Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:Зээтэй болсноос хойш манайх гэдэг айл баяр хөөрөөр бялхаж байгаа


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн ертөнцөөр хэсэгхэн аяллаа.
-Урт намар болоод дууслаа. Цас орж, агаар цэвэршээд сайхан байна. Цас ороход танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Цас ороход эрчүүд "Малгайн үс сэргээнэ" гэж ярьдаг даа. Дархан-Уул аймгийн Засаг дарга байхдаа үе үе малгайн үсээ сэргээдэг л байлаа. Амьтны амь таслахдаа биш, найз нөхөдтэйгээ эрүүл агаарт гарч, хээрийн хоол идээд ярьж суух нь сайхан. Ер нь монголчууд өвөлд дуртай. Цас орохоор агаар цэвэршээд, хог шороо дарагдаж, байгаль дэлхий цагаан дээлээ өмсөөд сайхан болдог.
-Хүмүүс өөрийнхөөрөө байх нь ховордож, баг зүүж амьдардаг болжээ.
-Би өөрийнхөөрөө л байх дуртай. Олны дунд орохоороо өөр хүн болж цэмцэгнэх, эсвэл хэт хээгүй хүн болох гэж элдэв араншин гаргадаггүй. Наргих үедээ наргиж, сонсох, хэлэхээ хэлээд л явдаг.
-Баггүй амьдрах нь ялангуяа улс төрийн ертөнцөд хэцүү биш үү?
-Баг гэхээр өөрийгөө бүхэлд нь далдлах гэж ойлгож байна. УИХ-ын гишүүн болохоор нийгмээс жаахан зэнзийрхдэг болдог юм билээ.Ялангуяа хэвлэлийнхнээс их айх юм байна шүү дээ. Хааяа найз нөхөдтэйгээ уулзаад зуу татах үе гарна. Хүн л болсон хойно алдаа гаргана. Түүнийг нь хэвлэлд хэтэрхий томруулж биччих гээд байдаг.
-Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Тэрэн шиг худлаа хэлдэггүй хүн бас ховор байх.
-Худлаа хэлэхийг цээрлэдэг. Гэвч хааяа нэг гэмгүйхэн зүйл дээр. худлаа туучих үе байх юм. Бас алдахгүй амьдрал гэж байхгүй. Сайн, муу, алдаа, оноо дунд хүний амьдрал өрнөдөг. Энэ ертөнцөд төгс хүн үгүй. Яах вэ, гаргасан алдаагаа давтвал тэнэг гэж ухаантнууд хэлдэг. Гэхдээ хүний хэвшилтэй холбоотой зүйл дээр алдаагаа давтчих гээд байдаг гэм бий. Найзуудтайгаа байхдаа их цагаан, санаандаа орсноо ярьчихдаг учир заримд нь таалагдахгүй үг хэлчих тохиолдол бий. Найз маань ийм үгэнд эмзэглэдэг шүү гэж мэддэг ч хэлчихээд байдаг юм.
-"Би бүх хүнтэй ижил харилцдаг, ялгадаггүй" гэж ярьдаг хүмүүс байдаг. Харин та яадаг вэ. Хүмүүс аливаа үг, үйлдлийг өөрийнхөөрөө, өөр өөрөөр хүлээж авдаг учир харин ч эсрэгээр хүн бүртэй адилгүй харилцах ёстой юм биш үү?
-Хүн бусадтай харилцахдаа өөрийнхөө занг өөрчилж болохгүй. Өөрөөсөө албан тушаал өндөр хүнд долигоноод, дор хүнтэй өөрөөр харилцаад байж болохгүй гэсэн үг. Нэг аясаараа байх дуртай. Ойр дотнын найзуудын тухайд бол хэн нь ямар бодолтой, юунд баярлаж, гомддогийг мэддэгийн хувьд юу хэлэхээ бодно гэсэн үг. Энэ бол хүнийг ялгаж харцихаас арай өөр.
-Та хэр олон найзтай вэ. Найз таны амьдралд ямар орон зай эзэлдэг бол?
-Олон найзтай. Тэднийгээ ялгаад байдаггүй. Ах дүү нараасаа найз нартаа илүү ханддаг. Би чинь 13 хүүхэдтэй айлын том, 12 дүүтэй хүн. Тэдэнтэйгээ дотно байх нь мэдээж. Гэвч ажил, бизнесийг дүү нартайгаа гэхээс найзууд-тайгаа хамтрах нь илүү.
