Monday 7 May 2012

Лу.Гантөмөр: Сайдын суудал авсан хэдэд дарлуулж хэл амаа таглуулна гэж байхгүй


Хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр нь нийгэмд хэрэгтэй юу эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцсан юм
-Хамтарсан Засгийн газрыг үгүйсгэж байгаа хүмүүс олон байна шүү дээ. Магадгүй “эвсээд яах гээд байна вэ” гэдэг асуудал аяндаа урган гарч ирж байна л даа?
-Бидний зүгээс сонгууль будлиантай болсон гэж үзэж байгаа хэдий ч парламентын засаглалын тогтолцоог хадгалж үлдэх зорилт нь чухал учраас нөгөө талаар монголын нийгэм эдийн засгийн байдал дахин сонгууль явуулах чадамжгүй гэхчлэн олон үндэслэлүүдийг харж чуулганыг хуралдуулах шаардлагатай болсон. МАХН Эвслийн Засгийн газар байгуулъя гэдэг саналаа АН-д ирүүлсэн. АН Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаараа уг асуудлыг хэлэлцээд МАХН-ын тавьсан байр суурийг хүлээж авъя, саналыг нь хүлээж авахаас өмнө УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдах ёстой гэдэг байр суурийг баримталсан. МАХН-ын саналыг авъя гэдэг байр суурин дээр байгаа гишүүдийн хувьд ерөнхий ойлголтоо нам гаргах нь зүйтэй. Яаж хамтрах вэ гэдэг, нөхцөлүүдээ ярилцаад тавьсан саналыг хүлээж авъя гэдэг байр сууриа гаргалаа. Ямар ажил хийхийн тулд хамтрах вэ, ямар зарчим үйлчлэх вэ гэдэг нь гэрээ хэлцэл хийгдэхийн өмнө яригдах учиртай. Магадгүй бид сонгуулиар дэвшүүлсэн 10-н зөв бодлогоо ажил болгохгүй юм бол монголын нийгэм ирэх дөрвөн жилийг алдах болчхоод байгаа юм. Тийм учраас 10-н зөв бодлогоо ажил болгох нь тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзэж саналыг нь хүлээн авсан.
-Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг МАХН-ын Бага хурал хуралдаад шийдчихлээ гэж АН-ын экс дарга Ц.Элбэгдорж шүүмжлээд байгаа шүү дээ?
-МАХН-ын ямар асуудал хэлэлцэж, яах ийх нь тус намын л асуудал. Бидний хувьд МАХН-ын тавьсан асуудлыг яах вэ гэдэг тал дээр ярилцсан. Тийм ч болохоор Ц.Элбэгдоржийн байр суурь манай намыг олон ургальч үзэлтэй гэдгийг нотолж байгаа явдал.
-АН-ын экс дарга Ц.Элбэгдорж 7 сарын 1-ний үйл явдал болон маргаантай байгаа хоёр тойргийн асуудлыг хөндөн тавьж улмаар Засгийн газрыг огцрох ёстой гэдэг байр суурийг баримталж байсан. Энэ байр суурь хэвээрээ байгаа юу?
-7 сарын 1-ний үйл явдалтай холбогдуулж гэм буруутай хүмүүсийг тогтоох асуудалд УИХ шийдвэртэй ажиллах хэрэгтэй. Энэ нь аль нэг улс төрийн хүчин, хувь хүмүүсээс шалтгаалахгүй асуудал. Хамгийн гол нь төрийн ажлыг явуулах нь л цаг хугацааны хувьд хийгдэх зүйл. Бензин шатахууны үнэ, хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэхчлэн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал биднийг ямар нэгэн онолоор явахгүй байх байдал руу шахаж яалт ч үгүй хамтарч ажиллахыг шаардаж байна. Нөгөө талаар маргаантай байгаа сонгуулийн хоёр тойрог болон 7 сарын 1-ний үйл явдалд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг харуулж байгаа. Ялангуяа 7 сарын 1-ний үйл явдлыг нэг сарын хугацаанд шийдэх боломжгүй. Тиймээс бид асуудлыг Засгийн газар байгуулагдахгүй байх үндсэн шалтгаан гэх нь учир дутагдалтай юм гэдгийг харсан. Онолоор сөрөг хүчин энэ асуудлыг тавих учиртай л даа. Гэвч парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь ардчилсан парламенттай орнуудад баримтлан ажиллах боломж бололцоо нь өдрөөс өдөрт ховордсон. Тухайн үндэсний эрх ашиг гэдэг зүйл л нэгдүгээрт тавигддаг гэдгийг С.Зориг агсан хэлсэн байдаг шүү дээ. Онолын талаас харахад энэ асуудлууд өшөө ээдрээтэй. Хамгийн гол нь өнөөдөр ардчилсан нийгэмд нийгмийн харилцааг авч үлдэн ард түмнийг тодорхой түвшний соёлтой, орлоготой амьдралын чиг баримжаатай болгоход монголчуудын итгэлийг хүлээсэн улс төрийн хоёр том хүчин яаралтай хамтран хэрэгжүүлж ажил хэрэг болгохгүй бол болохгүй гэдэг практик шахалтад АН орчиход байна л даа.
