2011 оны
улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу
төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэхгүй болжээ. Энэ талаар Сангийн
сайд С.Баярцогтоос тодруулаа.
-Энэ
оны төсөвт тодотгол хийхгүй гэсэн мэдээлэл байна. Сангийн сайдын хувьд энэ
талаар тодорхой тайлбар өгнө үү?
-Төсөвт хоёр учир шалтгааны улмаас
тодотгол хийдэг. Нэгдүгээрт, орлого нэмэгдсэн тохиолдолд түүнд тохируулж
зардлаа санхүүжүүлдэг.Эсвэл төсвийн орлого буураад байвал баталсан зардлаа
бууруулахын тулд тодотгодог. Бидний төлөвлөснөөр төсвийн орлого нэмэгдэхээр байгаа.
Яагаад гэвэл Таван толгойн гэрээг хийхэд тодорхой хэмжээний урьдчилгаа
төлбөрийн асуудал хөндөгдөнө. Одоогийн байдлаар тэрбум орчим ам.долларын
хэмжээтэй урьдчилгаа төлбөрийн тухай ярьж байна. Энэ урьдчилгаа төлбөр бүгд
төсөв талдаа орлого биш. Яагаад гэвэл бүгдээрээ санхүүжүүлэх эх үүсвэр болно.
Гуравны нэг нь орлого. Оролцооны төлбөр гэвэл тэр нь шууд орлого болно.Татварын
урьдчилгаа төлбөрийг тодорхой хугацааны дараа суутгаад явах учраас энэ жилийн
хувьд санхүүжүүлэх эх үүсвэр дараа нь эргүүлээд төлөөд эхлэхэд орлого болдог.
Бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр ч ялгаагүй. Бүтээгдэхүүн борлогдоод эхлэхээр
орлого, одоо авч байгаа дээрээ санхүүжүүлэх эх үүсвэр болж байгаа юм. Хэдий
хэмжээний урьдчилгаа төлбөр авна, тэр хэмжээний орлогыг тодотгоно гэж үзэж байгаа.
Бидний тооцсоноос яриа хэлэлцээ харьцангуй удаан явж байгаа учраас энэ хаврын
чуулганаар төсөвт тодотгол хийж амжихгүй. Шинэ хуулийн дагуу аравдугаар сарын
1-нд намрын чуулган нээлтээ хийхэд төсөвт тодотгол хийх асуудлыг хамгийн эхэнд
хэлэлцээд явна.
-Ерөнхийлөгчийн
санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг УИХ баталсан.
Энэ хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажил төлөвлөж,
зардлыг нь төсвийн тодотголоор шийдэхээр тооцсон.Үүнээс гадна хөрөнгийн эх
үүсвэрийг нь тодотголоор шийднэ гэж хүлээсэн цөөнгүй ажил бий. Санхүүжилтийн
хувьд хүндрэл гарах юм биш биз?
-Байгаль орчин, аялал жуулчлалын
яамны төсөвт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлыг санхүүжүүлэх 30
тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа.Тэгэхээр санхүүгийн боломж бол бий. Үйл
ажиллагаа явуулж байгаа байгууллагын санхүүжилтийг нөөцөөс шийдээд явж байна.
-2008
оны сонгуулиар амласан бэлэн мөнгөний үлдэж байгаа хэсэг болох нэг сая
төгрөгийг тэтгэврийн насныханд бэлнээр олгох тухай санал УИХ дахь МАН-ын
бүлгээс гарсан.Ийм боломж байгаа юу?
-Эдийн засгийн хувьд боломж байгаа.
Гэхдээ гарч болох эерэг болон сөрөг үр дагаврыг тооцож үзэх ёстой. Бид хүн бүрт
бэлнээр сая төгрөг өгвөл инфляцаа хөөрөгдөөд дуусна. Цалинг 20 хувиар нэмэхэд
инфляц 25 хувь байвал энэ өсөлт биш бууралт болно. Иргэн хүний бодит орлого яаж
нэмэгдэж байгаа нь л чухал. Бид энэ талаар илүү бодож, Ярих учиртай. Нэг сая
төгрөгийн хувьд тэтгэврийн насныхан өөр сонголт хийх амьдралын шаардлага
байхгүй байна. Тийм учраас үлдэж байгаа мөнгийг нь бэлнээр өгөх боломж байхгүй
юу гэсэн асуудал гарч байгаа юм. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн
яамныхан нарийвчилсан судалгаа хийж байгаа. Үүний дараа улс төрийн шийдвэр
гаргаж, олон нийтэд зарлах болно.
Б.Түвшин
2011 оны 6-р сарын 13, Даваа гариг
Үндэсний
шуудан
No comments:
Post a Comment