Monday, 14 May 2012

Э.Мөнх-Очир: Намайг явчхаасай гэж бодсон хүмүүст хандаж “Битгий горьд” гэж хэлье

УИХ-ын гишүүн Э.Мөнх Очиртой ярилцлаа.
-Тэгэхээр сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын амь үхлийн ирмэгт ирсэн тухай шуугиан намжихгүй байна. Танай намын бүлэг ч энэ асуудлыг шөнө дөлөөр хэлэлцжээ...
-Үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр хүнийхээ хувьд итгэл үнэмшилтэй тэмцэл явуулж байгаа байх. Гэхдээ аливаа тэмцлийг учиртай хийх хэрэгтэй. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн эрх тэгш байх асуудлыг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа дандаа л ярьдаг байсан нь мэдээж. Энэ үүднээс хүн бүхэн л өөрийнхөө дүгнэлтийг хийж байгаа байх. Миний хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрчийн хувьд бодолтой л алхам хийж байгаа юм байлгүй гэж бодож байна.
-Танай намынхан юу гэж ярьсан юм?
-Манай намын бүлгийнхэн хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг эмчлэх үүргээ гүйцэтгэх ёстой л гэж хэлсэн. Эмч нар эмчлэх бололцоо олгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан байна лээ. Авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын буруу, зөвийг шүүхийн тулд тэр хүн амьд байх ёстой биз дээ. Нөгөө талаар хүний амь гэдэг бол юугаар ч нөхөж болшгүй эрдэнэ.Тийм учраас хүний амийг нэгдүгээрт тавих ёстой учраас иргэн Н.Энхбаярыг батлан даалтад гаргаад үргэлжлүүлэн шалгах хүсэлтүүдийг дэмжсэн шийдвэрийг манай намын бүлгээс гаргасан. Сая манай бүлгийн шийдвэр, хүсэлт биеллээ олж, иргэн Н.Энхбаяр батлан даалтад гарч байх шиг байна. Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд бид хүнлэг энэрэнгүй байх зарчмаа алдаж болохгүй л дээ.
-Н.Энхбаяр өлсгөлөн зарласнаар мөрдөн байцаах ажил зогсчихлоо. Үндсэндээ авлигатай тэмцэх ажлыг гацаанд орууллаа гэсэн шүүмжлэл хэлэх хүмүүс цөөнгүй байна...
-Н.Энхбаяр даргыг баривчилснаас хойш нэлээд хэдэн хүнийг шалгасан байна лээ. Авлигатай тэмцэх ажил үргэлжлээд байгаа юм биш үү.
-Танай намаас гарсан гурван гишүүний сонголтыг та юу гэж үзэж байгаа вэ?
-1990 оноос хойш Монголд олон нам байсан. Би ч гэсэн О.Дашбалбар ахыг дагаад Үндэсний дэвшил намын гишүүн болоод явж л байлаа. 1993 онд олон нам нэгдээд эхлэх үеэр Үндэсний дэвшил нам АН-тай нийлнэ гэхээр нь батлахаа буцааж өгөөд гараад явж байсан. Тэр үе бол ардчилал, олон намын системийн эхний үе. Түүнээс хойш явсаар аавынхаа намыг, одоогийн Ардын намыг сонгосон. Ер нь бол намаас гарах, орох асуудал бол улс төрд байдаг л зүйл. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хэн ямар дүгнэлт хийнэ, түүгээрээ л болно биз дээ.
-Далай хог новшоо эрэг рүү түрээд гаргадагтай адил манай намд цэвэрлэгээ хийгдлээ гэж танай генсек хэлсэн гэл үү?
-Тийм үү. Би ч урьд өмнө нэг ярилцлагадаа "Нам доторх идээ бээр нь шахагдаж, яр.шарх нь эдгэж байна" гэж хэлсэн шүүдээ. Намдянз бүрийн санаа. зорилгоор хүмүүс элсдэг. Өөрийнх нь хүсэл зорилго бүтэхгүй ажил төрөл нь цэгцрэхгүй санаа бодол нь тогтохгүй бол тэр хүмүүс намаас гараад явах нь нээлттэй.
-Тойрог олдоогүй учраас өөр нам руу явсан ч гэх юм...
