Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:Ирэх оноос хотын оршин суугчийн татвартай болно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-УИХ Төсвийн тухай хуулийг баталлаа. Шинэ Төсвийн хуулиар Монгол Улсын төсөвт тавих шаардлагад ямархуу өөрчлөл-түүд орсон бэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Төсвийн тухай хууль бол төсвийн бодлогыг зохицуулах үндсэн хууль гэж ойлгож болно. Өмнө нь бид Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтаар төсвөө зохицуулж явдаг байлаа.
Харин одоо эхний хоёр хуулийг нь нэгтгээд нэг том хууль болгож гаргасан.
Бэлтгэл ажил болгож Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, энэхүү төсвийн хуультайгаа нийцүүлсэн. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тухай шинэ хуулиа мөрдөж эхлэх юм. Энэ хуулийн хам-гийн гол зарчим юу гэвэл, өнөөгийн нөхцөл байдалд зохицсон, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх тал руу чиглэсэн байгаа. Төсвийг ч нэлээд сайн эрэмбэлсэн. Тухайлбал, төсвийн эрх захирагч нарыг шатлалаар нь, ангиллаар нь нэг бүрчлэн зааж өгснөөрөө онцлогтой.
-2013 оноос мөрдөж эхлэх энэ хуулиар орон нутагт төсвийн эрх мэдлийг ямархуу байдлаар шилжүүлж байгаа юм бэ?
-Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гурван хугацаа бий. Өөрөөр хэлбэл, 2013 оны төсвийг дараагийн парламент хийхдээ энэ хуулийг баримтлах юм. Ер нь бол орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар хуучин байсан тогтолцооноос эрс сайжирсан. Хуучин бол Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар бүх юм төвд төвлөрдөг байсан. Зөрүүлээд эндээс санхүүжилтийг нь хийдэг байлаа. Харин шинэ хуулиар орон нутаг орлого талдаа юу юуг хариуцах, зарлага талдаа яаж ажиллах вэ. Төсвийн эрх захирагч нь ямар эрх мэдэлтэй, яаж ажиллах юм гээд бүгдийг зохицуулсан.
Бүр Орон нутгийн хөгжлийн сан гэдэг зүйлийг Төсвийн хуулиар бий болгосон.
Уг санд нэмэгдсэн өртгийн албан татвар, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувь, импортоор орж ирж байгаагаас бусад бараа, ажил үйлчилгээний орлогын албан татварын тодорхой хувийг хуримтлуулах юм. Ингээд тооцоход аймгуудын Орон нутгийн хөгжлийн санд жилдээ 1.8-2 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа. Төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаас гадна ийм хэмжээний мөнгө орон нутагт үлдэнэ гэсэн үг. Гэхдээ бүрэн дүүрэн шилжүүлнэ, бүхнийг орон нутаг шийднэ гэдэг агуулгаар бас хандаагүй гэдгээ хэлье.
-Хөгжлийн сан байгуулаад л орон нутагт эрх мэдэл шилжүүллээ гэж үзэж байгаа хэрэг үү?
-Үгүй. Өөр олон асуудлыг хуульд нарийвчилж оруулж өгсөн. Шинээр л гэхэд орон нутгийн ИТХ зарим зүйл дээр төлбөр хураамж, татвар тогтоох эрхтэй болж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болсон.
-Орон нутаг татвараа өөрсдөө тогтоож болно гэсэн үг үү?
-Энэ хуулиар орон нутаг өөрсдөө ямар татвар авч болох вэ гэдгийг нарийн зааж өгсөн. Жишээ нь, аймаг, нийслэлийн төсвийн орлого дараах татвараас бүрдэнэ гээд зургаан төрлийн зүйл орууллаа. Хотын оршин суугчийн татвар, газрын төлбөр, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, авто болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтэд ногдох албан татвар. Ийм орлогуудыг аймаг, нийслэл өөрсдөө хурааж авах юм. Бас татварын бус орлогууд бий. Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааны ногдол ашиг, эд хөрөнгө борлуулсан орлого гээд бий. Эдгээр хөрөнгөө аймаг, нийслэл өөрсдөө зарцуулна.
-Энэ татваруудаа аймаг, нийслэл өөрсдөө тогтооно гэсэн үг үү?
-Үгүй. Гэхдээ хотын иргэдийн татварыг хотын ИТХ өөрсдөө тогтоож болно. Хуучин бол нохойн татвар л аймаг, дүүргүүдэд байсан шүү дээ. Одоо дэлхийн нийтийн жишгээр хотын оршин суугчийн татвартай болох юм. Нийслэл 2013 оноос өөрсдөө татвараа тогтоогоод авчхаж болно.
-Жил бүрийн улсын төсөв батлахад хөдөө суманд байгаа цэцэрлэгийн хаалга будах мөнгийг УИХ хэлэлцдэг гэсэн шүүмжлэл байнга дагалдаж явдаг. Иймэрхүү асуудлаа орон  нутаг өөрсдөө хийчхэж болдоггүй юм уу. Хуульд ямар байдлаар зохицуулсан бэ?
-Энэ жишээ дээр хэлэхэд, БСШУ-ы сайд өөрийнхөө багцыг бүхэлд нь орон нутаг руу шилжүүлчих юм. Засаг даргатай гэрээ байгуулаад л хэрэгжүүлээд явна. Өөрөөр хэлбэл, дотооддоо асуудлаа шийдэх боломж нээлттэй болсон. Үүний зэрэгцээ хуучин төсвийн зардал хооронд шилжүүлж болдоггүй байсан. Одоо төсвийн ерөнхийлөн захирагч тай яриад зардлуудыг хооронд нь гүйлгэх эрх зүйн орчин бүрдсэн.
-Сангийн сайд С.Баярцогт Төсвийн тухай хуулийг УИХ батлахад энэ парламент төсвийн зарлагын реформыг хийж чадлаа гэж мэдэгдсэн. Төсвийн зарлага талд ямар шинэчлэлүүд хийсэн юм бэ?
-Шинэчлэлийг ганц энэ хуулиар хийгээгүй. Бид өмнө нь Хөгжлийн банкны тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг баталсан шүү дээ. Багцаар нь шийдсэн гэсэн үг. Жишээ нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар эдийн засгийн гол гол үзүүлэлтэд тулгуурлаж төсөв батална гээд заагаад өгчихсөн. Төсвийн алдагдал 2013 онд ДНБ-ийн тийм хувь байна, 2014 онд ингэж өөрчлөгдөнө гээд заагаад өгчихсөн юм. Хуучин ийм эрх зүйн зохицуулалт байгаагүй. Одоо бид эдийн засгийн бодит өсөлт, макро эдийн засгийн гол гол үзүүлэлтэд захирагдаж төсвөө хийх юм. Өөрөөр хэлбэл, зарлага талыг хуульчилж, хязгааргүй нэмдэг байдал алга болсон. Мөн зарлага талд шинээр орсон зүйл бол хуваарилах хөрөнгийг хатуу зааж өгсөн салбарууд байна. Боловсролын салбарт улсын төсвийн орлогын 20-иос доошгүй хувийг хуваарилна гээд хатуу хуульчилсан. Шинжлэх ухаан, технологийн салбарт Монгол Улсын ДНБ-ийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө хуваарилна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвийн 0.3-иас доошгүй хувийг хуваарилахаар болсон. Малчдад үзүүлэх төрийн үйлчилгээ, мал хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад улсын төсвийн гурван хувиас доошгүйг зарцуулна. Ингэж дөрвөн салбарыг онцгойлж авч үзэж байгаа.
-Төсөв 2013 оноос жижигхэн болно гэж байна. Энэ юу гэсэн үг вэ?
-Дэд бүтцийн шинж чанартай томоохон хөрөнгө оруулалтын зардлыг Хөгжлийн банкаар дамжуулж хийнэ. Тэгэхээр төсвөөс энэ том зардлууд хасагдана. Хоёрт, 2012 оноор өнгөрсөн сонгуулийн нийгмийн халамжийн шинж чанартай мөнгөн амлалтууд дуусна. Тэгэхээр зарлага талдаа төсөв хумигдана. Илүү гарсныг нь Тогтворжуулалтын санд хийнэ.
-Төсвийн хуулиар төсвийн хариуцлагын талаар ямархуу шинэчлэл хийв?
-Торгуулийн арга хэмжээг хуучнаас нэлээд хэмжээгээр нэмэгдүүлсэн. Мөн төсвийн тодорхой сахилга бат зөрчсөн хүнийг ажлаас халах үндэслэл болно гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг ажлаас халах заалтыг анх удаа хуульд оруулж өглөө. Ингэхээр ногдох хариуцлага эрс сайжирсан гэсэн үг.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан

No comments:

Post a Comment