Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Нямдорж сайд ч тухайн үедээ хамтраад зүтгэж байсан


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Таван толгойн төслийн  талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголчууд дангаараа Таван толгойн ордыг ашиглах хэрэгтэй, гадаадынхантай хамтрах шаардлагагүй гээд янз бүрээр л ярьж байна. Миний хувьд бол хүссэн ч, хүсээгүй ч монголчууд  гадаадынхантай хамтрах хэрэгтэй.  ОХУ асар их нүүрсний нөөцтэй. Хятад ч гэсэн чамгүй нөөцтэй. Тэгэхээр Солонгос, Япон руу далайн боомт ашиглан нүүрсээ хүргэх шаардлагатай болно. Ийм үед хоёр хөрштэйгээ эв зүйтэй харьцаж тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлт эдлэхийг тохирох нь чухал. Болж өгвөл  гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж  хамтран ажиллаж  дэлхийн зах зээлд гаргах асуудлыг хурдан шийдвэрлэх нь зүйтэй. Хамтарсан Засгийн газрын үед шийдэхгүй бол удааширч мэднэ. Нэг нам нь дангаараа засгийн эрхийг барихаар болоход сөрөг хүчин нь улс төржүүлэх вий гэсэн болгоомжлол төрж байгаа.
Гэрээ байгуулж хамтарч засаг барьж байгаа үедээ л энэ том төслийг эхлүүлэх  нь чухал байна.  Хоёр нам хоёр тийшээ харж гэдийсээр Оюу толгойн төслийг хэдэн жил уяж ухраасан  билээ дээ. Алийн болгон бие биенийхээ хийж байгааг  дарж булж явах юм. Үгсэж эвсэж улс орноо хөжгүүлэхийн төлөө зүтгэх ёстой биз дээ.Үгсэнэ,  эвсэнэ гэхээр л найраан дундаа оруулаад л нуун далдлаад явна гэсэн үг биш. Ямарч байсан эдийн засагт хөдөлгөгч гол  хүч болох  том төслөө шийдэж авах хэрэгтэй. Тийм болохоор Таван толгойн ордын гэрээний төслийг нэн яаралтай  УИХ-д оруулж  энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө батлуулах хэрэгтэй.
-Өнгөрсөн долоо хоногт  МАН-ын бүлэг хуралдаж энэ талаар ярилцаж хурдавчил гэсэн  үүрэг өгсөн юм биш үү?
-Тийм  үүрэг чиглэл өгөөгүй ээ. Засгийн газар стратегийн ордуудтай холбоотой гэрээ хэлцэлийг түргэвчлэх, олон нийтэд ил тод нээлттэйгээр шийдэх хэрэгтэй гэсэн зарчмын л зүйл ярьсан.
-МАХН, МАН хоёр ана мана үзэлцэж байна аа?
-МАХН гэсэн нам шинээр байгуулагдсан. Уг нь манай намын хуучин нэрийг л авч ашиглаад байгаа юм. Үндсэн хуулийн Цэцийн дээр  хөх тэнгэр бий л гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр өөр болсон юм шиг байна. Ер нь бол эцсийн дүндээ ард түмэн л сонгуулиар дүн тавина. Энэ манай намын хэсгээс авч явах нь, сонгуульд ороход санал хуваах нь гэж миний хувьд айгаад байх зүйл алга. Монголын ард түмэн олон удаа сонгууль өгч сурсан. Тиймээс хэн нь хэн бэ, аль улс төрийн хүчин нь тулхтай вэ гэдгийг  ялгаад өгнө өө.
-Танай намын хоёр лидер муудалцаж муу муухайгаа дуудалцаж байна. Энэ үйл явцыг ажиглаж л байгаа байх?
-Дэлгэрэнгүй хариулт өгч чадахгүй нь ээ.  Нам гэхээсээ илүү төрийн нэр хүндэд халтай юм. Н.Энхбаяр даргын хувьд Монголын лидер улс төрч үү гэвэл яах аргагүй мөн. Монгол Улсын төрийн жолоог арав гаруй жил атгаж явсан хүн.  Нямдорж сайд ч  тухайн үедээ хамтраад зүтгэж байсан. Яагаад муудалцаад байгаагийн  нарийн ширийнийг  мэдэхгүй юм даа.
-Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барихаар болж байна. Гэхдээ Засгийн газар баталгаа гаргахгүй гэсэн байна лээ ?
-Тиймээ.  Засгийн газар яагаад  ийм  байр суурь бариад байгаад гайхдаг. Би бол эсрэг байр суурьтай байгаа.
-Яагаад гайхаад байгаа гэж?
-Өөр сонирхол байна уу даа гэж харддаг. Монгол Улс нефть бүтээгдэхүүнээр 100 хувь хойд хөршөөс  хараат. Монгол Улсад  орчин үеийн нефть боловсруулах үйлдвэр барьчихъя. ОХУ-тай  юм уу эсвэл өөр оронтой гэрээ хэлэлцээр хийгээд түүхий нефть авч  боловсруулаад шатахуун үйлдвэрлэж яагаад болохгүй байгаа юм бэ. Энэ хавар ОХУ бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ багасгахад яаж хямарсан билээ  дээ. Тиймээс эхний ээлжинд  боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Түүхий нефть олох асуудлаар Засгийн газар яагаад хүч тавихгүй байна гэдэг л бүр сонирхолтой байгаа юм.
-Түүхий нефтиар хангаж чадахгүй гэж болгоомжлоод байгаа юм болов уу?
-Түүхий нефтиэр тасралтгүй хангах олон арга бий. Дарханд барих боловсруулах үйлдвэрийн  тодорхой хувийг ОХУ-ын нефтийн  компанийханд эзэмшүүлж  татан оролцуулж ч болно.
Зүүн аймгуудад ч жижиг боловсруулах үйлдвэр барих зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй. Тамсаг, Зүүн баянд багагүй түүхий нефть олборлож л байгаа юм билээ. Тэндээс их хэмжээний газрын тос  гарвал ОХУ-аар дамжуулан төмөр замаар тээвэрлээд Дарханы үйлдвэрт  боловсруулж дотоодынхоо зах зээлд нийлүүлж  болох боломж  байгаа. Энэ мэт олон аргыг хайхаасаа зайлсхийгээд ганцхан нефть олохгүй гэдэг шалтаг хайгаад байж таарахгүй биз дээ.
-Япончууд яагаад хөрөнгө гаргая гээд сонирхоод байгаа юм бол оо?
-Япончууд тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө гуйвж дайвалгүй зүтгэдэг гэдгийг  Монголчууд сайн мэднэ. Япончууд Монголд Төмөрлөгийн үйлдвэрийг барьж байхад  би ашиглалтын өмнөх захиргаанд нь санхүү , хангамж эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан.
Энэ үйлдвэрийн суурийг тавьж байхаас нь ажиллаж байлаа. 100 хувийн зээлээр барьсан. Ашиглалтад ороод найдвартай ажилладаг болтол нь мэргэжилтнүүд бэлтгэж сургаад хүлээлгэж өгдөг юм билээ.
Энэ жил Марубени корпораци ОХУ-ын Роснефтийнхэнтэй очиж уулзаад түүхий нефть нийлүүлэх Монголд меморандумд гарын үсэг зурчихсан байсан. Монголд нефть боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд түүхий нефтиэр хангах нөхцлийг бүрдүүлэхийн тулд. Гуравдагч орны нөхдүүд ингэж хөөцөлдөөд байхад манай Засгийн газар түүхий нефтиар хангаж чадахгүй, найдваргүй, баталгаа гаргахгүй, барих шаардлагагүй гээд байгаа нь ойлгомжгүй юм.
-Хойд хөршөөс шатахуун оруулж ирээд хэдэн төгрөг нэмж зараад ашиг олж байгаа бизнесийг дэмжигчид Засгийн газар олон байгаа юм байлгүй дээ?
-Тэрийг бол мэдэхгүй юм аа.
-Засгийн газар тухайн үйлдвэрийн тодорхой хувийг эзэмшвэл баталгаа гаргаж болно гээд байгаа гэл үү?
-Засгийн газрын оролцооны хувь өндөр байх шаардлагагүй гэж боддог. Энэ хувь нь хэд байх талаар одоогоор шийдээгүй байгаа гэсэн.ТӨХ-ны түвшинд яригдаж, судалж л байгаа юм билээ.
Боловсруулах үйлдвэр барих төсөлд  шатахуун импортлогч гурван том компани хамтрахаар нэгдсэн байгаа, Засгийн газар ч хувь оролцоотой байя гэж байгаа болохоор   боловсруулах үйлдвэр баригдана гэсэн итгэлтэй  байгаа.
-Засгийн газар 51 хувийг эзэмшинэ гээд байгаа юм биш үү?
-Хэрэв тэгвэл хувийн хэвшлийнхэн  оролцохгүй шүү дээ.
-Японы Марубени корпораци хөрөнгө оруулна гээд байгаа. Хувь эзэмших юм болов уу?
-Япончууд хувь эзэмшихгүй. Хөрөнгийг 100 хувь гаргана .  Ашиггүй үйлдвэр, хоосон сав барьж өгчихөөд бид нар хөрөнгөө авна аа гээд дэлхийд өндөр хөгжилтэй орон , буурай хөгжилтэй орныг дарамтлаад байх нь юу л бол гэж бодож байна. Хийх хүнд арга нь олддог . Хийхгүй хүнд шалтаг олддог гэж нэг үг байдаг байхаа.  Нэлээд л сайн судалгаа хийсэн болоод хөрөнгө оруулах гээд байгаа байлгүй дээ гэж л бодож байна шүү.
-Зээл юм байна, тиймээ?
-Тийм ээ.
-Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Таны хувьд төсвийн төслийг ямархуу болсон гэж дүгнэж байгаа вэ?
-Эдийн засгийн үр өгөөж талаасаа  сулхан төсөв болсон гэж хэлэх үндэстэй. Яагаад   ийм төсөл боловсруулав гэхээр мэдээж  улс төрчид л буруутай.  Гэхдээ  ирэх оны төсвийн төслийг чамбайруулах, чанаржуулах  боломж нь УИХ-д бий. Улс төрийн намуудын  сонгуулиар амалсан амлалт,  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн  хэрэгжилтийг хагах зайгшгүй шаардлага байгааг тооцохгүй байж болохгүй учраас нилээд томорсон төсөв болсон.
-Зарлагыг хасаж таналгүй батлах ёстой юу?
-Засгийн газар болж бүтнэ ээ гээд төлөвлөөд,оруулаад ирсэн байхад болохгүй гэж хэлэх эрх  надад лав алга. Ажлаа гардан хариуцаж байгаа гүйцэтгэх засаглалынхан тооцоо судалгаа хийгээд оруулаад ирсэн зүйлийг өм цөм танаад хаячихвал төлөвлөснийг нь  хэрэгжүүлэх боломжгүй болгож мэдэх юм.
-Зарлага нь хэтийдсэн болохоор орлогыг  шавхаж нэмэгдүүлэхээр хэд хэдэн төрлийн татварыг нэмэхээр төсөл боловсруулж оруулж ирсэн. Энэ нь хэр оновчтой зүйл вэ?
-Яахав ээ. Орлого нэмэгдүүлэх талаар анхаарсан л байна лээ. Хэтэрхий  тэлсэн төсвийн төсөл. Үрэлгэн зардал ихтэй. Үнэхээр сүүлийн жилүүдэд орлого ихээр нэмэгдэж байна гэсэн нэрэн дор аймаг, орон нутгуудад  төдийлөн ач холбогдол багатай, нийгмийн амьдралд тустай биш зүйлд хөрөнгө оруулах нь хэтрээд байна. Гишүүд 150 тэрбум орчим төгрөгөөр конторын барилга барихаар оруулж ирлээ гэж   шүүмжлэх нь аргагүй юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг хэт жижигрүүлж байгааг бодолцох л хэрэгтэй. Таван сая, тавин сая төгрөг байсан ч хамаагүй төсөвт тусгуулж ажлыг эхлүүлэхээр зүтгүүлдэг болж. Нэгэнт л тодорхой хэмжээний хөрөнгө туссан бол дараа, дараагийн жилийн төсөвт үлдсэн санхүүжилтийг тусгаж дуусгаж таараа гэсэн хандлагаар хандаж байгаа нь ажиглагддаг. Ингэж төсвийг зэрэмдэглэж хаяад байвал  дараа дараагийн  жилүүдийн төсөв  хүндэрнэ. Энэ жил тухайн  барилгын зураг төслийг хийлгэнэ гээд  50 сая төгрөг тусгалаа гэхэд 2013 онд барих хөрөнгийг заавал оруулах шаардлагатай болно шүү дээ. Тиймээс улс төрчид хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах талаас нь анхаарч тойргийнхоо л  асуудлыг  шийдэж байвал  л болох нь тэр гэсэн хандлагаа өөрчилж  хариуцлагатай байх л ёстой гэж хэлмээр байна.
