Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Жалга довны үзлээсээ салж чадахгүй байгаа нь л гутамшиг болоод байна


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Засгийн газраас төсөвт тодотгол хийхээр төсөл өргөн барихаа зарлалаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор УИХ-д ергөн бариагүй учраас тодорхой хэлэх зүйл алга. Ер нь олсон мөнгөө хуримтлал үүсгэх, бодит эдийн засгаа тэтгэх зүйлд зарцуулах талдаа байвал сайн биз дээ. Хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд тодотгож байгаа болов уу гэсэн ойлголттой байна.
-Энэ жил төсвийн орлого 500-гаад тэрбум төгрөгөөр давж биелж байгаа юм байна. Энэ орлогоор төсвийн алдагдлыг хаахгүйгээр урсгал зардал, хөрөнгө оруулалтад зарцуулах гэж байна. Энэ нь зөв үү?
-Тодотгол өргөн баригдаагүй учир сайн мэдэхгүй байна. Ямар ч мөнгө үр ашигтай зүйлд л зарцуулагдах учиртай. Сүүлийн үед хөрөнгө оруулалт оновчтой бус, үр ашиг төдийлөн сайн биш байгаад сэтгэл дундуур байдаг. Зарим талаараа хэт жижиг зүйлд зарцуулаад төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг нь муудаад байгаа зүйл их байна. Ер нь эрчим хүчний үнэ нэмэгдээд байвал урсгал зардал өсөж л таарна. Эрчим хүчний үнийн талаар анхаарах цаг болсон. Төрөөс үнийг их хатуу бариад байвал энэ салбар  чинь уначих  аюул бий. Дахин хэлэхэд, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхийн тулд юунаас эхэлж анхаарах вэ гэдгийг л бодох хэрэгтэй.
-Эдийн засагчид, зарим гишүүд төсвийн алдагдлаа бууруулж эдийн засгийн үзүүлэлтээ дээшлүүлэх хэрэгтэй. Орж ирсэн мөнгөө сонгууль дөхсөн байхад цацаад байх нь үр ашиггүй гэж шүүмжилж байна. Таны хувьд?
-Би энэ шүүмжлэлтэй санал нэг байдаг. Гэхдээ улс төрийн хийрхэлд автаад юу ч хийсэн, болохгүй бүтэхгүй талаас нь ярьж ухуулаад, улс орноо худалдчихлаа гэх зэргээр олон түмний тархийг угаасан элдэв сенсаци дэгдээж ашиг хонж.оо хийж, зөвөн би л үнэнийг хэлж байна гэх мэт дэвэргэн зүйл яриад байгаа бол санал нэгдэхгүй. Аливаад бодит байдлаас нь хандаж ажиллах чухал байна. Орон нутгийн зүгээс бол манайд шал хэрэггүй зүйлд хөрөнгө зарчихлаа, болиоч гэж хэлж байгаа иргэнийг би л лав сонсоогүй. Ам дамжсан элдэв шүүмжлэл бол байдаг. Хэн ч байсан тодорхой бодитой зүйлд тулгуурлаж шүүмжлэл санал бодлоо хэлж байвал чухал л даа. Тойрог руугаа мөнгө хөрөнгө их хуваарилах гэсэн хүсэл гишүүн бүхэнд л байдаг. Тойрогт  биш Монголд хамгийн түрүүн шийдэх нь юу билээ гэж бодох хэрэгтэй байгаа юм. Жалга довны үзлээсээ салж чадахгүй байгаа нь л бидний гутамшиг болоод байна даа.
-Төсвийн бодлогод томоохон шинэчлэлийг энэ удаагийн парламент хийж байгаа. Төсөвтэй холбоотой хоёр хуулийг нэгтгэж шинэчлэн боловсруулсан хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ нь хэр дэвшилттэй болсон юм болоо?
-Ер нь бол төсөвт шинэчлэл хийх асуудлыг эхлүүлсэн гэж болно.Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан, Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан  Хүний хөгжил сангийн хууль баталсан нь төсвийн шинэчлэлийн нэг алхам. Мөн төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёрдугаар хэлэлцүүлэгт ороход бэлэн болсон. Энэ бүхэн нь төсөвт шинэчлэл хийх суурь болж байгаа. Гэхдээ бүгд төгс болсон гэж хэлэхгүй.
Манай улсад хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж төлөвлөлт хийдэг тогтолцоо үндсэндээ байхгүй байгаа гэж хэлж болно.
Өөрөөр хэлбэл, бодлогоо тодорхойлж хөрөнгө хуваарилах биш хөрөнгөө дагаж бодлого яриад байх шиг санагддаг. Товчхон хэлбэл, улс орныхоо хөгжлийн томоохон зорилтуудаа хуульчилж, хэрэгжүүлэх хугацаагаа хатуу төлөвлөөд хөрөнгөө босгож ажил хэрэг болгодог байх ёстой. Манайхан том гүрний хөгжлийг бахдаж, ардчилал энэ тэр гээд их л юм ярьдаг. Яаж хөгжиж ирснийг мэддэг мөртлөө түүнээс суралцдаггүй дутагдалтай юм уу гэж бодож байна. Саяхан Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Женхийн тухай ном уншиж байхад тав таван жилээр хөгжлийн төлөвлөлтөө хийж, төрийн хатуу бодлогоор улс орноо барьж хөгжсөн байна гэж би ойлгосон. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж ойд хорин жил хангалттай ярилаа харин үүрэг хариуцлага, сахилга дэг журамтай байх тухай, бусдын эрхийг хүндэтгэх гээд ардчилсан нийгэмд мөрддөг наад захын хэм хэмжээний талын ойлголтыг улам бүр буруу талаас нь ойлгодог, тайлбарладаг болсон гэхэд хилсдэхгүй. Асуудлын гол нь хуульд биш хэрэгжүүлэхэд л байх шиг байна.
-Сүүлийн үед МАН-ын гишүүдийн дунд онц их хурлаа хийе  2012 оны сонгуульд хэнээр намаа удирдуулж орвол дээр вэ гэсэн яриа гараад байна. Та ч бас сонсож байгаа байх?
-Ганц нэг тиймэрхүү яриа гарч л байна. 2012 оны сонгуульд одоогийн дарга л удирдаж орно шүү дээ. Манай намын хүчийг сулруулах гэсэн, дотор нь яс хаяж байж тодорхой фракц бүлэглэлд хуваах гэсэн явуургүй бодолтнуудын  хүслийн илэрхийлэл тэнэж явна гэж ойлгож байна. Мэдээж ард түмний зүгээс хэлж, ярьж байгаа санал, шүүмжлэлд анхааралтай хандах учиртай.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадалгүй хаврын чуулган завсарласан. Хоёр нам тоон дээр тохирч чадахгүй хоёр тийшээ хараад гэдийчихлээ. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэг байна. Ер нь сонгууль шударга биш болоод байгаа нь сонгуулийн хуульдаа байгаа юм уу, Сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудаас болоод байгаа юм биш үү. Зарим нэгэн улстөрчид хуулиа өөрчлөхгүй бол ахиад долдугаар сарын 1-н шиг юм болно гэх нь холгүй л зүйл ярих юм. Энэ их гайхалтай сонсогддог. Ардчиллын хамгийн том зарчмын нэг бол сонгуульд оролцоод ялагдлаа хүлээх явдал гэж би ойлгодог. Шударга өрсөлдөөд ялагдсан нь ёс зүйтэйхэн ялагдлаа хүлээж чадвал ард түмэн хүлээн зөвшөөрнө биз дээ. Манай нам ялагдлаа гээд ард түмэндээ хандаад шударгаар мэдэгдээд байхад үгүй танайх ялагдаагүй бид тэмцэнэ гэж ард түмэн хэзээ ч босоод ирэхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Сонгуулийн хууль намрын чуулганаар батлагдана.
-Та хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байдаг уу?
-Ажил хийж байгаа хүнд амжилт, алдаа оноо аль аль нь байдаг. Хамтарсан Засгийн газрын хувьд бол алдаж оносноосоо хийж бүтээсэн нь илүү жин дарна. Улс эх орныхоо эдийн засгийг өөд татах, ард түмэндээ тустай томоохон түүхэн шийдвэрүүдийг гаргаж чадсан. Тэр утгаараа Монгол Улс руу дэлхий анхаарлаа хандуулах боллоо гээд яриад байвал их л юм байна.
Мэдээж шүүмжлэлтэй хандах ч олон зүйл байна.
Тухайлбал, төрийн албаны шинэчлэл хийх, байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргасан дорвитой өөрчлөлт байхгүй гээд яривал сайн муу их юм байх нь ойлгомжтой. Би ажил хийж байгаа хүнд урам өгөх хэрэгтэй гэж боддог. Аливаа шийдвэрийг итгэл муутай гаргаад хэрэгжилтэд нь анхаарал тавихгүй бол алдаа болж хувирдаг. Харин сайн тооцож зөв шийдвэр гаргаад хэрэгжилтэд нь хатуу хяналт тавьж ажиллавал амжилт дагуулдаг. Арчаагүй хүнийг шүүмжлэл тоодоггүй гэж үг байдаг. Утгыг нь би шантарч болохгүй илүү ихийг хийхийн төлөө зүтгэ гэсэн үг гэж ойлгодог. Хамтарсан Засгийн газрынханд зориулж хэлэх дуртай үгээ хэлж байна  гэж ойлгоорой.
-МАХН-ыг Улсын дээд шүүх бүртгэж авсан. Нэг зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс хоёр хуваагдлаа. Энэ байдлаас харахад задрал явагдаж байна уу гэж ажиглагдаж байна. Та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Задрал явагдлаа гэж үзэхгүй байна. МАН-ын гишүүд бол МАН-даа байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацаа харуулна. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон энэ том улс төрийн хүчнийг задалж, хагалан бутаргах гэсэн хүсэл манай ард түмэнд бол байхгүй. Харин алдаа оноог нь засаж залруулах эрүүл саруул ухаан бол байгаа.
-Саяхан УИХ-ын гишүүнд Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Оюу толгойн гэрээг 57 дугаар тогтоолд нийцүүлж сайжруул гэж. Та гишүүдийн гаргаж байгаа энэ саналыг дэмжиж байгаа юу?
-Оюу толгойн гэрээ бол Монгол Улсын хувьд ч Засгийн газрын хувьд ч дэлхийн түвшинд хийсэн анхны том гэрээ. Мэдээж засаж залруулах юм их байгаа. УИХ-аас гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардах ёстой.
-Албархаг асуултаа өндөрлөе гэж бодож байна. Хувийн чанартай асуулт асуучих уу?
-Бололгүй яах вэ.
-УИХ-ын гишүүдийн ихэнх нь 9911 гэсэн дугаартай. Харин таных орон нутгийн дугаар. Тэгээд сонирхож байна л даа...
-Утасны дугаар хэд байх нь сонин биш. Одоо ч хот хөдөө гэж ялгагдаж байгаа юм уу. Миний дугаар намайг анх 2000 онд аймгийн дарга болоход тамгын газраас авч өгсөн юм. Хамгийн гол нь хямд зардлаар ярих нь чухал биз дээ.
-Таныг Дархан-Уул аймгийн Засаг дарга байхад Хонгорт хордлого гарч шуугиан дэгдэж байсан. Одоо ч зарга тасрахгүй юм аа...
-Ганц нэг дэл сул яриа явж л байдаг юм. Хонгорын ажил төрөл нь хэвийн өөдрөг байгаа.
-Таныг БОАЖ-ын сайд Л.Гансүхтэй тохироо хийгээд сонгуулиар ялсан гэсэн мэдээлэл гарч байсан. Ялангуяа нэг тойрогт өрсөлдсөн М.Ичинноров хэд хэдэн удаа ингэж мэдэгдэж байсан юм?
-Хоёр өөр намын хүн яаж тохирдогийг би мэдэхгүй юм. Хоёулаа л ялах хүсэлтэй байна биз дээ. Энэ асуултаа биднээс биш сонгуулийн ажилд явсан хүмүүсээс асуусан нь дээр. Өөрийнхөө намын ухуулга сурталчилгаанд явж байсан тэр олон хүмүүст намайг мөн Л.Гансүхийг дэмжээрэй гэвэл намын журамт нөхөд  маань яаж хүлээж авна гэж бодож байна.
Энэ бол цуурхал. Ялагдаж сурах хэрэгтэй ш дээ.
Би 2004 онд 329 хүнээр ялагдал хүлээж байсан. Намын хорооны хурал болоод сонгуулийн сурталчилгаанд ажилласан бүх хүндээ сайн ажилласанд нь баярласнаа илэрхийлэлд та нарт буруу байхгүй ээ, миний муугийнх гэж хэлээд дараагийнхаа орон нутгийн сонгуулийн бэлтгэлд орж байсан гэдгийг Дарханыхан мэднэ. Үүнийг хэлэхийн учир нь хэрэв ялагдсан бол ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй гаж л хэлэх гэсэн юм Хувь хүн ч бай аливаа нэг улс төрийн хүчин ч бай ялагдлаа  ёс зүйтэйхэн хүлээж сурвал сонгуулийн дараа элдэв зүйг болохгүйн нэг баталгаа гэж ойлгож явдаг.
Нийтлэлч
Д.Доржпагма
Эх сурвалж
Өдрийн сонин

No comments:

Post a Comment