-Ийм асуудлаас болоод нам руу дайраад, шударга царайлаад байгаа хүмүүс намд үлдэх шаардлагагүй. Ер нь ямар нэгэн юм горьдож намд байна гэж юу байдаг юм бол. Миний хувьд жишээ нь, ямар нэг юм горьдсондоо энэ намд байгаа юм биш шүү дээ. Залуу хүний хувьд эргээд харахад гишгэсэн мөр минь утга учиртай байгаасай л гэж боддог. Тиймдээ ч өөрийгөө Ардын намын нэгэн эд эс болж явдаг гэж ойлгодог. Үзэл бодол нэгт нөхөдтэйгөө явахад улс орноо хөгжүүлэх чин хүсэл минь биелнэ гэж боддог учраас л яваад байна.
-Таны тойрог тодорхой юу?
-Булгандаа л очно доо. Анх Булганаас сонгогдсон. Цаашдаа энэ нутгийн хөгжил, дэвшил, ард түмний төлөө явна. Цаашид үүний төлөө юу хийх вэ гэдгээ төлөвлөж байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүн нийт ард түмний, улс орны хэмжээний элч төлөөлөгч байх ёстой. Тиймээс нэгэн цагт удирдлагад нь ажиллаж байсан нийслэл Улаанбаатар хотынхоо төлөө явна. УИХ-д суусан хугацаандаа Улаанбаатар хотын төлөө ажил хийсэн гэж боддог. Туул, Сэлбэ голын төслийг эхлүүлсэн. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Зураг төслийн хүрээлэнгийнхэн өдөр шөнөгүй ажиллаж байна.
-МАХН руу явах гишүүдийн нэг нь таныг гэж эртнээс ярьсан шүү дээ?
-Намайг явчхаасай, тэгвэл Булганд нэг мандатын орон зай гарна гэж мөрдсөн хүмүүсийн яриа. Тэр хүмүүст хандаж Битгий горьд гэж хэлье. Үнэхээр энэ намд элэг сэтгэлтэй л юм бол нам дотроо байж шинэчлэл хийнэ үү гэхээс намаас гарчихаад "Энэ нам ийм, тийм" гээд нулимаад байх нь утгагүй. Хэрэв тийм бол тэр хүн жинхэнэ урвагч. Нэгэн үе намаа шинэчилнэ гээд нэгдсэн гишүүдийг( "Элсний 13" гэж манайхан нэрлэцгээдэг. Засгийн огцруулах асуудлыг тавихдаа УИХ-д суудалтай хэдэн гишүүнээр дамжуулсан болохоос биш үүний цаана МАН- ын олон мянган жирийн гишүүн үзэл бодлоороо нэгдэж байсан юм шүү, тухайн үед.
-МАН, МАХН хоёр яваандаа нэгдэх юм биш үү?
-Тийм зүйл байхгүй. МАХН, МАН хоёр нэгдэнэ. Гэж хэзээ ч байхгүй, Үзэл бодлоороо нэгдэхгүй учраас салсан байхгүй юу.
-Танай нам мөрийн хөтөлбөртөө ямар их мөнгө амлаваа?
-Мөнгө амлаагүй шүү дээ. Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье гэсэн юм. Хүний амьдралыг сайжруулъя гэхээр мөнгө амлалаа гэх юм. Эсвэл амьдралыг нь дордуулах амлалт өгөх ёстой юм уу. Манай намын мөрийн хөтөлбөр бүхэлдээ монгол хүний амьдралыг сайжруулахад л чиглэсэн Амьдрал сайжраад ирэхээр аяндаа цалин, орлого өснө гэж тооцоолж байгаа. Түүнээс. бус бусад нам, улстөрийн хүчин шиг аман дээрээ орсон тоогоо амлаагүй, амлах ч боломжгүй. Хуулиар ийм боломжийг хаасан байгаа биз дээ.
-Цалинг 1.3 сая төгрөг болгоно гэдэг чинь ямар ч судалгаагүй хоосон амлалт юм биш үү?
-Судалсны үндсэн дээр тусгасан зүйл. Дээр хэлсэнчлэн улс орны амьдрал сайжраад ирэхээр захын хүн ийм цалин авдаг болно гэж тооцсон. Гэхдээ аудитын газар ийм мөнгөний тоотой заалт байх ёсгүй гээд мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан байсныг авсан. Хэдий тийм ч Ардын намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн тохиолдолд цалин тийм хэмжээнд өснө л гэсэн үг шүү дээ.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж

Өдрийн сонин

No comments:

Post a Comment