Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Төсвийн алдагдал 358 тэрбум төгрөгт хүрсэн


-Гэхдээ үүнийг санхүүжүүлэх бололцоотой-
УИХ-ын пүрэв гаригийн чуулганаар шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал нэлээд хоржоонтой өрнөлөө. Энэ үеэр хамгийн их асуудалд тулгарч, суудалдаа үлдсэн нь Сангийн сайд С.Баярцогт юм. Тиймээс чуулганы дараа түүнтэй цөөн хором хөөрөлдөв.
-Чуулганы хуралдаанаар гишүүд таныг асуултаар "бөмбөгдөх" шиг боллоо. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын суудал нэлээд үнэд хүрлээ шүү?
-Ажил хийгээд явж байгаа хүнд иймэрхүү шүүмжлэл байлгүй яах вэ.
-Танаас цаг үеийн шинжтэй хэдэн зүйл асууя. Сүүлийн үед банк тойрсон элдэв шуугиан олонтаа гарах боллоо. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "Монгол шуудан", "Хадгаламж", "Зоос" банкууд нийлж байгаа дуулдана. Энэ нь санхүүгийн салбарын хямрал гүнзгийрч буйн шинж гэх юм. Үүнд та юу хэлэх вэ?
-Эдийн засгийн хямрал гэдэг бол яг хүнтэй адилхан байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа хүн хүнд өвчин туслаа гэж бодоход, янз бүрийн хууч өвчнүүд нь сэдэрдэг. Түүн шиг эдийн засгийн хямрал манай төсөв, санхүүгийн систем хүнд нөхцөлд ажиллах чадвар байна уу, үгүй юү гэдгийг, бидний бодлого алдаатай эсэхийг харуулдаг. Нэг үгээр хэлбэл, шалгалт болж байна гэсэн үг. Шалгалтыг тодорхой салбар дааж чадахгүй байна. Тиймд дараа дараагийн удаад ийм байдалд орохгүйн тулд бэлэн байх ёстой. Маш олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ хууль гаргах ажлыг зэрэг зэрэг хийж байна.
-Банкууд нэгдэж байгаа нь хадгаламж эзэмшигчдэд яаж нөлөөлөх вэ?
-Иргэд, байгууллагын хувьд айх зүйл байхгүй. УИХ-аас нийт хадгаламж эзэмшигчдийн эрхийг баталгаажуулсан.
-Энэ талаарх мэдээллийг Эдийн засгийн байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн. Хэзээ иргэдэд үнэн мөнөөр нь гаргаж тавих вэ?
-Хаалттай хуралдааны мэдээллийг надад хэлэх эрх байхгүй. Харин иргэдэд хэзээ гэдгийг Засгийн газраар шийдэх байх.
-Төсвийн алдагдал 154 тэрбумд хүрсэн гэх юм. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ. Энэ талаар тодруулна уу?
-Угаасаа бид төсвийг 358 тэрбумын алдагдалтай оруулж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцэх хэмжээний юм. Түүнийгээ Олон улсын валютын сан, хандивлагч орнуудтайгаа зөвшилцсөн байгаа. Үүнийг санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Харин 82 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудал байгаа. Үүнийг Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэх бололцоотой гэж хэлмээр байна.

О.Сэлэнгэ
2009 оны 11-р сарын 13, Баасан гариг
Нийгмийн толь

No comments:

Post a Comment