Сангийн сайд
Д.Хаянхярваатай уулзаж ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн байхдаа бусдын адил ажлаа хийгээд явдаг жирийн гишүүний нэг байлаа. Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш таныг тойрсон хэл ам үнэндээ тасарсангүй. Хонгорыг хордуулсан л гэнэ, Баатархүүгийн бүлгийг удирддаг л гэнэ. Энэ бүхэнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Сонинд гарсан нийтлэл болгоны араас тэр болгон элдэв тайлбар хийгээд явдаг хүн би биш л дээ. Нийгмийн араншин нь өөрөө тэр байх гэж бодоод нэлээн тэвчээртэй суулаа. Өөрөөр хэлбэл таны асуусанчлан Сангийн сайдад нэр дэвшиж эхэлснээс хойш намайг чамгүй л "гөвлөө". Хонгорыг хордуулаад дуусгасан, нөгөө нь тэр бүлэглэлийн гэх 800 сая төгрөгийг хулгай хийгээд, идэж уусан гэдэг хоёр зүйл дээр гүтгэдэг л дээ. Би үүн дээр юу хэлэхээ мэдэхгүй байна.Үнэндээ Хонгорын тухай асуудал яригддагаа яриад, 5-6 жил болчихсон олон түмэнд аль хэдийнэ ойлгомжтой болсон асуудал шүү дээ.
Хоёрдугаарт нь миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс мөнгө завшсан хэрэгт холбогдсоныг (316 сая төгрөг) холбогдох байгууллагууд нь шалгаад, зохих шийтгэлийг нь хүлээлгээд явж байгаа. Намайг Сангийн сайдад нэр дэвшиж байх үед тэр хэргийн материалыг бүрэн эхээр нь сайт, твиттерээр тавьсан байсан. Миний ойлгож байгаагаар намайг гүтгээд, бичүүлээд байгаа хүмүүс бодвол тэр хавтаст хэргийг уншаа байлгүй дээ. Түүн дээр Хаянхярваа гэдэг хүн энэ хэргийг зохион байгуулаад, тэр их мөнгийг идэж уусан уу гэдэг асуудлын хариу тодорхой байгаа байх аа. Монгол Улсад хууль хяналтын шүүх, прокурор гэдэг байгууллагууд байдаг л юм бол тэдгээр байгууллагаар шийдэгдээд дуусчихсан асуудал. Өнөөдрийг хүртэл энэ нөхөр л авсан, идсэн уусан гээд бичээд гүтгээд байгаа нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууддаа ард түмэн ингэтлээ итгэхээ больсон юм байх даа гэсэн бодол төрж байна. Сүүлийн үед эдгээр гүтгэлэг нэлээн ч лавширлаа. Хууль хяналтын байгууллагын ажилтнууддаа байр авч өгсөн, гадагш дотогш аялуулсан л юм байх. Миний Засаг даргаар ажиллаж байсан цаг үетэй зарим зүйлийг холбоод байх шиг байна. Аймгийн Засаг даргын үндсэн үүрэгт ерөнхий шүүгч нар, цагдаа, прокурор гээд төрийн томилгоотой ирж буй эдгээр албан тушаалтнуудыг орон байраар хангах үүрэг байдаг. Үүний дагуу тэднийг албан ёсоор орон байраар хангаж, шийдэж өгч байсан. Бодвол үүнийг надтай холбож, хувьд нь байр, орон сууц өглөе гээд байдаг юм шиг байгаа юм. Энэ мэтчилэнгээр элдвийн л юмыг надтай холбож байгаад би ямар тайлбар өгөхөө сайн мэдэхгүй байна шүү. Ингэж л заавал бичих ёстой юм байлгүй гэж хүртэл бодох юм.-Засаг даргаар ажиллаж байхдаа таныг Дархан-Уул аймгийг бүтээн байгуулалтын хот болгосон гэж ярьдаг. Танаар овоглосон бишгүй ажил бий ч гэлцдэг. Дарханд болж байгаа бүх зүйлийг, ажаад байх нээ, сайн гэхээсээ саар бүхнийг тантай холбох юм. Танд гомдолтой санагддаг уу?
