Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Төсвийн алдагдал таван хувиас хэтрээгүй


Өчигдөр УИХ-ын гишүүн, С.Баярцогтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаас гарч явахад нь хорооны хурлаас гарч явахад нь сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийн гэгдэх 76 тэрбум төгрөгийн асуудлыг судлаад УИХ-д оруулж ирэх даалгаврыг өгсөн. Засгийн газар яагаад энэ асуудлыг байнгын хорооны хуралд оруулахгүй байгаа юм бэ?
-2010 оны Төсвийн хуульд тодорхой хэмжээгээр бүс орон нутгийг дэмжих хөтөлбөрийг хоёрдугаар хавсралтаар баталсан байсан. Энэ хөрөнгийг Үндсэн хуулийн Цэцээс ирсэн бичгийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад суулгаж өгсөн, Өөрөөр хэлбэл нэгдүгээр хавсралтад байсан яамдын сайд нарын багцад оруулж зохицуулсан. Тиймээс энэ асуудлыг шийдсэн гэж үзэж байна.
-Яг ямар өөрчлөлт орсон гэж?
-Өмнө нь батлагдсан төсөв нэг, хоёр, гуравдугаар хавсралттай батлагдсан. Нэгдүгээр хавсралт нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх жагсаалт. Хоёрдугаар хавсралт нь бүс, орон нутгийн хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын жагсаалт. Гуравдугаар хавсралт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 82.6 тэрбум төгрөг батлагдсан байсан. Одоо бол нэг, хоёрдугаар хавсралт байхгүй болж бүгд төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын багцад нэгдсэн.
-ОУВС төсвийн тогтвортой байдлын хуулийг яаралтай батлахыг шаардаж байгаа юу?
-ОУВС шахсан юм байхгүй. Монголчууд өөрсдийгөө бодоод энэ хуулийг өргөн барьчихсан байгаа. Энэ чуулганаар батлагдах байх гэж бодож байна. УИХ-д өргөн барьчихсан байгаа.
-Цалингийн нэмэгдлийг 30 хувь гэж тооцсон боловч 21 хувь болсон гэсэн мэдээ байна...
-Ташаа мэдээлэл байна.Төсвийн тодотгол дээр аравдугаар сарын 1-нээс 30 хувь нэмэгдүүлнэ гээд заачихсан байгаа. Цалин, бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 72 тэрбум төгрөг тусгасан байгаа.
-Хүүхдийн мөнгөний асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?
-Засгийн газар дээр тусдаа хүүхдийн мөнгөний асуудал яригдаагүй. Харин хүүхэд, гэр бүлийг дэмжих хөтөлбөр оруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан хүүхдийн мөнгөний асуудал хүний хөгжлийн сангийн хүрээнд шийдэгдэх юм байна гэж бид ойлгож байгаа. Төсөв тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Ажлын хэсэг байгуулагдсан. Мөн олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор одонтой эхчүүдийн мөнгийг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. Энд 8.5 тэрбум төгрөг нэмж тавигдсан.
-Хуучнаар тооцвол 100 гаруй тэрбум төгрөг нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Төсөв дээр мөнгө нэмэх шаардлага байхгүй. Энэ бүхэн Хүний хөгжлийн сангийн хүрээнд шийдэгдэнэ.
-Төсвийн тодотголоор "Зоос" банканд гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийн бонд төсвийн алдагдлыг 6.5 хувьд хүргэж байна. ОУВС-тай тохирсон тохиролцоо зөрчигдөж байгаа юм биш үү?
-Одоогийн байдлаар төсвийн алдагдал 6.4 хувьтай байгаа. Бид ОУВС-тай төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байх гэрээтэй. Банканд гаргасан бондыг төсвийн алдагдалд тооцохгүй учраас тохиролцоо хэрэгжиж байгаа гэж ойлгож болно.
-"Анод"-д гаргах 170 тэрбум төгрөгийн бондыг бас төсвийн алдагдалд тооцохгүй юу? 
-"Анод"-ын асуудал одоохон-доо орж ирээгүй байна. Орж ирсэн ч төсвийн алдагдалд тооцохгүй гэж тохирсон.
-Төсвийн алдагдал болох 170 тэрбум төгрөгийг бонд гаргаж хаах санал Засгийн газар УИХ-д оруулж байгаа гэсэн. Алдагдлыг бондоор хаах нь зөв үү?
-Тэр 170 тэрбум төгрөгийн бонд бол төсвийн алдагдлыг хаах зорилготой бонд биш.Төсвийн урсгал санхүүжилтийг түр хийж байгаа юм. Ер нь бол улирлын чанартай төсвийн дутагдлыг бонд гаргаж хаагаад, санхүүгийн жилдээ багтаад нөхөөд төлчихдөг туршлага байдаг. Энэ өмнө нь жил бүр хийгдэж байсан алхам. Бэлэн мөнгөний зохицуулалтыг хийж байгаа нэг хэлбэр. Энэ хүүгийн хамт төсөвт суучихсан байдаг. Бондоор төсвийн алдагдлыг хаасан тохиолдол бараг байхгүй
-Өнгөрсөн оны төгсгөлд хаасан биз дээ?
-2009 оны эцсээр орлогын дутагдал болсон тул 170 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Энэ бол бид зардлаа бууруулж чадаагүйгээс болж хямралыг давахад зориулж гаргасан мөнгө.
-Төлбөрийг хэн хэзээ нөхөж хийх вэ?
-Өмнөх жилийн төлбөр дараа дараагийн жилд бага багаар төлөгдөөд явах байдлаар төсөвт суулгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, бонд болон гадны зээлээр санхүүжүүлж байгаа төслүүд бол ирээдүйгээсээ зээлж байгаа гэсэн үг.
-Оюу толгойн гэрээ хэрэгжиж эхэлсэн үү?
-Ямар ч саадгүй хэрэгжээд явж байгаа.
Х.Баттөгс
2010 оны 5-р сарын 05, Лхагва гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment