Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа:Аливаа зүйлийг хар талаас нь харах хэрэггүй


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бол Оюутолгойн ордыг хугацаа алдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулж, аливаа зүйлийг хэрэгцээтэй үед нь арилж эсвэл хохьжино гэх зарчимтай нэгэн.
-Та Оюутолгойн гэрээг дэмжигчдийн нэг.Шаардлага хүргүүлээд байгаа гишүүдийг хэрхэн дүгнэж байна вэ. Тэдний яриад байгаад хэр үндэслэл бий бол?
-УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэхийг шаардах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Шаардагдах ч ёстой. Энэ хүрээнд байх л асуудал. Оюутолгойн гэрээг би эхнээс нь дэмжсэн. Одоо ч энэ байр сууринаасаа ухраагүй. Төрийн гурван өндөрлөг Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлсэн явдал нь том алхам боллоо.
Монгол орон төртэй юм аа гэдгийг ард түмэн дээрх үйл явдлаас ойлгосон байх.
Хоёрдугаарт, олон улсын түвшинд гэрээ хэлцэл хийчихээд, хэдхэн сарын дараа өөрчилнө гээд ярих нь улс орны нэр хүндэд сайн биш үзүүлэлт гэж бодож байна. Жишээ нь, хоёр хүн тохиролцож, наймаа хийчихээд 10 хоногийн дараа асуудал яриад очвол таатай биш. Иймээс нэгэнт явуулсан гэрээг үргэлжлүүлэх нь зүйтэй. Харин цааш цаашдаа алдаагаа засаж, сайжруулах хэрэгтэй. Монгол Улс ганц Оюутолгойгоор зогсохгүй Тавантолгой, Асгатын мөнгөний орд гэхчлэн олон том орд бий.Тэгэхээр эдгээр орд дээр гэрээ хэлэлцэл хийхдээ анхаарах ёстой. Оюутолгой дээр гаргасан алдаагаа давтахгүй байх нь гол юм. Том гэрээ хэлэлцлүүдийг монголчууд дангаараа авч явна гэж их ярих болж. Ертөнц өнөөдөр даяарчлагдлаа. Ертөнцөд ганцхан Монгол гэдэг улс байдаггүй юм. Иймээс Монгол аль болох энэ том төслүүдийг гадныхантай хамтарч, урагшлуулах учиртай. Аль болох манайд олон том орны эрх ашиг орж ирнэ тэр хэмжээгээр үндэсний аюулгүй байдал баталгаажна. Түүнээс биш манайх ганцаараа хийнэ гэдэг харьцангуй ойлголт.
-Оюутолгойн гэрээний тухайд 30 жилийн хугацааг нааш татахгүй бол гадныхан хамаг баялгийг цөлмөөд гарах болно гэж гишүүд төдийгүй эрдэмтэд анхааруулдаг шүү дээ?
-Иймэрхүү яриа их байдаг. Уул уурхайн чиглэлийн хүн биш учраас хэдэн жилийн дотор ухаж аваад, цөлмөхийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол дэлхийн хэмжээний том орд. Дэлхийн хэмжээний томоохон компаниуд ажиллаж байгаа учраас тэгж барин, тавин худлаа ярьмааргүй байна. Гэрээндээ 30, 40 жилээр ашиглана гэж тусгачихаад юу юугүй 4-5 жилийн дотор ухаад гарчихгүй болов уу. Тэгээд ч Монгол Улс хил, гааль, хууль, хяналттай газар. Төр засаг, хууль хяналтын байгууллага хэдий хэмжээний юм олборлоод гарч байна, тухайн компани яаж ажиллах, ямар хүчин чадалтай үйлдвэрлэл явуулах талаар тооцчих түвшинд хүрсэн. Аливаа зүйлийг дандаа хар талаас нь харж, ярих нь сайн зүйл биш.
-Шаардлага хүргүүлсэн гишүүд хамтарсан Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж өргөн барьсан. Энэ хэр зөв алхам бэ?
-Сонгууль дөхөхөөр янз бүрийн л араншин илэрдэг. Магадгүй энэ Засгийн газрыг огцруулья. Тэгээд дараагийн Засгийн газар нь цоо шинээр байгуулагдаж, бүх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, гоё болгоно гэвэл худлаа. Энэ бол ташаа ойлголт. Тэгэхээр хамтарсан Засгийн газартаа шаардлага тавьж, ажлыг нь чанаржуулах нь зүйтэй. Нөгөө талаасаа, ажил хийж байгаа хүмүүст хатуурхаж болно. Гэхдээ зарим талдаа урам хайрлах хэрэгтэй. Ер нь гүйцэтгэх засаглалын ажил амаргүй. Хүнийг хөндлөнгөөс шүүмжлэх шиг амархан ажил хаана байна. Ер нь аливаа ажлыг өнөөдрийн цаг хугацаанд нь биш ирээдүйд үнэлдэг. Иймээс хамтарсан Засгийн газрын үед хийсэн ажлын үр дүнг өнөөдөр дүгнэх нь зохимжгүй юм.
Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь

No comments:

Post a Comment