-Гэхдээ сонгуулийн дараагаар болсон үйл явдлуудтай давхцан гарсан танай намын байр суурь яах болж байна?
-АН хүний амь насыг хөнөөсөн этгээдийг олж буруутай эзнийг тогтоож, хариуцлага хүлээлгэнэ гэдэг хатуу байр суурьтай байгаа. Хоёрдугаарт УИХ-ын 76 гишүүнийг яаралтай бүрдүүлэх шаардлагыг өдөр тутам тавина. Хамтран ажиллана гэдэг байр суурин дээр очихоороо эдийн засгийн том бодлогуудаа яаралтай шийдэх хэрэгтэй. Үндсэндээ ардчилсан нийгмийн тогтолцоог хадгалахын тулд эдийн засаг, зах зээлийн механизмуудын дутууг гүйцээж хийе. Дээр нь төрийн албаны намчирхсан байдлыг алга болгож төрийн албыг шилдэг шударга боловсон хүчинтэй байгууллага болгож ажиллая гэхчлэн томоохон зорилт тавих нь улс төрийн байр суурийн хажуугаар хийгдэх прагматик ажил юм.
-Нөгөө талаар хамтраад Засгийн газар байгуулахаар сөрөг хүчний хяналтгүй болно. Тэгэхээр сонгуулиар амласан амлалтууд хэрэгжихгүй ч гэдэг юм уу янз бүрийн болгоомжлол нийгэмд төрж байна л даа?
-АН-ыг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй гэвэл туйлын буруу. АН УИХ-д 28 гишүүнтэй. Үүнээс тодорхой тооны хүмүүс нь сайд болно. Үлдсэн нь УИХ-ын гишүүнийхээ ажлыг л хийнэ. Миний хувьд УИХ-ын гишүүний ажлаа хийхдээ манай Засгийн газар, миний найз сайд гэсэн нүдээр биш Монгол улсын парламентаас томилогдсон Засгийн азар гэдэг үүднээс хяналт шаардлагыг нь тавина. АН-ын шийдвэр дандаа олонхоороо гардаг. Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ, УИХ дахь АН-ын бүлэг ажлаа хийгээд л явна. Аль нэг сайд томилогдсон ч АН өөрийн улс төрийн бодлого хэрэгжиж байгаа гэдэг нэрийн дор Засгийн газарт тавих хяналтаа
сулруулахгүй. АН сөрөг хучин байхдаа хийж байсан ажлуудаа хийж чадна. Манай нам олон ургальч үзэлтэй, эрх чөлөөтэй, бодож санаснаа нийгэмд, тэр тусмаа жирийн гишүүддээ хүргэж чаддаг л нам шүү дээ. Шүүмжилж байгаа талаас нь харвал, хэдэн сайдын суудал авчхаад,тэдэндээ дарлуулж, хэл амаа таглуулна гэж бодож байвал тийм асуудал байхгүй. Хамтарснаар бид шийдэх ёстой асуудлынхаа жагсаалтыг гаргаж, яаж шийдэх вэ гэдгийг тохирох хэрэгтэй. Тохирцгоох юм бол зөрүүдлээд заавал тийм байна гээд цэцэн мэргэн царайлаад байх шаардлага байхгүй. Хамгийн наад захын жишээ нь Ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хуулийг гэхэд л хоёр талаасаа Засгийн газар байгуулагдахаас өмнө зарчмын хувьд тохиролцох ёстой.
-Тийм байдаг байж. Тэгвэл цагдаа хун буудсан бол огцорно гэж хэлсэн гэгдээд байгаа Засгийн газрыг С.Баяр тэргүүлэх ёсгүй гэдэг АН-ын байр суурь хэвээрээ байгаа юу?
