Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Дотоодод бус гадаад эх үүсвэрээс хөрөнгө босгох нь зүйтэй гэж үзсэн


УИХ-ын хуралдаан өндөрлөсний дараа Сангийн сайд С.Баярцогт сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хямралыг гэтлэн давах төлөвлөгөөг УИХ-аар баталлаа. Засгийн газар, Сан-гийн яам хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Санхүү, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах маш дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулаад бэлтгэсэн байсан. Хөтөлбөрүүдийг удирдаж хэрэгжүүлэх нэгжийн талаар эхэлж ярилцана. Одоогийн онцгой нөхцөлд ажиллах багийг Ерөнхий сайд ахлах байх. Гадны улс орнуудыг харж байхад хямралыг гэтлэн давах төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бие даасан агентлаг, бүр яам байгуулсан байна. Манай улсын хувьд тусгайлан нэгж байгуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ төлөвлөгөө батлагдсанаар Засгийн газарт тодорхой хэмжээний эрх өглөө шүү дээ. Тухайлбал, дотоодод 1.5 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаадад 1.2 сая ам.доллартай тэнцэх бонд гаргахаар боллоо. Бонд гаргах үйл ажиллагааны бэлтгэл нэлээд хангагдсан байгаа. Гаднаас авах зээлийн хувьд аль болох хөнгөлөлттэй зээл дээр эхэлж ажиллана. Мөн ОУВС-гийнхны гурав дахь хэсэг нь ирсэн байгаа. Энэ долоо хоногт манай улсын програмтай болох эсэхийг шийднэ.
-Хямралаас гарах төлөвлөгөөтөй холбоотойгоор Засгийн газар эсвэл хууль эрх зүйн хүрээнд ямар ямар зохицуулалт хийгдэх вэ?
-Төлөвлөгөөний эхний хавсралтад хэрэгжүүлэх ажлууд, хоёр дахид нь ойрын хугацаанд батлах хуулиудын жагсаалт байгаа. Тухайлбал, татварын орчинг сайжруулах, банк санхүүгийн байгууллагуудын тогтвортой ажиллагааг хангах зорилго бүхий хуулийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд хийх хүсэлтэй байгаа.
-Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр татварт ямар нэг өөрчлөлт орох уу. Онцгой татварууд нэмэгдэх үү?
-Эхний ээлжид онцгой татваруудыг нэмэх тухай ярихаар тохирсон. Дөрвөн төрлийн онцгой татварын нэг нь буюу шатахууны татварыг нь одоогийн байдлаар нэмсэн байгаа. Харин тамхины татвар нэмэх тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Мөн архи, спиртийн татварыг 10-50 хүртэлх хувиар нэмэгдүүлж болох юм гэсэн саналтай байгаа. Автомашины татварыг нэмэх тухай хууль дэмжлэг аваагүй тул дахиж оруулахгүй.
-Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэдэн хувь нь гаднаас орж ирэх вэ. Дотоод эх үүсвэрт юу юу байгаа вэ?
-Дотоодоос мөнгө босгох-доо бонд гаргадаг. Одоогийн нөхцөлд их хэмжээний бонд гаргах нь банкны системд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа. Засгийн газрын бонд гэдэг хамгийн найдвартай байдаг учраас арилжааны банкуудад байршсан бондыг татах үзэгдэл гарч мэднэ. Тиймээс аль болохоор дотоодоос хөрөнгө татахаас илүүтэйгээр гадаад эх үүсвэрээс мөнгө босгох нь зүйтэй гэж үзсэн. Манай улсын валютын нөөц багассан учраас гаднаас орж ирэх валют нь шууд Монголбанкинд байршсанаар валютын нөөцөө хангаж, санхүүжүүлэх арга хэмжээ нь төгрөгөөр хийгдэх бололцоотой.
-Ямар улс оронтой зээлийн талаар ярилцаж бай-гаа вэ. Хөрш хоёр орноос ямар хэмжээний зээл авахаар төлөвлөсөн бэ. Мөн зээлийн хугацаа, хөнгөлөлтийн талаар..?
-ОУВС-гаас 70 орчим сая ам.долларын зээл олгох квоттой байсан. Энэ хэмжээг гурав дахин нэмэхээр ярилцаж байгаа. Эндээс харвал 210-245 сая ам.долларын зээлийг 18 сарын хугацаанд ОУВС-гаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой гэсэн үг. Мөн Азийн хөгжлийн банкныхан нааштай хандаж, арилжааны зээл авбал баталгааг нь тус банк өөрөө гаргахаар болсон. Нэгэнт баталгаатай зээл учир хүү нь бага. Үүнээс гадна Япон улс биднийг 1:1-ийн харьцаагаар дэмждэг. Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас өгсөн зээлтэй тэнцэхүйц зээлийг Япон улс өгдөг гэсэн үг.
ОХУ-аас манайд жил бүр 100 сая ам.долларын дэмжлэгийг хөдөө, аж ахуйн салбарт оруулдаг байсныг энэ жил 300 сая болгож нэмэхээр тохирсон. БНХАУ-аас 300 сая ам.долларын зээл авах тухай ярилцаж байгаа. Ерөнхий сайдыг ирэх онд урд хөршид айлчлах үеэр шийдэх байх.
-Төсвийн санхүүжилт хэр байна вэ. Цалин, тэтгэврээ цаг тухайд нь олгох уу?
-Цаг хугацаанд нь баталгаатай өгнө. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжтай холбоотой зардлыг төсвөөс ямар нэг хүндрэлгүйгээр санхүүжүүлж байгаа. Төрийн сангийн үлдэгдэл хоёр өдрийн өмнө 62 тэрбум төгрөг байсан. Зарим хөрөнгө оруулалтыг л төсвийн тодотголтой холбоотойгоор түр зогсоосон.
-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт орсон уу?
-Хоёрдугаар сарын дундуур ҮАБЗ хуралдсан. Энэ хуралдаанаар найман асуудлыг дахин эргэж ярь гэдэг зөвлөмжийг өгсөн байгаа. Тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Үүнийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжээд өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.
-"Айвенхоу майнз" компаниас авах урьдчилгаа төлбөр 125 сая ам.долларыг хэдийд авах вэ. Татварын талаар ямар тохиролцоонд хүрч чадсан бэ?
-68 хувийн татвараас өөр төрлийн татварыг хэрэгжүүлэх санал тавьсан. Гэхдээ 68-тай тэнцэхүйц үнэ нэмэгдэх тутам нэмэгддэг татварыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байгаа. Одоогийн байдлаар 125 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хэдийд, хэрхэн авах тухай эцэслэн яригдаагүй.
-Хөрөнгө оруулалтын зардлыг 30 хувиар нэмэгдүүлж дараа нь ногдол ашгаасаа нөхөх тухай заалт хэвээр байгаа юу?
-Нарийвчилсан заалтуудынх нь тухай Д.Зоригт сайдаас тодруулсан нь дээр байх. Яагаад гэвэл ажлын хэсгийн ахлагч нь Д.Зоригт сайд байгаа. 160 хуудастай хэлэлцээр байгаа учир зөв тайлбарыг өгөх ёстой байх гэж бодож байна.
2009 оны 3-р сарын 04, Лхагва гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment