Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: Бодлогын нөөцийг хоёр намын амлалтыг хэрэгжүүлэхэд зориулахаар ярьж байгаа


УИХ-ын гишүүн С.Баярцогт
Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийхээр уржигдрын хуралдаанаараа шийдвэрлэжээ. Урьдчилан тооцоолсноор төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 456.2 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба цэвэр зээлийн дун 680.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж,төсвийн алдагдал 1003,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь байх аж. Төсвийн тодотголыг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газар бэлтгэж байгаа бөгөөд энэ талаар Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа. Гэхдээ энэ удаагийн ярилцлагаар олонд бараг л хүрээгүй мэдээлэл болох Ерөнхий сайдын мэдлийн бодлогын нөөцийг хөндөхийг хичээлээ. Хэдийгээр Сангийн сайд Бодлогын нөөцийг юунд зарцуулахыг танхимаараа ярьж байгаад Ерөнхий сайд шийдвэрлэнэ гэсэн боловч намуудын амлалтыг биелүүлэхэд энэ нөөцөө зарцуулах эхний санал явж байгаа гэдгийг дуулгасан юм.
-Төсвийн тодотгол өргөн барина гэдгээ Засгийн газар мэдэгдлээ. Орлого тэд, зарлага тэд гэсэн ерөнхий асуултыг хойш тавиад яг тодорхой юу шийдвэрлэхийг хэлж болох уу. Жишээ нь, Ерөнхий сайдын амласан цалин хөлсний нэмэгдлийг энэ тодотголоо шийдвэрлэх үү?
-Цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэрлэхгүй. Хуулийн дагуу гурван талт хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх учир ирэх оны төсөв дээр суулгахаар ярьж байгаа. Мэдээж хэрэг 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн зорилт байгаа учир үүнийгээ биелүүлнэ. Гэхдээ ирэх оны төсвийн хэлэлцүүлэгт оруулна.
-Ерөнхий тооцоо бол байгаа биз дээ. Цалинг тэдэн хувиар, тэтгэврийг тэдэн хувиар гэсэн тооцоог гаргасан л байгаа байх?
-Тооцоо судалгаа бидэнд хангалттай байгаа. 10 хувиар нэмбэл хэдэн төгрөгийн зардал гарах уу, гуч бол хэд вэ гээд бүгдийг нь тооцсон байгаа. Бүх аргачлалаар нь тооцсон тоо бол бэлэн. Харин энэ нэмэгдэл маань нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс болон өрхийн орлогод яаж нөлөөлөх вэ гэдгийг гурван талт хэлэлцээрээр ярьж байгаад хамгийн оновчтой хувилбарыг нь сонгодог.
-Засгийн газар яг хэдэн хувийн санал гурван талт хэлэлцээр дээр тавих юм бэ?
-Тухайн үед нь хэлэхгүй бол болохгүй л дээ. Яагаад гэвэл ийм тохиолдол өмнө нь гарч байсан. Засгийн газарт хэдэн хувиар цалин нэмнэ гээд зарлачихдаг, нөгөө хоёр тал нь эсэргүүцдэг. Тэгэхээр албан ёсоор төсвийн төслийг өргөн барих үед ярья. Ямар ч л байсан цалин тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны төсвөөр хэлэлцэх нь. Ёс зүйн хувьд урьдчилан хэлж болохгүй нь л дээ.
-Ерөнхий сайдын бодлогын нөөц гэж байдаг юм байна. Тэрнээс цалин тэтгэврийнхээ нэмэгдэлд нэг их наяд төгрөг зарцуулах нь гэж би ойлгосон. Энэ буруу байх нь уу?
-Бодлогын нөөц гэдэг нь хуулийн нэр томъёо биш л дээ. Техник талдаа 2011 оны суурь зардал гэж байгаа. Тэр зардлаа бүгдийг нь 2012 онд нэмэгдэж байгаа эх үүсвэрүүдээ ямар бодлогын арга хэмжээнд зарцуулах вэ гэдгээ тодорхойлдог. 2007 онд анх энэ бодлогын нөөц гэдгийг томъёолсон шүү  дээ.
-С.Баяр Ерөнхий сайдын үед гэсэн үг үү?
-Тийм. Анх 50 тэрбум төгрөгийг бодлогын нөөц гэж гаргаж байсан.
-Тэр мөнгийг юунд зарцуулсан юм бэ?
-Атрын III аянд зарцуулъя гээд шийдэж байсан. Иймэрхүү маягаар явж ирсэн. Одоо бол эдийн засаг нэлээд томорчихсон. Бодлогын нөөц, зорилтын арга хэмжээ бол мэдээж 2007 оноос өөрчлөгдсөн байлгүй яахав. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад дөрөв дэх жилдээ орж байна. Мөрийн хөтөлбөрөө боловсруулаад гаргаж тавихдаа ямар асуудал дээр илүү анхаарах вэ гэдэг дээр бодлогын зорилт болгож тавиад аравдугаар сарын 1 гэхэд Ерөнхий сайд зарлана. Тэгэхээр бас л түрүүлж ярьж болохгүй нь.
-2008-2010 онд бол бодлогын нөөц гэсэн юм гараагүй байна тийм үү?
-Жил болгон гаргах ёстой. Гэхдээ 2008,2009 онд бид бодлогын нөөц гаргах бололцоогүй байсан. Бүх бодлогын нөөцөө эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад зарцуулж байсан. Өнгөрсөн жилийн бодлогын нөөц арга хэмжээний зорилт юу байсан гэхээр Хүний хөгжил сангийн хамгийн том бэлэн мөнгөний эх үүсвэрийг гаргасан. 805 тэрбум төгрөг.
Монгол, Улсад хэрэгжүүлж байсан бүх нийгмийн халамжийн зардал дээрээ бид шууд 805 тэрбум төгрөг өнгөрсөн жил нэмлээ ш дээ.
Тэгэхээр бүх нөөц үүнд зарцуулагдсан. Ирэх жил энэ арга хэмжээний дүн харьцангуй буурна. Яагаад гэвэл, нийт иргэдэд олгож байгаа мөнгөний хэмжээ буурна. 805 тэрбум байсан нь ойролцоогоор 400 орчим тэрбум болж буурах жишээний. Гэхдээ нөгөө талд нэмэгдэж байгаа арга хэмжээнүүд байгаа. Жишээ нь Ерөнхийлөгчийн санаачилж батлуулсан оюутны нийгмийн халамжийн талаарх хууль байна. Энд гэхэд л 132 тэрбум төгрөг шаардагдана. Ийм нэмэгдэл зардал гарч ирж байгаа. Гэхдээ бодлогын нөөц гэдэг нь яг хуулийн нэр томъёо биш, төсөв боловсруулж байх явцад л хэрэглэж байгаа нэр томъёо шүү. Энгийнээр тайлбарлахад, 2011 оныхоо суурь төсвийн зардлын төлөвлөлт дээр 2012 онд нэмэгдэж байгаа эх үүсвэрүүдээсээ тооцоод л хэлээд байгаа юм. Энэ зөрүү их наяд орчим. Гэхдээ мэдээж нэг их наяд гээд шууд хэлэхээр их сонсогдох байх. Нийт төсвийн зардлын 20 хувьтай тэнцэх мөнгийг нөөц гэж авч үзэж болохгүй. Тэгэхээр энэ хэмжээнд нэмэлт эх үүсвэр бий болж байна. Бид асуудлаа эрэмбэлж байгаад аль асуудлаа эхэлж хэрэгжүүлэх вэ гэдгийг шийддэг аргыг л бодлогын нөөц гэж томъёолоод байгаа юм.
-Яг хуулиар бол ингэж зарцуулна гэсэн юм байхгүй юм байна шүү дээ. Хуулийн заалтгүй ийм зүйл яагаад 2007 оноос гэнэт гараад ирэв ээ?
-Яахав 2007 оноос өмнө дотооддоо ярьдаг байсан байх л даа. Харин бодлогын нөөц гэж нэрлэдэггүй байсан байх. Ер нь та бүхэн нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. 2005 оноос л манай төсөв ашигтай гарсан байхгүй юу. Өмнө нь төсвийн дутагдлыг Зөвлөлтийн тусламжаар хаадаг байсан. 2005 оноос хойш бодлогын нөөц зэргийг ярьж эхлэх нөхцөл бүрдсэн байна. Бодлогын нөөц гэдэг нь барууны улсад хэрэглэдэг нэр томъёо. Хууль дээрээ ер нь байдаггүй юм байна лээ, Энэ маягаар ярьж хэвшиж байгааг та нар түрүүлж сонсоод сонирхоод байна. Зөв л дөө.
-Миний сонссоноор бол бодлогын нөөцийг одоо л хуульчлах гээд Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар оруулж байгаа юм биш үү?
-Үгүй ээ, бодлогын нөөц Гэдэг хуульд тусгах нэр томъёо биш л гээд ойлгох хэрэгтэй. Бодлогын нөөц гэдэг төсөв өргөн барьж байгаа Засгийн газрын хувьд л дотооддоо зохицуулах асуудал. Өөрөөр хэлбэл, тухайн Засгийн газрыг удирдаж байгаа Ерөнхий сайд танхимынхаа мөрийн хөтөлбөр дээр тодорхойлсон бодлогуудаас алийг нь түлхүү анхаарах вэ гэдгээ тодорхойлж ил үү их хөрөнгө, цаг зарцуулж байгаа юмаа л хэлээд байгаа юм.
