Monday, 14 May 2012

Т.Галсан: Жүжигчид хошин шогийн дэлгэцэнд л марзагнаад явж байна


Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Улаанбаатар кино  их наадам”-ын хүндэт зочдын нэг болон хүрэлцэн ирсэн  Ардын уран зохиолч Т.Галсантай ярилцлаа. Тэрбээр Монголын кино урлагийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм.
-“Улаанбаатар их наадам”-ын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Би энэ наадамд шагнал гардуулах ёстой юм шиг байна. Энэхүү наадмын талаар би сайн мэдэхгүй ээ. Ямар ч байсан энэ наадамд нэр дэвшсэн нэг мундаг хүнд нь шагнал  гардуулах л юм шиг байна. Алт байхгүй бол хүүхнүүд  ээмэг бөгж  хийх арга байхгүй. Түүнтэй адил чанартай зохиол байхгүй бол сайн кино хийх ямар ч арга байдаггүй. Монголын киноноос дэлхийн киноны эрдэнэсийн санд тэнцэх ганц л кино байдаг. Тэр кино нь “Цогт хун тайж”. Тэрхүү киноны зохиолыг аугаа их эрдэмтэн, гүн ухаантан Б.Рэнчин бичээгүйсэн бол тэр гадны найруулагч кино хийх эрдэмтэй ч гэсэн  монгол ахуй, монголын түүх, монголын их  эмгэнэлийг мэдэж чадахгүй шүү дээ. Уг киног бүтээхийн өмнөхөн Сталин катюша, танк хоёроор дайсныг дарж болохгүйг мэдсэн гэдэг. Тиймээс ард түмнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн цагт дайсан юу ч биш юм байна гэж үзэн ЗХУ-ын 15  улсад та нар дайсныг буруутгаж, эх орны үзлийг бадраасан зохиол бич гэжээ. Харин манай улс 16 дахь нь байсан учраас яг тэр эгзгийг ашиглан  уг зохиолыг бичсэн байдаг. Хэрвээ үүнээс нэг жил хожидсон бол “Цогт хун тайж” кино өдийд байхгүй байх байлаа. Тэгэхээр юмыг цагт нь амжуулна гэдэг гайхалтай. Мөн алтан зохиолоор хийвэл алтан кино болж, мөнгөн зохиолоор хийсэн бол мөнгөн кино л болно. Үзэгч түмний төдийгүй өргөн дэлхийн зах зээлд үүдийг нь түлхээд л орох гэж байгаа сайн киноны шагналыг гардуул гэж өвгөн намайг тоож дуудсан юм бололтой.
-Сүүлийн үед кино урлаг эрчимтэй хөгжиж, дэлгэцийн бүтээлүүд маш олноор төрөн гарч байгаа. Та зохиолч хүний хувьд дүгнэлт хийж л суудаг байх даа?
-Ер нь тамирчин хүн богины зайнаас марафон гүйлтээр холын зам туулдаг л даа. Тэгэхээр залуу уран бүтээлчид ч гэлтгүй тэр дасгалын үедээ яваа нэг хэсэг нь байна. Тэд дээр үеийнхэн шиг кино хийхэд хөрөнгө мөнгө, мэргэжлийн том баг ажиллах боломж нь хомс байгаатай холбоотой. Ер нь зохиол тааруу бол ямар ч сайн жүжигчин жүжиглэж, найруулагч найруулаад, орчин үеийн киноны ид шид, хослол зургийг ашиглаад ч гайхамшигтай бүтээл болохгүй л дээ. Зарим нэг хүмүүс америк кино их үзвэл алуурчин болно, солонгос кино их үзвэл солиотой болдог гэж ярьдаг л даа. Би америкт кино үзсэн л дээ. Зайлуул манай гэнэхэн үзэгчдэд зориулсан тулаантай киног манайх авчраад байдаг болохоос биш тэндээ жинхэнэ хүнлэг ёс, ертөнцийг аврах сэтгэлгээг харуулсан тийм л кино гардаг юм билээ. Гэтэл манайд нүүдэлчдийн соёл нэлээн хумигдаж, суурьшил иргэний аж төрөх ёс орж байгаатай холбоотой юмуу хоёр гурван өрөөнд л хоёр хадам хэдэн хүргэн бэрүүд нь хэрэлдсээр байгаад  дуусчихдаг кино ч гарах болсон байна. Тиймээс кино урлаг маань  хүний сэтгэлийг ариусгах ариун үүрэг нь алдагдах вий. Тэгвэл үзэгчид хүлээж авахгүй. Хотын хогийг харах ямар уйтгартай билээ. Шинэ цас орсны маргааш ямар сайхан байдаг билээ. Угаараар амьсгалж явахад ямар дотор багтрам билээ. Гэтэл агаараар амьсгалж ойн азоноор амьсгалах сайхан билээ. Яг үүнтэй адилхан ард түмнийхээ харанхуй цээж рүү  гэрэл ортол зовлон жаргалаа мартаж, тэмцэж амьдрах ухааныг өгтөл уран бүтээл хийгдэх ёстой. Иймэрхүү санаатай кинонуудыг  залуу үе маань хийх байх гэдэгт итгэж явдаг.
-Кино зохиолчид ховордоо юу даа гэмээр зүйл ажиглагдаад байгаа. Таны бодлоор?
-Ерөөсөө киноны баг задарчихсан байна л даа. Нэг сайн хүнд үүрэг оногдоход л бүгдийг хангачихдаг. Дээр үед Монгол кино үйлдвэр жилд зургаан уран сайхны кино хийдэг байлаа. Тиймээс зохиолоор гачигдаж байсангүй. Яагаад гэвэл С.Дашдооров ажилдаа очих албагүй ганцхан кино үйлдвэрийг зургаан уран сайхны киноны зохиол бэлдэх хоёрыг бэлэн нөөцөнд байлгах үүрэгтэй. Тэгээд Дооров маань Ж.Лхагваа, Д.Батбаяр гэсэн их олон зохиолчдыг тэр зүг рүү татан оруулдаг байв. Тун болохгүй бол Дооров маань дор хаяж хоёр кино бичдэг тэгсэн манайхан мөнгөнд шунаж байна ганцаараа  их олон кино хийж кино үйлдврийг хувьчлаад авчихаж гэх маягийн хүртэл ярьдаг байсан юм. Нийгмийн захиалгаар уран бүтээлчдэд томилолт өгнө. Жишээ нь миний “Мөнгөн буйл” киноны зохиолыг бичихээр “Дуган Хад” амралт руу УГЗ, их найруулагч Р.Доржпалам бид хэд наадмын үеэр даалгавар аваад тийшээ  явж байлаа. Тэгээд наадмаар ямар бөх түрүүлэх вэ гэж мөрийцөөд тэгсэн би гаж сэтгэдгээрээ аваргуудыг биш Ганбаатарыг түрүүлнэ гээд хэлчихгүй юу даа. Гэтэл Ганбаатар дөрвөн аваргыг хаяж түрүүлж байсан. Энэ үеэр арилжаа наймааны эсвэл ариун цагаан хөдөлмөрийн олз хоёрын хоорондын ялгааг гаргасан сэдэв байх юм шүү гэж тогтсон юм. Тэгээд энэ зохиолоо инээдмийн аястай бичиж байлаа. Харин одоо уран бүтээлчдэд  боломж олгон гэрээ хийгээд явуулах байтугай биччихсэн бэлэн зохиол хэнд байгааг мэдэхгүй, уялдаа хэлхээгүй ажиллаж байна шүү дээ. Балжиннямаас эхлээд Шаравдорж, Дамдин, Нагнайдорж гэх мэтчлэн аварга арслан, далай даян найруулагч нар амьд мэнд байж л байна. Одоо цагт жүжигчдийн чадвар маш сайн болсон ч сайн зохиолгүй учраас хошин шогийн дэлгэцэнд л марзагнаад л байж байна шүү дээ.
-Сүүлийн үед хүүхдийн уран бүтээл орхигдох боллоо?
- Бидний үед хүүхдийн уран бүтээлийг захиалдаг байлаа. Балжинням, Нямдаваа  хоёр над дээр ирээд нэг нууц юм хийе гэж байна. Тэгтэл сургуулийн өмнөх насныхны  амьдралаас сэдэвлэсэн хүүхдийн кино хийе гэлээ. Тэгээд бид гурав долоо хоногт л “Дэгдээхий нас” киноны зохиолыг гарчихсан. Нямдаваа энэ юун тухай юм бэ гэж асуухад нь “Энэ цаг үе, үр хүүхдээ ойлгодоггүй юм гэсэн утгатай юм шүү” гэвэл ихэд  цочиж, эсэргүү санаа байна гэж билээ. Уг нь хүүхэд орчноо цэцгийн мандал болгох юмсан гэсэн чин хүсэлтэй гэтэл цэцэрлэгийн багшаас эхлээд аав ээж нь тэр хүүхдийн сэтгэлийг ойлгодоггүй. Тэгэхээр томчууд бид чинь хүүхдийнхээ сэтгэлийг ойлгодоггүй юм уу даа л гэдэг санааг энэ “Дэгдээхий нас” киногоороо харуулсан. Сайн зохиолыг зохиолч хүнээс л авах ёстой. Надад бичсэн бэлэн хүүхдийн зохиолууд ч байна. Гэтэл надтай уулзаж,  зохиол асууж байгаа нэг ч  найруулагч алга. Ахмад үеийнхэн залуу үе хоёрын хооронд зөндөө их зай гарчээ. Одоогийн ид хийж бүтээж яваа залуус маань дөнгөж 30 гарч яваа. Гэтэл бид 80 гарчихсан тэгэхлээр шинэ сэтгэлгээ, шижигнэсэн алхааг нь хуучин тархи, хулуутай хөл хоёр маань гүйцэхгүй байх шиг байна шүү. /инээв/ Хүн бүр хүүхэд насыг дайрч гардаг мөртлөө хүүхдэд зориулсан уран бүтээл хийхээр ашиг олдоггүй гэж боддог юм уу даа. Ахмад үеэсээ суралцаж, холбоотой л байх хэрэгтэй байгаа юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Сувд

No comments:

Post a Comment