Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн
гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын
төлөөлөгчид өчигдөр гарын үсэг зуран баталгаажууллаа. Засгийн газар хөрөнгө
оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд "Оюутолгой" компанийн
хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал
санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн
санхүүжилтийг гуравдагч этгээдээс тэргүүн ээлжид авах, шаардлагатай тохиолдолд
санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, өмнө нь гэрээнд
тусгагдсан байсан давуу эрхийн хувьцааны асуудлыг өөрчлөх, Монголын талын
эзэмшлийн 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг тусган нэмэлт
өөрчЛөлт оруулжээ. Мөн "Рио Тинто интернэшнл холдингс лимитед"
компани гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-д эзэмшиж буй аливаа
хувьцаагаа төрийн өмчийн оролцоог этгээдэд, эсхүл "Оюутолгой" ХХК-ийн
шууд болон шууд бус хамааралтай этгээдэд худалдах буюу шилжуүлэхдээ Монгол
Улсын Засгийн газартай урьдчилан зөвшилцөж бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн
дээр хийхээр тохиролцсон байна.
Энэхүү хувьцаа худалдах,
шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд Засгийн газрыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Д. Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын
сайд Л.Гансүх нар, "Рио Тинто интернэшнл холдинг лимитед" компанийг
төлөөлж "Рио Тинто" компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Андрью
Хардинг нар гарын үсэг зуржээ. Харин "Оюутолгой" ХХК-ийн Хувь
нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөд "Эрдэнэс МГЛ" ХХК-ийг
төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, "Оюутолгой" ХХК-ийг төлөөлж
Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэт-гэх ерөнхий захирал Камерон МакРэй, "Айвенхоу
Оюутолгой" (БиВиАй Лтд)-ийг төлөөлж Хууль, эрх зүйн асуудал хариуцсан дэд
ерөнхийлөгч Жон Фониани, "Оюутолгой Нидерланд БиВи"-ийг төлөөлж
Бизнес хөгжил хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Сэм Риггал нар гарын үсэг
зуржээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан
нэмэлт, өөрчлөлтөөс Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй байх, давуу
эрхийн хувьцаатай холбоотой асуудлыг бүрэн өөрчлөх тухай заалтууд олон нийтийн
анхаарлыг татаж байгаа юм. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.
-Монголын
талын эзэмших 34 хувь буурахгүй байх асуудлыг жил гаруйн өмнө байгуулсан
Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан. Гэтэл
дахин үүнийг баталгаажуулах шаардлага байсан юм уу?
-Хүмүүсийн эргэлзээд байсан зүйлийг
эргэлзээгүй болгож байгаа юм. Уг нь анх байгуулсан гэрээнд 34 хувийн талаар
тусгасан байгаа л даа.
-УИХ-ын
зарим гишүүн Монголын талын эзэмших 34 хувийг зургаа, долоон хувь хүртэл буурах
нь гэж шүүмжилж байсан шүү дээ. Энэ нь ортой байсан юм биш үү. Сая л Монголын
талын эзэмших хувиа баталгаажуулж байгааг бодоход?
-Жилийн өмнө хэлэлцээрээ хийчихээд
сая албан ёсоор гарын үсэг зурж байгаа юм. Засгийн газар эндээ хэлэлцээд,
хөрөнгө оруулагчид мөн өөрсдийн журмаар хэлэлцээд одоо л баталгаажуулж байгаа
гэсэн үг.
-Өнгөрсөн
жил гаруйн хугацаанд 34 хувь гэдэг баталгаатай бус байсан гэсэн үг үү?
-Монголын талын эзэмших хувиа бид
хоёр аргаар баталгаажуулж байгаа. Нэгдүгээрт, Монголын талын эзэмших хувь
34-өөс доош буухгүй гэж өмнө нь байсан. Түүнийгээ ямар нэгэн санхүүжилтийн шинэ
арга хэрэглэх болгонд 34 байна гэдгийг сая зааж өглөө. Нөгөө нэг өөрчлөлт нь давуу
эрхийн хувьцаагаар санхүүжинэ гэдгийг хасаад санхүүжилтийн өөр аргыг хэрэглэнэ
гэдэг заалт оруулж байгаа. Давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэхээр хүмүүс
үүнийг энгийн хувьцаатай холиод, тэгээд 34 хувийг зургаа, долоон хувь боллоо
гэж тайлбарлаад байгаа юм.
-Давуу
эрхийг хувьцаа гаргах заалтыг хассан нь ямар учиртай вэ?
-Хамгийн гол нь санхүүжилттэй
холбоотой. "Оюутолгой" төслийг санхүүжүүлэх гурван аргын нэг нь давуу
эрхийн хувьцаа гаргах явдал гэж бий. Давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаатай
холиод эргэлзээд байсан юм.Тэр эргэлзээг байхгүй болгож байгаа.
-Оюутолгойтой
холбоотой бас нэг асуулт байна. Оюутолгойгоос Ханбогд орох зам засварын ажлыг
гүйцэтгэж байсан 60 гаруй ажилчин хоолны хордлого тусаад
байгаа."Оюутолгой" компанийн ажилчдын хоолыг бэлтгэдэг
"Номадс" сүлжээ ресторанд таныг хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл байна?
-Би тийм хувьцаа эзэмшдэггүй ээ.
Наадах чинь худлаа мэдээлэл байна.
Г.Сонинбаяр
2011 оны 6-р сарын 09, Пүрэв гариг
Үндэсний шуудан
No comments:
Post a Comment