Өчигдөр
болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Сангийн
сайд С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
-Засгийн
газрын санхүүгийн тайланг УИХ-д хэзээ өргөн барих вэ?
-Засгийн газрын санхүүгийн тайланг
УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 2010 онд нийт орлого гурван их наяд 122.5
тэрбум төгрөг болж, орлогын төлөвлөгөө 115.8 хувиар биелсэн. Зарлагын
санхүүжилт гурван их наяд 80.7 тэрбум төгрөг буюу 97 хувийн гүйцэтгэлтэй гарч,
төсөв ДНБ-ний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай буюу 31.8 тэрбум төгрөгийн
ашигтай дүн гарсан. Өмнөх онтой харьцуулахад татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн
тоо 5567-оор нэмэгдэж, алдагдалтай тайлан гаргадаг байсан тоо 277 татвар
төлөгчөөр буурч, татвар ногдуулах орлого 498.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
Харин татварын авлага буюу ногдуулалт 101 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй
байна. Дээр нь дэлхийн зах зээл дээрх үнээс үл хамаарч, төсөв анх удаа 2010 онд
зэсийн үнийг 5800-гаар тогтоосон. Гүйцэтгэлээр зэсийн үнэ 7538 болж их
хэмжээний зөрүү нь орлогыг бий болгосон. Иймд 27.6 тэрбум төгрөгийг ахмад
дайчдад дэмжлэг үзүүлэх чиглэлд, жирэмсэн нярай эхчүүдэд олгох санхүүжилтэд
16.1 тэрбум, одонтой эхчүүдэд 15.7 тэрбум, бусад тэтгэмжид 23.9 тэр-бум төгрөг
өгсөн. Ажил хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжих хүрээнд 31 тэрбум төгрөгийн
санхүүжилт, Атрын гуравдугаар аян»-ыг хэрэгжүүлэх хүрээнд улаан буудайн
тариалан эрхлэгчдэд 12.6 тэрбум төгрөгийн татаасыг өгсөн. Орон сууцжуулах
хөтөлбөрийн хүрээнд 80 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг
Засгийн газрын бондоор, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд 12.5 тэрбум
төгрөгийн татаас, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7.1 тэрбум төгрөгийн
татаасыг олгож санхүүжүүлсэн. 2010 онд төсвөө хэтрүүлэн зарцуулсан ерөнхийлөн
захирагч байхгүй. Тайлангийн үр дүнгээр хөрөнгө есөн их наяд 483.7 тэрбум
төгрөг, мөнгөн хөрөнгө нь нэг их наяд 179.8 тэрбум төгрөг, авлага 928 тэрбум
төгрөг, 534.6 тэрбум төгрөг нь бараа материал, дөрвөн их наяд, 745.8 тэрбум
төгрөг нь үндсэн хөрөнгө байхаар бүртгэгдсэн.
-Улсын
тэмдэгтийн хураамжийн тухай хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулсан бэ?
-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд хоёр үндсэн шалтгаанаас
болж, өөрчлөлт оруулсан. Энэ оны нэгдүгээр сарын 20-нд аж ахуйн нэгжийн үйл
ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон төрлийн
тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Түүнтэй холбогдуулаад
Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
болсон. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш бизнес
эрхлэгчдийн зүгээс ихээхэн хэмжээний санал ирсэн. Тийм учраас согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийн асуудлаар 1287 хүнсний дэлгүүр, 26
ресторан кафе бааранд судалгаа хийсэн. Энэ хүрээнд өөрчлөлт орууллаа.
-Мөн
химийн төрлийн бодисын тусгай зөвшөөрлийг ангилсан байна.Чухам ямар үндэслэлээр
ангилав?
-Химийн хортой болон аюултай бодисыг
импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай
зөвшөөрлийг 75 сая төгрөгөөр олгохоор тогтоосон байсан. Төрөл бүрээр нь ангилах
шаардлагатай гэж үзээд, нэг хуулийн зүйл заалтаар зохицуулж байсныг дөрөв
болгож ангилсан. Химийн хортой болон аюултай бодис импортлох, хил дамжуулан
тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход гурван сая, химийн хортой болон аюултай
бодис экспортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 мянган төгрөг, химийн хортой болон
аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 25 мянга, химийн хортой болон
аюултай бодис худалдах тусгай зөвшөөрөл олгоход 500 мянган төгрөг олгож байгаа.
Тэсэрч дэлбэрэх бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх тусгай
зөвшөөрөл олгоход 50 сая төгрөг байсныг 50 мянган төгрөг болгож өөрчиллөө.
Стандартын хүлцэх хэмжээнд тогтоогоогүй бохирдуулах бодисыг агаарт гаргах
тусгай зөвшөөрөл 26 сая байсныг хоёр сая болгож өөрчилж байна. Энэ мэтчилэн
долоон зүйлийн 30 гаруй заалт дээр мэргэжлийн холбоод, яам, агентлагуудын
саналыг авч, нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан. Засгийн газрын гишүүдийн гаргасан
саналыг нэмж тусгаад УИХ-д өргөн барихаар болсон.
Ю.Гэрэлтуяа
2011 оны 4-р сарын 28, Пүрэв гариг
Өглөөний сонин
No comments:
Post a Comment