УИХ-ын Хууль зүй,Төсвийн байнгын
хорооноос гарсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Гашуун сухайтын хилийн
боомтод ажиллаад иржээ. Энэхүү ажлын хэсгийг ахалсан УИХ-ын Төсвийн байнгын
хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
Гашуун
сухайтын хилийн боомтод байдал ямар байна вэ?
-Хятадын хилийн боомтод зам
харилцаа, дэд бүтэц гээд л бүх зүйл байна. Гэтэл манай хилийн боомтод юу ч
алга.Тус боомт дээр Хилийн цэрэг, татвар, гааль, хорио цээр гэсэн дөрвөн байгууллага
ажилладаг юм байна. Гэтэл дээрх байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн
асуудлыг шийдсэн зүйл ерөөсөө алга.Тэнд ажиллаж байгаа хүмүүс вагончигт л
амьдарч байна шүү дээ.Төрийн албыг ингэж залгуулж болохгүй биз дээ. Ийм нөхцөлд
ажиллаж байгаа төрийн албан хаагчийг шударга ажиллах ёстой гэж яаж ч шахаж
шаардах юм билээ дээ. Мөн хилийн боомтод Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
гэж нэг хүн ажилладаг юм байна. Уг нь, Засгийн газраас сонгогдсон бүрэн эрхт
төлөөлөгч л юм бол хилийн боомтод үүсээд байгаа нөхцөл байдлыг гүйцэтгэх
засаглалдаа танилцуулаад, тэр дагуу ажил хийгдэж байх учиртай байх. Гэтэл ингэж
чаддаггүй гэдгээ тэд ярьж байна билээ.
-Яагаад
тэр юм бол. Засгийн газар тухайн газарт юу нь болохгүй, юу нь болж байгааг
мэдэхийн тулд бүрэн эрхт төлөөлөгчөө томилдог Гэтэл төлөөлөгч нь Засгийн газарт
ажлаа танилцуулж чаддаггүй гэхээр бүрхэг л сонсогдож байна?
-Хатуухан хэлэхэд зүгээр л нэг хүн
томилоод орхичихсон гэж хэлэхэд болно. Хилийн шалган өнгөрүүлэх лаборатори ч
туйлын хангалтгүй. Замын-Үүдэд л гэхэд Хятадын талын хөрөнгөөр машины рентген
нэгийг тавьсан. Гэхдээ зам байхгүй учраас ашиглаж чадахгүй байгаа гэсэн. Үүнээс
гадна 500 вагоныг хоёрхон байцаагч шалгадаг гэж байгаа. Ийм байхад хууль бус
бараа бүтээгдэхүүн орж ирж байгааг үгүйсгэх аргагүй.
-Манай
хил дээр зам харилцаа муу гэж та түрүүн хэлсэн. Хятадын тал төмөр замаа хил
хүртэл тавьсан гэсэн. Гэтэл манайхан өнөөх шороон замтай хэвээр байсаар...?
-Гашуун сухайтын хилийн боомтод Оюу
толгойн тоног төхөөрөмж зорчигч тээвэртэйгээ нэг замаар орж ирдэг юм
билээ. Оюу толгой компанид замаа тавиад бараагаа зөөж
болдоггүй юм уу гэсэн шаардлага тавихаар ерөнхий төлөвлөгөөний зураг гараагүй
гэсэн шалтгаан тоочдог юм байна. Дүгнэж хэлэхэд хилийн боомтын удирдлага
зохион байгуулалтад төр засгаас анхаарч байгаа зүйл алга. Өөдлөх айл үүднээсээ
гэдэг шүү дээ Манай улсын хаалга болсон хилийн боомт ийм байхад улс орнууд
бидэнтэй харилцах уу. Замын-Үүдэд л гэхэд гайгүй ганц замтай түүнийг нь
Хятадууд барьсан, автын рентген байна түүнийг нь бас л урд хөршийнхөн хийж
өгсөн байх жишээтэй. Монголчуудын хийсэн зүйл тэнд байхгүй. Манайд хил гэж
байгаад үүгээр нь гадаад, дотоодын зорчигч нэвтэрч өнгөрнө гэвэл дэд бүтцийн
асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Ийм зүйл хийхэд нэг их хөрөнгө
шаардагдахааргүй юм билээ. Манай улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж байна л
гээд байдаг. Гэтэл хилийн боомт дээр бүх зүйл түүхий байна.
-Өмнөговь
аймаг жилд улсын төсөвт 64 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Гэтэл хилийн боомт нь
ийм байдалтай байгаа нь хэний буруу юм бэ. Орон нутаг ажил хийх ёстой юу эсвэл
Засгийн газар уу?
-Засгийн газрын л хийх ажил шүү дээ.
Гашуун сухайтын хилийн боомт Ханбогд сумын харьяанд байдаг бололтой юм билээ.
Хилийн боомтоос 5-6 км зайтай гурван жижиг байшин бариад орхичихсон. Гэхдээ тэр
байшин гэрэл цахилгаан, ус байхгүй.Тэгээд яах гэж ийм байшин барьсан юм бэ гээд
асуухаар хилийн боомтод ажиллах төрийн албан хаагчийг байлгах зорилгоор барьсан
гэх юм. Ийм утгагүй хүүхдийн тоглоом шиг зүйл хийж байгаа нь энд удирдлага
зохион байгуулалт байхгүйгээс үүдэлтэй. Ямар ч тооцоо судалгаа алга. Ингэхийн
оронд хилийн боомтынхоо дэргэд энэ байшингаа бариад төрийн хэдэн албан хаагчийг
оруулсан бол дээр байх байсан юм. Дэмий л хөрөнгө зарсан зүйл болсон байна лээ.
-Манай
улс хилийн боомтоо хөгжүүлээгүйгээс тэнд амьдарч байгаа иргэд өөрийн Орондоо
биш Хятадын талд л хөрөнгө оруулах болсон гэх юм. Наад зах нь
хилийн боомтод халуун усны газар байхгүйгээс урд хөршийг зорьдог гэж тэнд
амьдардаг хүмүүс ярьж байсан?
-Гашуун сухайтын хил дээр байдал яг
л ийм байна. Хүүхдүүдээ хүртэл хил гаргаж хятадын сургуульд сургадаг гээд л.
Хилийн хатуу чанга байдлыг сахих ёстой хүмүүс чинь нэг үгээр хэлбэл хараат
байдалд орчих гээд байна шүү дээ.
-Байнгын
хорооноос гарсан ажлын хэсэг мэдээж дүгнэлт гаргах байх.Үүнийгээ Засгийн
газарт хэзээ танилцуулах вэ?
-Байнгын хорооноос гарсан ажлын
хэсэг дүгнэлтээ гаргаад Засгийн газарт хүргүүлэхээр болсон.Төсөв төлөвлөгөө
хэлэлцэх үед үүнд анхаарна. Гашуун сухайтын хилийн боомтод ерөнхий
төлөвлөгөө гаргана гээд сүржигнээд байгаа юм.Тэр зургаан замыг холбоход
ерөнхий төлөвлөгөө гаргах ямар ч шаардлагагүй. Цаанаас хятадууд замаа
тавьчихсан. Наанаас нь манайх л замаа тавиад холбочихвол болно. Ингээд машинууд
чиглэл чиглэлээрээ ороод ирнэ. Ийм зүйлийг л хийхгүй юм. Ажилдаа дургүй байдаг
юм уу, яадаг юм бол наад захын жижиг зүйлийг хүртэл хийчихгүй л юм байна шүү
дээ.
Ардчилал
П.Ариун
2011 оны 6-р сарын 08, Лхагва гариг
No comments:
Post a Comment