-Дархан хот бол Монголын хоёр дахь том хот. 100 мянга орчим хүн амтай, үйлдвэрлэл үйлчилгээ, банк санхүү, сургууль соёл гээд төрийн бүх үйлчилгээ тэнд явж байна. Би энэ хотод 26 жил ажиллаж, амьдарсан хүн. Тэр дундаа 20 гаруй жил удирдах ажил хийсэн хүний хувьд тэнд ажилладаг банк санхүүгийн салбарын хүмүүсийг, тэнд ажилла-даг үйлдвэр аж ахуйн газрын дарга нарыг, төрийн байгууллагынхныг таньдаггүй гэвэл хүн итгэхгүй байл-гүй. Тэнд ажиллаж байсан хүн бүхнийг Хаянгийн хамсаатан, тойрон хүрээлэгч болгох гэж оролдоод байдаг нь их сонин. Бүтэшгүй зүйл л дээ. Өөрөөр хэлбэл, би тойрон хүрээлэгчгүй байна гээд ганцаараа бүх ажлыг хийхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тойрон хүрээлэгч гэж хэнийг ч хэлдэг юм. Засаг дарга байсны хувьд томилох ёстой албан тушаалтнаа томилно, удирдлагын чиглэл өгнө ингэж л ажиллаж ирсэн. Одоо ч гэсэн танил тал, бусад хэлхээ холбоо бүгд л бий. Дархан хотод амьдарч байсны хувьд Дарханчууд намайг Хаян даргаа л гэцгээдэг. Би энэ хотод жирийн албан хаагчаас эхлээд дээд албыг нь хашиж байх хугацаандаа алдсан ч, оносон ч байдаг л байх. Харин одоо болж буй процессыг надтай холбож бичих нь хэр зөв байдаг юм бол. Одоо би Дархан-Уул аймгийг удирддаггүй шүү дээ. Энэ хот одоо өөрийн удирдлагатай. Тойрон хүрээлэгч гээд нэг ойлголт бий болчихож л дээ. Хамт ажиллаж байсан бүх хүнийг тойрон хүрээлэгч гэдэг нэг малгай дор оруулаад, түүнийг удирдаж, хулгай хийж, бараг алуурчин гэх нь холгүй юм болж байх шиг.Сонгууль дөхөх тусам улам л гаарах нь л дээ.
Би өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ны орой 22 цагийн орчимд Монгол Улсын Сангийн сайдаар томилогдон, тамга тэмдгээ хүлээн авсан. Энэ цаг үеэс өнөөдрийг хүртэл гурван сар гаруй хугацаанд өглөө үдэшгүй, хагас, бүтэн сайнгүй ажиллаж байна. Надад элдэв хов жив хөөцөлдөөд, нэтээр хэсч, телевизийн суваг эргүүлээд суух цаг байхгүй. Сангийн сайдын ажил гэдэг амаргүй. Мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарч л байна. Төрийн албыг цалгардуулалгүй аваад явах хүсэл тэмүүлэл бас байна. Үүнийхээ ард гарахын төлөө ажиллаж яваа болохоос биш хов хөөцөлдөөд явбал надад ажил хийх цаг гарахгүй.Монголчууд ухаантай ард түмэн учраас аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг тунгаан суугаа байх аа. Улс төр гэдэг бүхэлд нь харлуулах процесс явагдаад байна гэдгийг харж л байгаа. Ялангуяа дарханчууд намайг ноён нуруу алдаад энд тэнд хулгай хийгээд, луйвар зохион байгуулаад явдаг хүн гэж бодохгүй гэдэгт би итгэдэг. Би бүр үүнд 100 хувь итгэлтэй байна. Тиймээс би хэвлэл мэдээллээр гарч байгаа элдэв зүйлд эмзэглээд байдаггүй. Улс төрчийнхөө хувьд, хувь хүнийхээ хувьд тэвчээд гарах ёстой гэдэг шаардлагыг өөртөө тавьдаг.
-Нөгөө талаар няцаалт ч юм уу, тайлбар хэлэхгүй яваад байхаар нээрээ ч үнэн юм уу гэх хандлага байдаг?
-Тайлбар авахаар олон сэтгүүлч ханддаг. Өнөөдөр харин зориуд цаг гарган тантай уулзаж байна. Үнэхээр тэвчээр алдлаа. Худлаа зүйлийг 1000 удаа үнэн гэж ярихаар үнэн болдог гэж ард түмэн ярьдаг шүү дээ. Сонгууль болтол энэ маягаар явбал Хаян гэж айхтар нөхөр гэх ойлголтыг төрүүлж, нийгэм ч ингэж ойлгох байх гэж миний эсрэг мэдээлэл цацаж байгаа нөхөд ойлгоод байх шиг байна. Монголын ард түмэн, дарханчууд маань намайг үнэхээр энэ бичээд байгаа хэмжээнд ойлгоод, дүн цэнгээ тавихад надад гомдоод байх зүйл алга. Нэгэнт би энэ ажлыг хийж чадна, ард түмний итгэлийг даана хэмээн би өөрөө зорьж нэр усаа дэвшүүлсний хувьд, Засаг даргын ажлыг хийж байсны хувьд, бас УИХ-ын гишүүн төрийн түшээ болж ажиллаж байгаа-гийн хувьд өөрийн сонгосон энэ сонголтоос хойш ухарвал энэ бол алдаа. Ард түмэнд буруу өгөх ёсгүй. Тиймээс ямар дүн тавина, түүнд би гомдох эрхгүй. Эцсийн эцэст худал үнэнд гүйцнэ гэдэгт би бүрэн итгэдэг. Амьдрал харуулна шүү дээ. Улс төрд байх миний хугацаа дуусмагц энэ бүх зүйл замхарна. Намайг хувь хүнийх нь хувьд ойлгох, үнэлэх хугацаа хангалттай бий.-Хамгийн сүүлд таныг Баатархүүгийн бүлэг гэгчтэй нэлээн холбоод бичсэн байна лээ. Тэр Баатархүүгийн бүлэг гэж юу юм бэ?
-Би мэдэхгүй байна. Ийм хүнийг танихгүй, бас мэдэхгүй. Шинээр гарч ирсэн нэр томъёо бололтой.-Танд эвгүй ч байж мэднэ. Гэхдээ асуухаас өөр аргагүй байгааг минь уучлаарай. Таны эхнэрийг их хэмжээний мөнгө завшсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Би дээр хэллээ шүү дээ. Үнэхээр тэвчээр алдаад ярилцлага өгч байна аа гэж. Миний тухай, миний ажиллаж байсан үеийн тухай, надтай хамт ажиллаж байсан хүмүүсийн алдаа онооны тухай, тэр бүхэнд намайг холбож бичиж байгааг би тэвчинэ. Тайлбар өгөхийг ч хүсээгүй. Яагаад гэвэл хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоосон юман дээр би ярилцлага өгөөд, би тэгээгүй гэж явах нь зохимжгүй байлаа. Миний удирдлаган дор ажиллаж байсан хүмүүс алдаа гаргаад, зохих ял шийтгэлээ амсаад явж бай-гаа. Энэ бүхэнд нь би харамс ч явдаг. Ажлын хариуцлага алдаж байсан тэр үед нь илрүүлж, орон шоронд орохгүй байх хүртэл нь сэргийлж чадах чадвар байсангүй гэж би өөрийгөө зэмлэдэг. Өнөөдөр тэсвэр алдсан шалтгаан нь дуугүй байх тусам даварч байна л гэж бодож байна. Миний эхнэрийг шоронд орлоо л гэнэ, гарлаа л гэнэ, бас 800 сая төгрөгийн асуудалд орлоо гэж бичжээ. Захиралтайгаа нэг өрөөнд суудаг ч гэж байх шиг. Энэ арай хэтэрч байна гэж үүнийг бичиж байгаа, бичүүлж байгаа нөхөдүүдэд хэлмээр байна. Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн, жирийн л нэг эмэгтэй. Санхүүгийн мэргэжилтэй. Нягтлан бодогч, санхүүгийн мэргэжлээрээ ажиллаагүй удаж байна. Би УИХ-ын гишүүн болоод Дарханаас нааш ирэхэд манай эхнэр ажлаа албан ё соор хүлээлгэж өгөөд ирсэн. Улаанбаатарт ирсэн хойноо агаар ус нь таарахгүй, бие нь өвдөөд Дархан руугаа буцсан. Хүнд байдаг л зовлон шүү дээ.Ингээд буцаж очоод хоёр сарын дараа ажиллаж байсан банкин даа ажилд орсон.
