Сангийн сайд С.Баярцогт өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх болсноо мэдэгдэв. Хэвлэлийн хурлын дараа түүнээс ярилцлага авлаа.
-Төсвийн орлого давж биелж байгаа гэсэн. Төсөвт тодотгол хийж энэ орлогыг бүтээн байгуулалтад, урсгал зардалд зарцуулах гэж байгаа хэрэг үү?
-Монгол
Улсын төсвийн орлого 2011 оны эхний долоон сарын байдлаар 248.8 тэрбум
төгрөгөөр давж биелсэн дүнтэй гарлаа. Энэ нь эдийн засаг хүчтэй сэргэж, аж
үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 936.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх
оны мөн үеийнхээс 87.9 тэрбум төгрөгөөр өссөн. Мөн нийт импорт энэ оны эхний
долоон сарын байдлаар 4 их наяд 489 тэрбум төгрөгт хүрч жилийн төлөвлөгөө 95
хувьтай биелж байна. Дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг авч үзэн энэ оны төсвийн
орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход төсвийн орлого 456.2 тэрбум
төгрөгөөр нэмэгдэхээр байна. Ийнхүү төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр бий болж
байгаатай холбогдуулан 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх шаардлагатай
болж байна.
-Нэмэлт орлогыг ямар зүйлд зарцуулахаар болсныг тодорхой хэлэхгүй юу?
-Төсвийн
тодотголын төсөлд төсвийн урсгал зардлыг 92.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр
тооцсон. Тодруулж хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулах
хөрөнгийг 30 тэрбум, Засгийн газрын нөөц сангийн хэмжээг 10 тэрбум, 2012 онд
олимпод оролцох баг тамирчдын бэлтгэлийг хангах үйл ажиллагааны зардлыг нэг
тэрбум, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх
арга хэмжээний зардлыг 7,3 тэрбум төгрөгөөр нэмж байгаа гэхчлэн. Мөн төсвийн
орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж
буй төсөл, арга хэмжээнд нийтдээ 288 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор нэмж
шийдвэрлэхээр тооцож байна. Ингэснээр 230 тэрбум төгрөгийн 150 барилга
байгууламжийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулж, 41 багц төхөөрөмжийг
худалдан авах боломж бүрдэнэ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн
ээлжид шаардагдах 34 тэрбум төгрөгийг тусгаж байгаа. Ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг
дэмжих 300 тэрбум төгрөгийн бондын ашиглалт гэсэн зайлшгүй нэмэгдэх зардлыг
тооцсон.
-Нэмэлт орлогыг зарцуулах учир төсвийн алдагдал өсөхгүй биз дээ?
-Үгүй
ээ. Төсөвт тодотгол хийх урьдчилсан тооцоог боловсруулахад төсвийн алдагдал ДНБ
-ий 9.9 хувьтай тэнцсэн хэвээрээ байна.
-Төсвийн тодотгол ын төслийг хэзээ УИХ-д өргөн барих вэ. Намрын чуулганаар хэлэлцэх үү эсвэл ээлжит бус хуралдаан зарлах юм болов уу?
-14
хоногийн дотор УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
-Ерөнхий сайд цалин, тэтгэврийг нэмнэ гэж амласан. Зардлыг энэ удаагийн төсвийн тодотголд тусгахгүй юмуу?
-Цалин
тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг Засгийн газар дангаараа
шийдвэрлэдэггүй. Хуулийн дагуу гурван талт хэлэлцээрийн дагуу шийдэх учир ирэх
оны төсөвт суулгахаар ярилцаж байгаа. Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа
цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн.
Тиймээс цалин, тэтгэврийг нэмнэ.
-Урьдчилсан тооцоо, судалгаа хийж байгаа байх. Цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэх бол оо?
-Би одоо
тэд гээд хэлэх боломжгүй. Цалин, тэтгэврийг тэдэн хувиар нэмэхэд хэр хэмжээний
зардал гарах, өрхийн орлого хэр нэмэгдэх гээд судалгаа, тооцоо хангалттай бий.
Хэдэн хувиар нэмэхийг гурван тал хэлэлцээрээр шийднэ ээ.
-Засгийн газар хэдэн хувиар нэмэх санал оруулах гэж байгааг сонирхож байна л даа?
-Тухайн
үед нь хэлэхгүй бол болохгүй л дээ. Яагаад гэвэл ийм тохиолдол өмнө нь гарч
байсан. Засгийн газар хэдэн хувиар цалин нэмнэ гээд зарлачихдаг. Гэтэл нөгөө
хоёр тал нь эсэргүүцдэг. Тэгэхээр албан ёсоор төсвийн төслийг өргөн барих үед
энэ талаар ярья. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны төсөв батлах үеэр
хэлэлцэх нь гэж ойлгож болно.
-Сангийн сайдаас нэг зүйлийг асуумаар санагдлаа. Манай улсын эдийн засгийн байдал ямархуу байна вэ. АНУ-д дахиад хямрал нүүрлэж болзошгүй байдал бий боллоо гэх юм. Хямрал нүүрлэхэд манай орны эдийн засаг ганхахгүй тэсэж гарах "дархлаа" хэр сууж байгаа бол оо?
-Ер нь
дэлхийд нүүрлэсэн хямралаас үүдээд сүүлийн гурван жил эдийн засгийн суурь
бүтцээ өөрчлөх, банк, санхүүгийн системээ өөрчлөх зэрэг асуудалд маш их
анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Энэ утгаараа 2008-2012 оны парламент төсвийн
тал дээр шинэчлэл хийсэн. Цаг хугацаа бас биднийг шахаж байна. Олон улсын
байгууллагууд манай улсыг буурай орны тооноос хасаж, дундаж орлоготой орон
болсон гэж зарлалаа.
Зөвхөн хөнгөлөлттэй зээл авдаг байснаа хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл авдаг орон боллоо.
Азийн
хөгжлийн банк "Монгол Улс зөвхөн хөнгөлөлттэй зээл тусламж авдаг байсан
орон байснаа 2012 оны санхүүгийн жилд хөнгөлөлттэй зээл ч, арилжааны зээл ч
авдаг орон боллоо" гээд зарласныг та бүхэн санаж байгаа байх. Дэлхийн банк
бас үүнийг албан ёсоор зөвшөөрсөн. 2012 он гэхэд Монгол Улс бүхий л
үзүүлэлтээрээ дээшилж эдийн засаг нь хүчирхэгжинэ гэж олон улсын байгууллагууд
дүгнэж байв. Үүнтэй холбогдуулаад хууль эрх зүйн орчноо ч өөрчиллөө. Энэ гурван
жилд манай салбарын хувьд маш эрчимтэй ажиллаж чадлаа. Сангийн сайд нь өөрөө
ингэж магтахаар зарим хүмүүс яаж хүлээж авахыг бүү мэд. Та бүхэн бас санаж
байгаа байх. Өмнө нь зэсийн үнэ буурахад төсвийн орлого тасалдаад сандардаг
байсан. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталж гаргасан учир үнэ
савлахад ажрахгүй, сандрахгүй сууж байна шүү дээ. Энэ хууль байгаагүй бол бид
өдийд толгойгоо бариад л сууж байгаа байх. Зэсийн үнэ 5983 ам.доллар болтол буусан
ч бид санаа зовох зүйлгүй л сууж байх бололцоог нь бүрдүүлсэн гэсэн үг.
-Тогтворжуулалтын санд одоо хэчнээн төгрөг хуримтлагдаад байгаа вэ?
-Би яг
нарийн тоог нь шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан хуулийн дагуу заасан
үнээс илүү гарсан нь энэ санд орж хуримтлал бий болж байгаа.
-Оюутнуудад тэтгэмж өгөхөөр болсон. Засгийн газар журмаа хэзээ гаргах вэ Ирэх оны эхнээс олгож эхлэхэд асуудалгүй гэж ойлгож болох уу?
-Журмыг
ирэх сардаа багтаагаад гаргачихна. 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс олгож
эхэлнэ. Төсөвт 132 тэрбум төгрөг тусгана.
Нийтлэлч
Д.Доржпагма
Эх сурвалж
Өдрийн сонин
Д.Доржпагма
Эх сурвалж
Өдрийн сонин
2011
оны 8-р сарын 26, Баасан гариг
No comments:
Post a Comment