-Найзуудын дунд мөнгө, хайр сэтгэлийн асуудал үгүй цагт жинхэнэ нөхөрлөл болдог гэдэг юм биш үү?
- "Сайн найз байя гэвэл сайн тооцоотой бай" гээд Чехийн нэг зүйр цэцэн үг байдаг юм. Мөнгө амьдралын хэмжүүр болоод байна. Найз нөхдийн харилцаа мөнгөнөөс болж муудаж буйг  олон ч жишээнээс харлаа. Тиймээс найз байх тусам тооцоотой байх ёстой гэж ойлгодог.
-Та хэр шулуухан зантай вэ. Үнэнийг, шулуухан хэлсэн нь дээр ч улаан нүүрэн дээр нь ярих амаргүй. Харин та ингэж хэлж чаддаг уу?
-Би бол найз нартаа шулуухан хэлдэг. Хамт ажиллаж байсан хүмүүс маань мэдэх байх. Үнэхээр болохгүй зүйл байгаа бол ил, далд ярьж байснаас нүүрэн дээр нь хэлчих нь надад ч, тэрэнд ч амар. Тэр энэ тухай Доржоос биш, Хаянгаас өөрөөс нь сонсвол илүү биз дээ. Гэхдээ намайг хүмүүс марзан гэдэг юм. Аливаа зүйлийг хүнийг хөгжөөх талаас нь энгийн яриагаар, бодит амьдралын жишээтэй холбож ярих замаар ойлгуулдаг.
-Хамгийн сүүлд хэзээ баярлав?
-Зээтэй болоод л хязгааргүй баярлаж байна даа (инээв). Манайх өдөр бүр л баяр хөөрөөр бялхсан айл байна. Би уг нь цаг их барьдаг хүн. Хүргэн, охин, зээ гурав манайд байгаа. Зээтэйгээ зууралдаж байгаад өглөө ажлаасаа хоцорчих гэдэг, орой нөгөө товаришийг чинь очиж эрхлүүлэх гээд гэр рүү яардаг болсон.
-Амьдралын эрч хүчийг юунаас авдаг вэ?
-Эрүүл саруул ухаантай, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө зүтгэдэг хүмүүсээс эрч хүч авдаг. Тийм хүмүүстэй ярьж суухад олон сайхан санаа төрдөг, амьдралын хүсэл тэмүүлэл нэмэгддэг, хийх гэж буй зүйлийг нь чадлаараа дэмжих юмсан гэж боддог. Өөртөө урам олж авдаг.
-Тийм хүн таны эргэн тойронд хэр олон байна даа?
-Байна, гэхдээ цөөхөн. Романтик маягийн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх гэж зүтгэдэг хүн ховор л доо.
-Аз, итгэл найдвар, хайр дурлал гээд л сонсоход эерэг энерги дагуулсан, тэгсэн атлаа хийсвэр зүйл байна. Үүн дотроос хайрыг мөнхийн сэдэв гэдэг. Та хайрыг юу гэж тодорхойлох вэ?

-Хайр бол итгэлийн илэрхийлэл. Эсрэг хүйстний, эцэг, эх, үр хүүхдийн, найз нөхрийн хайр тусдаа. Юм бүхний түрүүнд гүйдэг, сэтгэл гаргадаг, тэгсэн атлаа бүтээсэн зүйлээр гавихгүй "Салхи" Дамбийрхуу хүмүүс их хайртай байдаг шүү дээ.
-Тэгвэл эхнэр, нөхөр, эсрэг хүйстний хайрыг онцолж асууя л даа. Та амьдралдаа хайртай хэдэн удаа учирсан бэ?
-Хайрлаж дурлаж явсаан. Тэгж яваад л эхнэртэйгээ амьдрал зохиосон. Нэг жил Улаанбаатарт оюутны дотуур байранд амьдарсан юм. Тэр үед эхнэртэйгээ танилцсан. Дараа нь хойшоо явж, тэнд таван жил сурахдаа өдөр, шөнөгүй захиа бичсээр байгаад л аваад суучихсан даа. Залуу байхад хайр хурцаар илэрдэг. Нас яваад, ач зээтэй болоод ирэхээр биендээ ижил дасал болж, нэгнээ байнга үгүйлдэг. Тавь гарч яваа хүмүүс чинь гэртээ нэгнээ "Хайр аа" гэж дуудаад байхгүй шүү дээ. Бидний залууд энэ нэр томъёо ч байгаагүй.