Мөнгө төгрөгийн эрх мэдэл байтугай, хуучин цагийнхаар бол аж ахуйн нярав хийдэг хүн. Санхүүгийн ажил хийхэд эрүүл мэнд нь хүлээж авахгүй болсон ийм л Эмэгтэй бий. Ийм хүнийг тийм айхтар хэрэгт холбож, орон шоронд "оруулаад", бас "гаргаад" авсан. Үр хүүхдүүд минь, хөдөө амьдарч байгаа аав ээж минь утасдаж байна. Санаа нь зовж байна. Хулгайч зэлгийч болоо юу, юу болоод байгаа юм гээд лавлаж байна. Үнэхээр ор тас худал мэдээллээр ард түмний толгойг угааж, мөрөөрөө амьдрах гэж яваа энэ гэр бүл, үр хүүхдүүдийн минь сэтгэл санаагаар тоглох хэрэг байна уу. Миний тухай бичихэд хүүхдүүд минь ойлгоно. Аав минь улстөрч учраас ийм хэл ам дагана гэдгийг тэд гадарлана. Харин ээжийг нь ингэж бичихэд тэд үнэхээр хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл миний хань, хүүхдүүдийн минь ээж тийм хүн биш. Дарханы захын нэг хүнээс асуухад үүнийг нотолно гэдгийг би нүүр бардам хэлье. Би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан та бүхэн манай эхнэр ийм зүйлд орооцолдоод, идэж уусан бол олон түмэнд зарлаад өгөөч ээ гэж хүс ч байна. Хэрвээ ийм үйлдэл хийсэн бол би эхнэрийнхээ өмнөөс одоо энэ хашиж байгаа албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Дахин хэлье. Энэ хэрэгт оролцсон бол гаргаад ирээч, оролцоогүй бол үүнийг нотолж өгөөч гэдгийг хууль хяналтын байгууллагынхнаасаа хүсч байна. Хэвлэлд бичсэн болгоны араас гүйж, нэр төр сэргээж өгөөч гэж гүйх цаг хугацаа үнэндээ алга. Богино ч гэсэн хугацаанд гавьяа байгуулаад их юм бүтээдэггүй юм гэхэд гай тарилгүй, төрийн энэ ажлыг ном дүрмээр нь явуулчих юмсан гэсэн чин хүсэл надад байгаа.-Тэр банкинд ажиллаж байсан хүмүүс тантай хамт төрийн алба хашиж байсан гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Миний мэдэх Ганболд гээд "Чингис хаан" банкны захирал тэр залуу төрд ажиллаж байгаагүй. Энэ залууг банкны захирал болсон үеэс нь мэднэ. Хонгор сумын Засаг дарга, бас тэр телевизийн захирал залуу ч баригдах гэнэ гээд бичсэн байна лээ. Юу болж байна вэ энэ чинь, Монгол Улс хууль дүрэмтэй улс орон. Хүнийг ингээд гүтгээд байхаар болоод яваад байна гэж арай бодоогүй байлтай. Дуугүй яваад байхаар тэр хүн хулгайч болоод хувирдаг ийм нийгэмд бид арай амьдрах гээд байгаа юм биш биз. Дарханд төрийн алба хашиж буй бараг бүх хүнийг би толгой дараалан танина. Банкны тэр залуустай би нам, эвсэл, холбооны шугамаар танилцаж, ажил хэргийн холбоотой байдаг. Тэдэнд би нэг л зүйлийг захидаг. Хариуцсан ажилдаа эзэн байж, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж сур гэж үргэлж хэлдэг л дээ. Үр хүүхдэдээ ч үүнийг сургамжилдаг. Миний амьдралын философи ч тэр. Намайг бүр хамаатан садандаа Дарханы бараг бүх объектыг худалдаж авч өгсөн гээд л бас гүтгэсэн байсан. Хүнийг муу хэлэхийн тулд тэр хамаатан садан бүгдийг нь хамаатуулж гүтгэж болохгүй шүү дээ. Би 12 дүүтэй. Тэднийхээ амьдрал, хувь заяанд туслах үүрэг надад бий. Тэглээ гээд бүхэл бүтэн объект байшин сав худалдаж авч өгсөн түүх үгүй. Энэ мэт увайгүй байдлаар улс төр хийж, нэг хүнийг харлуулахын тулд бүх л бүтэн гэр бүлийг, ах дүүс, найз нөхдийг нь харлуулаад байх юм бол энэ нийгэмд яаж сэтгэл хангалуун амар тайван амьдрах юм бэ. Та өөрөө бас бодоод үзээрэй.-Дахиж та хэвлэлд хандахгүй гэсэн үү?
-Тийм ээ. Намайг дахиж юу ч гэж хэлж байсан би тайлбар өгөхгүй. Тийм зав ч алга.Хариуцсан ажлаа шударга хийхийн төлөө хичээж явна.
Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment