Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үгнээс ганцхан хүүхдийн мөнгийг салгаж авах ёсгүй


Хүүхдийн мөнгийг буцааж олгох боломжийн талаар УИХ дахь АН, МАХН-ын бүлэг ярьж эхлээд байна. Энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодруулав.
-Хүүхэд, гэр бүлийн гэх мэт хавтгай халамжийг өнгөрсөн оны сүүлээр үгүй хийж чадсан.Гэтэл хүүхдийн мөнгийг эргээд өгөх талаар яригдаж эхэллээ. Сангийн сайдын хувьд та ямар байр суурьтай байна?
-УИХ-ын    чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ талаар өөрийн саналаа илэрхийлсэн. Мэдээж тойргийнхоо сонгогчидтой уулзаад ирсэн гишүүд ч гэсэн байдал ямар байгааг мэдэж байгаа.Тийм учраас УИХ дээр  ажлын хэсэг гарч, энэ  бүгдийг цэгцлэх ёстой. Ерөнхийлөгч мөн зарлиг гаргаж, 1.5 саятай холбогдуулж, намуудын оролцоотой ажлын хэсэг гаргасан. Тэр ажлын хэсэг төвөөс өгч буй халамж зорилтот бүлэгтээ хүрч, үр дүнгээ өгөх ёстой гэсэн нэгдсэн байр суурьт хүрнэ байх.
-Зорилтот бүлэгт хүргэх халамж Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орж ирж байгаа юм билээ. Хүүхдийн мөнгө гэхээр эргээд хавтгай халамж санаанд ороод байгаа?
-Зарчмын хувьд одоо урьдчилж хэлэх боломжгүй. Хоёр намын бүлэг дээр, Засгийн газар, УИХ-ын түвшинд ямар байдлаар өгөх тухай яриагүй байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого дээр түлхүү анхаарах тухай ярьж байгаа учраас сэргээж болох юм гэдэг санал явж байгаа.
-Халамжийг нэмэхэд асуудал гардаггүй ч хасахад асуудал үүсдэг.Тийм учраас Хүний хөгжил сангийн мөнгөөр зөөллөөд хавтгайрсан халамжаа үгүй хийж чадаж байна гэж та өмнө нь хэлж байсан санагдана. Одоо эсрэг байр суурьтай болчихсон юм уу?
- Үгүй үгүй. Хүүхдийн мөнгө гэдэг бол хүүхдээр нь дамжуулж өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа хэлбэр юм. Одоогийн байдлаар өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа нь Хүний хөгжил сангийн мөнгө байна.
-Нийгмийн халам-жийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ асуудлыг шийдээд явж болоогүй юм уу?
-Тэр хуулийг УИХ-д өргөн барьчихсан.Тэртэй тэргүй энэ хууль батлагдаад явна.
-Тэгвэл улстөрчид олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарахгүйн тулд, тэдэнд л таалагдахын тулд дахиад мөнгө тараах хувилбарыг ярьж эхлээд байгаа юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Хэрвээ бид ямар нэг байдлаар нийгмийн шахалт, хүсэлтээр халамжийн бодлого явуулаад байвал хүндрэл үүснэ. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой.Тэгэхээр яг ямар бүлгийг ямар хэлбэрээр дэмжиж, нийгмийн тэгш хуваарилалтын тогтолцоог сонгох ёстой вэ гэдгээ тогтох болов уу.
-Зөв хуваарилалт хийх боломж байгаа гэж үү?
-Тийм бололцоо гарна гэж бодож байна. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хэлсэн үг цогц олон асуудлын тухай байсан. УИХ-ын сонгуулийн тухай хууль,Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль гэх мэт олон хуулийг шинэчлэх шаардлага байгааг илэр хийлсэн. Тэр бүгдийг комплексоор нь хийвэл асуудлыг бүрэн шийдэх боломжтой гэж бодож байна. Нэг нэгээр нь сугалж аваад байвал хэцүү шүү дээ..
-Тэгвэл хүүхдийн мөнгийг энэ удаад айл бүрийн хүүхэд авахгүй гэдэг хувилбараар ойлгох хэрэгтэй гэж үү?
-Яг яаж шийдэгдэх талаар одоо хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Үүн дээр Сангийн сайд юу гэж хэлэх нь чухал биш харин Ерөнхийлөгч. УИХ-ын даргын хэлсэн үгнээс сугалж авахгүйгээр дэвшүүлж тавьсан асуудлуудыг нь цогцоор авч үзвэл асуудал үүсэхгүй.
2010 оны 4-р сарын 09, Баасан гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment