Wednesday, 9 May 2012

С.Баярцогт: 2010 оны төсвийг батлахад үнэхээр хүнд байсан


Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн эцсийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг бямба гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа. Төсвийн талаар Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодруулсан юм.
-Ирэх оны төсвийг батлах явцад гарсан зовлон, жаргалаас яриагаа эхлэх үү?
-2010 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. Энэ удаагийн төсвийн төсөл дээр ажиллахад өмнөх жилүүдийнхээс үнэхээр хүнд байсан. Учир нь хэлэлцүүлгийн явцад төсвийн гол бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын хөгжүүлэх сангийн тухай хуулийг хүчингүй болгосон. Ингэснээр 2010 оны өргөн барьсан төсвийн төслийг буцаан татсан. Харин уг сангийн оронд Хүний хөгжлийн санг шинээр байгуулж, төсвийн гол бүрэлдэхүүн хэсэг болгосон. Тиймээс төсвийн гурван хэлэлцүүлгийн хооронд зохицуулалт хийж, маш шахуу ажилласан.
-Төсвийн нийт орлого, зарлагын талаар тодруулна уу?
-Төсвийг бэлтгэж, батлуулах ажил бэрхшээлтэй байсан ч нийт орлогын хэмжээ 2.3, зарлага 2.8 их наяд болж байна. Түүнчлэн төсвийн алдагдал 358.6 тэрбумд хүрлээ. Харин хөрөнгө оруулалтын хувьд, хамгийн өндөр өсөлттэй жилүүдийн төвшинд хүрэхээр байгаа.
-Орон нутгийн төсвийг хэлэлцэх үеэр нэлээд хэл ам гарч байсан. Холбогдох мэргэжилтнүүдийн тооцоолж байснаас хөрөнгө оруулалтын хэмжээ хэр өөрчлөгдсөн бол?
-Ер нь тооцоолж байсан хэмжээнээс буураагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин ч энэ удаагийн төсөвт хөдөө, орон нутагт тусгасан хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүдийнхээс улам нэмэгдсэн. Гэхдээ аймаг аймгийн онцлогоос шалтгаалан ямар хэмжээгээр нэмсэн гэдэг нь тодорхой. Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, бидний олон жилийн турш ярьсан орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн ажил боллоо гэж бодож байна. Учир нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга нарын багцад нэгээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн гишүүдийн зүгээс жил бүр шүүмжилдэг байсан нэг ажил бол багцаар нь баталчихаад дараа нь сайд нарын тушаалаар хөрөнгө оруулалтын задаргаа хийдэг явдал юм. Үүнийг гишүүд Монгол Улсын төсвийн тухай хуулийн тодорхой агуулгыг зөрчиж байна хэмээн үздэг байсан. Харин энэ удаагийн төсвөөр үүнийг өөрчилсөн. Мөн Ерөнхийлөгч ч гэсэн төсвийн хөрөнгө оруулалтыг зүйл, заалтын дагуу батлах ёстойг анхааруулсаны дагуу энэ жилийн хувьд, хөрөнгө оруулалтыг зүйл, заалтын жагсаалтаар нь баталлаа.
-Нийгмийн халамжийн бүтэц нүсэр боллоо гэх шүүмж сүүлийн тав гаруй жил гарах болсон. Энэ удаагийн төсөвт реформ хийсэн үү?
-Нийгмийн бодлогын реформ хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь манай улсад их хэмжээний нийгмийн халамжийн үйлчилгээг авах ёсгүй хүмүүс буюу зорилтот бүлгээс гадуур хүртэх хүн олон байна. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудаас ч шүүмж их гарах болсон. Тиймээс Хүний хөгжил сан бий болсонтой холбогдуулан 40 төрлийн арга хэмжээг үе шаттайгаар нийгмийн халамжаас алга болгох ажил өрнүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ ажлыг 2011 -2012 онд төсвийн жилүүдэд хийж гүйцэтгэнэ. Ер нь бол тэртээ, тэргүй уг сангаас нийт иргэддээ тодорхой зорилго, зорилттойгоор бэлэн мөнгө олгож байгаа учраас иргэд өөрсдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөрийг зохицуулах боломжтой болж байгаа юм. Тэр ч бүү хэл, орон сууц болоод сургалтын төлбөрөө хийх боломжийг иргэдэд төр засгаас нэмэгдүүлж байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, тухайн өрхийн орлогын эх үүсвэрийг шууд нэмэгдүүлж буй учраас нийгмийн халамжийг үнэхээр хэрэгцээтэй байгаа хүмүүст нь хүргэе гэсэн байр сууриар асуудалд хандсан байгаа. Тиймдээ ч энэ асуудлын эхлэл шинэчлэлийн суурийг ирэх оны төсвийн төсөлд тусгасан, тавьсан. Тэгээд ч тодорхой хэмжээний реформыг эхлүүлсэн төсөл боллоо гэж хэлэх байна.
-Хөрөнгө оруулалтын хувьд хоёр тусдаа асуудал яваад байх шиг. Энэ талаар тодруулна уу?
-Бид анх төсвийн хөрөнгө оруулалтыг 452 тэрбум төгрөг гэж УИХ-д өргөн барьж байсан. Дараа нь хэлэлцүүлгийн явцад төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах тал дээр нэлээд ярилцсан. Ингээд нийт дөрвөн хэлэлцүүлгийн үр дүнд 132 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болсон. Тодруулбал, төсвийн орлого талдаа нийт 116 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд шилжүүлж, зохицуулах зайлшгүй шаардлагатай хэд хэдэн асуудал гарч ирсэн. Ингээд төсвийн төсөл дотроо зохицуулалт хийж 230 тэрбум төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр төсвөөс гаргасан. Түүнчлэн УИХ-д "Шинэ Улаанбаатар" гэдэг төв хороо байгуулсан. Энэ хороо нь нийслэлд тулгамдсан асуудал буюу утаа, зам, эрчим хүч гэх мэт зүйлүүдийг шийдвэрлэх юм. Тиймээс үүнтэй холбогдуулан хөтөлбөр боловсруулан yг арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд төсвөөс 30 тэрбум төгрөг гаргахаар болсон. Харин хөдөө, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөгийг аймгийн ерөнхийлөн захирагч нарын мэдэлд шилжүүлсэн.
-Гишүүдийн багцад нэг тэрбум төгрөг тусгасан. Энэ мөнгийг ямар журмаар, яаж зарцуулах вэ?
-Энэ мөнгийг гишүүдийн гэж нэрлэн ташаа ойлголт яваад байгаа. Өөрөөр хэлбэл, гишүүн тус бүрт мөнгө олгогдож байгаа хэлбэр биш. Харин гишүүдийн оролцоотойгоор тойрог тус бүрт хөрөнгө оруулалт хийгдэж буй явдал юм. Энд нэг зүйлийг тодруулахад, гишүүд уг мөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ сонгогчдынхоо санал болгож байсан асуудалд оруулж байгаа юм билээ. Жишээ нь, нэлээд олон гишүүн тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд тусгасан харагдсан. Мөн шинэ сургууль, цэцэрлэг, спортын заал барихад багагүй хувийг нь зарцуулахаар төсөвлөсөн байна лээ. Тэгээд ч тухайн аймагт хийгдэх ажлын жагсаалтууд гарсан байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу, иргэд үүнийг үзэж болно.
-Хаанаас харж болох вэ?
-Манай яамны вэб сайтад тавигдах болно.
-Төрийн байгууллагуудын зарлагын хувьд, өмнөх жилүүдэд нэлээд өртэй ажилласан. Энэ асуудлыг ирэх оны төсвөөр цэгцэлж чадах болов уу?
-Ирэх оны төсвийг 2009 онтой харьцуулахад, асуудал гарахгүй байх гэж бодож байна. Учир нь өнгөрөгч онд хоёр удаа төсвийн тодотгол хийхдээ анх өргөн барьсан төслөөсөө 15-30 хувиар тодорхой урсгал зардлуудыг бууруулсан. Үүний үр дүнд оны эцэс гэхэд төрийн байгууллагуудад өр ширний асуудал үүсч, үйл ажиллагаанд нь хүндрэл гарсан. Тиймээс энэ удаагийн төсөвт 15-30 хувийн урсгал зардлуудыг нь сэргээж тавьж, өгөөд байна.
-Бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт буурч байгаа нь илт мэдэгдэх болсон. Тиймээс тэтгэвэр, тэтгэмжийн хувь хэмжээг нэмэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсан нь тодорхой. Энэ асуудал яагаад сөхөгдсөнгүй вэ?
-2010 оны улсын нэгдсэн төсөвт энэ талаар нэг ч төгрөг тус-гаагүй. Гэхдээ Хүний хөгжил сангаар дамжуулан өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр холбогдох ажлуудыг шат дараалалтайгаар тусгасан байгаа.
О.Сэлэнгэ
2009 оны 11-р сарын 30, Даваа гариг
 Vip76

No comments:

Post a Comment