Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Байдал хэвийн байхад ингэж улс төржиж болохгүй


Чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойргууддаа ажилласан гишүүдийн зарим нь нийслэл хотноо буцаж ирлээ. Ард иргэдтэйгээ уулзаж, богц дүүрэн захиа, даалгавартай ирсэн гишүүд ээлжит бус чуулган болон хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай олон зүйлийг энэ үед олж харсан байна.

Дархан-Уул аймагт ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзав.
-Тойрогтоо нэлээд удаан хугацаанд ажиллаад ирлээ. Аяны богцыг тань задалъя?
-Нэгдүгээр сарын 20-ноос хойш тойрогтоо ажиллаад Дархан-Уул аймгийн бүх сумдаар орж, уулзалт хийлээ. Уулзалтад нийт 1300 орчим хүн хамрагдсан. Мөн 110 гаруй хүний саналыг өөрийн биеэр сонслоо. Бичгээр ч их олон санал ирүүлсэн. Ерөнхийд нь авч үзвэл хүмүүсийн амьдрал хүндэрч байгаа талаар нэлээд бухимдангуй ярьж байсан. Аймгийн захуудаар явж байхад бараа бүтээгдэхүүний үнэ ханш 20-35 хувиар өссөн байна. Өмнө нь УИХ-ын гишүүдийг орон нутгаар явахад голдуу мөнгө төгрөг хүсэх, ажил төрөлд оруулахыг гуйх явдал их ажиглагддаг байсан бол энэ удаа эрс цөөрч, төрийн бодлого руу чиглэгдсэн олон асуулт тавьж байна.
-Тухайлбал ямар асуудал ярьж байна?
-УИХ, Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүд хэт удаан байна гэдгийг уулзсан газар бүрт хэлж байсан. Дэлхийн хямрал хурдацтай явагдаж, ард түмний амьдрал эрс дордоод байхад төр, засгийн авч хэрэгжүүлж буй  арга   хэмжээ  нь  туйлын хангалтгүй байгаад бухимдаж байна. Түүнчлэн УИХ-аас гарч буй хууль тогтоомж амьдралд нийцэхгүйгээс гадна гаргасан хуулиа ард түмэнд сурталчилж чадахгүй байгаа талаар онцолж байсан.
-УИХ, Засгийн газраас гарч буй шийдвэрүүд хэт удаан байна гэдэгтэй та санал нийлж байна уу?
-Санал нэг байна. Хямралын талаар л гэхэд аль эрт ярьж эхэлсэн боловч одоо хүртэл шийдэгдсэн зүйл алга.
-Сүүлийн үед Хонгор сумын асуудал дахин сөхөгдөх боллоо. Хүмүүс хордож байгаа тухай яригдаж байна. Газар дээр нь очиж үзэхэд байдал ямар байна вэ?
-Би Хонгор сумын 170 орчим иргэнтэй уулзалт хийсэн. Нэг ч хүн «Бид дахиад хордоод байна. Миний биеэр юм гарчихлаа. Мал хордлоо» гэж хэлээгүй. Хордлогыг одоо битгий ингэж улс төржүүлээсэй гэж би хувьдаа боддог. Ялангуяа эдийн засаг хямарсан ийм хүнд үед ингэж дэвэргээд байвал эргээд төрийн ажил хэвийн явахад муугаар нөлөөлж, ард түмний амьдралд сөрөг үр дагавар авч ирнэ.
-Хордлогын асуудлаар Хонгор сумынхан хоёр хуваагдаад байгаа юм биш үү. Нэг хэсэг нь «Зүгээр байгаа» гээд, нөгөө хэсэг нь «Хордсон» гээд байдаг?
-Хонгор сумынхан хоёр хуваагдаад сүйд болсон юм огт байхгүй. Үнэхээр өвдөөд хордоод байвал «Чи зүгээр байж бай» гэж хэлэх эмч мэдээж байхгүй. Үүнийг ганцхан Хаянхярваа гэдэг хүн хэлээд байгаа юм биш. Олон улсын эрүүл мэндийн байгууллагын хөндлөнгийн шинжээчид ирээд бүх зүйлийг хэлээд явсан. Байдал хэвийн түвшинд шилжсэн байхад ингэж болохгүй. Зөвхөн Хаянхярвааг хамгаалж, сумын хэдэн даргыг өмгөөлөхийн тулд би үхсэн ч яахав гэх тэнэг бодолтой хүн байхгүй шүү дээ.

Мэдээж хэрэг дахин хордсон асуудал хэрэв үнэн бол би Хонгор суманд дахин очиж иргэдээс тодруулна.
-Орон нутгийн иргэд, тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд зээлийн хөрөнгөөр бизнес эрхлээд сурчихсан болохоор банкнуудын зээл зогсож, тэд ч эргэлтийн эх үүсвэргүй болж байгаа талаар сонсогдож байна. Дархан-Уул аймагт ийм байдал хэр ажиглагдав?
-Тийм юм. Арилжаа, бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж буй талаар уулзалт хийсэн газар бүрт олон хүн мэдээлсэн. Тухайлбал Хонгор сумын иргэн «Хас» банкнаас зээл аваад бизнес эрхэлж байгаад зээлээ төлж, дахин зээл авах гэхэд «Зээл өгөхгүй» гэсэн гэж байна.

Энэ талаар аймгийн удирдлагуудтай уулзахад «Сумдад зээл олгохгүй» гэж байлаа. Энэ мэтчилэн банкны үйл ажиллагаанд Засгийн газрын зүгээс болон Монгол банкны зүгээс хяналт тавьж, дор хаяж жижиг бизнесээ эргэлтэд оруулахгүй бол ард түмний амьдралд маш муугаар нөлөөлж байна. Мөн тэтгэврийн зээл авчихсан малчдын байдал их хүнд байгаа юм. Малчид малаа барьцаалж зээл авдаг болохоор малын гаралтай түүхий эдийн үнийн уналт тэдэнд маш хүнд цохилт болжээ. Тийм учраас зээлийн хугацааг сунгаж өгөх талаар нэлээд их дэмжлэг хүсэж байна.
2009 оны 2-р сарын 10, Мягмар гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment