Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:Цагаан сараас өмнө сая төгрөг өгөх боломжгүй


Сангийн сайд Д.Хаянхярваагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
- Гурван талт хэлэлцээрээр бол хоёр сарын 1-нд цалинг нэмэхээр байсан. Харин энэ сард багтааж нэмэх үү?
-Би төсвийн тодотгол өргөн барих асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үеэр цалин, хөлсийг хоёрдугаар сард багтааж нэмэгдүүлнэ гэж хэлж байсан. Ингэхийн тулд төсөв санхүүгийн бололцоо, нөхцөлийг харна. Цалингийн нэмэгдэл хоёрдугаар сарын сүүлээр, гуравдугаар сарын эхээр олгогдоно. Өнөөдрийн төсвийн тодотгол хэлэлцсэнээр шууд маргааш нь нэмэгдлээрээ очно гэвэл өрөөсгөл ойлголт.
-Хоёр сарын цалингийн нэмэгдлийг гуравдугаар сарын 1-нээс хамт өгөх үү?
-Энэ сарын цалингийн нэмэгдлийг сарын сүүлээр   өгнө. Гуравдугаар  сарын нэмэгдлийг тухайн сард өгнө.
-Ахмадуудын хувьд нэг сая төгрөг өгнө гэсэн хүлээлттэй байна. Энэ мөнгийг цагаан сараас өмнө шийдэх боломжтой юу?
-Цагаан сараас өмнө сая төгрөгтэй холбоотой асуудал шийдэх боломжгүй.
-Энэ асуудлыг хэдийд шийдэх вэ?
-Тавантолгойтой холбогдсон  асуудлыг шийдсэний дараа сая төгрөг олгох асуудлыг шийднэ.
-Монголбанкыг үнэ ханш хөөрөгсөн гэж үзэж байгаа. Энэ асуудалтай Сангийн яам ч холбоотой болов уу?
-Засгийн газрын хүлээсэн үүрэг бий. Гэхдээ дан ганц Засгийн газар бус хуулиараа Монголбанк инфляцийг хариуцдаг. Тиймээс бид маш сайн хамтарч ажиллах ёстой. Инфляцийг хөөрөгдүүлэхгүйн тулд ард иргэд, ажил үүрэг болон үйлчилгээ бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн ард түмнээ бодож ажиллах ёстой. Ер нь цалинг нэмэх дуулианаар ард түмнийхээ халаасанд гар хүрдэг сэтгэлгээнээсээ татгалзаач гэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бизнес эрхэлж байгаа хүмүүст хандаж хэлье.
-Өргөн хэрэглээний бараа, валютын ханш, шатахууны үнийг бууруулах бололцоо харагдаж байна уу?
-Валютын ханш 90 орчим төгрөгөөр буурсан. Ханш өдөр, өдөрт буурч байна. Цаашид хэд хүртэл буурахыг хэлж мэдэхгүй. Үүнийг зах зээл өөрөө зохицуулна. Монголбанкны бодлогын хүрээнд уг асуудал бий. Бензин шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурсан. Нефть импортлогч компаниудтай ярилцаж, нефтийн үнийг тогтвортой байлгах арга замыг хайж байна. Нефтийн үнэ дээр анхаарч ажиллана.
Нийтлэлч
Ц.Жаргал
Эх сурвалж
Монголын үнэн

No comments:

Post a Comment