УИХ-ын Төсвийн болон хууль зүйн
байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд очоод иржээ.Тэд хил,
гаалийн хяналт, чөлөөт бус байгуулах ажлын явц зэрэгтэй танилцсан байна. Энэ
талаар Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Замын
үүдэд нөхцөл байдал ямар байна?
-Замын-Үүд хилийн боомтын ачаалал
үнэхээр их байна.Тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдыг муучлах аргагүй юм
билээ. Галт тэрэгний 400-500 чингэлгийг хоёрхон байцаагч шалгадаг. Уг нь
гаальчдын ажиллах нөхцөлийг арай хөнгөвчилж болохоор ч өдий болтол шийдээгүй
явсан аж. БНХАУ-ын тусламжтайгаар автомашины ачааг рентген төхөөрөмжөөр 4-7
минутад шалгадаг болжээ.Хилээр хоногт 700-1000 машин орж гардаг. Уг төхөөрөмж
тэдний ажлыг нэлээд хөнгөвчилдөг. Гэвч гал тэрэгний ачааг ингэж шалгах
төхөөрөмж байхгүй. Ачиж буулгах гурван ч цэг байдаг аж. Гурав дахь цэг дээр
машинаар орж ирсэн ачааг буулгаж, шилжүүлж ачдаг.Тэр рүү очих 2.3 км зайд авто
зам байхгүй. Хүнд ачаатай автомашинууд тэр цэг рүү очих гээд замдаа суудаг гэх
мэт түвэг учирдаг. Энэ хэсэгт зам тавьчихвал ачааллыг 20-30 хувь бууруулах
боломжтой юм байна. Ядаж иймэрхүү наад захын асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ.
-Галт
тэрэгний ачааг шалгах рентген төхөөрөмж авах, 2.3 км авто зам тавихад хэдий
хэмжээний хөрөнгө шаардагдах юм бол?
-Зам тавихад тэрбум гаруй, рентген
төхөөрөмжид 6-7 сая доллар хэрэгтэй юм билээ.
-Хилийн
мэргэжлийн албаныхны болон гаалийн ажилтнуудын хийдэг ажил давхарддаг, улмаар
иргэдийг чирэгдүүлдэг тухай шүүмжлэл гардаг. Энэ байдал хэрэг дээрээ ямар байна
вэ?
-Гаалийнхан, хилийнхэн ажлаа холбох
хэрэгтэй байна. Хяналтын алба шалгачхаад байхад дахиад гаалийнхан үздэг. Уг нь
хяналтын албыг гаалийн байгууллагын бүтцэд оруулбал орон тоо, хөрөнгө хэмнэх,
иргэдийн цагийг ч үрэхгүй байх боломжтой юм. Зохион байгуулалт, бүтцийн
өөрчлөлт, зөв менежмент тэнд үнэхээр дутагдаж байна.
-Замын-Үүдэд
байсгээд л ачаа бөөгнөрдөг,хэл ам гардаг. Галт тэрэгний чиргүүлийн хүрэлцээ хэр
байдаг юм бол?
-Сүүлийн жилүүдэд ачааны эргэлт
нэмэгдэж буйгаас чингэлэг хүрэлцэхгүй байна. 200-300 чингэлэг хэрэгтэй гэсэн
тооцоо бий.
-Хил
дээр ажиллаж буй хүмүүсийн орон сууц, нийгмийн асуудал бас хүндхэн байгаа биз?
-Ажилтнууд байр хөлсөлж,
цалингийнхаа тал хувийг түүндээ өгдөг. Орон сууцны асуудлыг шийдэж өгөх
хэрэгтэй. Засгийн газраас Замын-Үүдэд Бүрэн эрхт төлөөлөгч томилсон.Түүний
ажил, Засаг даргынхтай нь бас давхацсан, холилдсон байна. Ажил давхардсан,
удирдлага зохион байгуулалтын менежмент дутсан газар болжээ.
-Чөлөөт
бүс байгуулах ажлын явцын талаар ямар мэдээлэлтэй байна?
-Хэдэн жилийн өмнө босгосон
хашаатай, нэг байшин барьж байна. Чөлөөт бүсэд 14-15 хүн ажилладаг, хоёроос
бусад нь хотод суудаг гэнэ. Жилд тэрбум төгрөг чөлөөт бүсэд зориулаад байдаг.
Гэтэл дэд бүтэц байхгүй, ажил нь ахисан юмгүй. Тиймээс төрийн байгууллагын
ажилтнуудтай уулзахдаа "Энэ чөлөөт бүс байгуулах ажлаа боль гэж Засгийн
газарт хэлнэ" гэдгээ хэлсэн. Бидний баталсан хууль ийм дампуу юм болоод
байна. Чөлөөт бүсийн тухай хуулиа эргэн харах болсон. Ганц чөлөөт бүс гэхийн
оронд Замын Үүдийн дэд бүтцийг бүхэлд нь шийдэж, боомтыг зөв зохион байгуулахад
анхаарсан нь үр дүнтэй. Зам, рентген аппаратыг яаралтай шийдэх ёстой. Мөн ачаа
тээвэрлэх нэгдсэн стандарттай болох хэрэгтэй байна. Манайхан ачаагаа төрлөөр
ангилалгүй хольж овоолдог учир шалгахад хүнд болдог аж. Хилийн мэргэжлийн
хяналтын алба 100 гаруй албан хаагчтай.Үүнийг гаалийн бүтцэд оруулах талаар
Засгийн газар шийдвэр гаргах хэрэгтэй.
-Чөлөөт
бүс байгуулах ажил удааширч буга шалтгаан юу вэ?
-Хоёр удаа тендер
зарласан. Ямар ч дэд бүтэцгүй учраас гаднын компаниуд орж ирдэггүй.
Хөрөнгө байхгүй учраас энэ ажил гацсан. Замын Үүдийн хот байгуулалтыг яаралтай
авч үзэх хэрэгтэй Цаашдаа тэлэх хандлагатай км билээ. Зохион байгуулах ажил их
байна. Хувийн хэвшлийнхнээ ч дэмжих нь чухал. Бид эн талаар дүгнэлтээ Засгийн
газар хүргэнэ.
С.Уул
2011 оны 5-р сарын 25, Лхагва гариг
Өнөөдөр
No comments:
Post a Comment