“Сайн
өдөр”-ийн зочноор УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг урилаа.
-Та
Дархан-Уул аймагт түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал гаргаж
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж батлуулсан. Ийм боломжтой түшиц газар
мөн үү?
-Нефть боловсруулах үйлдвэр
байгуулах тухайд Японы олон улсад нэртэй групп манайхтай хамтарч судалгаа
хийгээд Дархан-Уул аймагт нефть боловсруулах уйлдвэр байгуулж болох юм гэсэн
тооцоо гаргасан. Судалгаа хийсэн Японы компани энэ чиглэлээрээ дэлхийд эхний
10-т ордог юм билээ. Манай төрийн өндөр албан тушаалтнууд Казахстан Улсад
хийсэн айлчлалынхаа үеэр түүхий нефть авах тухай баримт бичигт гарын үсэг
зурсан, Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр байгуулснаар ОХУ,
Казахстанаас түүхий нефть оруулах боломжтой. Тоног төхөөрөмжийн хувьд хамгийн
хэцүүд тооцогддог өтгөн нефтийг боловсруулахад тохиромжтойгоороо онцлогтой
төсөл хийгдсэн. Зээлийн хувьд ч тийм чиглэлийн хүсэлттэй юм билээ. Үүнийг
байгуулах боломжтой учраас Дархан-Уул аймагт гэж тодотгож оруулсныг Засгийн
газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан.
-2009
оны төсвийг баталсан. Та тойрогтоо хөрөнгө оруулалтын ямар асуудлуудыг
шийдвэрлүүлэв?
-2009 оны төсөв нэлээд хүнд нөхцөлд
395 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний
алдагдлын эзлэх хэмжээ 6.1 хувь. Тиймээс орон нутагт тийм ийм юм хэрэгтэй гээд
хуваарилуулах гэж улайран зүтгэсэнгүй. Улс орны эдийн засгийн нөхцөл хүнд
байна. Гэхдээ Дархан-Уул аймагт эрчим хүч, зам, үерийн далан, зарим цэцэрлэг
сургуулийн засвар гээд 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлүүлсэн.
Мөн цэвэрлэх байгууламжийн техникийн шинэчлэлийг Японы тусламжаар 9.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо. Нийтдээ 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Цаашид ч хийх зүйл бий. Үүнийг тойргоос сонгогдсон гишүүн Ж.Сүхбаатар, Л.Гансүх нартай хамтарч ярилцаж шийдвэрлэх учиртай.
Мөн цэвэрлэх байгууламжийн техникийн шинэчлэлийг Японы тусламжаар 9.6 тэрбумын хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо. Нийтдээ 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Цаашид ч хийх зүйл бий. Үүнийг тойргоос сонгогдсон гишүүн Ж.Сүхбаатар, Л.Гансүх нартай хамтарч ярилцаж шийдвэрлэх учиртай.
-Дархан-Уул
аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ялгаа зааг
байгаа биз дээ?
-Байлгүй яахав. Хоёр өөр төвшний
албан тушаал. Гэхдээ төрийн алба гэдэг утгаараа ондоо юм. Дээд албан тушаалын
хүн доод албан тушаалын хүндээ хандаж шүүмжлэл хэлэх амархан. Гадаад их явж
байна, ажлаа хийхгүй юм гээд загнах хялбархан. Үнэндээ аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга гадаад яваад юу гавих билээ. Явсан ч үр
ашигтай байдлаар явах шаардлага тулгарсан. Аль нэгэн аймгийн Засаг дарга АНУ,
Японыг үзээд сонирхоод ирье гэсэн сэтгэхүй, цаг үе өнгөрсөн. Ажлын шаардлагаар
л явдаг. Тиймээс УИХ-ын гишүүд Засаг дарга нар ямар хүнд нөхцөлд ажилладаг,
гадаад дотоод харилцаа нь ямар билээ гэдгийг судалж байж дараагийн асуудлаа
яриасай гэж боддог. УИХ, Засгийн газрын гишүүдтэй Засаг дарга нарыг харьцуулаад
үзэх хэрэгтэй. УИХ-ын гишүүд бид их ажил хийдэг гэж хэлнэ. Аймгийн Засаг дарга
ч ялгаагүй. Ганц км хатуу хучилттай зам тавих боломж нөхцөл юу байна гэдгийг ч
байнга харж, сураглаж явна шүү дээ.
-Таныг
Засаг даргаар ажиллаж байхдаа үлдэцтэй ажлууд нэлээд хийсэн гэдэг?
-УИХ-ын гишүүн болчихоод Дархан-Уул
аймагт тийм ийм юм хийсэн гэж өөрийгөө дөвийлгөөд яах вэ. Ард түмэн мэдэж
байгаа хойно.
-Таныг
Засаг даргаар ажиллах үед Хонгор сумын хордлогын асуудал багагүй зовоосон. Одоо
юу болж байгаа вэ?
-Хонгор сумынхан зүгээр. Тэр муухай
асуудлыг дахиж яримааргүй байна.
-Таны
уугуул нутаг Завхан. Суугуул нутаг Дархан-Уул аймаг юм аа?
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын
10 жилийн сургууль төгсөөд нутгаасаа гарсан. ЗХУ-д барилгын инженер мэргэжил
эзэмшсэн. Их-Уул суманд төрсөн. Бага нас хөдөөгийн хүүхдийн адил л өнгөрсөн
дөө. Сурлагадаа муу байсан гэхгүй. Гайгүйд л тооцогддог байлаа. Найз нөхөд
мэднэ дээ. Мэргэжлийн тухай ойлголт бидний үед харьцангуй л байсан. Мэдээлэл
холбоо муу учраас эмч, багш, жолооч, сумын дарга болно гэсэн төсөөллөөс
хэтэрдэггүй байсан даа.
-УИХ-ын
гишүүд, томоохон бизнесмэнүүд хурдан морь уралдуулж, үнэтэй хөөрөг барих
сонирхол ихтэй. Таны хувьд?
-Тийм сонирхол байдаггүй юм. Яах вэ
Засаг дарга байхад ард иргэд маань хурдан удмын гээд ганц хоёр морь өгсөн
тохиолдол бий. Танил адуучин дээр байдаг. Заримдаа миний нэр дээр уралдуулсан л
харагддаг. Түүнээс бус сонирхоод хөөцөлдөөд байдаггүй.
-
Уран зохиолд багагүй сонирхолтой бололтой. Дархан-Уул аймагт яруу найргийн
тэмцээн уралдаан зохион байгуулж, ном ивээн тэтгэж гэнэ гэж дуулддаг?
-Засаг даргаар ажиллаж байхдаа
"Алтан өд" яруу найргийн наадмыг ивээн тэтгэж зохион байгуулж байсан.
Мөн номыг нь хэвлүүлдэг байлаа. "Алтан өд" гэсэн гоёмсог хавтастай.
УИХ-ын гишүүн болоод номын хавтасны гоёмсог өнгийг битгий солиорой, доторхи
дугаарыг нь л солиорой гэж захисан даа. Дархан-Уул аймгийн яруу найрагч,
зохиолчид сэтгэл хангалуун байдаг юм билээ. Үүгээр зогсохгүй аймгийнхаа зарим
яруу найрагчдыг гадаадад хурал цуглаанд оролцох, ном хэвлүүлэхэд нь төрийн
зүгээс гэдэг утгаар дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Хувиасаа хөрөнгө гаргаж
Ш.Сүрэнжав гуайн "Хөшөө ярих цагаар" гурамсан роман, Ц.Бавуудоржийн
108 хутагт хувилгаадын цувралын анхны номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн.
Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадам зохион байгуулах, шилдэг зохиолын
түүврийг нь хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Хүн ардын оюун ухаанд мөнхрөх оюуны
бүтээлийг өвлүүлэхэд иргэн бүр туслах ёстой гэж бодож явдаг.
-УИХ-ын
гишүүн болоод зав чөлөөгүй болсон байх. Ном уншиж байна уу?
-Айхавтар их уншдаг гэж худлаа яриад
яах вэ. Ер нь уншина. Хэд хоног эмнэлэгт хэвтэх үедээ ОХУ-ын бизнесмэнүүд, шинэ
оросуудын тухай "Олигархиуд"- гэдэг ном уншлаа. Хуульд харш зүйл
үйлдсэн хэдий ч сэтгэсэн бүтээснийхээ төлөө зорилгодоо хүрэх гэсэн уйгагүй
хүсэл эрмэлзэл нь сонирхол татаж байсан. Хүн ингэж ажиллавал үр дүнд хүрч болох
юм гэсэн зүйл бодогдсон.
-"Олигархи"
гэснээс УИХ-ын 76 гишүүнийг төсвийн мөнгийг хувааж идлээ, уулаа гэсэн хардлага
сэрдлэг их байдаг шүү дээ?
-УИХ-ын гишүүд юугаа хувааж авах
билээ дээ. Энэ жилийн тухайд гэхэд улсын төсвийг хэлэлцэх үед хэвлэл мэдээллийнхэнд
чөлөөтэй байсан. Сүүлийн жилүүдэд ийм яриа яагаад гарав. Улстөржилт их
байгаагаас үүдэлтэй. Улстөржилт гэдэг бүх зүйлийг хараар будахад хүргэдэг.
Амьдрал нь боломжийн хүмүүсийг идлээ, уулаа, хулгайч гэж хэлдэг тогтолцоо бий
болоод уджээ. Баян гэдэг харьцангуй ойлголт. Хэдэн тэрбумын хөрөнгөтэй хүн
өөрийгөө баян гэх байх. Гэхдээ хадгаламжгүй ч амьдрал нь дутагдаж гачигдах
зүйлгүй хүн өөрийгөө баян л гэж хэлнэ. Намайг баян уу гэвэл би баян хүн гэж
хариулна. Надад ажил, гэр бүл, үр хүүхэд, аав ээж, элэг бүтэн амьдрал байна. Би
өөрийгөө баян гэхгүй яах юм бэ. Би дөрвөн хүүхэдтэй. Тэд маань сайн
боловсролтой болох ёстой. Ингэсэн цагт хэн ч халдахгүй. Үүний адил олон аав ээж
хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлж байгаа байх. Эргээд харахад баян гэх нөхдийн
үр хүүхэд мэдлэг, боловсрол муутай байвал яах вэ. Мөнгө олох хэцүүч үрэхэд
амархан. Үүнийг үр хүүхэд нь ойлгож хүндэтгэдэг байвал жинхэнэ утгаараа баян
чинээлэг амьдрал бий болно.
-УИХ-ын
гишүүнийг сонгогчид сургууль, эмнэлгийн засвар хийх ёстой гэсэн хэвшмэл
байдлаар ойлгодог. Уг нь та бүхэн хууль тогтоогчид шүү дээ?
-Тогтсон буруу жишиг. УИХ-ын гишүүн
гэхээр орон нутагт мөнгө төгрөг олж өгдөг хүн гэж ойлгодог. Төсөв батлах үед ч
юм уу тойрогтоо ямар зүйлд хөрөнгө оруулалт оруулах вэ гээд анхаарал хандуулах
зүйл бий. Гэхдээ УИХ-ын гишүүний туйлын зорилго биш. Үүнийг ард түмэн буруу
ойлгож ирсэн. УИХ-ын гишүүн заавал халуун ус, сургууль, эмнэлгийн байрыг
засварлаж соёлын төвийг шинээр барих ёстой. Тийм гишүүн л сайн гэж хэлэгдсээр
иржээ. Энэ ажлыг аймаг орон нутгийн удирдлага, Засгийн газар зохион байгуулж
хийх ёстой шүү дээ. Улс орны эрх ашигт нийцсэн чухал хуулийн төсөл санаачилсан
гишүүнийг муу ажилласан л гэнэ. Түүний оронд нэг сумын сургуулийн засварын
хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн гишүүн сайн хүн гэж магтагдана. Ийм л гаж
ойлголт тогтжээ. Хууль санаачилсан гишүүнийг сайн гэж үнэлэхгүй байгаа.
-Та
нутагтаа ойрд очсон уу. Аав ээжийнхээ тухай ярих уу?
- Завхан нутагтаа жил бүр очдог.
Отгонтэнгэр хайрхандаа сүсэглээд ирдэг. Нутгаасаа гараад 30 шахам жил болжээ.
Аав, ээж маань энх тунх сайхан амьдарч байна. Би айлын том хүү. Эхээс 13-уулаа.
Олуулаа бужигнаж байх сайхан. Дүү нар дунд амьдрал нь айхавтар сайн бас муу хүн
алга. Ямар боловч бусдад тээг дараа болохооргүй мэдлэг боловсрол, хүмүүжлийг
аав ээж минь олгожээ. Үүнийг бид үр хүүхдэдээ зөв өвлүүлээд явах учиртай. Айлын
том хүүхэд учраас үүрэг хариуцлага дүү нартаа санаа зовинох зүйл байлгүй яах
вэ.
-УИХ-ын
гишүүний тангаргаа өргөчихөөд аав ээждээ очиж үнсүүлсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд дараахан
нь томилолтоор Дархан-Уул аймагтаа очсон. Аав ээждээ үнсүүлсэн. Аав маань
"Төр түмэндээ үнэнч ажиллаарай. Ингэж ажиллавал төр, түмэндээ үнэлэгдэнэ
шүү" гэж захисан. Тиймээс хүү нь аль болохоор захиасыг нь биелүүлэхийн
төлөө хичээж зүтгэж явна даа. Хүн хойно алдах, онох зүйл байх л болов уу. Гэсэн
ч хичээнэ дээ.
Д.Дамдиндорж
2008 оны 12-р сарын 13, Бямба гариг
Үнэн сонин
No comments:
Post a Comment