-Төсөв өргөн барихаараа дагалдуулаад татварыг нэмэх гээд байдаг болчихож. Энэ жил онцгой албан татвар, экспортын  татварыг нэмэхээр төсөл оруулж иржээ?
-Авто машин болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, экспортын  татварыг нэмэхээр төсөл боловсруулж оруул ирсэн.  Тансаг хэрэглээний авто машины татварыг нэмэхийг зөв, буруу гээд янз бүрээр л ярьцгааж байна. Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар бол манай иргэдийн оруулж ирээд унаж байгаа хуучин авто машины татвар төдийлөн нэмэгдэхгүй. Харин  ч насжилтаасаа хамаараад татвар нь буурсан байна. Харин тансаг зэрэглэлийн, цилиндрийн багтаамж өндөртэй бол  татвар их авахаар тусгасан байгаа. Үүнийг ярилцаж судалж байж  амьдралд нийцэхээр л шийдвэр гаргах нь зүйтэй.
Сүүлийн хоёр гурван жилд л нүүрсний экспорт нэмэгдэж байна. Улсын төсөвт зэсээсээ илүү орлого оруулдаг хэмжээнд хүрч байгаа. Гэтэл нүүрсний экспортын татварыг нэмнэ гэсэнд МҮХАҮТ, Нүүрсний ассоциаци зэрэг төрийн бус байгууллагуудаас  юу юуны туханд хүрэлгүй татвар нэмэх гээд дайрах юм, дөнгөж хөл дээрээ босч байхад ингэж боомилдгоо болиоч  гээд Засгийн газарт албан тоот ирүүлсэн юм билээ. Тэгээд гүйцэтгэх засаглалынхан буцаагаад татаад авсан.
Ер нь татварын орчноороо  ойр ойрхон оролдоод байх нь сайн зүйл биш. Анхнаас нь ул суурьтай, сайн тооцоо судалгаа хийж татварын хэмжээгээ тогтоох хэрэгтэй.Тэгэхгүй тэнд нэг нөхөр нүүрс олборлоод, энд нэг гадаадын компани алт ухаад байна гээд л татварыг нь нэмчихье гэсэн байдлаар хандаад байвал манай улсад  гадны хөрөнгө оруулалт орж ирэхээ болино. Монгол бүтэхгүй ээ.  Арайхийж хөрөнгө оруулаад өндийхөөр татвараа нэмчихдэг. Хууль эрхзүйн орчин тогтворгүй гээд дөлөөд эхэлнэ шүү дээ.
-Цалин, тэтгэврийг гуравдугаар сарын 1-нээс үе шаттайгаар 53 хувиар нэмэхээр болж байгаа. Гэтэл багш нар хугацааг наашлуулж нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шаардлага тавьж тэмцэж байна. Ийм боломж бий юу?
-Цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхэд санхүүжилтийн эх үүсвэр байгаа юу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Үүнд Сангийн сайд илүү тодорхой хариулт өгөх байх. Манай багш нар цалинг нэмэх хугацааг наашлуул гээд шаардаж байгаа. Багш нар ухаантай, боловсрол өндөртэй хүмүүс. Цалин нэмэхээр гарч болох сөрөг  үр дагаварыг  ойлгоно байх гэж бодож байна. Цалин хөлсийг нэмэхгүй гээгүй, ямарч байсан гуравдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж байгаа. Төрийн албан хаагч нарын цалинг  нэмэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци хөөрөгддөг. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж баялаг бүтээдэг, нийгмийн салбат  ажиллагсадын  цалин хөлсийг олгох санхүүжилтийг бүрдүүлдэг үйлдвэрлэгчид, ажилчид хохирчих гээд байна. Жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн албаны цалингийн нэмэгдэл   хүндээр тусна. Яагаад гэвэл тэд  нарын цалин хөлс багш нарынхаас хамаагүй доогуур байгаа. Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэхээр бараа, бүтээгдэхүүний ханш өсч нөгөө гар дээрээ авч байгаа хэдэн төгрөг улам л үнэгүйднэ.  Нэгэнт цалин нэмэх нь тодорхой болсон . Цаг хугацааны л асуудал байгаа. Тэгэхээр аль аль талынхаа эрх ашгийг харгалзан багш нар ухаалаг хандах   байх аа.
