Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Хөрөнгө оруулагчид бидний зовлонг ойлгохгүй, өөрсдийнхөө эрх ашгийг л бодно


Санхүү, эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг УИХ-аар баталсны дараа Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.
-Хямралын эсрэг төлөвлөгөөгөө УИХ баталлаа.Засгийн газар, Сангийн яам хамгийн эхэнд юу хийх вэ?
-Дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газар хэлэлцсэн.Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх удирдлагуудыг нэн тэргүүнд ярилцах ёстой. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгүүд тайван ажиллалаа. Одоо онцгой нөхцөлд ажиллах багийг Ерөнхий сайдаар ахлуулан шинэчлэх байх. Бусад улс орныг ажихад төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бие даасан агентлаг зарим нь бүр яам байгуулан ажиллаж байна. Бидний хувьд ийм том бүтэц шаардлагагүй. Засгийн газар тодорхой хэмжээний эрхтэй болсон.1.2тэрбум доллартай тэнцэх бонд гаргах эрх авлаа.
-Хямралаас гарах төлөвлөгөөтэй холбоотой ямар зохицуулалтууд хийх вэ?
-Татварын орчныг сайжруулах, банк санхүүгийн байгууллагуудын тогтвортой ажиллагааг хангах зорилгоор хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж нэн даруй батлах учиртай.
-Татвар ямар нэг байдлаар өөрчлөгдөх үү?
-Эхний ээлжид онцгой татваруудыг нэмэх тухай ярья гэж тохирсон. Мөн зарим төрлийн татварыг өөрчлөх эрхийг Засгийн газарт олгох санал бий. Манайд дөрвөн төрлийн онцгой татвар байдаг. Шатахууны татварыг нэмсэн. Тамхины татвар нэмэхээр хууль өргөн барьсан.Архины татварын хувьд 10-50 хүртэлх хувиар нэмэх санал гарсан. Харин автомашины татварыг хөдөлгөхгүй байх.
-1.5 их наяд төгрөгийн хэдэн хувийг нь гаднаас олж ирэх тооцоо байгаа вэ. Гадаад, дотоодын эх үүсвэрээс энэ мөнгийг олно гэж төлөвлөгөөнд оруулсан. Дотоодод төсөв хэмнэхээс өөр ямар эх үүсвэр байж болох вэ?
-Дотоодоос мөнгө босгоно гэдэг бонд гаргана гэсэн үг. Өнөөгийн нөхцөлд их хэмжээний бонд гаргах нь банкны системд сөргөөр нөлөөлж мэднэ. Засгийн газрын бонд хамгийн найдвартай. Тиймээс арилжааны банкнуудад байршсан бондыг татах үзэгдэл гарч мэднэ. Бид аль болох гадаад эх үүсвэрээс мөнгө босгох нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ хоёр талтай. Манай валютын нөөц багассан, Монгол Улсын импортын хэмжээ өндөр. Үүнтэй холбоотойгоор валютын нөөц багасдаг тал бий. Харин одоогийн байдалд импорт их хэмжээгээр буурсан. Энэ оны эхний сарын худалдааны баланс нэмэх гарсан. Оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэл 60 хувиар нэмэгддэг учир ирэх хоёр сард бид валютын нөөцөө нэн даруй нэмэх шаардлага байгаа.
-Ямар улсуудтай хоёр талын зээлийн гэрээ ярьж байгаа вэ. Ялангуяа хоёр хөршөөсөө хэчнээн хэмжээний зээл авахаар төлөвлөсөн бэ. Зээлийн хугацаа, хөнгөлөлтүүд ямар байх бол?
-ОУВС-аас манайд 70 орчим сая ам.долларын зээл олгох квот байсан. Энэ тоог гурав дахин нэмэхээр ярьж байгаа. Тиймээс бид 210-245 сая ам.долларын зээлийг 18 сарын хугацаанд ОУВС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой. Азийн хөгжлийн банк ч бидэнд нааштай хандсан. Тэндээс арилжааны зээл авбал баталгааг нь Азийн хөгжлийн банк өөрөө гаргаж байгаа юм. Нэгэнт баталгаатай зээл учир хүү нь бага. Бид хэлэлцээрээ сайн хийж чадвал боломж бий.Үүнээс гадна Япон улс биднийг 1:1-ийн харьцаагаар дэмждэг. Өөрөөр хэл-бэл ОУВС 60 саяын зээл өгвөл Япон мөн тэр хэмжээгээр олгодог.
-1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэхэд идэвх гаргасан орныг хоёр толгой тойрсон хөрөнге оруулалтын ажилд түлхүү оролцуулна гэж ойлгож болох уу?
-1.5 их наяд гэдэг нэг тэрбум ам.доллар. Манай томоохон төслүүдийг дагаж буй хөрөнгө оруулалт дээрх мөнгөөс хэд дахин их. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.Ер нь гадныхан бидний зовлонг ойлгож дэмжихгүй л дээ. Өөрсдийнх нь ашиг сонирхол байж л мөнгөө оруулна. Монголын газрын баялаг өөрсдөд нь ашиг егнө гэж л дэмжлэг авах тухай ярина. Энэ зарчмаар хоёр хөршдөө хандсан. ОХУ-аас ма найд жил бүр 100 сая ам.долларын дэмжлэгийг хөдөө аж ахуйн салбарт оруулдаг байсныг энэ жил 300 сая болгож нэмэхээр тохирсон. БНХАУ-аас . 300 сая ам.долларын зээл  авах тухай ярилцаж байгаа. Ерөнхий сайдыг ирэх онд өмнөд хөршид айлчлах үеэр шийдэх байх.
-Зээлийн сургаар Монгол банк бодлогын хүүгээ бууруулах тухай яриа байна?
-Монголбанк бодлогын хүүгээ бууруулж хадгаламж, зээлийн хүү буурах ёстой. Гэхдээ Монголбанкны бодлогын хүү нийт мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зорилготой.
-Төсвийн санхүүжилт ямар байна вэ. Цаашид цалин, тэтгэврээ цаг тухайд олгох уу. Цагаан сарын өмнө банкнууд зээл олгохгүй байсан?
-Баталгаатай хэлэх байна. Цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг төсвөөс ямар нэг хүндрэлгүйгээр санхүүжүүлж байгаа. Төрийн сангийн өдрийн үлдэгдэл өчигдөр (уржигдар) 62 тэрбум төгрөг байсан. Зарим хөрөнгө  оруулалтыг л төсвийн тодотголтой холбоотой түр зогсоосон.
-Арилжааны банкнууд дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн тухайд Л.Пүрэвдорж ерөнхийлөгч зөрүүтэй тоо хэлээд байгаа. Та нэгдсэн дүнг хэлээч?
-Арилжааны банкнуудад 1.4 триллион төгрөгийн хадгаламж байгаа. Харин харилцах дансанд  612 тэрбум төгрөг бий. Л.Пүрэвдорж дарга анзаараагүйгээс ярианыхаа дунд харилцах дансны мөнгийг хадгаламж гээд хэлчихсэн юм билээ. Үүнээс болж иргэд жаахан айсан байх. Өнгөрсөн арван нэгдүгээр сард 1.3 триллион төгрөг байсан хадгаламж хоёр дахин буурсан гэж ойлгосон хэрэг. 1.4 их наяд төгрөгийн хадгаламжийн 500 орчим тэрбум ам.долларын  хадгаламж Харин харилцах  дансны 612 тэрбумын 280 орчим тэр бум нь ам.доллараар байршиж байгаа.
Ө.Хүү
2009 оны 3-р сарын 04, Лхагва гариг
 Зууны мэдээ

No comments:

Post a Comment