Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Дархан хотын даргын гэрэгэг 27 мөнгөн аягаар бүтээлгэсэн


Дэлхийн томоохон хотуудын захирагч дарга нар нь бэлгэдэл болох зүүт, гэрэгэ-тэй байдаг. Манай нийслэлийн захирагчид ийм гэрэгэ бий. Харин орон нутагтаа анхдагч нь болж Дарханы засаг дарга гэрэгэтэй болжээ. Энэ ажлыг анхлан санаачилж, бүтээлгэсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.
Дархан хотын захирагч “Хотын даргын гэрэгэ”-тэй болсон гэсэн. Их сонин түүхтэй гэж сонслоо. Анх санаачилж бүтээлгэсэн хүний хувьд энэ талаар таниас сонсох гэсэн юм.

- Дархан хот байгуулагдсаны ойг тохиолдуулан миний бие “Хотын даргын гэрэгэ” гэдэг зүйлийг хийлгэсэн юм л даа. Ер нь дэлхийн томоохон хотуудын дарга нарын зүүдэг бэлгэдэл, зүүлт байдаг. Гэхдээ мэдээж өдөр тутам зүүхгүй. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болон шаардлагатай үед зүүдэг. Би өмнө нь засаг дарга байхдаа Данийн Хелеройд хотын даргыг сонгох үйл ажиллагаанд оролцож байхад маш том алтан зүүлтийг хотын даргадаа зүүж өгч байхыг харсан. 1956 онд /он андуурсан байж магад Д.Х/ тус хотод үйл ажиллагаа явуулдаг банкууд бүтээлгэсэн гэж тайлбарлаж байсан. Энэ бол Хелеройд  хотын даргын хүндэтгэлийн бэлгэдэл юм билээ. Анх эндээс санаа авч Дарханд “Хотын даргын гэрэгэ” гэж байх ёстой юм байна гэж бодсон. Дархан хот бол Монголын 2 дахь том хот, цаашдаа ч томорч дэлхийн хэмжээний хот болно. Манай ард түмэн цалин цагаан мөнгөн аяганд идээний дээд болсон цагаан сүүтэй, цэнхэр хадагтай барьдаг сайхан ёс заншилтай шүү дээ.

Намайг засаг дарга байх үед нутгийн зон олноос монгол хүний сайны ерөөл, сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож өгсөн 30 орчим мөнгөн аяга байсны 27-г нь уран дарханд өгч “Хотын даргын гэрэгэ” бүтээлгэсэн. Энэ гэрэгэний зураг төслийг Дарханы архиктектор Олонбаяр гэж залуу гаргасан. Энэ жил аймгийн 50 жилийн ойн баярын хурал дээр Эрдэнэбат засаг даргад зүүж өгсөн. Харин хэзээ хаана, яаж зүүхийг аймгийн ИТХ-ын журам гаргасан байна лээ. Хот байгуулагдсан өдрөөр, Улсын их баяр наадмаар ч юм уу,  Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэхэд зүүх жишээтэй. Энэ гэрэгэ цаашдаа Дархан хотын даргын бэлгэдэл болж дараа, дараагийн засаг дарга нарт уламжлагдан үлдэх юм.
- Энэ гэрэгэг хийлгээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Өмнө нь та хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар яриагүй байсан. Нэг ёсондоо чимээгүй байж. Миний хувьд сая санамсаргүй мэдлээ. Яагаад ам нээгээгүй юм бэ?
- Би хувь хүнийхээ хувьд хийсэн зүйлүүдээ зарлаад, яриад явахыг хүсдэггүй. Хамгийн гол нь ажил бүтсэн байх нь сайхан байдаг. Тэрнээс биш бүтсэн ажлыг би ийм юм хийлээ, тийм юм хийлээ гэж хэлээд, зарлаад давхиад байх биш, ард түмэнд мэдрэгдэх, хүнд хүрэхээр, бодож санаж явсан ажил маань бүтэж байх нь миний хувьд юу юунаас чухал.
Энэ гэрэгэ орон нутагтаа анхдагч нь гэж ойлгож болох уу?
- Тийм ээ, нийслэлийн захирагчид гэрэгэ бол байдаг. Харин орон нутагт анхных гэж ойлгож болно. Би өөр хот, аймгуудад “Хотын даргын гэрэгэ”-тэй болсон гэж сонсоогүй.


Эх сурвалж
Vip76

No comments:

Post a Comment