Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн үү. Сонгуулиас өмнө иргэдийн гарт очих уу?
-Бид "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэт"-ийн үйлдвэрээс олох орлогоос "Хүний хөгжил сан"-д мөнгө төлөвлөсөн. Мөнгө нь ороод ирвэл нийт 334 тэрбум төгрөгийг иргэдэд өгнө. "Эрдэнэс Таван толгой" ХК, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай бид байнга холбоотой байгаа. Ер нь эхний санхүүгийн эх үүсвэр энэ сарын 15-ны үед орж ирнэ. Тиймээс ямар ч байсан 334 тэрбум төгрөгийг хоёрдугаар улиралд багтааж олгоно.-Хувьцаагаа зарах эсэх талаар иргэдээс санал авч байгаа. Энэ ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?
-Бүртгэл эхэлсэн. Аймгуудын хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулан иргэдээс нэг сая төгрөгийнхөө хувьцааг мөнгөжүүлэх үү, эсвэл орон сууцны зээл болон бусад хэлбэрээр авах уу гэж асууж байгаа. Тавдугаар сарын 20 гэхэд хувьцаагаа зарж, хэд нь орон сууцны зээлд хамрагдаж, хувьцаа хэлбэрээр хэдэн хүн авах нь тодорхой болно. Бид тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын эхэн гэхэд Таван толгойн хувьцааг амжвал гадаад зах зээл дээр, амжихгүй бол дотоодын зах зээл дээр үндэсний аж ахуйн нэгжүүддээ зарах зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Ингээд үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаагаа худалдан авч, мөнгө нь орж ирсэн тохиолдолд хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэдэд сая төгрөг олгох арга хэмжээг зохион байгуулна. Цаг хугацааны хувьд зургадугаар сард сонгуулийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлэх бололцоо хэр байгаа юм гэдгийг тооцоолж байгаа. Хүмүүс "Хувьцаа өгөхгүй гэнэ. Ингээд өнгөрөх нь" гэдэг янз бүрийн өнцгөөс асуудалд хандаж байна. Сая төгрөгийн хувьцаа бол баталгаат үнэт цаас. Таван толгойн хувьцааны үнэ өссөн тохиолдолд иргэдэд очих хувьцааны үнэ өснө. Хэрэв иргэд хувьцаагаа худалдана гэвэл ямар ч нөхцөлд Засгийн газар сая төгрөгөөр худалдаж авна.-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь хэзээ хувьцаагаа авч эхлэх вэ. Ойрын хугацаанд өгч амжих уу?
-Хугацааны хувьд 2012, 2013 он дамжиж хэрэгжих байх. Учир нь их хэмжээний мөнгө гэнэт орж ирнэ гэдэг юу л бол гэсэн таамаг байна. Гэхдээ иргэд үүнд бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй.
Эх сурвалж
Монголын үнэн
Монголын үнэн
No comments:
Post a Comment