Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Засгийн газар зөв хөдөлбөл инфляцийг барих бололцоотой


Сангийн сайд сайд, дэд сайд, газрын дарга нарын хамт “Зангиагүй уулзалт” зохион байгуулж өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнав. Тус яамны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Уулзалтын үеэр Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Энэ оны төсөв зарлагын төсөв болсон. Үүнээс болж иргэдийн амьжиргаа доройтохгүй гэж үү. Та сайн төсөв болсон л гээд байх юм. Энэ талаар хариулт өгнө үү?
-Та бүхэн Монгол Улсын нэг жилийн төсөв ямар байдгийг мэдэж байгаа.  Төсвийн алдагдлын хэмжээ энэ жилийн хувьд өндөр байна. Гэхдээ төсвийн алдагдлыг ямар үед өндөр байлгадаг вэ гэдэг нь тухайн улс ямар бодлого явуулах вэ гэдгээс хамаарч байдаг. Эдийн засгийн хямралын дараа бодит эдийн засгаа сэргээх зорилгоор ихэнх орон хөрөнгө оруулалт, нийгмийн халамжийн чиглэлд тэлж төсвөө алдагдалтай баталдаг. Энэ утгаараа бол эдийн засгийн хямрал явагдаад, өсөлт нь -1.6 хувь болтлоо буурчихсан үед өсөлттэй үе рүү нь аваачихын тулд зайлшгүй шаардлага бий болсон. Бидний хувьд 2011 он гол бүтээн байгуулалтын он болох учраас тодорхой хэмжээний асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Энэ ч үүднээс хөрөнгө оруулалтаа Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр оруулсан.
Ер нь төсвийн талаар ярьвал алдагдлынх нь хувь бага буюу ашигтай байхад сайн төсөв гэдэг. Бодлого талаасаа хүмүүс ихэвчлэн алдагдалтай төсвийг сайн төсөв гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бодлогын зорилтоо хэрэгжүүлэхэд дахин хуваарилж байгаа мөнгийг хэрхэн зарцуулж байна гэдгээр нь сайн, мууг ярьдаг. Тэгэхээр 2011 оны төсвийн гүйцэтгэл гарах үед буюу 2012 оны дөрөвдүгээр сард энэ төсөв сайн, муу байсан уу гэдгийг ярих хэрэгтэй.
-Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгө инфляц хөөрөгдөж эхэлсэн. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдээд байна. Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ?
-Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөний хэмжээ 2012 оны зургадугаар сар хүртэл өгч дуусна гэж үзэхэд гол он маань 2011 он байгаа. Хуваарилалт нь ингэж хийгдсэн. Бэлнээр тараагдаж байгаа энэ мөнгө инфляцийг нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болж байгаа нь үнэн. Хэрвээ Засгийн газар бодлогоороо инфляцийн эсрэг үр дүнтэй арга хэмжээг авч чадвал бидний бодож байгаагаас бага хэмжээнд байлгах бүрэн бололцоотой. 2009 онд инфляц их хэмжээгээр хөөрөгдөх дүр зураг эхний ээлжинд гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан.  Тийм учраас жилийн эцсийн дүнгээр инфляц буурч гарсан. Манайд инфляцид нөлөөлөл үзүүлдэг цөөн тооны бүтээгдэхүүн байдаг. Гол нэр төрөл нь хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ нь зохион байгуулалтын асуудлыг илүү шаарддаг.  Дотооддоо нийлүүлж чаддаг зүйлийг иргэдэд тодорхой цаг хугацаанд нь 100 хувь хангах асуудал л байгаа юм.  Энэ үйл ажиллагаагаа зөв зохистой хийж чадвал, тухайлбал тодорхой нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч чадвал инфляцийн эсрэг суурь бүрэн бүтнэ.  Амьдрал баян. Тодорхой асуудал болгон дээр Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллана.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг банкинд байршуулбал хүү төлөх ёстой юу?
-Энэ мөнгө тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, санхүүгийн арга хэрэгслээр өсгөж байгаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгө өөрөө өсөх бодит арга хэрэгслээ олоогүй, улсын төсөв дотор цуг явж байдаг. Дөнгөж ноднин жилийн зургадугаар сард улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө Нийгмийн даатгалын санд өгөх ёстой гэдэг байдлаар батлагдсан. Ингээд 2008, 2009, 2010 онд нийт дүнгээ бага багаар барагдуулаад явж байгаа. Үүний дараа Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний мөнгө байршуулах ёстой. Энэ маш том мөнгөн дүнтэй болно. Төсвийн орлогын бараг 60-70 хувьтай тэнцэх дүн байх юм. Цаашдаа энэ нь арвижихын тулд Нийгмийн даатгалын газар өөрөө менежментээ хийх ёстой. Ийм чадвар одоо манайд байна уу гэвэл байхгүй. 10-аад банкинд байршуулчихвал энэ нь зөвхөн хадгаламж болно. Аль ч улс сангийнхаа бүх мөнгийг хадгаламж хэлбэрээр байршуулдаггүй. Тийм уч­раас мөнгийг арвижуулах олон улсын арга хэрэгслийг ашиг­ладаг. Тухайлбал, үнэт цаасны бондууд худалдаж авна, Засгийн газрын бонд худалдаж авна, тодорхой хэмжээгээр хадгаламж нээнэ,  хөрөнгө оруулалтад оруулна гэх мэт. Тэгээд тодорхой эдийн засгийн эргэлтэд оруулсан сан­хүүгийн хэрэгслийнхээ орлогоор энэ сан арвиждаг. Гэхдээ энд эрсдэлийн том нөхцөл бай­гаа учраас үүнийгээ маш сайн судалж, өндөр зэрэгтэй, баталгаатай санхүүгийн хэрэг­сэл рүү оруулдаг. Монголд энэ ажлыг хэн хийх ёстой вэ гэвэл одоогоор Монголбанк л хийх ёстой. Валютын нөөц рүү оруулж болно. Бид зах зээлийн эдийн засаг руу шилжих тусам шинэ санхүүгийн хэрэгсэл шилжих шаардлага бий болж байгаа. Тэрнээс бололцоотой бүхнийг хийх шаардлагатай. Гэхдээ өнөөдөр хаа хаанаа олиггүй байгаа учраас үе шаттай шилжүүлэх хэрэгтэй. Асуудлыг улс төр болгож тавиад байгаа нь хэн ч хожихгүй ийм л зүйл байгаа.
-Сангийн яам их мөн­гөний эрсдэлийг хэрхэн харж байна вэ. Үүнд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
-Өнгөрсөн 20 жилийн турш бид дутагдаж байгаа хөрөнгийг яаж олох, суларч байгаа валютын ханшийг тогтвортой байлгах зэрэг дандаа сөрөг үйлдэлд ажиллах механизмтай байсан. Харин одоо эерэг талын хүндрэлүүд гарч эхэлнэ. Ийм үед эдийн засгаа халаахгүй байх хэрэгтэй. Аль ч улсын эдийн засаг хэмжээтэй байдаг. Эерэг талын хүндрэлийн нэг нь “Голланд” өвчин. Хоёр дахь илрэл нь эдийн засгийн хэт халалт үүсээд эдийн засгаа удирдаж чадахгүй хэмжээнд хүрэх. Гадаадын улсууд их хэмжээний баялгийг бүрдүүлээд дотоодын эдийн засагтаа оруулдаггүй. Жишээ нь, Чили улс өндөр хөгжилтэй орон биш ч  нэмэгдэл орлогоо дотоодын эдийн засагтаа хий­дэггүй. Хуримтлал үүсгэдэг. Бидэнд мэргэжлийн баг байхгүй учраас гадны өндөр мэргэшсэн хөрөнгө оруулалтын банкууд, мэргэжлийн байгууллагуудыг ашиглах ёстой.
-Голланд өвчнөөс хэрхэн сэргийлэх юм бэ?
-Татварын ижил орчинтой нөхцөлд уул уурхайн эдийн засаг ашигтай байдаг. Тэгэхээр уул уурхай руу хүн бүр хөрөнгө оруулалт хийнэ. Тэгэхээр бусад салбар уналтад ордог. Төр экспортын хувьд эдийн засгаа төрөлжүүлж, үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх ёстой. Төрийн дэмжлэг, татаас болон татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Тиймээс төсвийн шинэчлэлттэй холбоотой хуулиудыг маш яаралтай батлуулах шаард­лагатай. Улс төрийн шийдвэр гар­­гагчид өөрсдийнхөө эрх мэд­лийг ухамсартайгаар хяз­­гаар­­лах алхмуудыг үе ша­туу­дыг хийх ёстой. Хэрэв ин­гэхгүй бол олсон орлого бүгдийг дуусгах хандлагатай байгаа. Төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 40-50 хувийг эзэлж байгаа үед тогтвортой байна гэж зорих ёстой. Энэ нь бүх хүнд таалагдахгүй. Тиймээс ойлголцоод явах хэрэгтэй юм.
-Оюутолгойн урьдчилгаа төлбөр 250 сая төгрөгийн эргэн төлөгдөх хугацааг уртасгаж, хүүг багасгах асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар Сангийн яам ажиллаж байгаа юу?
-Оюутолгойгоос орж ирэх урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллар байгаа. Энэ маань гурав хуваагдаж орж ирж байгаа. 100, 50, 100 гээд. Эхний ээлжийн 100 сая ам.доллар гэрээ батлагдаагүй байхад орж ирсэн учраас бид баталгааг нь бондоор гаргачихсан. Дараагийн хоёр нь гэрээ зурагдсаны дараа орж ирсэн учраас шууд урьдчилгаа төлбөр хэлбэрээр орсон. Ямар нэгэн баталгаа гаргахгүйгээр. Хүүгийн хувьд бид бүгдийг нь бууруулж байгаа. Эхнийх нь гурав орчим хувийн хүүтэй байсан. Дараагийн 50 сая ам.доллар дээр бид 1.75, дараа­гийн ээлжинд бүр нэг хувь бол­гоё гэсэн зарчмаар хэлэлцээр хийгээд, буулгаж байна. Хэлэл­цээр хийх болгондоо буулгаж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажил­лагаа явагдаад, татвар төлж эхэлнэ. Одоо ч гэсэн үйл ажиллагааныхаа татварыг төлж байгаа л даа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2013 оноос эхлэнгүүт Оюутолгой орлогын татвараа төлнө. Тэр татвараас нь суутгал хийж явах юм. Урьдчилгаа төлбөрийн хэл­бэр гурван янз байдаг. Бүтээгдэхүүний урьдчилгаа төл­бөр буюу бүтээгдэхүүнээ урьд­чилаад худалддаг. Эсвэл татварын урьдчилгаа төлбөр гээд, ирээдүйд авах татвараасаа түрүүлээд авчихна гэсэн үг. Гурав дахь оролцооны урьдчилгаа төлбөр гээд. Өөрөөр хэлбэл, энэ төсөлд орсныхоо төлөө ямар нэгэн үнэ төлбөргүй урьдчилгаа төлбөр өгчихдөг.
Оюутолгойд бид татварын урьдчилгаа төлбөр хэлбэрээр суутгаад авчихсан. Одоо Та­вантолгойд дээрх гурван төрлийн урьдчилгаа төлбөрийг бүгдийг нь авна гэсэн хувил­бараар хэлэлцээр хийж байгаа.
-Оюутолгойд Монголын талын эзэмших хувь хэзээ нэмэгдэх вэ, уг нь хөрөнгө оруулагч тал анхны өртөөгөө нөхсөний дараа манай эзэмш­лийн хувь нэмэгдэнэ гэж байсан. Гэвч одоо байгаа гэрээний дагуу Монгол Улс 30 жилийн дараа өөрийн эзэмшлээ нэмэгдүүлэх бо­ломжтой гэж байгаа шүү дээ. Энэ хугацааг наашлуулах шаардлагатай гэж УИХ-ын зарим гишүүн үзэж байгаа?
-Оюутолгойн гэрээ сайтууд дээр ил байгаа.  Маш тодорхой. 30 жилийн дараа энэ гэрээг дахин хэлэлцэнэ. Хоёр удаа сунгана. Гэрээний хугацаа 30 жил, дараа нь 20 20 жилээр хоёр удаа сунгана. Эхний сунгалт хийх үед буюу 30 жилийн дараа бид эзэмшлээ 50 хувьд хүргэх асуудлаар хэлэлцээрт орж, ярилцана гэж байгаа. Энэ асуудлыг шийдчихсэн. Үүнийг хэтэрхий хол гэж шүүмжилж байна. Та нар хэлэлцээр хий­гээд, энэ хугацааг багасгаач гэж гэрээг  шүүмжилдэг хүмүүс  ярьдаг  шүү дээ. Тэгэхээр бид­ний хувьд яг одоо байгаа гэрээнийхээ нөхцөлөөр 30 жи­лийн дараа Монголын талын хувь хэмжээ ихсэх боломжтой. Наана нь бид энэ гэрээг өөрчлөх асуудлаар байнга санал тавьж, ярилцана. Гэрээ гэдэг хоёр талаас ярьж хийгддэг зүйл учир хоёр тал тохиролцон өөрчлөлт оруулна шүү дээ. Бид сая Оюутолгой, Рио Тинто хоёртой хэлэлцээр хийсэн. Эхний ээлжинд Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаар тохиролцож, энэ үйл ажиллагаа одоо явж байгаа. Болж өгвөл цагаан сарын өмнө эцэслэхээр ажиллаж байна. Энд байгаа гол концепцийн асуудлаар хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад, баталгаажуулчихсан. Энэ дагуу маш их хэмжээний дэвшил гарч байгаа. Дээр нь нэлээд олон ойлгомжгүй байсан асуудал тодорхой болж байгааг хэлэх хэрэгтэй.
Б.МЯГМАНСАНЖ
2011 оны 1-р сарын 17, Даваа гариг
Нийгмийн толь

No comments:

Post a Comment