэдэг амаргүй зүйл. Тэр тусмаа энэ хаврын сонгуулийн орчин илүү төвөгтэй байлаа?
-Баярлалаа. Үнэхээр энэ жилийн сонгууль урьд өмнөх сонгуулиудаас шударга бусаараа онцлог байсан гэж хэлж болно. Нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ байдал мэдрэгдэж эхэлсэн. Би 2005 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нөхөн сонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа эхлүүлээд явж байсан ч нэрсийн жагсаалтаас хасагдан. Улмаар МАХН-аас нэр дэвшигч өрсөлдөгчгүйгээр сонгуульд оролцсон. Ийм байдлаар асуудлыг зохицуулах юм бол цаашид сонгууль хийх хэрэггүй болох аюул тулгарч байна гэж тэр үед хэлж байсан. Монголд сонгуулийн реформ хийх хэрэгтэй болсон байна. Өмнөх УИХ сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа бүр будилаантуулах өөрчлөлт оруулсныг саяын сонгуулийн явц харууллаа шүү дээ.

Миний хувьд тойрогтоо 8000 орчим сонгогчийн саналаар удаах нэр дэвшигчээсээ илүү байсан ч ердөө 2000 саналын зөрүүгээр ялалт байгууллаа. Үүнээс бага зөрүүтэй саналаар ялалт байгуулсан нэр дэвшигчдийн хувьд хэрхэн “залгиулсан”, байдал яаж эргэсэн нь илэрхий ойлгомжтой байгаа биз ээ. АНУ-д ардчилал нялх байхад ийм зүйл гарч байсан гэдэг. Монголд сонгууль сурталчилгаа, олон нийтэд үзэл бодлоо танилцуулах, тэднийг сонсоход биш мөнгө өгөх, бэлэг сэлт тараах, саналыг нь ямар аргаар ч хамаагүй худалдах авахад чиглэж байна. Санал хураах өдөр иргэдийг чөлөөт сонголтыг нь хийлгүүлэх гэж биш өгсөн санал нь ямар ч бай хамаагүй, өөрсдөдөө ашигтайгаар тоолох гэж сонгууль явуулдаг болсон байна. Монголын өнөөдрийн сонгуулийн орчин “таатай” учраас Р.Рейган Монгол руу нүүх гэж байгаа гэсэн шог яриа гарсан байна. Америкийн ардчилал, эрх чөлөө¬ний эцгүүдийн нэг Рейган яагаад нүүх болсноо тайлбарлахдаа “Монголд бол нас барсан ч гэлээ сонгуульд санал өгсөн хэвээрээ байх юм байна” гэсэн гэнэ. Өнөөдөр нас барсан иргэний нэрээр, эсвэл нэг хүнээр дахин дахин санал өгүүлэх хууль бус арга Монголд ямар ч бэрхшээлгүй биелж болж байна.
-Энэ байдлаас яаж гарах ёстой вэ гээд ярихаар бүгд л сонгуулийн тогтолцоо руугаа бурууг нь чихдэг. Ганц, нэг хүн тогтолцоондоо бус процедуртаа байгаа гэж хэлдэг. Таныхаар бол яаж үүнийг өөрчлөх вэ?
-Нэг л гарц байгаа. Сонгуулийн шударга тогтолцоо, өөрөөр хэлбэл сонгогчийн санал сонгуулийн үр дүнд тусдаг байх тийм тогтолцоог сонгох гарц бий. Дайн, зовлон үзсэн Германы тогтолцоо буюу пропорциональ болон мажоритар системийг хослуулсан тогтолцоо Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж би боддог. Сонгуулийн энэ хоёр тогтолцоо аль алиндаа хяналт тавиад байх боломжтой санагддаг юм.
-Сонгуулийн дараах өдрүүдийг эргэн саная. Долдугаар сарын нэгний үйл явдлыг та юу гэж үзэж байна?
-Ард түмний санал илэрхийлэгдэхгүй бол тэд тэмцдэг юм. Ганц Монголд ч биш сонгуулийн үр дүн өөрсдийнх нь саналаас өөрөөр хэмжигдэхэд иргэд яаж бухимддаг, тэмцдэгийг Зимбабве, Тайландын үйл явдлууд харуулж байна. Долдугаар сарын нэгний өдрийн иргэдийн тэмцэл бол Монгол ардчилсан улс болон төлөвшиж байгаагийн л илрэл.