-Намын бүлгүүд төсвийн төсөлд нэмж хөрөнгө тусгахаар хэлэлцэж байга юм байна. Ирэх жилийн төсвийн зарлагыг тэлэх гэж байгаа юм биш биз дээ?
-Төсвийн байнгын хорооны зүгээс Засгийн газрын оруулж ирсэн хэмжээнээс төсвийн алдагдалыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь барьж байгаа. Засгийн газрын оруулж ирсэн төсөлд  элдэв зардал нэмэхгүй байх, хөрөнгө оруулалтыг хэт жижиглэхгүй, энд тэндгүй жижиг  контор гэсэн элдэв долоон зүйл барихыг  урсгал зардалаас хасахаар санал нэгдээд хоёр намын бүлгээс  гаргасан ажлын хэсэгт албан тоот хүргүүлсэн.  Тиймээс төсвийн алдагдлыг  өсгөхгүй байх л гэж найдаж байна.
-1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулна гэж тусгасан байгаа. Гэвч  эх үүсвэр  нь тодорхойгүй байгаа гэх юм. Үнэн юм уу?
-Хөрөнгө оруулалт хоёр их наяд төгрөгт хүрлээ. Өнгөрсөн жилийнхээс  2.5 дахин өслөө гээд  байгаа л даа. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсч байгаа  нь сайн хэрэг. Гэхдээ үр ашиг талаас нь бодох хэрэгтэй. Гишүүн бүр  л тойрогтоо инженерийн шугам тавьмаар байна,зам барья, байшин барилга босгоё  гээд санал тавиад байдаг. Ер нь энэ их хэмжээний хөрөнгийг бүрэн шингээгээд бүгдийг нь 2012 ондоо багтаагаад санхүүжүүлсэн барилга объектоо барих чадамж, бололцоо байгаа юу  гэдгээ тооцох хэрэгтэй. Энэ жил гэхэд хэдэн км зам тавив,  хэдэн гүүр босгов, хэчнээн км дамжуулах шугамыг татаж ашиглалтад оруулав гээд тооцоо судалгаан  дээр үндэслэж байж хөрөнгө оруулалтаа тооцох ёстой. Миний хувьд хөрөнгө оруулалтыг дэндүү нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Хийж хэрэгжүүлэх бололцооноос давсан хөрөнгө оруулалтыг тусгавал шингээж  чадахгүйд хүрнэ.
-Аймаг бүрт тэрбум төгрөг захиран зарцуулах эрх олгож хотод төвлөрөх орлогыг авахгүй  юм уу?
-Өмнө нь аймаг бүрт тодорхой хөрөнгийг зарцуулах эрх өгдөг л байсан. Гэхдээ хөрөнгийн хэмжээ нь бага байлаа. Ирэх жил аймаг бүрт тэрбум төгрөг төсөвлөнө гэж байгаа. Намайг аймгийн Засаг дарга байхад жилд 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй ажлын тендерийг яам, түүнээс дооших дүнтэйг нь аймаг, орон нутаг өөрсдөө шийддэг байсан.
Гэтэл өнөөдөр аймгийн ИТХ  тэрбум тэрбум төгрөгөөр нь зарцуулах мэдэлтэй болж байна. Энэ их мөнгө шүү. Аймгийн удирдлага, ИТХ анхааралдаа авч хөрөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарах ёстой. Тэрбум төгрөгөөр бол гишүүдийн тавиад байгаа бага сага ажил, контор энэ тэрийг  барих, засч тохижуулах гээд олон зүйлийг шийдэх боломжтой.
Ер нь дахин хэлэхэд хөрөнгө оруулалтын бодлогод УИХ, Засгийн газар маш том эргэлт гаргахгүй бол  төсвийн үр ашгийн талаар ярихад  хэцүүхэн л байна.  Нийслэлд зам харгуйг засах, агаарын бохирдлыг бууруулах, гүүрэн гарц барих гээд хийх ажил маш их байна. Ирэх жил нийслэлээс татварын орлогыг татан төвлөрүүлэхгүй.

