Сангийн
сайд С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цалин, тэтгэвэр, тэтгэмж энэ сараас
нэмэгдэж байгаа. Дээр нь Хүний хөгжил сангаас олгох мөнгөний хэмжээ
нэмэгдэнэ. Үүнийг төсөв шингээх үү?
-2008 онд болсон сонгуулиар
намуудын амлалтуудын гол амин сүнсийг хамтарсан Засгийн газар хэрэгжүүлж
чадна. Гол амин сүнс гэдэг нь ашиглалтад орж амжаагүй орд газрууд. Эдгээр ордыг
хөдөлгөөнд оруулаад үр шимээр нь улсаа хөгжүүлнэ, иргэддээ ч хувь
эзэмшүүлнэ гэсэн зорилт тавьсан. Хэрэгжих бололцоотой.
Мэдээж эхний хоёр жилд гол техникийн ажлууд нь хийгдсэн. Гурав, дөрөв
дэх жилээс иргэд хувь авах зэргээр бодитой хэрэгжинэ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн
600 гаруй тэрбум төгрөг иргэдийн гар дээр очиж байсан. Дээр нь 300 гаруй тэрбум
төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр өгч байсан. Ирэх жилийн төсөвт тусгасан мөнгө
1.5 их наяд хүрсэн. Үүний 780 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмжид, 805 тэрбум
төгрөгийг иргэдэд бэлнээр өгөх юм.
Жилийн дотор иргэдийн гар дээр очиж
байгаа бэлэн мөнгөний хэмжээ гуравны нэгээр нэмэгдэж байна. 500 гаруй тэрбум
төгрөг гэсэн үг. Энэ нь Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй нийлүүлэлт. Мэдээж
нийлүүлэлтээс болж сайн, муу талууд бий болно. Гэхдээ сайн тал нь илүү.
-Сөрөг тал нь инфляцийн өсөлт гарах
эрсдэл биз дээ?
-Хүний хөгжил сангаас бэлэн мөнгийг
сар бүр олгох учраас инфляцийг хязгаарлана. Засгийн газар нийлүүлэлтийн бодлого
дээрээ урьдчилан арга хэмжээг аваад байгаа учраас инфляцийг их хэмжээгээр
хөөрөгдөхгүй гэж үзэж байгаа.
-Хүний хөгжил сангаас өгөх нэг сая
төгрөгийг орон сууц, эрүүл мэндийн даатгал, хувьцаа зэргээр шингээж өгнө гэж
байсан. Үүнийг ирэх жилийн төсвийн төсөлд бодитой тусгаж чадсан уу?
-Тавантолгойн асуудлыг
шийдэхэд 10 хувийг нь иргэддээ хувьцаа хэлбэрээр бичээд
тараах юм. Үүний дараа Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хаалттай
хэлбэрээр 10 хувийг нь тараана. Иргэд стратегийн орд газраас хувь хүртэж байгаа
нь баталгаажих юм. Зөвхөн нэг ордоос. Дараа нь үлдэж байгаа 15 ордонд
тухайн иргэнийг яаж хамруулахыг шийднэ. Энэ нь бэлэн мөнгөний урсгалтай огт
хамаарахгүйгээр шийдэгдэнэ. Иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгөхөд 700
гаруй тэрбум төгрөг зарцуулна.
Хүртээж байгаа хэлбэрийн тухайд
малчдын гурван банкин дээр байгаа 57 тэрбум төгрөгийг хүүтэй нь хамт шийдэхээр
төлөвлөсөн. Мөн Төрийн зээлийн санд 8.3 тэрбум төгрөгийн
төгсөгчдийн зээл байгаа. Тэдэнд дипломыг нь өгөөд зээлийг
нь бэлэн мөнгөөр хаана. Дараагийн хэлбэр
нь одоо суралцаж байгаа 165 мянган оюутны сургалтын
төлбөрийн 500 мянган төгрөгийг олгоно. Үүнд 82.5 тэрбум төгрөг
зарцуулах тооцоо гарсан. Мөн эрүүл мэндийн даатгалаас улс төлж байгаа
мөнгө нь 10.9 тэрбум төгрөг болдог. Үүнийг сангаас олгоно. Эрүүл мэндийн
даатгалд огт хамрагдаагүй иргэд бий. Тэднийг нийтээр нь хамруулж 9.3 тэрбум
төгрөг зарцуулна.
-Орон сууцны хувьд?
-Харин орон сууцны асуудлыг
эрэлт, нийлүүлэлт талаас нь нягтална. Нийлүүлэлт талаас
нь Хөгжлийн банкаар дэмжинэ. Өөрөөр хэлбэл, барилга барих
бололцоог компаниудад нээж өгнө гэсэн үг. Барилга ямар хэмжээгээр баригдана,
түүнд нь тааруулж бонд гарган иргэдэд урт хугацааны моргейжийн зээл хэлбэрээр
санхүүжилтийг үе шаттайгаар хийнэ. Энэ нь Хүний хөгжил сангийн шууд бэлэн
бусаар олгох мөнгөнд оруулах бололцоотой. Эрэлт, нийлүүлэлтийн зохицуулалтыг
зэрэг хийхгүй бол орон сууцны үнэнд хөөс үүснэ. Их хэмжээгээр нийлүүлэлтийг
нэмэгдүүлбэл үнэ буурна, эрэлтийг нь ихээр дэмжвэл үнэ өснө. Үүнийг зохистой
харьцаагаар явуулна. Гэхдээ дан төр биш хувийн хэвшилтэй хамтарч хийнэ.
-Хамтарсан Засгийн газрын бүрэн
эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Юу амжуулав?
-“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”
агуулгын хувьд хоёр хэсэгтэй. Эхнийх нь макро эдийн засгийн орчныг
сайжруулаад нэр хүндийг нь өсгөж гадны хөрөнгө оруулалтыг татах боломжийг
хангах. Нөгөө нь төрийн байгууллагуудын зүгээс хүнд суртал бий болгоод байгаа
дүрэм, журмуудыг цөөлөх. Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх юм. Мөн тодорхой
төрлийн бизнесүүдийг төрөөс шууд дэмжих гэсэн зорилготой байсан. Өнгөрсөн
хугацаанд төрийн бодлогын зүгээс макро эдийн засгийн хувьд Монголд бизнес
эрхлэх тааламжтай боломжийг нээж чадсан. Дэлхийн банкнаас гаргадаг өрсөлдөх
чадварын индексийг нэг жилийн дотор хорин байраар ахиулсан. Мөн уул уурхай
эрхэлдэг дэлхийн эхний 25 улсуудаас манайх үзүүлэлтээрээ зургадугаарт бичигдсэн
байна. Энэ нь бидний хийж байгаа бодлого татварын орчин зэргээр манай улс хөрөнгө
оруулалтаараа хамгийн бололцоотой гэдэг нь харагдаж
байгаа. Энэ хугацаанд сайдын тогтоол, Засаг даргын олон тушаалыг хүчингүй
болгосон.
-Ирэх жил төрөөс ямар бизнесийг
дэмжих вэ?
-Өнгөрсөн жил алтыг дэмжсэн. Цаашид
уул уурхай хөгжөөд ирэхээр төгрөг чангарна. Төгрөг чангарахаар экспорт, бусад
салбарт өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Тэгэхээр манайд голланд өвчний
шинж тэмдэг илэрч эхэлнэ. Үүнээс хамгаалахын тулд манайхаас экспортолж болох
бусад салбарыг дэмжих хэрэгтэй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг нэрлэж
болж байна. Ирэх онд ноолуурын үйлдвэрлэлийг дэмжинэ. 10 жилийн хугацаатай 100
тэрбум төгрөгийн хүүгүй зээлийг ноолуурын салбарт өгөхөөр төсөвт тусгасан.
-Шинэтгэлийн жил дуусахад нэг
улирал дутуу байна. Зорилтдоо хүрэх болов уу?
-Амьдрал бол процесс. Шинэтгэл ч
гэсэн өөрөө процесс. Нэг жил зорилт тавиад биелүүлэх нь тоон үзүүлэлт. Цаашид
манай улсад хөрөнгө оруулаад бизнес эрхлэх бололцоо, төрөөс хамаарч байгаа
эсэхээсээ ахиц гарч байгаагаар хэмжих ёстой. Энэ нь байнгын процесс.
-Ирэх оны төсвийн төслийн талаар
асууя. Төсвийн орлого, зарлага ямар байх вэ?
-2011 оны төсвийн төсөлд гурван их
наяд, 56.8 тэрбум төгрөгийн буюу ДНБ-ий 39 хувьд хүрэхүйц
орлоготой, гурван их наяд 250.7 тэрбум төгрөгийн буюу ДНБ-ий 41.5 хувьтай
тэнцэхүйц зарлагатай байна. Төсвийн алдагдал нь 193.8 тэрбум
төгрөг. ДНБ-ий 2.5 хувь байна. Төсвийн тогтвортой
байдлын тухай хуульд зааснаар төсөв тэнцвэржсэн байх ёстой. Энэ хуульд
зааснаар анх удаагаа төсвийн орлогын нэг хувиас илүү гарсан ашигт
малтмалыг дэлхийн зах зээлийн үнээр биш төсвийн үнээр авдаг болж байгаа.
Одоогийн байдлаар манай улсын ашигт малтмалын экспортыг харж байхад зэс,
нүүрсний орлого төсвийн нэг хувиас илүү гарч байна.
-Зэсийн үнийг яаж тооцоолсон бэ?
-Ирэх онд зэсийн үнэ 8425 ам.доллар
байх таамаг байгаа. Харин төсөвт суулгаж байгаа үнэ нь 5983 ам.доллар, боловсруулсан
нүүрсний хувьд 128 ам.долларын ханштай байгаа ч төсөвтөө
98.8 тэрбум төгрөгөөр авч байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүүгээр 164.6
тэрбум төгрөг Тогтворжуулалтын сан руу орж байгаа. Тогтворжуулалтын сангийн
хөрөнгө 10 хувь болбол түүнээс дээших хөрөнгийг нь шаардлагатай зүйлд хөрөнгө
оруулах юм. Зэс, нүүрс хоёроос олсон орлого Тогтворжуулалтын сангийн таван
хувьд маш хурдан хугацаанд хүргэх бололцоо харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх
онд 164.6 тэрбум төгрөг ДНБ-ий 2.3 хувьтай тэнцэж байна. Тэгэхээр
дараагийн жил таваас дээш хувь болох магадлалтай. Төсөв ч цаашид тогтвортой
байна гэсэн үг.
-68 хувийн татвар ирэх оны нэгдүгээр
сарын 1-нээс тэглэгдэнэ. Үүнийг орлуулах татвар байгаа билүү?
-Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн
тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Зэс дээр аргачлалыг тооцож
үзээд хувь хэмжээг нэмэгдүүлэх саналыг Засгийн газраас УИХ-ын
ажлын хэсэгт нэмж хүргүүлнэ. Өсөн нэмэгдэх
нөөцийн төлбөрийн татвараар нийтдээ 202 тэрбум төгрөгийг олох бололцоотой. Дээрээс
нь ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан
хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байгаа. Тэмдэгтийн
хураамжийн хуульд шинэчилсэн найруулга хийж байна.
Энэ хууль 1993 онд буюу 17 жилийн
өмнө батлагдсан юм. Мөн төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулж
байгаа. Алтыг Монголбанкинд л тушаах ёстой. Алтны хураалт хяналт
сайжирна. Ингэснээр төсөвт 5.6 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ.
Орон нутгийн эрх мэдлийг сайжруулах хүрээнд хоёр хуульд өөрчлөлт
оруулаад улсын төсөвт татаж байгаа хувь хэмжээнээс илүү хэмжээг
интервалтай олгоод аймгуудын ИТХ өөрсдөө тогтооно. Түүнийг нь улсын
төсөвт татахгүй ч байж болно. Нийт дүндээ 16 тэрбум төгрөгийг бие даагаад
цуглуулах боломжийг олгож байгаа. 2011 онд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.
Мөн Хөгжлийн банк байгуулна. Энэ банкаар барилгын том төслүүдээ санхүүжүүлнэ
гэсэн байр суурь барьж байгаа. Аймаг орон нутагт санхүүгийн үйл ажиллагааг
нэмэгдүүлэхээр дунджаар аймаг болгонд 560 сая төгрөг, Улаанбаатарт 20 тэрбумын
хөрөнгө оруулалтын эрх өгч байгаа.
-Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ
удаагийн чуулганыг таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Төсвийн хувьд шинэчлэл хийж дуусгах
гол чуулган болно. Төсвийн байгуулалтын удирдлага санхүүжилтийн хууль, Төсвийн
тухай хуулийг нэгтгэж Төсвийн тухай хуулийг боловсруулж өргөн барьсан
байгаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах
тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл орсон. Энэ хоёр хуулийг
баталснаар төсөвтэй холбоотой бүх хууль шинэчлэгдэнэ. Өндөр өсөлттэй үеийн
төсвийн зохицуулалтыг бүхэлд нь хангах боломж бүрдэх юм. Төсөв, мөнгөний
бодлого тухайн жилийн намрын чуулганаар хэлэлцэх гол асуудал байдаг.
2011 он бол Засгийн газрын гурав
дахь жил. Хямрал болоод дууссаны дараах эхний жил. Хямралын жилийн төсвийн хүндрэлүүд
хямрал дууссаны дараах 2-3 жилийн төсөвт ачаалал өгч мэдэгддэг. Тиймээс
эдийн засаг өссөн ч 2011, 2012 оны төсөв хамгийн хүнд байх магадлалтай.
-Хэрэв эдийн засгийн байдал муудвал
авах арга хэмжээгээ тооцоолсон уу?
-Гэхдээ манай улсын хөгжлийн чиг
хандлага, эдийн засгийн өсөлтийн баримжаа өөдрөг байгаа учир давж гарах
бололцоо бий. Бололцоо бий гээд бодлогын хувьд зөв шийдэл гаргах ёстой. Цаашид
төсвийг хоёр хэсгээр ангилж санхүүжүүлэх ёстой юм байна гэж ойлгож байгаа.
Төрийн үйлчилгээг хүргэж байгаа төсвийн зохицуулалтаа улсын төсвөөр хийж,
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх төслөө Хөгжлийн банкаар
дамжуулж санхүүжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тиймээс ч Монголын
хөгжлийн банкийг байгуулсан. Дэд бүтцийн болон зам тээврийн уул уурхайн ордыг
ашиглах гол гол бүтээн байгуулалтаа Монголын хөгжлийн банкаар дамжуулж
санхүүжүүлнэ.
Б.МЯГМАНСАНЖ
2010 оны 10-р сарын 04, Даваа гариг
Vip76
No comments:
Post a Comment