Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хийрхэл сонирхлоор төсөвт хандаж болохгүй


УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Энэ долоо хоногоос ажлын хэсэг, байнгын хороод хуралдаж эхэлнэ. Төсвийн байнгын хороогоор эхэлж хэлэлцэх ямар хуулийн төслүүд байгаа вэ?
-Байнгын хороод энэ долоо хоногт хуралдаж эхлэх хуваарь гарсан. Манай байнгын хорооны хувьд Төсвийн тухай хуулиар ажлын хэсэг хуралдахаар байгаа. Чуулган эхлэхээр байнгын хороо хуралдана.
-Та харъяалах байнгын хорооны даргын хувьд энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа байх. Зарлага нь орлогоосоо давлаа гэх зэргээр төсвийн тодотголд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Тодорхой бодит мэдээлэл надад алга. Би бусад гишүүдтэй адил мэдээлэлтэй байна. Ямар боловч Монгол Улсын төсвийн орлого багагүй хэмжээгээр давж биелэх хандлагатай байна. Тиймээс төсвийн тодотгол хийнэ гэж Сангийн сайд хэвлэлийн бага хурлаар мэдээлснийг би сонссон. Мэдээж төсвийн тодотголыг урсгал зардал нэмэгдүүлэх, үр ашиггүй зүйлд зарцуулах, орлого давсан учраас тодотгол хийнэ гэж оруулж ирэхгүй болов уу.
Зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулж болно.
Тухайлбал, өнгөрсөн жил шинээр эхэлсэн барилга, объектуудын төсвийг тодотголоор нэмэх бололцоотой гэж үзээд 10-20 хувийг нь тавьсан. Гэтэл нөгөө барилгуудын ажил эхлээд тендерт орсон компаниудын дийлэнх нь ажлаа аваад явж байтал санхүүжилт нь дутагдалтай, хувийн компаниудыг хохироосон зүйл байна уу. Үнэхээр тодотгох Шаардлагатай ямар зардал байгааг судалж нухацтай хандаж тодотгол хийх хэрэгтэй.
-Олон улсын валютын сангаас төсөвт тодотгол хийх шаардлагагүй, төсөв хэт халсан байна гэж анхааруулсаар байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ. Төсвийн байнгын хорооны дарга үүнтэй санал нэг байгаа юу?
-Би ОУВС-гийн төлөөлөгчидтэй  уулзсан. Тэд хэд хэдэн үндэслэл гаргаж тавьж байсан. Эхлээд дэлхийн эдийн засгийн тоймыг ерөнхийд нь гаргасан байна. Дэлхийн эдийн засаг муудах тал руу явж байна, санхүүгийн хямрал болохгүй гэх газаргүй, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд буурах хандлагатай байна. Энэ утгаар авч үзвэл Монголын эдийн засагт халалт үүсэх гээд байна гэсэн зүйлийг ОУВС-гийнхан хэлсэн. Бодлогын хүү, инфляцийн зөрүү хасах тал руу орж байгааг тайлбарлаж байсан. Тиймээс тодотгол хийх шаардлагагүй, танай төсөв хүнд, хэврэг байна гэж тэд хэлсэн.
-Уул уурхайгаас нэлээн орлого төсөвт төвлөрдөг. Гэтэл дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурч байгаа нь манай төсөвт өөрчлөлт оруулах уу. Тухайлбал, Лондонгийн металлын бирж  дээр зэсийн үнэ буурч байгааг мэдээлсээр байгаа шүү дээ?
-Мэдээ харж байгаа. Азийн олонх орнуудын топ индекс буурлаа гэсэн мэдээлэл байна лээ. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, томоохон эдийн засагчдын гаргаж буй судалгаа, өөрийн орны эрдэмтдийн гаргаж байгаа судалгааг харж нэлээн сайн тооцож байж төсөвтэй зууралдах хэрэгтэй гэж би бодож байгаа. Орлогоо олж бүх зүйлийг болгоно гэж бид нэг талаас хандаж болно. Нөгөө талаас нэгэнт дараагийн сонгууль хаяанд ирчихсэн учраас улс төрийн аливаа ашиг хонжоо олох гэсэн хийрхэл сонирхлоор төсөвт хандаж болохгүй. Ийм эрсдэл их байгаа учраас бид туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Чадан ядан үр ашигтай гарах гэж байгаа төсвөө буцаагаад эвдэж болохгүй.
-Орлогоо хуримтлалын сандаа төвлөрүүлэх нь зүйтэй ч гэж гишүүд хэлж байгаа?
-Тийм ээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын сан гэж бий. Хуулиа дагаж мөрдөх ёстой. Сангийн яамныхан  Тогтворжуулалтын сан, бусад санд орж буй орлого хуулийн дагуу явж байгаа гэсэн. Гэхдээ л бид хуримтлал бий болгох нь зөв, Манайх гадаадаас нэлээн хамааралтай эдийн засагтай орны хувьд дэлхийн эдийн засгийн хямрал дахиад болбол яах вэ. Төлөв байдал муудаад манайд сөргөөр нөлөөлбөл яах вэ. Тэр үед бид хэдий хэмжээний нөөц бололцоотой байх вэ гэдгийг сайтар тооцоолох учиртай.
-Дэлхийн хөгжингүй орнууд одоог хүртэл хямралаас бүрэн гараагүй эдийн засаг нь сэргэхгүй байна. Энэ нь хөгжиж буй орнуудад нөлөөлж болзошгүй гэж ОУВС-гаас анхааруулга өгөөд байгаа  биз дээ?
-ОУВС-гийнхан энэ тухай ярьсан. Надтай уулзахдаа ч тодотгол хийх хэрэггүй гэж шууд хэлсэн.
-Төсвийн тодотголыг одоо биш хавар хийх байсан гэж олон гишүүн хэлдэг. Төсвийнтодотголыг хэлэлцэн баталж, тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх гэсээр байтал он дуусна. Тэгэхээр цаг хугацаа бага үлдэж байгаа юм биш үү?
-Гишүүдийн хэлээд байгаа санал шүүмжлэл зөв. Үнэхээр тодотгол хийх байсан бол бид наадмын өмнө, бүр дөрөвдүгээр сард хийх байсан. Ийм хэмжээний хөрөнгө санхүүг дахин тодотгож, ийм  ажлууд хийе гэсэн бол арай үр дүнтэй болох байсан. Одоо тодотголыг хэлэлцсээр байтал аравдугаар сарын дунд үе болно. Батлагдаж хэрэгжих гэсээр байтал барилгын ажил зогсоно. Монголд ийм сөрөг зүйл байна. Зуны хоёр сар юу ч хийхгүй амардаг. Энэ үед барилгын ажил явж байх ид  үе шүү дээ. Цаашид бид ажил, амралтын хуваарьтаа ч анхаарах хэрэгтэй болж байна.
-О.Чулуунбат гишүүн илүү орлогоо үр ашиггүй зүйлд зарцуулж байснаас Засгийн газар Нийгмийн даатгалын сав болон Эрүүл мэндийн даатгалын санд өрөө төлсөн нь дээр гэж ярьж байсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр байж байх ёстой мөнгө. Сангуудын  данс яагаад улайсан нь сонирхолтой юм. Санд өртэй гэдэг нь үнэн байх. Тэр сангуудыг мөнгөтэй байлгах ёстой. Мөнгө хийгээд алга болчхоод байвал харин хэцүү.
Нийтлэлч
М.Ганцэцэг
Эх сурвалж
Зууны мэдээ

No comments:

Post a Comment