Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Амласан л бол тэр 1.5 сая төгрөгийг өгөхөөр өөр зам байхгүй


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзаж энэ хаврын чуулганаар хэлэлцэх олон хуулиудаас иргэдийн хамгийн их сонирхож байгаа “Эх орны хишиг сангийн тухай хууль болон Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар ямар байр суурьтай байгаа талаар сонирхож цөөн асуултад хариулт авлаа.
-Эх орны хишиг сангийн тухай хуулийг хэлэлцэхээс өмнө Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх юм шиг байна. Та энэ хоёр гэрээний төслийг хэлэлцэхэд ямар байр сууринаас хандах вэ?
-Монголчууд бид энэ хоёр төслийг ярьж эхэлснээс хойш нэг л зүйлийг их сайн ойлгосон гэж би боддог. Өнгөрсөн парламентын үед энэ хоёр ордыг ашиглахаар яригдаж байх үед манай энэ хоёр ордоос ашиглах түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр оргил цэгтээ байлаа шүү дээ. Тухайн үед гэрээг хүнээр гуйлгуулж хийхэд ямар байв, өнөөдөр гуйлгуулж хийхэд ямар үр дүнд хүрэхэв гээд бодоод үзэх юм бол ойлгомжтой байна л даа. Өөрөөр хэлбэл “Гуйлгана гэдэг гайхамшиг, гуйна гэдэг гутамшиг” гэдэг үг л санагдаж байна л даа. Тийм болохоор бид энэ хоёр орд гэлтгүй ер нь ашигт малтмалтай холбоотой асуудлуудыг аль болохоор хурдан шийдвэрлэх шаардлагатай.

Өнөөдөр олон нийтийн зүгээс “энэ нөхөр луйвардах гэж байна, тэр хуйвалдах нь, одоо хэлэлцэж болохгүй гэх зэрэг олон асуудал яригдаж байна л даа. Алийн болгон бид энэ ч болохгүй, тэр ч болохгүй, хойч үедээ үлдээнэ гээд ядуу буурай чигээрээ байгаад байх юм бэ. Тэгвэл ер нь хэзээ зөв шийдвэр гарах юм бэ. Улс төрийн голлох хүчнүүд нь хамтарсан засгийн газар байгуулчихсан, хүчний харьцаа харьцангуй боломжийн байгаа энэ үедээ л энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм бол хэзээ зөв шийдвэр гарна гэж хүлээж суух болж байнаа. Тийм болохоор би ашигт малтмалын ордуудын эргэлтэд оруулах асуудлуудыг хурдавчлах ёстой гэдэг байр суурин дээр хатуу зогсож байгаа.
-Ашигт малтмалын ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг хийчихвэл “Эх орны хишиг сангийн тухай хуулийг батлахад дөхөм болох уу?
-Чуулганы завсарлагааны үеэр тойргийн иргэдтэйгээ уулзаж явахад “Эх орны хишиг сангийн тухай хуулийн талаар хүмүүс янз бүрийн хэлбэрийг санал болгож байна лээ. Тухайлбал хөгшдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар олгоё, орон сууцтай болгох, оюутны сургалтын төлбөрийг төр хариуцах, малчдын өр зээлийг дарах зэрэг янз бүрийн л санаа, хувилбарууд гарч байна лээ л дээ. Хэрвээ бид мөнгөний эх үүсвэрээ сайн гаргаж ирэх юм бол ард түмнийхээ санал хувилбаруудыг маш сайн судалж үзээд шийдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах анхан шатны суурийг тавих мөнгөний эх үүсвэрийг олчих юм бол өгөх дээрээ тулах юм бол учир нь олдох юм билээ. Би нэг их өндөр мэргэжлийн эдийн засагч биш ч гэсэн өгөхдөө заавал сая, 1,5 сая гэхгүйгээр эхний ээлжид 500.000 төгрөгийг ард иргэддээ өгчхөөд тэр чинь гадагшаа гарчихгүй дотооддоо өр ширээ дарах хэрэгцээт зүйлсээ худалдан авах зэргээр эдийн засгийн эргэлтэд ороод явчихна гэж л бодож байгаа шүү.
-Та бол МАХН-ын мөрийн хөтөлбөрийг барьж сонгогдсон хүн. Танай намын хамгийн их санал авсан хөтөлбөр бол яах аргагүй Эх орны баялгийг иргэдэд тэгш хуваарилах, иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох амлалт байсан. Энэ амлалт ямар нэгэн байдлаар биелэхгүй бол дараагийн сонгуулиар хэцүү байдалд орно гэж та боддог уу?
-Сонгогчид ялалт байгуулсан намаас мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардах нь зүй ёсны эрх. Аливаа нам ч сонгуулийн амлалтаа биелүүлэхийн төлөө л ажиллах ёстой. Түүнээсээ бултах арга байхгүй. Энэ парламентаас хамтарсан засгийн газар байгуулаад шинэчилсэн мөрийн хөтөлбөр баталсан шүү дээ. Тэр дотор иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох асуудал тусчихсан байгаа. Үүнээс ухрах зам байхгүй.

2009 оны 4-р сарын 07, Мягмар гариг
Vip76

No comments:

Post a Comment