Tuesday, 1 May 2012

Д.Хаянхярваа: Хичнээн ядарсан ч гэсэн миний сэтгэлийг ялж гараад байгаа Дархан луугаа яараад л байдаг


УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Дарханчууд маань аймгийн Засаг дарга гэдгээр нь сайн мэднэ. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон ажиллаж эхэлснээс хойш түүний юу амжуулж, юу хийхээр төлөвлөж байгаа талаар нь манай сонины сурвалжлагч асууж ярилцлаа.
-Аймгийн Засаг даргаар олон жил ажилласан та УИХ-ын гишүүн болсноор таны ажилд ямар өөрчлөлт гарсан болоо?
-Мэдээж хувь хүн талаасаа би юу гэж өөрчлөгдөхөв. Хаян гэдэг хүн Хаянгаараа л байна. Харин ажлын тал дээр гэвэл гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан болохоор хууль тогтоох байгууллагад шилжин ажиллахад эхний удаад Монгол улсын хууль тогтоомжуудыг урьдаас илүү уншиж судлах, улс орны хэмжээний олон талын мэдээлэл цуглуулах гээд хүндхэн ажлууд их байна шүү дээ.
-Сонгогдсон тойрогтойгоо холбоотой ажлыг амжуулах тал дээр хэр байна вэ? Ер нь сүүлийн үед ямар ажил амжуулаад байна вэ?
-Төрийн түшээ болсны хувьд дан ганц өөрийн сонгогдсон тойрог гэхээс илүү асуудлын аль нь илүү чухал вэ, ямар асуудал нь Монголын ард түмний аж амьдралд хэрэгтэй шийдвэр болж чадах вэ? гэдэг байр суурьнаас асуудалд хандаж ажиллахыг хүчээж байна. Мэдээж Дархан-Уул аймагтай холбоотой асуудлууд бол нэн тэргүүнд шийдэхийг зорьж байгаа. Дархнаас сонгогдсон Л.Гансүх, Ж.Сүхбаатар гишүүн бид гурав ярьж хөөцөлдөж байгаад тэрбум 600 сая төгрөгийг Дарханд зам тавих, засварлах ажлыг хийхээр болсон. Зам засварын ажил одоо хийгдээд явж байгаа байх аа.
Хөрөнгө оруулалтыг бид аль болох үр өгөөжөө өгөх талаас нь харж  хандах ёстой. Арай гэж хэдэн сая төгрөгийн асуудлыг шийдүүлчихээд тэр мөнгөө энд ч нэг халуун ус, энд ч нэг хүүхдийн тоглоом гээд жижиг сажиг юманд хувааж зарцуулаад байвал хөрөнгө оруулалтын ашиг гэж гарахгүй болов уу гэж би хувьдаа боддог юм. Тэр ч утгаараа хөрөнгө оруулалтанд илүү анхаарлаа хандуулж байна.
Дарханд Нефт боловсруулах үйлдвэр барих асуудлаар хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлснийг та бүхэн мэднэ. Энэ асуудлаар Намжим гэж доктортой хамтран эрчимтэй хөөцөлдсөний хүчинд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгасан. Одоо ч Намжим гуайтай байнга холбоотой байж аль болох манайх руу чиглүүлчих юм юу байна гэдэг талаас нь анхаарч байна.
Мөн ХХААЯ-ны хүрээнд хэрэгжиж байгаа жижиг дунд үйлдвэрлэл, малчид тариаланчид руу хандсан төсөл хөтөлбөрүүдээс Дархан руу ганц нэг төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа.
-Дарханд Үйлдвэрлэл технологийн парк байгуулна гэж олон жил яригдаж байгаа шүү дээ. Энэ асуудал ямар шатанд явж байна вэ?
-Би энэ асуудлаар УИХ дээр өөрийнхөө байр суурийг хэд хэдэн удаа илэрхийлсэн. Байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Ер нь Монгол улсад миний мэдэхийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулна гэдэг асуудлыг сүүлийн 17,18 жил тасралтгүй ярьж байна.

Дарханд Үйлдвэрлэл технологийн парк байгуулах үндэс суурь нь ч тавигдаад удлаа. ҮТП-ын конторын барилга худалдаж авсан байгаа шүү дээ. Үүн дээр би нэлээн шүүмжлэлтэй хандаж ярьсан л даа. Ашиглаж болохоо больсон байшинг авах гэх мэтээр, тодорхой үр ашиг багатай зүйлд хөрөнгө зараад байх юм бол тэр аж үйлдвэрийн парк барина гэдэг үлгэр болох юм бишүү гэдэг талаас нь анхааруулж сануулвал ажилд ахиц гарах болов уу гэсэн үүднээс хандаж байгаа.
-Та Дархандаа ойр ойрхон очиж чадаж байна уу? Зарим сонгогчид гишүүд тойрогтоо ирж ажиллахгүй байна гэж гомдолдог шүү дээ. Танд ийм гомдол хэр их ирж байна?
-Надад ийм гомдол ерөөсөө ирээгүй. Би ер нь сонгогдсоноосоо хойш Дарханд ирээгүй долоо хоног гэж байгаа юу гэвэл үндсэндээ байхгүй. Хэвлэл мэдээллийн та нар ч үүнийг мэдэж байгаа байхаа.
Улаанбаатарт дасаж идээшиж Улаанбаатарын хүн болоход нэлээд хугацаа шаардагдах юм шиг байна шүү.
-УИХ-ын гишүүн болоод бараг жил боллоо. Та аймгийн засаг дарга байхдаа бүтээн байгуулалтын нэлээд олон ажлуудыг хийж бүтээсэн. Таныг явснаас хойш Дархан хот өөрчлөгдөж байна уу?
- Мэдээж өөрчлөлт шинэчлэлт гаралгүй яахав. Гэхдээ нэг жил гэдэг тиймч их хугацаа биш шүү дээ. Нөгөө талаасаа улс орны эдийн засаг бүхэлдээ хүндхэн байна. Тиймээс ард түмэн ч үүнийг зөв ойлгох учиртай. Урьд нь бүтээн байгуулалт хийгээд яваад байсан одоо зогсчихлоо ч гэдэг утгаар хандах юм бол буруу ойлголт болно. Гэхдээ аймаг орон нутгийн удирдлагууд нэг зүйл дээр сайн анхаарах хэрэгтэй. Аливаа юмыг бүтээхэд нэн түрүүнд зохион байгуулалтын асуудал байдаг. Зөв зохион байгуулж эх үүсвэрээ зөв шийдэж чадах юм бол ажил бүтэх нь хялбар байдаг. Хоёрдугаарт заавал их мөнгөөр гоё юм хийнэ гэж бодож сэтгээд байж болохгүй. Бага мөнгөөр ч гоё юм хийж болдог гэсэн тэр ойлголтоор харж хандаж чадах юм бол бага гэлгүй юм хийгээд өөрийнхөө хийж бүтээх гэж байгаа зүйлийг ард иргэдийнхээ сэтгэл санаа руу чиглүүлж, аж ахуйн нэгж хувь хүмүүстэйгээ хамтраад ажиллах хэрэгтэй. Энэ хямрал мэдээж мөнх биш шүү дээ.
-Цаашид хэрвээ бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж хийе гэвэл та яг юу хийе гэж бодож байна вэ?
- Дарханы гол гол замуудыг засварлаж бүрэн дуусгах ёстой. Хоёрдугаарт бидний олон жил ярьсан дээврийн засвар байна. Дарханыхаа хэдэн байшингийн дээврийг засаж дуусган тэнд амьдарч байгаа иргэдийнхээ тав тухыг алдагдуулахгүй болгох хэрэгтэй. Мөн би аймгийн Засаг даргатай ярилцсан. “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд жил жилд бага ч гэсэн зүйлийг нэмж хийж өөрчлөлт гаргаж байх ёстой гэж. Хийж хэрэгжүүлэхээр бодож санасан зүйл ч их бий. Би энэ жил хот байгуулагдсан өдрөөр “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн” гэдэг санг байгуулж энэ ажилд Дарханчуудаа уриалах бэлтгэл ажлыг хангаж байна. Хөрөнгө мөнгөний асуудал хүнд байдаг учир яаж тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулж болох талаар бодож төлөвлөж байгаа бага сага санаа бий.
-Таныг Засаг дарга байх үед шинээр спортын ордон барих талаар нэлээд эрчимтэй яригдаж байсан. Энэ ажлын мөнгийг нэлээд хөөцөлдөж байсан шүү дээ. Энэ асуудлаа орхисон уу эсвэл бодоод явж байна уу?
-Энэ асуудал одоо ч анхаарлын төвд хэвээр байгаа. Сангийн сайдтай ярилцсан юм бий. Спортын цогцолборыг Дарханд барих хэрэгтэй гэдэг дээр Сангийн сайд санал нэгтэй байгаа. Энэ ажлыг орхиогүй ээ. Санхүүгийн хямрал хаашаа эргэхнэв, ямарч байсан ирэх жилээс эхлүүлэх байхаа.
-Та аймгийн удирлагуудтай хэр холбоотой ажиллаж байна вэ?
-Холбоотой байлгүй яахав. Уулзана, байнга утсаар ярьж асууж лавлана. Дарханд явж байхдаа би даргын хувиар биш энгийн иргэний хувиар уулзаж ярьдаг л даа. Энд ийм юм хийвэл яах вэ, ингэж өөрчлөвөл зүгээр юм уу гээд. Урьд нь хийж ирсэн ажлыг шууд өөрөөсөө салгахад их хэцүү юм. Дарханд яваад ороход ганц, хоёр, гэрэл асаагүй байсан ч, зам нь энхэл донхол болчихсон байсан ч, нэг газар хог шороогоо илүү хаячихсан байсан ч сэтгэл зовниж хэлж ярьж л явдаг. Хөөе нөгөө мал чинь болохоо байж гээд л Цэндсүрэнд утасдаж хэлэх жишээтэй. Миний хэлж байгаа зүйлийг ч манай удирдлагууд их сайхан хүлээж авдаг. Яагаад гэвэл би тэдэнтэйгээ цуг ажиллаж байсан нэг багийнхан, нөгөө талаараа бид нэг үеийн найзууд шүү дээ.
-Таны бодлоор Дарханд тулгамдаад байгаа ямар бэрхшээл байна вэ?
-Дарханы хамгийн том бэрхшээл бол ажилгүйдэл. Ажлын байр бий болгох талаар сүүлийн үед би зөвхөн Дарханд биш бүсийн тулгуур төвүүдэд хандуулж ярьж байгаа л даа. Бүсийн тулгуур төвүүдэд эдийн засгийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хөнгөлттэй нөхцлийг олгож өгье гэж. Миний энэ санаа юу вэ гэхээр хамгийн гол нь бид өнөөдөр Дарханд нэг ч үйлдвэр барихгүй ажилгүйдэл ядуурал гээд яриад яваад байж болно. Харин үйлдвэрлэл үйлчилгээг нь бариад 4 юмуу таван жил татвараас чөлөөлж өгөөд тэнд байгаа хүмүүсийг ажлын байртай болгох боломж байгаа шүү дээ. Монголын ядуу байгаад байгаагийн зовлон юу вэ гэхээр ажлын байр бий болгох нөхцөлийг бид бүрдүүлж чадахгүй байна. Ажилтай болвол хүмүүсийн сэтгэл санаа тайвширч нийгмийн дэг журам, гэмт хэрэг намжаад эхэлнэ, тодорхой хэмжээний мөнгө эргэлтэнд ороод эхэлнэ. Мөнгөний эргэлт хурдасна гэдэг чинь төсвийн орлого нэмэгдэж хөгжлийн томоохон төслүүлэд мөнгө гаргах боломж нэмэгдэнэ гэсэн үг биз дээ.
-Ажилгүйдэл ядуурлыг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэх янз бүрийн зээл тусламжууд их байгаад байна л даа. Үүнийг Дархан руу татах тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Дарханд энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 900 орчим сая төгрөгийн зээл олгогдох ёстой. 350 сая нь Шарын голд утаагүй түлш хийх чиглэлээр олгогдоод явж байгаа байх. Тэгээд цааш цаашдаа төслүүд хэрэгжээд явах байх.
-Та аймгийн даргын ажлаа хүлээлгэж өгөх үеэр төрийн албан хаагчдад зориулж нэлээд өргөн утга агуулгатай үг хэлж байсан шүү дээ. Энэ үгээ сонины хуудсаар дамжуулаад дахиад хэлэх боломж бий юу?
-Аймгийн даргаар ажиллаж байсан хугацааны сүүлийн дөрвөн жилд их боддог байсан л даа. Би 2008 онд УИХ-д өрсөлдөөд үзнэ. Хэрэв ялчихвал мэдээж цааш ажиллаад явна. Харин ялагдвал би дахиж аймгийн Засаг дарга болно гэж ярих утгагүй юм. Ямар ч байсан аймгийн даргын ажлыг өгөх учраас төрийн албан хаагчдад хандаж олон жил ажилласан хүний хувьд, өөрийн сэтгэлийн үгээ хэлэх ёстой гэсэн бодолтой явдаг байсан. Тэр ч утгаараа 2006 оноос эхлээд өөрийн гар утас, тэмдэглэлийн дэвтэртээ санаагаа бичээд л явдаг байсан. Яг ажлаа өгөхдөө хэлсэн үг бий л дээ. Яахав дахиж сонордуулж болох юмаа гэвэл хэвлэлийн хуудсаа дамжуулж дахин хэлж болох юм. Тэр үгийн гол санаа нь ажил хийвэл хүн яаж ажиллаж явах ёстой юм бэ, хүний амьдрал ер нь юунаас хамаарч сайн муу байдаг юм бэ, хүн юу бодож санаж явах юм бол ажил үйлс нь бүтэж цаашдаа бид нар ямар юман дээр анхаарч ажиллах ёстой вэ гэсэн санаануудыг агуулж хэлсэн үг байдаг юм л даа. Миний бодолд л байдаг зүүлээ бичсэн.
-Бид хоёрын энэ ярилцлага наадмын өмнөхөн гарна. Та хаана наадамлах вэ?
-Би ямар ч баяраар Дарханд л байгаа шүү дээ. Мартын 8-д ч тэр, Шинэ жилээр ч тэр. Наадмаар ч гэсэн мэдээж би Дархандаа л байна. Наадмын эхний өдөр наадмын талбайгаар явах байх. Ганц нэг гэр бүлийн найзуудтайгаа хөдөө гарах бодолтой байна. Аймгийн дарга байхдаа стадион хүнтэй ч бай хүнгүй ч бай стадионы индэр сахиад л суудаг байлаа шүү дээ. Харин энэ жил нэлээд сул чөлөөтэй байх нь гээд баярлаад байгаа. Аймгийн даргадаа “Би энэ жил бараг шорттой наадмын талбайгаар тэнэнэ. Одоо та нар үүргээ биелүүлж тэр индэр дээр суугаарай” гэж тоглож хэлсэн. Бодоод байсан би сүүлийн арав гарван цагаан сар, наадмаар гэртээ айлын аав шиг сууж үзээгүй юм билээ.
-Та тэгэхээр энэ жилийн наадмаар дээл өмсөхгүйнээ?
-Энэ жил өмсөхгүй. Манай үндэсний хувцас сайхан л даа. Гэхдээ халуун нартай өдөр арай хөнгөн хувцасласан байх нь амар.
-Долоо хоног бүр Дархан Улаанбаатарын хооронд явахаар ядарч байна уу?
-Надад бол ядраад байгаа юм бол алга. Сүүлийн үед Их хурал маш ачаалалтай ажиллааад халуунд ийш тийшээ яваад байхаар жаахан тиймэрхүү л байх юм. Хичнээн ядарсан ч гэсэн миний сэтгэлийг ялж гараад байгаа Дарханлуугаа яараад л байдаг юм.
-Дарханд элэгтэй ч гэсэн долоо хоног бүр нааш цааш явахад төвөгтэй л дөө. Таны гэр бүл Дарханд байсаар байгаа юу?
-УИХ-ын гишүүн болсны дараа бид гэр бүлээрээ Улаанбаатарт ирээд гурав дөрвөн сар болсон. Миний боддог зүйл гэвэл хүн чаддаг зүйлээ л хийх ёстой. Бид хоёр зөвлөлдөөд хуучин ажилдаа эргэн ороё гэж шийдсэн. Хуучин ажлынхан ч сайхан хүлээж авсан. Дарханы Чингис хаан банкны хамт олон их эвсэг залуус байдаг юм. Тийм ч учир манай хүн өөрөө тэндээ ажиллах дуртай явсан. Бид хоёр сэтгэл хангалуун байгаа. Манай хүүхдүүд хэлдэг л дээ. Аав ээж хоёр тусдаа байх нь тиймхэн биш үү гэж. Харин би “Аав ээж хоёр нь Дарханаас хэзээ ч холдож чадахгүй, аавынх нь алба дуусвал Дархан руугаа явна. Тийм учраас Дархан энэ хоёрын хооронд явахад хол биш байнаа” гэж хэлдэг юм.
-Гэр бүлийн хүн хол байхад ар гэрийн ажил хэцүү шүү дээ. Та энэ байдалд дасаж байна уу?
-Үгүй яахав. Хоол ундны хувьд Дарханчууд маань миний олон ярилцлагаас уншиж мэдэж байгаа байх. Намайг дагаж явдаг бурхан шиг миний эмээ байгаа. Миний бүх зүйлийг хийгээд л байж байгаа. Угаасаа Дарханд байхаас л манай гэр бүлийн хүн бид хоёр ар гэрийн ажилдаа санаа зовохгүй ажлаа хийдэг байсан. Харин хувцасыг угааж цэвэрлэх, индүүдэх ажлыг бол эхнэр бүгдийг хийдэг. Одоо бол нэг очихдоо л ажлын өдрүүдэд өмсөх цамц хувцсаа бэлдүүлээд авчихдаг юм. Орчинтойгоо зохицож л байна.
-Гэр бүлийн талаар ярьсан дээрээ асуумаар санагдлаа. Танай хүүхдүүд хаана суралцаж байгаа вэ?
-Том хүү маань түмний л хүүхдийн адил Англи руу хараар гарсан. Очоод хоёр жил гаран болж байна. Нэг Итали гуанзанд тогооч хийдэг гэсэн. Миний хүү байсхийгээд л утсаар ярьдаг юм. “Ааваа би гоё хоол хийж сурч байна. Удахгүй тушаал ахих байхаа. Би цаашдаа энэ чиглэлээрээ л ажилламаар байна” гээд л. Хүү маань надад “Нэгэнт би энд ном эрдэм сураад явахад хэцүү юм байна. Миний чадах юм бол хоол хийх. Энэ чиглэлээр илүү сайн сураад ажиллавал үр дүнд хүрэхээр байна” гэж хэлэхэд би их баярласан. Би ч хүүдээ нэгэнт өөрөө сонгож байгаа бол сайн хийж сураарай гэж захисан. Чаддаг юмаа хийгээд явахад хаана ч илүү амьдрах бололцоотой шүү дээ. Гэдгийг л би хүүхдүүдээ хэлдэг.
Хоёр дахь охин маань Японд Ази номхон далайн их сургуульд сурдаг. Ирэх жил 2 сард бакалавраар төгсөнө. Дараагийн хүү маань Хятадад энэ жил Шанхайн Санхүүгийн их сургуульд нэгдүгээр курс төгсөөд саяхан амралтаараа ирсэн. Бага хүү Улаанбаатарт дунд сургуульд сурдаг.
-Өвөө эмээ болох ойртож байна уу?
-Арай болоогүй болов уу? Гэж бодож байна.
-Дарханчууддаа хандаад баяр наадмын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Дархан-Уул аймгийнхаа ард түмэнд үндэсний их баяр наадмын 88 жилийн ойн мэнд хүргэе. Манай Дарханы ард түмэн их өөдрөг сайхан ард түмэн. Дархан маань ч Монголын өнцөг булан бүрээс ирж итгэл сэтгэлээрээ ажилласан олон арван залуучуудыг нэгтгэж аливаа ажил төрөлд сургаж байдаг ийм л сайхан хот. Тиймээс Дарханы ард түмэндээ эрүүл энх аз жаргалыг хүсч байна. Энэ хотын иргэн бүр Дархан гэсэн энэ нэрийг хайрлаж хүндэтгэж, би Дарханых гэдэг нэг онцлогтойгоор хаана ч гэсэн бахархаж явах ийм сэтгэлээр ажил төрлөө хийж хичээн явах юм бол үйлс чинь их бүтэмжтэй байх болно шүү гэж Дарханчууддаа наадмын өмнө хэлье дээ. Та бүхэн сайхан наадаарай.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
А.Батзаяа
2009 оны 7-р сарын 05, Ням гариг
 Vip76

No comments:

Post a Comment