2004 онд ардчилсан хүчнүүдийн эвсэл сонгуульд ялахад МАХН-ын дэмжигч залуус жагсаал, тэмцэл хийж л байсан. Гэвч ингэтлээ газар аваагүй юм. Харин эвслийн Засгийн газрын үйл ажиллагааг янз бүрээр шахаж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад иргэд МАХН-ын байр руу бас л дайрч байсан.

Харин долдугаар сарын нэгний үйл явдалд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх явцыг гэмт хэргийн шинжтэй болгож, хүний амь нас, ардчиллын үнэт зүйлд хүч хэрэглэх халдлагыг зохион байгуулсан хүчнийг илрүүлэх ёстой. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг шиг болгож болохгүй. 2000 оны сонгуулиар МАХН олонх болон гарч ирсэн парламент энэ хэргийн ажлын хэсгийг буулгаж, улам бүр бүдгэрэх зам руу түлхсэн. Тэгэхээр өнөөгийн шинэ парламент долдугаар сарын 1-нд хэргийг шалгах ажлын хэсгийг олонх, цөөнхийн бүрэлдэхүүнтэй байгуулах хэрэгтэй. Гэхдээ улс төрийн зорилгоор биш үнэн мөнийг олох зорилгоор ажиллах шаардлагатай.
-УИХ-ын даргаар Д.Дэмбэрэлийг томилоход та эсрэг байр суурьтай байсан?
-УИХ-д олонх болсон МАХН түүнийг нэр дэвшүүлсэн. Энэ удаа¬гийн парламентад АН анх удаа дангаараа, өөрийнхөө нэрээр орж, бүлэг болох хэмжээний суудал авлаа. Үүгээрээ улс төрийн голлох том нам гэдгээ нотолсон юм. Ард түмний итгэлийг хүлээснийхээ хэрээр олонх болох үр дүнд хүрээгүй ч улс төрийн голлох нам гэдгээ нотолж чадсан. АН улс төрийн голлох хүчнийхээ хувьд УИХ-ын даргын асуудлыг хурлаараа хэлэлцэж, улс төрийн дүгнэлт өгөх ёстой байсан. Түүнийг дэмжиж болно, дэмжихгүй ч байж болно. 1992 оноос хойш улс төрд гол дүрд тоглосон энэ хүний тухай АН огт хэлэлцээгүй. Тэгээд чуулганы танхимд түүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр манай намынхан түүнд захиа даалгавар өгч, юм гуйж, ерөөл уншиж янз бүрийн л юм болсон. Д.Дэмбэрэл гэдэг хүний хувьд биш АН хавсарга хүчин болохын эсрэг байгаа учраас би татгалзсан юм.
-МАХН Засгийн газрыг Ардчилсан намтай хамтран байгуулахаар болсныг та юу гэж үзэж байна. Дэмжиж байна уу?
-МАХН-ын энэ байр суурь юуг харуулсан бэ гэхээр ард түмний сонголт сонгуулийн үр дүн дээр зөрж гарсан гэдгийг л нотолж байна. Маш тод нотолгоо нь энэ. Нэгэнт сонгуулийн үр дүн ийм гарсан учраас АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Сөрөг хүчний байр суурь парламентад хэлбэрэлтгүй хөгжиж байж бид ардчилсан тогтолцоонд хүрнэ. Гэхдээ энэ удаад олон талаас нь харж үзэх шаардлага байгаа юм. Сонгуулийн дараах үйл явдал, хуваагдал, өнөөдрийн нийгмийн амьдрал цоо шинэ геополитик үүсгэсэн. Аль нэг хүчин дангаараа энэ нөхцөл байдлаас улс орныг аваад гарах чадвар мөхөсдөж байна. Урьд хожид түүхэндээ гаргаж байгаагүй шийдвэрийг гаргах үе. Олонх, цөөнхөөр биш үндэсний үзэл баримтлалаар гаргах ёстой шийдлүүд байгаа. Газрын баялгийг эргэлтэд оруулах, ард түмэнд ашгийг нь хуваарилах зэрэг асуудлуудыг шийдэхийг цаг үе шаардаж байна. Гуравдугаарт өнгөрсөн хугацаанд нэг нам дангаар ноёрхсон жилүүдийн алдаатай бодлогын үр дагаварт нийгмийн ядуурал гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ алдаатай бодлогыг олонхийн сүр дуулианаар үргэлжлүүлээд байх ямар ч боломж алга.

Миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн ажлынхаа туршлагаар Монгол орны байгалийн баялгийн нөөц хэдий хэмжээтэй юм бэ, түүнийг хэрхэн эзэмшиж, хуваарилах ёстой вэ гэдэгт өөрийн үзэл баримтлалтай болсон. Үүндээ тулгуурлан “Баян Монгол” корпораци байгуулах төслийг боловсруулсан юм. Энэ санал АН-ын мөрийн хөтөлбөрт албан ёсоор багтаж, сонгогчдын дэмжлэгийг авсан. Баялгаа бид эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэхдээ иргэд өөрсдөө эзэмшдэг, хуваарилдаг байх ёстой. Энэ төсөл бол бид ирээдүйгээ баталгаажуулах цорын ганц гарц. Үүнийг хэрэгжүүлэх ямар ч хүчинтэй, хэнтэй ч хамтрахад би бэлэн байна.
-Үүний төлөө л улс төрд орох шаардлагатай болсон гэж та ярьж байсан. Энэ хэр бодитой зорилго вэ?
-Тэр төсөл хэрэгжсэн цагт л өнөөдрийн улс төр, иргэд, нийгмийн амьдрал бүх юм өөр болно. Бүх асуудал улс төрд хүрч байж шийдэгддэг өнөөдрийн бохир нөхцөл тэгэхэд өөрчлөгдөнө. Улс төрд голлох хоёр нам хамтрах ганц шаардлага нь энэ юм. АН анхнаасаа иргэн бүрийг сая төгрөгийн эзэн болгох гэдэг хөтөлбөрийг амласан. МАХН манай мөрийн хөтөлбөрийн дараа 1.5 сая төгрөгийг иргэдэд өгөх амлалтыг мөрийн хөтөлбөртөө нэмж оруулсан. Иргэдэд эх орны баялгийг хуваарилах энэ бодлогыг сүүлд нь ч гэлээ дэмжсэн гэж ойлгож болно. Энэ бодлогын төлөө МАХН-тай хамтарч ажиллахыг би дэмжинэ. Бид одоо л гарцаагүй зөв шийдвэрийг гаргахгүй бол баялаг нь Монголын хувь заяаг хоёр тийш нь эргүүлэх чадвартай. Нэг бол хөгжил, үгүй бол мөхөл…
-Байгалийн баялгийг яаж хөгжил болгодог юм бэ. Хэрэв тэгж чадахгүй бол яагаад заавал мөхөл гэж?
-Бид энэ асуудлаар гарцаагүй зөв шийдвэр гаргах ёстой. Аливаа асуудлыг шийдэх үед өмнө нь хэд хэдэн сонголт харагддаг. Зөв, буруу. Буруу шийдлээ гэхэд дараа нь засаж болдог. Харин ашигт малтмалын баялгийн асуудлаар ганц л гарц байгаа. Ердөө л зөв шийдэхгүй бол дараа нь засаж, залруулна гэсэн сонголт байхгүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ашигт малтмал, түүхий эдийн үнийн өсөлтийн яг өнөөдрийнх шиг цикл тохиосон. Тэр үед Монголын баялгийг оросууд ашиглаж, Багануур, Бор-Өндөр, Эрдэнэт зэрэг хот суурингууд босож үлдсэн. Гэсэн ч тэрхүү их баялгийн ашиг орлогоос бидэнд олигтой хот, дэд бүтэц ч үлдээгүй. Дал, наяад онд ердөө ардчилсан улс орнууд л баялгаа ашиглан хөгжсөн бол бусад нь өөрсдийгөө хөнтөрч орхисон.

Төр нь биш ард түмэн нь эзэмшсэн улс л хөгжиж үлдсэн юм. “Баян Монгол” корпорацийн зарчим бол ердөө энэ. Хоёрдугаарт гэвэл Монголын газрын баялгийн тогтоосон нөөцийн хэмжээ нэг триллион ам.доллар, таамаг нөөцтэйгөө хоёр трилион ам.долларт хүрнэ. Бид стратегийн ач холбогдолтой 54 ордод тулгуурлан үндэсний хэмжээний корпораци байгууллаа гэхэд 186.6 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй корпораци босож болно. Тус корпорацийн хувьцааны үнэлгээг бид дэлхийн жишиг, аргачлалаар тогтоож үзсэн. Тэгэхэд 100 ам.долларын 361 ширхэг хувьцааг Монголын 2.6 сая иргэн нэг бүрт хуваарилах боломжтой. Хувьцааны ногдол ашиг зах зээл дэх үнийн өсөлтөөс хамаарна.
-Таны санаачлан боловсруулсан энэхүү “Баян Монгол” төслөөс өөр, илүү бодитой, илүү дээр ч гэх юм уу хувилбар байж болохыг үгүйсгэхгүй биз дээ?
-Ашигт малтмалыг эзэмших, зарцуулах эрх мэдэл ард түмнээс хамаардаг, ашиг орлого нь тэдэнд ногддог байх зарчмыг л би ярьж байгаа юм. Түүнээс биш үүнийг хэн санаачилсан байх, төслийн нэр нь юу болж өөрчлөгдөх нь гол биш. Монгол Улс хөгжих үү, мөхөх үү гэдгийг шийдэх түүхэн цаг үеийн хариуцлагаа бид зөв ойлгож, ард түмэн, улс орны хувь заяаг сайнаар эргүүлэх, урт настай хамгийн зөв хувилбарыг л олох ёстой юм.
-Та Монголын парламентад гурав дахиа сонгогдон орж ирлээ. Монголын анхны парламентад гишүүн байсан хэдхэн хүн өнөөдрийн УИХ-д байна. УИХ-д танаас олон удаа сонгогдсон гишүүд байгаа ч Та анхны парламентын гишүүн. Та энэ удаагийн УИХ-ын талаар юу хэлэх вэ?
-Би анхны ардчилсан парламентын гишүүн байснаараа бахархдаг. Тэрхүү Бага хурлаас өнөөдрийн их хуралд үнэхээр гарын таван хуруунд багтах цөөхөн хүн байгаа юм байна. Д.Балдан-Очир, Д.Лүндээжанцан, С.Баярцогт нар Бага хуралд МАХН-ыг төлөөлж, Р.Гончигдорж Социал демократ намыг, Ц.Элбэгдорж бид хоёр Ардчилсан намыг төлөөлж байсан. Тэр бол Монголын түүхэнд байсан хамгийн хүчтэй бөгөөд хамгийн сайн парла¬мент байсан. Асуудлыг танхимд шийддэг байсан цорын ганц парламент. Байнгын хороодын хурлаар гэхээс чуулганы танхимд илүү нарийн ширийнээ ярилцдаг байлаа. Бага хурлаас албан тушаалтнууд үнхэлцгээ хагартал айдаг байсан санагдаж байна. Албан тушаалд томилогдохоор асуудлаа хэлэлцүүлж байсан хүн хэлэлцүүлгийн явцад танхимд таалал төгссөн явдал бий шүү дээ… Алдаа мадагтай хууль гарах нь ховор байсан.
-Дараа нь таны ажиллаж байсан 1996-2000 оны УИХ ч бас хүчтэй байсан гэж хүмүүс дүгнэдэг?
-1996 онд анх сөрөг хүчин ялахад би дахин УИХ-ын гишүүн болж байсан.Тэгэхэд асуудлыг олонхийн бүлэг дээр оруулж, ярьж байж парламентын шийдвэр болгодог байсан. Буруу шийдвэр гаргах нөхцөл Бага хурлаас илүү ч, өнөөдрийнхөөс бага байсан. Одоо парламентыг харахад энэ байдал алга болсон байна. Асуудлыг өнөөдөр бүлэг дээр биш, байнгын хороон дээр биш, чуулганы танхимд биш. Өөр хаана ч юм бэ, албан тасалгаа, баар, ресторанд ярьж шийдчихээд УИХ-д оруулж ирдэг юм байна. Далд шийдэгдсэн бэлэн асуудлыг парламент хэлэлцдэг болж. Албан тушаалтнууд асуудлаа шийдүүлэхээр танхимд орж ирчхээд “нэгэнт шийдэгдчихсэн юмыг та нар яах юм бэ” гэж басаж байна шүү дээ. Гишүүд тангараг өргөчхөөд удаж байхад бүлэг байгуулагдахгүй, байнгын хороод зохион байгуулагдахгүй өнөөдрийг хүрлээ. Ийм замаар парламентын ардчилал алга болбол дахин хувьсгал гарч байж л өөрчлөхөөс өөрөөр хүчрэгдэхгүй зам руу явах болно. Парламентын ардчилал алга болж, хувьсгалыг парламент дотор хийхгүй бол парламентын гадна хийх болно. Бид ерэн онд үүний төлөө хувьсгал хийгээгүй юм. Ард түмэн хувьсгал хийж алдсан эрх чөлөөгөө олдог.
2008 оны 12-р сарын 13, Бямба гариг
Ардын эрх сонин

No comments:

Post a Comment