Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:Цалин хөлс олгох санхүүжилтийг бүрдүүлдэг үйлдвэрлэгчид,ажилчид хохирчих гээд байна


УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Засгийн газрын тооцоо судалгаа муутай төсөл оруулж ирсэн гэсэн шүүмжлэл гарч байна?
-  Засгийн газар 2012 оны төсвийн төслийг тооцоо судалгаа хийж байж л боловсруулан өргөн барьсан байх. Сонгуулийн өмнөх төсөв бол эдийн засгийн ур ашиг муутай болдог гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа.
-Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн засгийн ур өгөөж талаасаа сулхан төсөв болсон гэж хэлэх үндэстэй. Яагаад ийм төсөл боловсруулав гэхээр мэдээж улстөрчид л буруутай. Гэхдээ ирэх оны төсвийн төслийг чамбайруулах, чанаржуулах боломж нь УИХ-д бий. Улс төрийн намуудын сонгуулиар амласан амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага байгааг тооцохгүй байж болохгүй учраас нэлээд томорсон төсөв болсон.
-Зарлагыг хасаж таналгүй батлах ёстой юу?
-Засгийн газаг болж бүтнэ ээ гээд төлөвлөөд, оруулаад ирсэн байхад болохгүй гэж хэлэх эрх надад лав алга. Ажлаа гардан хариуцаж байгаа гүйцэтгэх засаглалынхан тооцоо судалгаа хийгээд оруулаад ирсэн зүйлийг өм цөм танаад хаячихвал төлөвлөснийг нь хэрэгжүүлэх боломжгүй болгож мэдэх юм.
-Зарлага нь хэтийдсэн болохоор орлогыг шавхаж нэмэгдүүлэхээр хэд хэдэн төрлийн татварыг нэмэхээр төсөл боловсруулж оруулж ирсэн. Энэ нь хэр оновчтой зүйл вэ?
-Яахав ээ. Орлого нэмэгдүүлэх талаар анхаарсан л байна лээ. Хэтэрхий тэлсэн төсвийн төсөл. Үрэлгэн зардал ихтэй. Үнэхээр сүүлийн жилүүдэд орлого ихээр нэмэгдэж байна гэсэн нэрийн дор аймаг, орон нутгуудад   төдийлөн ач холбогдол багатай, нийгмийн амьдралд тустай биш зүйлд хөрөнгө оруулах нь хэтрээд байна.
Гишүүд 150 тэрбум орчим төгрөгөөр конторын барилга барихаар оруулж ирлээ гэж шүүмжлэх нь аргагүй юм.
Төсвийн хөрөнгө оруулалтыг хэт жижигрүүлж байгааг бодолцох л хэрэгтэй. Таван сая, тавин сая төгрөг байсан ч хамаагүй төсөвт тусгуулж ажлыг эхлүүлэхээр зүтгүүлдэг болж. Нэгэнт л тодорхой хэмжээний хөрөнгө туссан бол дараа, дараагийн жилийн төсөвт үлдсэн санхүүжилтийг.тусгаж дуусгаж таараа гэсэн хандлагаар хандаж байгаа нь ажиглагддаг. Ингэж төсвийг зэрэмдэглэж хаяад байвал дараа дараагийн жилүүдийн төсөв хүндэрнэ. Энэ жил тухайн барилгын зураг төслийг хийлгэнэ гээд 50 сая төгрөг тусгалаа гэхэд 2013 онд барих хөрөнгийг заавал оруулах шаардлагатай болно шүү дээ. Тиймээс улстөрчид хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах талаас нь анхаарч тойргийнхоо л асуудлыг шийдэж байвал л болох нь тэр гэсэн хандлагаа өөрчилж хариуцлагатай байх л ёстой гэж хэлмээр байна.
-Төсөв өргөн барихаараа дагалдуулаад татварыг нэмэх гээд байдаг болчихож, Энэ жил онцгой албан татвар, экспортын татварыг нэмэхээр төсөл оруулж иржээ?
-Авто машин болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, онцгой албан татвар, экспортын татварыг нэмэхээр төсөл боловсруулж оруулж ирсэн. Тансаг хэрэглээний авто машины татварыг нэмэхийг зөв, буруу гээд янз бүрээр л ярьцгааж байна. Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар бол манай иргэдийн оруулж ирээд унаж байгаа хуучин авто машины татвар төдийлөн нэмэгдэхгүй. Харин ч насжилтаасаа хамаараад татвар нь буурсан байна. Харин тансаг зэрэглэлийн, цилиндрийн багтаамж өндөртэй бол татвар их авахаар тусгасан байгаа, Үүнийг ярилцаж судалж байж амьдралд нийцэхээр л шийдвэр гаргах нь зүйтэй. Сүүлийн хоёр гурван жилд л нүүрсний экспорт нэмэгдэж байна. Улсын төсөвт гэснээсээ илүү орлого оруулдаг хэмжээнд хүрч байгаа. Гэтэл нүүрсний экспортын татварыг нэмнэ гэсэнд МҮХАҮТ, Нүүрсний ассоциаци зэрэг төрийн бус байгууллагуудаас юу юуны духанд хүрэлгүй татвар нэмэх гээд дайрах юм, дөнгөж хөл дээрээ босож  байхад ингэж боомилдгоо болиоч гээд Засгийн газарт албан тоот ирүүлсэн юм билээ. Тэгээд гүйцэтгэх засаглалынхан  буцаагаад татаад авсан.
Ер нь татварын орчноороо ойр ойрхон оролдоод байх нь сайн зүйл биш.
Анхнаас нь ул суурьтай, сайн тооцоо судалгаа хийж татварын хэмжээгээ тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй тэнд нэг нөхөр нүүрс олборлоод, энд нэг гадаадын компани алт ухаад байна гээд л татварыг нь нэмчихье гэсэн байдлаар хандаад байвал манай улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэхээ болино. Монгол бүтэхгүй ээ. Арайхийж хөрөнгө оруулаад өндийхөөр татвараа нэмчихдэг. Хууль эрхзүйн орчин тогтворгүй гээд дөлөөд эхэлнэ шүү дээ.
-Цалин, тэтгэврийг гуравдугаар сарын 1-нээс үе шаттайгаар 53 хувиар нэмэхээр болж байгаа. Гэтэл багш нар нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шаардлага тавьж байна. Ийм боломж бий юу?
-Цалинг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхэд санхүүжилтийн эх үүсвэр байгаа юу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Үүнд Сангийн сайд илүү тодорхой хариулт өгөх байх. Манай багш нар цалинг нэмэх хугацааг наашлуул гээд шаардаж байгаа. Багш нар ухаантай, боловсрол өндөртэй хүмүүс. Цалин нэмэхээр гарч болох сөрөг үр дагаврыг ойлгоно байх гэж бодож байна.
Цалин хөлсийг нэмэхгүй гээгүй, ямар ч байсан гуравдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж байгаа.
Төрийн албан хаагч нарын цалинг нэмэхээр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж инфляци хөөрөгддөг. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж баялаг бүтээдэг, нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг олгох санхүүжилтийг бүрдүүлдэг үйлдвэрлэгчид, ажилчид хохирчих гээд байна. Жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд төрийн албаны цалингийн нэмэгдэл хүндээр тусна. Яагаад гэвэл тэд нарын цалин хөлс багш нарынхаас хамаагүй доогуур байгаа. Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэхээр бараа, бүтээгдэхүүний ханш өсөж нөгөө гар дээрээ авч байгаа хэдэн төгрөг улам л үнэгүйднэ. Тэгэхээр аль аль талынхаа эрх ашгийг харгалзан багш нар ухаалаг  хандах байх аа.
-Засгийн газрыг тааруу төсвийн төсөл оруулж ирлээ гэж шүүмжилж л байна. Гэхдээ 2011 оны төсвийг хасах таван хувийн алдагдалтай байхаар оруулж ирэхэд УИХ-аар хэлэлцэхэд гишүүд тойрогтоо баахан зүйл хийнэ гэж нэмээд хасах 9.9 болгож өсгөөд баталсан. Энэ жил тэгэх юм биш биз дээ?
-Төсвийн байнгын хорооны зүгээс Засгийн газрын оруулж ирсэн хэмжээнээс төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурь барьж байгаа. Засгийн газрын оруулж ирсэн төсөлд элдэв зардал нэмэхгүй байх, хөрөнгө оруулалтыг хэт жижиглэхгүй, энд тэндгүй жижиг контор гэсэн элдэв долоон зүйл барихыг урсгал зардалаас хасахаар санал нэгдээд хоёр намын бүлгээс гаргасан ажлын хэсэгт албан тоот хүргүүлэхээр болсон . Энэ албан бичгээ өнөөдөр хүргүүллээ. Тиймээс төсвийн алдагдлыг өсгөхгүй байх л гэж найдаж байна.
-1.7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулна гэж тусгасан байгаа. Гэвч эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэх юм. Үнэн юм уу?
-Хөрөнгө оруулалт хоёр их наяд төгрөгт хүрлээ. Өнгөрсөн жилийнхээс 2.5 дахин өслөө гээд байгаа л даа. Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үр ашиг талаас нь бодох хэрэгтэй. Гишүүн бүр л тойрогтоо инженерийн шугам тавимаар байна, зам барья, байшин барилга босгоё гээд санал тавиад байдаг. Ер нь энэ их хэмжээний хөрөнгийг бүрэн шингээгээд бүгдийг нь 2012 ондоо багтаагаад санхүүжүүлсэн барилга объектоо барих чадамж, бололцоо байгаа юу гэдгээ тооцох хэрэгтэй. Энэ жил гэхэд хэдэн км зам тавив, хэдэн гүүр босгов, хэчнээн км дамжуулах шугамыг татаж ашиглалтад оруулав гээд тооцоо судалгаан дээр үндэслэж байж хөрөнгө оруулалтаа тооцох ёстой. Миний хувьд хөрөнгө оруулалтыг дэндүү нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Хийж хэрэгжүүлэх бололцооноос давсан хөрөнгө оруулалтыг тусгавал шингээж чадахгүйд хүрнэ.