200 орчим тэрбум төгрөгөөр нэлээд зүйлийг шийдчих бололцоо бүрдэнэ. Энэ бодлогыг би бол бүрэн дэмжиж байгаа. Нийслэлд шийдэх асуудал Замын түгжрэл, утаанны асуудал, нийтийн тээврийн хүрэлцээ, хог тээвэр, алслагдсан дүүргийн иргэд гэрэл цахилгаангүй байгаа  гээд шийдэх асуудал маш олон бий.  Нийслэлд санхүүгийн эрх мэдлийг нь өгч  тулгамдсан асуудлыг шийдэх бололцоо олгох чухал юм. Г.Мөнхбаяр дарга тэргүүтэй хотын удирдлагуудыг сайн ажиллаж байгаа гэж боддог. Нийслэлийн өнгө төрх эрс өөрчлөгдөж байна. Энэ жил  нэлээд зам заслаа. Саяхан анх удаагаа инженерийн байгууламжийг хонгилын системтэй болгох ажлыг эхлүүлж анхныхаа байгууламжийг хүлээж авсан. Энэ мэт хийж байгаа , хийх гэж байгаа ажил маш их байна одоо бол төрийн болоод ард түмний дэмжлэг их хэрэгтэй байна даа нийслэлийнхэнд. Бодож төлөвлөж байгаа ажлыг нь хэрэгжүүлэх боломж олгох чухал.
-Төсвийн удирдлага санхүүжилтийн болон Төсвийн тухай хуулийг нэгтгэж боловсруулаад УИХ-д өргөн барьсныг нь хэлэлцэж байна. Энэ гол хуулийг гараагүй байхад хотод санхүүгийн эрх мэдлийг өгч болж байгаа юмуу?
-Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийг нэгтгээд Засгийн газраас төсөл боловсруулаад өргөн барьсныг УИХ-аар хэлэлцэж байгаа. Одоо эцсийн хэлэлцүүлгийг хийгээд баталж гаргана. Гэхдээ энэ хуулийг  баталж гаргалаа ч 2013 оноос мөрдөж эхлэх юм. Энэ хууль гарснаар аймгуудыг  бие даалгах алхамууд хийгдэнэ. Харин нийсэлд   ирэх жилээс санхүүгийн эрх мэдлийг нь үндсэндээ бүрэн шилжүүлнэ . Нэг ёсондоо  том хуулийг хэрэгжүүлж эхлэх гараа  гэж ойлгож болно.
-Грекээс эхтэй санхүүгийн хямрал  Европын орнуудад дамжин “халдварлаж” байна. АНУ-ын эдийн засаг ч савлаж эхэлсэн. Бас өмнөд хөршид ч нөлөөлж байгаа бололтой. Энэ  жил зэсийн үнийг 5989 ам.доллараар тооцож байсан бол ирэх жилийн төсөвт 6635 ам.доллар болгож өсгөж тусгажээ. Зэсийн ханш буураад байхад шүү дээ?
-Сангийн яамныхан, Засгийн газрын сайдууд  үнийн судалгаа хийсэн, 12 жилийн дундачаар авч үзэхэд 6635 ам.доллар байгаа юм,  зэсийн үнэ хэт доошоо орохгүй гэж тайлбарлаж байна лээ. Харин дэлхийн  эдийн засагачид, ОУВС-ийн шинжээчид эрдэс  баялгийн ханш огцом унах хандлагатай байна гэж сануулаад байгаа. Хэрэв 2009  оных шиг хямрал болбол яах вэ гэдэг асуудал тулгарна. 2009 оны хямарлын үеээр   Ч. Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Тэгээд  төсвийн    зарлагыг 30 хувиар бууруулж байлаа. Төсвийн зарлагаа өндөр тогтоогоод аргагүйдэхээр танах арга хэмжээ авах уу, эсвэл Европоос эхтэй хямрал нүүрлэж мэднэ гэж дохио авч төсөв батлахдаа анхаарах уу гэдгийг  УИХ, Засгийн газар  бодож байгаа байлгүй дээ .
Нийтлэлч
Д.Доржпагма
Эх сурвалж
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment