Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Ховд, Сүхбаатарт төсвийн зээл олгоно


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн яамтай холбоотой гурван асуудал хэлэлцжээ. Энэ талаар салбарын сайд С.Баярцогтоос тодрууллаа.
-Яамнаас хэлэлцүүлсэн асуудлуудыг Засгийн газар яаж шийдвэрлэсэн бэ?
-Сангийн яамнаас гурван асуудал хэлэлцүүлсний нэг нь тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай асуудал байсан. Хуулиар тэмдэгтийн хураамжийг хэд хэдэн хэсэгт хуваасан. Нэгд, шууд УИХ-аас хуульчилж тогтоосон хэсэг. Энэ нь аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой. Хоёрт, тодорхой хэсэг зөвшөөрлийг Засгийн газраас олгож байгаа. Засгийн газар эрх олгохдоо тодорхой интервал тавьсан учраас 269 зөвшөөрөл, зүйл заалт дээр Засгийн газар зөвшөөрөл олгохоор тогтлоо. Долдугаар сарын 1-ний өмнө энэ тогтоолыг баталсан байх ёстой учир өмнө нь гаргалаа. Дараагийн асуудал нь Хүний хөгжлийн сангийн ажлын албыг Сангийн яамны Төсвийн газрын бүтцэд алба хэлбэрээр байгуулах болсон. Мөн Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгаас ирүүлсэн саналуудтай холбогдуулаад Ховд аймагт 600 сая, Сүхбаатар аймагт 635 сая төгрөгийн төсвийн зээл олгох боллоо. Орон нутаг тодорхой хэмжээгээр улсын төсвөөс зээл авдаг. Орлого нь улирлын чанартай ордог учраас тодорхой хүндрэл гардаг.Тиймээс барилгын салбар ажиллах бололцоотой зуны улиралд бүтээн байгуулалтын салбарыг жигдрүүлэх санал тавьсны дагуу шийдсэн.
-Зарим хэвлэлд таныг "Зоос" банктай холбоотой асуудалд холбогдсон талаар мэдээлж байгаа. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол ташаа мэдээлэл. Сонин дээр нэг сэдвээр гурав дахь удаагаа бичигдээд байна. Үүнийг би банкны эздийн зүгээс бичүүлдэг болов уу гэж ойлгож байгаа. Асуудал нээлттэй. Яаж шийдэгдсэн бэ гэдэг нь УИХ, Засгийн газар, Монголбанкны түвшинд олон удаа яригдаж шийдэгдсэн асуудал. Энэ бол худлаа гүтгэлэг гэдгийг хэлье.
Эх сурвалж :Нийгмийн толь
Сэтгүүлч Б.Мягмансанж
2011 оны 6-р сарын 30, Пүрэв гариг

No comments:

Post a Comment