-Ер нь Засгийн газрын Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг МАХН-ын гишүүд шийднэ. Тэд олонх учраас биднээс хамаарахгүй. Цагдаа таван хүний аминд хүрсэн асуудал тогтоогдвол МАХН-ын дарга С.Баяр ёс суртахууны хувьд ажлаа өгөх байх гэж бодож байна. Ямар ч Засгийн тэргүүний харъяа байгууллага алдаа гаргахад өмнөөс нь хариуцлага хүлээдэг соёлтой нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Гэвч бид саяхан л шахуу Засгийн газрыг огцруулах асуудал тавиад цөөнх болсон шүү дээ. С.Баярыг шинэ Засгийн газрын тэргүүн болох ёсгүй гээд хичнээн хэлсэн ч Ерөнхий сайд томилогддогоороо томилогдоно. Харамсалтай энэ нь бидний оролцоогүйгээр шийдэгдэх асуудал.
-ҮЗХ-аар АН-ын дарга Н.Алтанхуягийг хууль бусаар сонгогдсон гэдэг асуудлыг зарим гишүүд ярьж байсан. Мөн удахгүй намын их хурлыг зарлан хуралдуулах тухай асуудлыг ч сөхсөн. Энэ талаар та юу гэж бодож байна?
-АН-ын дарга Н.Алтанхуягийг хууль бусаар дарга боллоо гэдэг асуудлыг анх удаа сонсож байна. Ер нь дүрэмдээ өөрчлөлт оруулъя гэдэг санаачлагыг олонхын саналаар гаргасан. Тэр өөрчлөгдсөн дүрмээр намын дарга өргөдөл өгсөн тохиолдолд ҮЗХ хэлэлцэж өөрчилж сонгоно гэсний дагуу л сонгосон. Ер нь Н.Алтанхуяг олонхын саналаар хүлээн зөвшөөрөгдсөн дарга. Хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Цаг хугацааны хувьд намын их хурал ойрын үед болно. Тэр үед намын даргыг солих тухай асуудал ярих ёстой бол яригдах байлгүй. Түүнээс дүрэм зөрчөөд дарга томилсон тухай асуудал байхгүй.
-АН доторх бүлэглэл фракцуудын зөрчил хурцадлаа гэх юм. Үнэхээр АН-д бүлэглэл фракц нь зөрчилдөөд байдаг уу?
-АН нь олон намын нэгдэл гэдэг утгаараа найз нөхдийн хүрээллээр фракц, бүлэглэл үүсгэж бодитой оршдог. Гэхдээ энэ нь эрх мэдлийн төлөөх тэмцэл болох түвшинд очиж зохион байгуулагдаагүй. Найз нар цугларч санал бодлоо солилцоод улс оронд хэрэгтэй зүйл нь юу байна, ойрын үед ямар асуудал шийдэх вэ гэж ярих хэмжээнд л байдаг. Үүнийг хүн болгон дээр ургуулан бодоод л бүлэглэлүүд гэж томьёолж байгааг ер ойлгодоггүй юм.
-АН Ашигт малтмалын тухай хуулийг батлуулахын тулд “Айвенхоу Майнз” ч юмуу томоохон компаниас мөнгө авч сонгуульд оролцсон. Тэрийгээ гүйцэлдүүлэхийн тулд Засгийн газарт орж байгаа гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
-Үгүй ээ. Улс төрийн намуудын тухай хуулин дээр санхүүжилтийн асуудлыг нь маш тодорхой заачихсан. Энэ л арга замаар явдаг. Нөгөө талаар Ашигт малтмалын хууль бол хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэх хууль. Тийм учраас хамтарсан Засгийн газар байгуулагдахаас өмнө энэ хуулийг яаж хийх вэ гэдэг зарчмын шийдэлд хоёр нам очих учиртай. Ер нь Монголын төрд хүлээгдэж байгаа хийж чадахгүй, хийх юмсан гэж бодож санаж явдаг хэд хэдэн зүйл бий. Хамтарсан Засгийн газар байгуулагдах юм бол парламентад энэ асуудлуудаар маргаан гарч болохгүй гэдэг үүднээс тодорхой шийдэл хүргэх гээд байгаа юм. Гэхдээ энэ хуулийг хэдэн компаний эрх ашгийг хамгаалсан хууль болно гэдэгт итгэхгүй байна. Энэ бол монгол улсын хөгжлийн ирээдүйг харсан концепци. Ер нь Ашигт малтмалыг зөв хурдтай ашиглах шаардлага бидэнд бий. Үүлэн чөлөөний нар гэдэг шиг монгол улсын ийм нар хэзээ ч ээхгүй юм шүү дээ гэдгийг л санах хэрэгтэй.
2008 оны 9-р сарын 09, Мягмар гариг
 Өглөөний сонин

No comments:

Post a Comment