-Аймаг бүрт тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрх олгохоор төсвийн төсөлд тусгасан юм уу?
-Өмнө нь аймаг бүрт тодорхой хөрөнгийг зарцуулах эрх өгдөг л байсан. Гэхдээ хөрөнгийн хэмжээ нь бага байлаа. Ирэх жил аймаг бүрт тэрбум төгрөг төсөвлөнө гэж байгаа. Намайг аймгийн Засаг дарга байхад жилд 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй ажлын тендерийг яам, түүнээс дооших дүнтэйг нь аймаг, орон нутаг өөрсдөө шийддэг байсан. Гэтэл өнөөдөр аймгийн ИТХ тэрбум тэрбум төгрөгөөр нь зарцуулах мэдэлтэй болж байна. Энэ их мөнгө шүү. Аймгийн удирдлага, ИТХ анхааралдаа авч хөрөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарах ёстой. Тэрбум төгрөгөөр бол гишүүдийн тавиад байгаа бага сага ажил, контор энэ тэрийг барих, засаж тохижуулах гээд олон зүйлийг шийдэх боломжтой. Ер нь.дахин хэлэхэд хөрөнгө оруулалтын бодлогод УИХ, Засгийн газар маш том эргэлт гаргахгүй бол төсвийн ур ашгийн талаар ярихад хэцүүхэн л байна.
- Нийслэл татварын орлогоо улсын төсөвт төвлөрүүлэхгүй болж байгаа гэл үү?
-Нийслэлд зам харгуйг засах, агаарын бохирдлыг бууруулах, гүүрэн гарц барих гээд хийх ажил маш их байна. Ирэх жил нийслэлээс татварын орлогыг татан төвлөрүүлэхгүй. 200 орчим тэрбум төгрөгөөр нэлээд зүйлийг шийдчих бололцоо бүрдэнэ. Энэ бодлогыг би бол бүрэн дэмжиж  байгаа. Замын түгжрэл, утааны асуудал, нийтийн тээврийн хүрэлцээ, хог тээвэр, алслагдсан дүүргийн иргэд гэрэл цахилгаангүй байгаа гээд шийдэх асуудал нийслэлд   маш олон бий. Нийслэлд санхүүгийн эрх мэдлийг нь өгч тулгамдсан асуудлыг шийдэх бололцоо олгох чухал юм. Г.Мөнхбаяр дарга тэргүүтэй хотын удирдлагуудыг сайн ажиллаж байгаа гэж боддог. Нийслэлийн өнгө төрх эрс өөрчлөгдөж байна. Энэ жил нэлээд зам заслаа. Саяхан анх удаа инженерийн байгууламжийг хонгилын системтэй болгох ажлыг эхлүүлж анхныхаа байгууламжийг хүлээж авсан. Энэ мэт хийж байгаа, хийх гэж байгаа ажил маш их байна, одоо бол төрийн болоод ард түмний дэмжлэг их хэрэгтэй байна даа нийслэлийнхэнд.
-Грекээс эхтэй санхүүгийн хямрал Европын орнуудад дамжин "халдварлаж" байна. АНУ-ын эдийн засаг ч савлаж эхэлсэн. Бас өмнөд хөршид ч нөлөөлж байгаа бололтой. Энэ жил зэсийн үнийг 5989 ам.доллараар тооцож байсан бол ирэх жилийн төсөвт 6635 ам.доллар болгож өсгөж тусгажээ. Зэсийн ханш буураад байхад шүү дээ?
-Сангийн яамныхан, Засгийн газрын сайдууд  үнийн судалгаа хийсэн, 12 жилийн дунджаар авч үзэхэд 6635 ам.доллар байгаа юм, зэсийн үнэ хэт доошоо орохгүй гэж тайлбарлаж байна лээ. Харин дэлхийн   эдийн засагчид, ОУВС- ийн шинжээчид эрдэс баялгийн ханш огцом унах хандлагатай байна гэж сануулаад байгаа. Хэрэв 2009 оных шиг хямрал болбол яах вэ гэдэг асуудал тулгарна. 2009 оны хямралын үеэр Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Тэгээд төсвийн зарлагыг 30 хувиар бууруулж байлаа. Төсвийн зарлагаа өндөр тогтоогоод аргагүйдэхээр танах арга хэмжээ авах уу, эсвэл Европоос эхтэй хямрал нүүрлэж мэднэ гэж дохио авч төсөв батлахдаа анхаарах уу гэдгийг УИХ, Засгийн газар бодож байгаа байлгүй дээ.
Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин

No comments:

Post a Comment