Tuesday, 1 May 2012

Ц.Гарамжав: Гадаадын хөрөнгө оруулалтаас нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүслээ


ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжавтай цөөн хором ярилцлаа.
- Сүүлийн үед Баянхонгор аймагт Эрдэнэтээс гурав дахин том бүтээн байгуулалт хийх баялаг байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Та ийм мэдээлэл авсан уу?
-МАН-ын өнөөдрийн мөрийн хөтөлбөрт стратегийн ордуудыг ашиглах бодлогууд тусгагдсан. Гэхдээ бид бүх стратегийн ордуудыг нэг цагт ашиглах бодлого барихгүй. Нэн түрүүнд эдийн засагт шаардлагатай байгаа нүүрсний ордуудаа ашиглаж, шингэн түлш, хий гаргах бодлого барьж байна. Энэ нь Монгол Улсыг нефть, цахилгааны хараат байдлаас гаргах ажил юм. Бүх ашигт малтмалынхаа ордуудад хайгуул судалгаа хийж, зураглалыг гаргана. Үүн дээрээ үндэслэн олон жилийн төлөвлөгөөтэйгээр ашиглаж, хойч үе дээ өвлүүлэх бодлогыг хатуу баримталж ажиллана гэж бодож байгаа. Монгол орны бүх нутаг дэвсгэр дээр 200 мянганы зураглал буюу эрдэс баялагын судалгаа хийгдсэн байдаг. 50 мянганы зураглал нийт нутгийн 29 хувьд хийгдсэн байгаа. Энэ нь бид нийт баялагынхаа 29 хувийг нэлээд сайн нарийвчлалтайгаар судалсан байна гэсэн үг. Сүүлийн үед нэлээд ашигт малтмалын ордын илэрч, урьдчилсан судалгаагаар тогтоогдож байгаа. Эдгээр ордуудын нэг нь Баянхонгорт олдоод байгаа орд юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар эцсийн байдлаар нөөц нь тогтоогдоогүй, хайгуулын ажил хийгдэж байна.
-Энэ орд стратегийн ордод хамрах уу, эсвэл?
-Бид ордуудаа стратегийнх уу, үгүй юу гэдгийг тогтоох шалгуураа боловсруулж байна. Өнгөрсөн хугацаанд бид ордуудаа нөөцийнх нь хэмжээгээр тогтоосон. Түүнээс хүнс, харилцаа холбооны аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөллөөр нь эрэмбэлж, ангилах ёстой.
-“Саусгоби сэндс” компанитай холбоотой нэлээд бэрхшээлтэй асуудал үүслээ. Та салбарын сайдын хувьд үүссэн асуудлаас гарах үр дүнг юу гэж харж байна вэ?
-Энэ асуудлыг бид маш сайн бодох ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй үедээ дэмжиж байсан. Энэ үедээ Оюутолгой, Тавантолгойн ордоо эргэлтэд оруулж, төслүүд маань үр өгөөжөө өгч байна. Гэтэл нөгөө талд эдийн засаг, үндэсний аюулгүй байдлаа ард түмнийхээ нийтлэг эрх ашигтай хослуулан барих асуудал сөхөгдөж байна. Ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдал бий боллоо. Тиймээс үүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд цаашид анхаарах зүйлүүд байна. Анх гэрээгээ үзэглэхээс эхлээд  ил, тод нээлттэй байх, аль аль талдаа харилцан ашигтай байх зарчимыг барих ёстой гэдэг зүйлүүд харагдаж байна.
-Нүүрсний экспортод таван хувийн татвар тавих асуудал яригдаж, бизнесийнхэн эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байгаа. Энэ асуудал ямар төвшинд явж байгаа вэ?
-Экспорт, импортын бүтээгдэхүүний татварын асуудал янз бүрээр яригдаж байна. Бид ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолдог үйл ажиллагааг бага багаар саармагжуулах хэрэгтэй байна. Ашигт малтмалаа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах нь манай улсын эдийн засагт ихээхэн ач тусаа өгнө.
-МАН-ын гурван гишүүн намын батлахаа өглөө. Сонгууль ойртож байгаа үед гарч байгаа энэ асуудал намын ретингид нөлөөлнө гэж зарим хүн харж байна. Та намын гишүүний хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-МАН улс орны хөгжлийн хүнд, хатуу үед ард түмнийхээ хөгжлийн урагш чирж, төрийн ноён нурууг үүрсээр ирсэн. Энэ хугацаанд манай намын хөгжилд алдсан, оносон, дэвшсэн олон үе байсан. Гэхдээ бид улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалах, төрийн ноён нурууг үүрсээр ирлээ. Энэ намдаа байх эсэх нь хувь хүний сонголтын асуудал.
-Эмэгтэй гишүүдээ нэлээд хатуу ханддаг гэдэг зүйлийг МАН-аас гарсан М.Ичинноров нарын хүмүүс хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Аль ч намын улс төрийн дотоод амьдралд бэрхшээл бий. Энэ бэрхшээлүүдэд, улс төрийн амьдралдаа намын гишүүд чанагдаж, зарим саадыг туулж байж хатуужил сууна. Түүнээс аль ч хөгжилд, улс төрийн амьдралд бэрхшээлгүй зүйл байхгүй. Ногоон гэрэл байнга асдаг дардан байдаг зам бизнест ч улс төрд ч алга. Энэ бүхэнд хүн бодолтой хандаж, дасан зохицох уу, тойроод гарах уу гэдэг хувь хүний чадавхийн асуудал.
С.Заяа

No comments:

Post a Comment