-Захиагаар эхнэрийнхээ сэтгэлийг эргүүлсэн юм биз дээ. Үг ч үнэхээр хүчтэй шүү?
-Үг хүчтэй байлгүй яах вэ.
-Нас яваад ирэхээр гэр бүлийн хүмүүс нэг хүн мэт болчихдог гэдэг. 2008 онд та УИХ-ын гишүүн болж ирэхэд эхнэр тань Дархандаа үлдээд амралтын өдрүүдээр л очдог гэж ярьж байсан.
-Одоо ч гэсэн тийм шүү дээ. Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ... тоотод амьдардаг хаягаа ч шилжүүлээгүй яваа. Эхнэр маань тэнд нэг банкны салбарт ажилладаг, сайхан хамт олонтой. Дөрвөн хүүхэд гаргаснаа бодвол тэтгэвэрт гарах нь дөхчихсөн. Тийм болохоор тэндээсээ тэтгэвэртээ гарах бодолтой байгаа юм. Надад Дархан руу яваагүй өнжсөн долоо хоног гэж үгүй. Баасан гариг болгон би Дархан руугаа явдаг. Өнөөдөр /өчигдөр/ ажлаа дуусгаад л явна. Гурван жилийн хугацаанд машиныхаа явсан километрийг тоолсон чинь 160 мянга болсон. Ихэнх нь Дархан, Улаанбаатарын хооронд өнгөрүүлсэн зам шүү дээ.
-Гэхдээ танд Улаанбаатарт байр байгаа биз дээ?
-Байлгүй яах вэ. Охин, хүргэн, зээ гурав маань энд байгаа. Одоо утаанаас холдож Дархандаа өвөлжинө гээд л байна.
-Таны цамцан дээр овог, нэрийн тань эхний үсэг байна. Захиалж хийлгэсэн юм уу?
-Би чинь не стандартный хүн болохоор дэлгүүрээс цамц авахаар нэг бол зах нь томдоод, захыг нь тааруулахаар ханцуй нь уртдаад байдаг юм. Тэгээд хасахаар жаахан онцгүй болчихно. Тийм болохоор хоёр жилийн өмнөөс захиалаад хийлгэх болсон. Энэ цамцыг БНСУ-д захиалж  оюулсан. Ер нь биедээ таарсан, хэт онцгой, содон биш хувцас сонгодог. Брэнд хөөдөггүй. Эхнэрийнхээ болоод өөрийнхөө хувцсыг би авдаг. Эхнэр маань надаас асуухгүйгээр хувцас авна гэж бараг байхгүй дээ.
-Хүүхдүүд тань аавынхаа зан чанарыг хэр "хуулж" байна даа?
-Хүүхдүүддээ "Хувийн зохион байгуулалттай бай" гэж хэлдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том, дунд хүү хоёроо харахад хувийн зохион байгуулалтын тодорхой юм байна аа. Охин маань их ажилсаг, нэг зорьсондоо их махруу нь надтай төстэй. Гэхдээ гэртээ бол ээжтэйгээ ижилхэн. Эхнэр, охин хоёроо муулах гээд байна шүү дээ (инээв).
Тэр хоёр маань гэртээ хувийн зохион байгуулалт жаахан сул.
Ажилдаа бол огт өөр. Эхнэр маань ажлаасаа хоцорно, чөлөө авна гэж мэддэггүй. Бага хүү маань зургадугаар анги. Цаг сайн барьдаг. 07.40 цаг гээд л жолооч ирэхгүй бол "Хичээлээсээ хоцорлоо" гээд бөөн юм болно. "Ангидаа хамгийн түрүүнд орвол гоё байдаг" гэдэг юм. Тэгэхээр миний баримталдаг зарчмыг хүүхдүүд маань авчээ л гэж боддог. Ажилдаа ч, гэртээ ч эмх цэгцтэй байхыг хүсдэг. Гэртээ цагаа тайлаад нэг газар тавьсан бол дараа нь тэндээсээ л авна гэдэг. Тийм болохоор манайхан "Аавын юманд хүрч болохгүй" гэдгийг мэддэг.
Нийтлэлч
С.Туул
Эх сурвалж
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment