Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:2012 оны төсөв муу болох магадлал өндөр байна


2012 оны төсвийн хэлэлцүүлгийг УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар ид яригдаж байгаа энэ үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн байр суурийг сонирхлоо. Тэрбээр өнөөдөр эдийн засгийн бус улс төрийн халалт давамгайлчхаад байна гэдгийг анхааруулсан юм.
-2012 оны төсвийг зарлага ихтэй болох нь гэх шүүмжлэл бий. Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ талаар ямар байр суурьтай байна. Танай байнгын хороо ирэх жилийн төсөвт ямар бодлого барьж байгаа вэ?
-2012 оны төсөвт УИХ-ын гишүүд их шүүмжлэлтэй хандаж байна. Төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн. Бүх Байнгын хороогоор нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдсэн гэдгийг та бүхэн мэдэх байх. Өнөөдөр төсөв их хэмжээгээр нэмэгдээд, 2011 оныхоос зардал нь хоёр дахин өсөж хоёр их наяд хүрлээ. Ийм их хэмжээний зардалтай, тэлэлттэй төсвийн орлого тал нь хэр баталгаатай вэ гэдэг нь эмзэг асуудал. Нөгөө талаар манай төсөв эдийн засгийн халалт үүсгэлээ гэж олон улсын байгууллагууд болон эдийн засагчид үзэж байгаа.
Их зардалтай данхар төсөв цаашдаа инфляцийг хөөрөгдөж, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах эсэх талаар нэлээд ярьж байна.
Тийм болохоор Төсвийн байнгын хорооноос гаргасан хүсэлтийн дагуу УИХ-д суудалтай намын бүлгүүд ажлын хэсэг байгууллаа. Өчигдөр Байнгын хороо төсөв дагалдах хуулиудын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад энэ ажлын хэсгүүдэд тодорхой санамж агуулсан бичиг илгээе гэж ярьсан. Энэ дагуу өнөөдөр албан бичгээ хүргүүлж байна. Үүнд, нэгдүгээрт, Засгийн газрын оруулж ирсэн төсвийг нэмэхгүй байх, хоёрдугаарт, үр ашиг багатай конторын барилга, томилолт, бичиг хэргийн зардлыг бууруулах, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиг талаас нь эрэмблээд дотор нь жижиглэхгүй байх зэрэг асуудлыг хөндөж ярилцаж байна. Мөн ашигт малтмалын тэр дундаа зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж магадгүйг ОУВС болон бусад байгууллага анхааруулж байгаатай холбогдуулан төсвийн хүрээний мэдэгдэл дотроо үнийг зөв тооцож байна уу гэдгийг хянах талаар ажлын хэсгүүдэд өгсөн албан бичигт тусгагдсан.
-2012 оны төсвийг дагалдаад татвартай холбоотой нэлээд олон хуульд өөрчлөлт орно гэсэн. Ямар хуулиудад өөрчлөлт орох бол?
-Төсөв батлах үед дагалдаж хуулиудад өөрчлөлт ордог. Энэ удаад Аж ахуйн нэгжийн татвар, Онцгой албан татвар, Хүний хөгжил сангийн тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуульд өөрчлөлт орно. Гэхдээ айхавтар ноцтой өөрчлөлт орохгүй. Онцгой албан татварын тухай хуульд хүмүүс нэлээд анхаарал хандуулж байгаа. Тэр нь авто болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар гэж ярьж байгаа. Манайхны ярьдгаар тансаг зэрэглэлийн буюу цилиндрийн багтаамж ихтэй, цөөн хүрээнийхний дунд байдаг авто машины татварыг нэмье гэж ярьж байгаа юм. С.Баярцогт сайдын ярьж байгаагаар авто болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар есөн хувийг л эзэлдэг юм билээ. Энэ нь төсөвт 16 тэрбум' орчим төгрөг нэмэгдэнэ гэсэн тооцоотой. Ердийн машин оруулж ирж байгаа хүмүүст энэ татвар ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Гишүүдийн зүгээс машины' насжилтын  нь анхаарч үзээч гэсэн санал ирж байна.
-Хүний хөгжил сангийн тухай хуульд ямар өөрчлөлт орох юм бэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэг сая төгрөг бэлнээр өгье гэж байгаа юм. Энэ мөнгийг Хүний хөгжил сангаас олгох учраас тус сангийн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт орно.
-Хүний хөгжил сангаас хэчнээн төгрөг хүмүүст өгөхөөр тусгагдаж байна?
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр өгөхөд нийт 358.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
-Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрнэ гэж тусгасан байна. Монгол хүний бүтээмж 5000 ам.доллар байгаа гэж үү?
-Манай ДНБ-ий хэмжээ өсөөд байгаа нь уул уурхайтай холбоотой. Уул уурхайнхаа энэ өсөлтийг бид хасаж тооцвол хэд байх вэ гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, "Голланд өвчин"-өөс сэргийлэх хэрэгтэй. Уул уурхайн салбарын өсөлт мөнх бус. Ялангуяа ОУВС байгалийн баялаг ихтэй орнууд хөгжиж чадаагүй олон жишээ байдгийг сануулдаг. Тэгэхээр бид үүнд анхааралтай хандах ёстой.
-Төрийн байгууллагуудын оффис барихад 150 тэрбумыг тусгасанд зарим гишүүд бухимдалтай байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Бид шинээр эхлэх конторын барилгыг энэ удаад тэвчье гэдэг санал оруулахаар ажлын хэсэгт ярьж байгаа. Хамгийн гол нь ирэх жил сонгууль болно. Бүтээмж хэр байх нь тодорхойгүй. Ер нь он гараад зургадугаар сар хүртэл пижигнэчихнэ. Түүний дараа Засгийн газраа байгуулах гэсээр байтал өнөөх бүтээн байгуулалт хүлээгдэх учраас хий дэмий инфляци хөөрөгдөж, үр ашгаа өгөхгүй бол энэ нь эдийн засагт их хортой. Тийм учраас маш нухацтай хандах учиртай.
-Засгийн газар нүүрсний экспортод ногдуулах татварыг хуулийн төслөө буцааж авсан. Тэгсэн атлаа иргэдэд чиглэсэн татварын хэмжээг нэмчхэж. Үүн дээр та ямар байр суурьтай байна?
-Иргэд рүү хандсан гэдэг утгаараа биш. Нүүрсний экспортын татварын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх тухай Байнгын хороо  болон УИХ дээр яригдаагүй байгаа. Нүүрсний экспортын татвараа татаж авсан. Үүнийгээ Засгийн газар тайлбарлахдаа Худалдаа аж үйлдвэрийн танхим, Нүүрсний  ассиоциаци зэрэг олон байгууллагаас тийм шаардлага тавьсан гэсэн. Нэг талаасаа авч үзэх л ёстой асуудал. Өөрөөр хэлэх юм бол, нүүрсний салбарын экспорт анх удаа зэсийнхээс давж Монголын эдийн засагт бодитой нөлөө үзүүлж эхэллээ. Гэтэл бидэнд нэг муу зуршил байна. Аливаа салбар жаахан босоод л мөнгөтэй болмогц татварыг нь нэмдэг.
Энэ бол буруу гэсэн саналыг тухайн ТББ-ууд тавьсан юм билээ.
Үүний дагуу Засгийн газар нэлээд анхааралтай хандан, өмнөхөөсөө сургамж авсан гэдгээр тайлбарлаж байсан. Урьд нь УИХ Тэмдэгтийн хураамжийн тухай, УИХ-ын дэгийн тухай хуулиудыг хэд хоноод буцаасан билээ. Энэ мэтчилэн эрсдэл дагуулахгүй байх үүднээс нүүрсний экспортод тогтоох татварын хуулийн төслөө татсан. Харин үүнийгээ нүүрс, төмрийн экспортоо нэмэгдүүлэх үүднээс нөхнө. Тодорхой хэсгийг нь онцгой албан татварыг нэмэгдүүлэх, импортын албан татварыг нэмэх журмаар нөхнө гэсэн тайлбарыг хэлсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүд энэ талаар байр сууриа илэрхийлэх байх.
-Нүүрсний экспортод ногдуулах татварыг татсан нь гишүүдтэй өөрсөдтэй нь холбоотой. Тэд нүүрс олборлодог компанийн цаад эзэд нь учраас татварын тухай хуулийг нь буцаасан гэх хар бий?
-Миний хувьд нүүрсний компанийн ард хэн гэдэг гишүүн байдгийг мэдэхгүй. Татвар, нэмж хасах тохиолдолд дандаа л элдэв хардлага гарч ирдэг. Хэн нэгний бизнесийг дэмжиж байна гэх мэтээр. Тухайлбал, саяхан ноос, ноолуурын салбарыг дэмжих талаар ярихад ч ийм хардлагууд гарч байсан. Хардах ёстой байх. Гэхдээ аливаа зүйлд үндэслэлтэй хандах ёстой гэж би боддог.
-Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг Монголбанк танилцуулсан. Энэ жилийн тухайд мөнгөний бодлого нэлээд чанга, бодлогын хүү ч өндөр байх нь. Хэтэрхий хатуу бодлого биш үү?
-Монголбанкнаас танилцуулсан мөнгөний бодлогод хатуу хэд хэдэн зүйл байсан. Үүнийг бид дагаж хэрэгжүүлэх учиртай. Төсөв мөнгөний бодлоготойгоо хэрхэн уялдаж байгааг хэлэлцүүлгийн үеэр  нягталж үзэх  ёстой  юм  билээ. Ялангуяа инфляцийг хөөрөгдөхгүй, зардлаа хасах талаар Монголбанкны Ерөнхийлөгч маш тодорхой саналуудыг хэлсэн. Үүнийг авч үзэх л ёстой.
-Инфляцийг тодорхой хэмжээнд барихыг Монголбанканд үүрэгддэг. Гэтэл инфляцийг хөөрөгдөж буй буруутан нь Засгийн газар. Тийм учраас инфляци өсгөхгүй байх үүргийг Монгол банканд бус Засгийн газарт хариуцуулах нь зөв гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан. Энэ хэр үндэслэлтэй санал бол?
-Монголбанк мөнгөний бодлогоо гаргаад "инфляцийг тодорхой түвшинд барихын тулд ийм бодлого баримталж ажиллах ёстой" гэж зарчмын онол гаргаж ирж байгаа шүү дээ. Инфляцийг тухайн түвшинд барихын тулд Засгийн газар ч гэсэн ажилладаг. Өөрөөр хэлбэл, үнийг хэт хөөрөгдөхгүй байх, эрэлт нийлүүлэлтийг зөв зохицуулах зэрэг олон зүйлээс шалтгаална. Тиймээс инфляцийг Монголбанк дангаараа барьж байна гэвэл өрөөсгөл ойлголт.
-Сангийн яам төсөв оруулж ирдэг. Харин Монголбанк мөнгөний бодоогоо тодорхойлно. Гэтэл энэ хоёр байгууллага зөрчилдөөд байх юм. Ингээд ард иргэдийн нуруун дээр хамаг хүнд ачаа нь уначихдаг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бол. Тогтолцооны ямар нэгэн гажуудал байна уу?
-Хатуухан хэлэхэд төсвийг Сангийн яам боловсруулахгүй. Төсвийг Засгийн газар өргөн барьж байгаа. Засгийн газар Монголбанктай хэлэлцэж мөнгөний бодлогыг төсөвтэйгөө уялдуулж байх ёстой. Өнөөдөр манайд энэ тогтолцоо ерөнхийдөө зөрчилтэй явж байгаа. Энэ бол буруу.
-Тэгэхээр аль алийг нь Засгийн газар чиглүүлж, хяналт тавьж байх ёстой юм биш үү?
-Тийм. Засгийн газар хяналтаа тавих ёстой. Мөнгөний бодлогын тухайд Монголбанк аль нэг талыг нь баримталдаг байгууллага биш. Тиймээс бодлогоо зөв гаргаж ирээд танилцуулна, түүнд нь уялдсан төсвийг Засгийн газар хийх үүрэгтэй гэж бодож байна. Мэдээж түүн дээр харилцан ярилцаж, уян хатан хандах асуудал байх ёстой.
-Их хэмжээний зарлагатай төсвийг хэдий хэмжээгээр багасгах боломжтой юм бол?
-Үнэндээ эдийн засаг, улс төрийн халалт хоёр нэгэн зэрэг болоод байна. Эдийн засгийн биш, улс төрийн халалт нь давамгайлаад байгаа учраас манай төсөв муу болох магадлал өндөр байна. Тийм учраас гишүүд анхааралтай хандах ёстой. Энэ нь эргээд ямар үр дагавартай вэ гэдгийг улстөрчид сайн бодох ёстой. Энэ жилийн төсвөөр эцсийн юмаа баталж байгаа биш шүү дээ. Амьдрал үргэлжилнэ. Дараагийн шинэ парламент гарч, Засгийн газар байгуулагдахад эдийн засаг эрүүл байх нь чухал. Үүнд монгол төрийн хатуу бодлого байх ёстой гэдгийг улстөрчид маань анхаарч ажиллах хэрэгтэй л гэж хэлмээр байна.
-Одоо хэлэлцэж байгаа төсвийг энэ чигээр нь баталчихвал 2012 онд шинээр бүрдэх парламент, Засгийн газарт эрүүл эдийн засгийн орчин үлдэх болов уу?
Шуудхан хэлэхэд үгүй. Бид одоо энэ төсвийг батлаад цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмж бэлэн мөнгө тараагаад бүх амлалтууд дуусах юм аа гэж ярьж байна. Гэтэл амлалтуудаа хэрэгжүүлээд явна гэхэд үүнийг дагалдаад хөрөнгө оруулалтын болон урсгал зардлууд асар их нэмэгдээд ороод ирсэн байхад нэмэх биш танах тал руугаа явах ёстой. Эрх биш гишүүд үүн дээр санал нэгдэх байх. Эрүүл саруул ухаантай хандах юм бол одоо ярьж байгаа төсвийг нэмэх биш хасах шийдвэр гаргаж байж монголчуудын амьдрал хэвийн үргэлжлэх нөхцөлөөр хангагдах болов уу гэж бодож байна.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment