Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Гүйцэтгэгчээр монголын компаниуд оролцох боломжтой


Монгол Улсын Засгийн газрын удирдлагуудын зургадугаар сарын 13-17-нд хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Сангийн сайд С.Баярцогт тайлбар хийлээ.
-Айлчлалын үр дүнг эдийн засгийн агуулгаар нь тайлбарлаач?
-Айлчлалын үеэр хийсэн 10 орчим баримт бичгийн зургаа нь эдийн засгийн чиглэлийнх байлаа. Иймд энэ удаагийн айлчлалаар эдийн засгийн холбогдолтой хэд хэдэн асуудалд шийдэлд хүрч чадсан гэж дүгнэж болох юм. Үүнээс дурдвал БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдсэн. Энэ зээлийг хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт зориулахаар болсон. Үүний хүрээнд Улаанбаатар хотын зам, төмөр замыг холбосон давхар гүүрний асуудал, дөрвөн замын уулзварын давхар замын асуудлыг шийдвэрлэнэ.

Нийт дүнгээр нь авч үзвэл хөдөө аж ахуйн салбарт бүхэлдээ мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүн, тэр тусмаа сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулна. Газар тариалангийн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл,  мөн бага оврын трактор үйлдвэрлэл, худалдан авахад зориулж 200 сая ам.долларыг төлөвлөсөн. Шинэ зууны боловсрол, эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд бүх сургуулийг интернэттэй холбох, мэдээллийн кабинет бий болгоход 47 сая ам.доллар. Улаанбаатар хотын доторх гүүрэн байгууламж барихад 255 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн.
-Өмнө нь Засгийн газ­раас БНХАУ-аас 300 сая ам.дол­ларын зээл авч байхад гүйцэтгэгчийг зээл өгөгч бай­гуул­лага хийхээр үндэсний хэм­жээнд хөрөнгө оруулалт болохгүй. Эргээд бага­гүй хө­рөн­гө буцаад гарч байна гэх шүүмжлэл байсан. Энэхүү зээ­лээс одоогийн авах зээл давуу тал бий болгож чадсан уу?
-Өмнөх 300 сая.ам долларын зээ­лээс хэд хэдэн талаараа давуу талтай. Тухайлбал энэ санхүү­жил­тийг хятадын талаас 100 хувь гаргаж байгаа.  Түүнчлэн зөвхөн хятадын компаниудын хооронд гүйцэт­гэг­чийн тендер зарладаг байсан бол энэ удаагийн 500 сая.ам долларын зээлийн хүрээнд хийх ажлын гүйцэт­гэлийг Монгол-Хятадын хам­тар­­сан компани орохоор бол­сон. Хятадын компани тендерт орол­цо­хоор бол заавал монголын ком­­панийг туслан гүйцэтгэгчээр авах гэрээг хийсэн.
-Буцалтгүй тусламжийн та­лаар гэрээ, хэлэлцээр хийсэн талаа­раа тодруулаач?
-БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 60 сая юантай тэнцэх буцалтгүй тус­ламжийг өгсөн. Өнгөрсөн до­лоо хо­ногт хоёр улсын Засгийн газ­рын хамтын хуралдаан болж 30 сая юантай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг өгсөн. Тус улсаар манайд өгөөд буй буцалтгүй тусламжийн хэмжээ нийт дүнгээр 360 сая орчим юан байна. Уг тус­лам­жийн хөрөнгөөр хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг бий болгох, хангах чиглэлд зарцуулахаар болсон. Үүний хүрээнд Улаанбаатар хотод Бээжин хотын нэрэмжит гудамжийг тохижуулна. Мөн налайх дүүрэгт баригдах оюутны хотхоны барилгын ажилд зарцуулна. Үүнээс гадна хямд төсөр өртгөөр орон сууц барих төслийг санхүүжүүлэх юм.

Б.МАНДАХ /сурвалжлагч
Эх сурвалж: News.mn
2011 оны 6-р сарын 21, Мягмар гариг

No comments:

Post a Comment