Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Хямралаас гарахад 600-700 тэрбум төгрөг хэрэгтэй байна


 Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хэрхэн хохирол багатай гарах талаар өчигдөр Сангийн сайд С.Баярцогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хуралдааны дараа УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогттой энэ талаар ярилцав.
-Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын эсрэг төлөвлөгөөг та танилцууллаа. Ямар шийдвэр гарав?
-Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажиллаж, банк санхүүгийн салбар, ажлын байр бий болгох бодит эдийн засгийн салбарыг дэмжих хүрээнд 10-аад ажил төлөвлөж, эхний танилцуулгаа хуралдаанд орууллаа. Гишүүд дэмжиж, УИХ-д танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Авах арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг илүү тодорхой болгох талаар Засгийн газар дахин ярилцахаар боллоо.
-Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр үр дүн нь яаж харагдах вэ?
-Хямрал хурдацтай нөлөөлж, манай улсын эдийн засаг улирлын шинжтэй, гаднаас хараат байдалтай байгаа нь мэдэгдэж байна. Гэхдээ жижиг эдийн засгийн давуу тал нь тогтвортой бодлого явуулбал хурдан хугацаанд хүнд байдлаас гарах бололцоотой. Тиймээс бодит нөхцөл байдлыг ард түмэнд хэлж, дотоод нөөц бололцоогоо гаргах ёстой. Эхний удаад бид банк, санхүүгийн салбарт анхаарч байсан бол одоо экспортын үйлдвэрлэлээ бодитоор нэмэгдүүлж, валютын эх үүсвэрээ өсгөхөд голлон анхаарна.
-Хямралаас сэргийлэх чиглэлээр авсан өмнөх шийдвэр хэрэгжихгүй байгаа гэдэг шүүмжлэл байна. Одоо та бүхний хэрэгжүүлэх арга хэмжээнд хэчнээн хөрөнгө зарцуулагдах вэ?
-УИХ-аас санал болгосон өмнөх арга хэмжээ бол зөвхөн нэг хэсэг нь. Одоо дээрх асуудлыг шийдвэрлэхэд 600-700 тэрбум төгрөг шаардлагатай байна. Тиймээс гадны эх үүсвэр татах хэрэгтэй гэж үзэж байгаа.
-Эх үүсвэр татах ямар боломж байна вэ?
-Бидэнд зургаан төрлийн эх үүсвэр байна. Нэгдүгээрт, ОУВС, Дэлхийн банк болон гадаад орнуудаас олон талт хамтын ажиллагааны хүрээнд олгодог зээл тусламжийг тооцож байгаа. Хоёрдугаарт, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд авч болох зээлүүд, гуравдугаарт, Оюутолгой, Тавантолгойн урьдчилгаа төлбөр байх юм. Дөрөвдүгээрт, олон улсын зах зээл дээр Засгийн газрын бонд гаргах, тавдугаарт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар мөнгө босгох боломж байна. Зургадугаарт, улсын төсвийн эх үүсвэр. Улсын төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох зориулалттай мөнгө бий. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд зориулалтыг нь өөрчилж, хамгийн үр ашигтай хэсэгт зарцуулах юм.
-ОУВС-гаас хэдий хэмжээний зээл тусламж хүсэж байгаа вэ?
-ОУВС сантай хөтөлбөртэй болох талаар хэлэлцээ хийж байгаа. Энэ удаад тохиролцож чадаагүй. Төлөөлөгчид сарын дараа ирж дахин хэлэлцээд хөтөлбөртэй болох талаар ярьсан. Хөтөлбөртэй болчихвол ОУВС манай зээлжих эрхийн хүрээнд 103 сая ам.долларын зээлийн дэмжлэг үзүүлэх боломжтой. ОУВС-тай хөтөлбөртэй болно гэдэг нь санхүүгийн хувьд бууралт бий болсныг нь дэмжиж байна гэсэн үг.

Тиймээс аль аль талдаа үүрэг хүлээдэг. Ингэснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад донор орнууд ОУВС-ын хөтөлбөр, дэмжлэгүүдэд үндэслэж зээлээ нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл ОУВС аль ч орны төсвийн бодлогын сахилга батыг бариулж, төсвийг дэмжсэн зээлийг хурдасгагч хүч бол-дог юм. Тиймээс ОУВС-тай тохиролцоонд хүрэх маш чухал.
-ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсын төсөв хэт алдагдалтай, халамж хэт хавтгайрсан байгаад шүүмжлэлтэй хандаж, зээл олгоход эргэлзэж байгаа биш үү?
-Нэг удаа төлөөлөгчид ирж асуудлыг шийдвэрлэчихдэггүй. Сүүлийн гурав, дөрвөн жилд манай төсөв нэмэх гарч байснаа энэ жил алдагдалтай болсноос гадна дэлхийн хямрал түргэн хугацаанд Монголын эдийн засагт нөлөөлж байгаа. Энэ байдлыг бодитоор харж үзээд, хэд хэдэн арга хэмжээ авах хүсэлт тавьсан. Тухайлбал хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээнд бууруулах ёстой. Гэхдээ дунд хугацаанд эдийн засгийн өсөлтөө хангах хэмжээнд байлгах хэрэгтэй гэсэн. Нөгөө талаар үнийн өсөлтийн үед бий болсон тогтмол зардлуудыг бууруулах шаардлага тавьж байна.

Нийгмийн халамжийг хавтгайруулж биш, хэрэгцээт хүмүүст нь олгох, экспортыг дэмжиж, энэ чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжих нь чухлыг анхааруулсан. Төлөөлөгчид удахгүй эргэж ирээд бидний хийж буй хямралын эсрэг төлөвлөгөө болон төсвийн тодотголын ахиц дэвшлийг хараад дахин ярилцах юм.
-Төсвийн тодотголын төсөл хэзээ бэлэн болох вэ?
-Төсөл бэлэн болсон. Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөтэйгөө уялдуулах ёстой учраас хэзээ УИХ-д өргөн барихыг хараахан шийдвэрлээгүй байна.
-Тодотголоор ямар зардлуудыг танахаар төлөвлөж байна? Хэр зэрэг хэмнэлт гарах бол?
-Төсвийн орлого ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөгөөр буурч байгаа учраас зардлыг багасгахаас өөр аргагүй. Хөрөнгө оруулалт дээр ч, урсгал зардал дээр ч тодорхой хэмжээнд бууралт гарна. Өнгөрсөн хоёр удаагийн төсөв дээр тогтмол зардлуудыг их хэмжээгээр бууруулсан. Тэгэхээр одоо буурах боломжтой зардал нь нийгмийн халамжийн зардал байна. Халамжийг хавтгайруулахыг болиулж, зөвхөн орлого багатай хэсэгт олгох зарчим руу шилжих ёстой гэдэг байр суурийг баримтална.
2009 оны 2-р сарын 05, Пүрэв гариг
 Өглөөний сонин

No comments:

Post a Comment