-Тэгвэл ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл дээр бодлогын нөөц хэдээр тусгагдсан бол?
-Тэрийг аравдугаар сард төсөв өргөн барихдаа хэлье,тэгэх үү. Сэтгүүлчид асуудлыг түрүүлж мэдээлэх гээд ингэж ажиллах нь зөв байх л даа. Гэхдээ Засгийн газар гэдэг танхимаараа ажилладаг зарчимтай. Манай яам төслөө бэлдэж оруулна. Засгийн газрын төвшинд шийдэгдээгүй байгаа асуудлыг түрүүлээд зарлачихаж болохгүй байна аа. Яахав, уржигдрын Засгийн газрын хурлаар ерөнхий хүрээг нь яриад тохирчихсон байгаа.
-2012 он бол сонгуулийн жил. Ерөнхий сайдын мэдлийн бодлогын нөөц сонгуулийн бэлтгэлд зарцуулагдчих вий гэсэн болгоомжлол байгаа учраас энэ сэдвийг түлхүү сонирхсон юм шүү.
-Тийм зүйл гарахгүй дээ. Яагаад гэвэл төсөв өөрөө 5.1 их наядын зардалтай,4.1 их наядын орлоготой, нэг их наядын алдагдалтай байна гээд төсвийн хүрээний мэдэгдэлд заачихсан байгаа. Бид үүнд нь тохирсон төслийг л УИХ-д өргөн барина. Тэгэхээр аль нэг намд зарцуулагдана гэсэн зүйл яригдахгүй. Харин эсрэгээрээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зорилтоор суусан зүйлүүдээс алийг нь анхаарсан жил байх вэ гэдэг нь харагдана.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэснээс танхимын сайдын хувьд хэр биелж байгаа гэж боддог вэ. Хэдхэн хоногийн дараа хамтарсан Засгийн газрын гурван жилийн ой болох гэж байна. Ялангуяа танай салбарын хувьд тавьсан зорилгынхоо хэдэн хувийг  биелүүлчихээд байгаа вэ?
-Зорилт даваад биелчихсэн гэх юм бол хүмүүс юу гэх бол... Ер нь энэ гурван жил хямралаас болоод эдийн засгийн суурь бүтцээ өөрчлөх, банк санхүүгийн системээ өөрчлөх гээд эдгээр асуудалд маш их анхаарал хандуулсан. Энэ утгаараа энэ парламентыг төсвийн тал дээр реформ хийсэн гэж үзэж байгаа. Цаг хугацаа бас биднийг шахаж байна. Олон улсын байгууллагууд биднийг буурай орноос дундаж орлоготой оронд оруулчихлаа. Дээрээс нь зөвхөн хөнгөлөлттэй зээл авдаг байснаа хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл авдаг орон боллоо. Азийн хөгжлийн банк бол зарлачихлаа.
Монгол Улс зөвхөн хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан орон байснаа 2012 оны санхүүгийн жилд хөнгөлөлттэй зээл ч авдаг, арилжааны зээл ч авдаг орон боллоо гээд. Дэлхийн банк бас үүнийг албан ёсоор зөвшөөрсөн байгаа.
Хараахан зарлаагүй байна. 2012 он гэхэд Монгол Улс бүх үзүүлэлтээрээ дээшээ гарч байгаа жил. Үүнтэй холбогдуулаад хууль эрх зүйн бүх орчноо өөрчиллөө. Энэ гурван жил манай салбарын хувьд маш эрчимтэй ажилласан жил. Сангийн сайд нь өөрөө тэгж хэлэхээр харин хүмүүс яаж хүлээж авах юм байгаа юм. Та бүхэн бас мэдэж байгаа байх. Зэсийн үнэ буурлаа гэхэд бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталчихсан . болохоор айхгүй л сууж байна шүү дээ. Энэ хууль байгаагүй бол бид өдийд толгойгоо бариад л суух байсан байх. Зэсийн үнэ 5983 болтол бид санаа зовох зүйлгүй л сууж байх бололцоог нь бүрдүүлчихлээ гэсэн үг.
-Тогтворжуулалтын санд одоо хэчнээн төгрөг хуримтлагдаад байгаа вэ?
-Би яг нарийн тоог нь шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан хуулийн дагуу илүү гарсан тохиолдолд орох мөнгө нь ороод л явж байгаа.
-Засгийн газар сайн ажиллаж байна гэж танхимынх нь сайд хэлэхэд гайхах юмгүй л дээ. Харин би бол Засгийн газрыг иргэдээ ялгаварлаж байна гэж харж байгаа...
-Яагаад?
-Яагаад би оюутан биш гэдгээрээ эх орныхоо хувь, хишгийг сүүлдэж хүртэх ёстой гэж. Эсвэл би 60 нас хүрээгүй гэдгээрээ яагаад алаг үзэгдэх ёстой гэж?
-Яг 60 наснаас дээшх иргэддээ эхэлж бэлнээр олгоно гэж шийдсэн юм байхгүй ш дээ. Одоогоор янз бүрийн аргачлалаар судалгаа явуулж байгаа. Би бол ямар нэгэн юм гарахад тооцоо судалгааг нь л гаргаж бай-гаа. Над дээр байгаа тооцоогоор 60-аас дээш настай хүмүүст өгөхөд тэдэн төгрөг гарна гэсэн юм л байгаа. Бид хоёр зүйлийг өөрсдөө сайн ойлгох ёстой. Бодит эдийн засгийн нөхцөл, зайлшгүй шийдвэрлэх асуудал гэж эрэмбэлж байгаа зүйл хоёрын учрыг сайн ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн шинжлэх ухаан гэдэг маань хүний хүсэл, хэрэгцээ хязгааргүй. Гэтэл боломж нь өөрөө хязгаарлагд-мал учир зохицуулдаг шинжлэх ухаан шүү дээ. Хүсэл бол хязгааргүй. Бидний амласан хэрэгжүүлэх гэж байгаа зорилт маань тухайн нэг жилийн дотор хэрэгжүүлбэл ямар сөрөг эерэг үр дагавар авчрах юм, харин тэрийгээ тодорхой хугацаанд хийвэл дандаа эерэг үр дүнтэй байх биш юм байгаа гээд аргачлалаа л хайж байгаа асуудал шүү дээ.
-Бас нэгэн тэтгэмжийн талаар асууя. Та дээр дурдсан оюутны тэтгэлэг. Засгийн газар журмаа хэзээ гаргах вэ. Ирэх оны эхнээс олгоно биз дээ?
-Журмаа ирэх сард багтаагаад гаргачихна. 2012 нэгдүгээр сарын нэгнээс төсөв дотор суугаад явна. 132 тэрбум төгрөг байгаа.
-"Эрдэнэс-Монгол"-ын-хон арилжааны банкнуудаас мөнгө зээлээд Хүний хөгжлийн мөнгийг тараасан тухай ярьдаг. Тэр зээл буцааж төлөгдөж дуусаж байгаа болов уу?
-Би сайн мэдэхгүй байна. "Эрдэнэс Монгол"-ынхон өөрсдөө хариулсан нь дээр байх. Би ямар үүрэг хүлээдэг гэхээр татварынханд гэхэд л чи тэдэн төгрөг төвлөрүүл гээд. Тэд үүнийгээ хийнэ. "Эрдэнэс Монгол " болохоор хуулиараа мөнгө бүрдүүлж өгөх ёстой.
Олборлолтоо явуулаад татвараа бүрдүүлж өгч болно, эсвэл урьдчилаад зарчхаад татвараа өгч болно.
Тэдний төсвийн өмнө хүлээсэн үүрэг нь тэр шүү дээ. Жишээ нь, бид Оюутолгойгоос урьдчилгаа авч байна. 2012 оноос үйл ажиллагаагаа эхлэх байж урьдчилаад татвараа өгч байгаа хэрэг. Тавантолгойг бид яг тэгж шаардаж байгаа. Баруун Цанхийн тендер дуусвал тэнд оролцож байгаа компаниудаас урьдчилгаа төлбөр ав гэж байгаа. Түүнтэй адил зүүн Цанхи бүхэлдээ үйл ажиллагаа явуулах бололцоотой байхад тохиролцоо хийгээд явахад болохгүй юмгүй.
-Өнгөрсөн зургадугаар сард татварын газраас би нэг мэдээ авч байсан юм. Тэгэхэд зүүн Цанхийн олборлолт эхлээгүй байсан. Гэтэл "Эрдэнэс Монгол" 20 гаруй тэрбумын татвар төлсөн байсан. Олборлолт явуулаагүй  байж татвар төлнө гэдэг байж болдог юм уу?
-Татварын урьдчилгаа байхгүй юу. Оюутолгой олборлолт явуулаагүй байж 250 сая долларын урьдчилгаа төлөхөд хэн ч юу ч гэхгүй л байсан биз дээ. Тавантолгой яг адилхан. Ийм юм байхгүй бол зах зээлийн нийгэм гэж алга болчихно.
-Тавантолгойн урьдчилгаа бол төсөвт ямар ч хамааралгүй тийм ээ?
-Тийм, Хүний хөгжлийн сан руу орно. Хуулиар тийм ш дээ.
-Тэгвэл хүүг нь хаанаас төлөх вэ?
-"Эрдэнэс-Монгол" л төлнө. Үйл ажиллагаанаасаа төлнө.
Нийтлэлч
С.Ононтуул
Эх сурвалж
Үндэсний шуудан
2011 оны 8-р сарын 26, Баасан гариг

No comments:

Post a Comment