УИХ-ын гишүүн, төсвийн байнгын
хорооны дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амлалтын өдрүүдэд
Замын-Үүдэд очиж, боомтын ачаа эргэлтийн байдалтай газар дээр нь танилцаад
иржээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодруулга авлаа. Дашрамд
хэлэхэд, ажлын хэсэгт УИХ-ын гишүүн З.Энхболд, Ц.Батбаяр нар багтжээ.
-УИХ-ын
гишүүд Замын-Үүдэд ажиллаад иржээ. Боомтын үйл ажиллагаатай танилцахад газар
дээрээ ямар байдалтай байна вэ?
-Төсвийн байнгын хороо, Хуульзүйн
байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч хил гаалийн асуудалтай танилцаад
ирлээ. Урд боомт, хилийн үйл ажиллагаа, тэнд ажилладаг хилийн мэргэжлийн
хяналтын албаны ажил ямар байна, хилчдийн ахуй амьдрал хэр байна, чөлөөт бүсийн
ажил ямар шатандаа явж байгаатай газар дээр нь танилцсан. Урд боомтод ачаалал
дэндүү их байна.Тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг муу ажиллаж байна гэх
үндэслэл алга. Ингэж ачаалалтай ажиллаж байгаагийн шалтгаан нь бидэнд байна.
шийдээд өгчхөж болох асуудлыг удаан хугацаанд шийдээгүйн улмаас ийм байдал
үүсэж гэж ойлголоо.Тухайлбал, хоногтоо 700-1000 машин, 40, 50 вагон хилээр орж,
гарч байна Автомашиныг нь Хятадын тусламжаар өгсөн рентген аппаратаар
шалгачихна.
Энэ нь ажлыг маш их хөнгөвчлөх юм.
Нэг машиныг 5-7 минутад шалгачихдаг юм уу даа. Гэтэл тэр 40, 50 вагоныг хоёрхон
байцаагч шалгах юм. Уг нь олон улсад төмөр замын рентген төхөөрөмж гэж
байдаг.Тэр нь маш түргэн хугацаанд шалгалт явуулдаг гэнэ. Гэтэл манайд
байдаггүй. Дараагийн нэг зүйл нь төмөр замынхны нэрлэдгээр МЧ гэх гурван газар.
Гүүний МЧ-З-т нь хилээр орж ирж байгаа машины ачааг нь буулгаад шилжүүлэн ачдаг
хэсэг байна. Энэ нь хилээс 2.3 км зайтай. Гэтэл энэ хооронд засмал зам
тавьчхаагүй байх юм. Засмал замгүйн улмаас тэр хооронд автомашины замбараагүй
байдал үүсэх, элсэнд суудаг, шороо тоос бий болдог Хэрэв энэ зайнд засмал
тавьчихвал хилийн ачааллын 30-40 хувь нь байхгүй болчих боломжтой гэнэ. Ийм
наад захын хоёр асуудал байна. Эдгээрийг шийдэхэд шаардагдах хөрөнгө нь өнөөд
манай төсөвтэй харьцуулахад тийм том тоо биш юм билээ.
-Хичнээн
төгрөг шаардагдах вэ?
-2.3 км замыг тавихад тэрбум гаруй
төгрөг, вагоны рентген аппарат авахад 6-7 сая ам.доллар шаардагдана.
-Замын-Үүдэд
хилийн мэргэжлийн хяналтын алба, гааль гэсэн хоёр байгууллага нэг ажлыг
давхардан хийдэг тухай иргэд шүүмжилдэг. Энэ байдал ямар байна вэ?
-Тийм байдал үүсдэг гэж зорчигчид
хэлж байна. Хорио цээрийн алба эхлээд үзнэ. Дараа нь цахиад гааль нь үзнэ гэ
дэг. Уг нь олон улсын жишгээр бол хилийн мэргэжлийн хяналтын алба нь гаалийн
бүтэцдээ байдаг юм байна. Ингэвэл ажиллагсдын орон тоо талаасаа ч тэр маш амар
болох юм. Өөрөөр хэлбэл, хоёр байгууллага дундаа нэг лабораторитай байгаад
ажлаа хийчихдэг зохион байгуулалттай болбол хилийн үйл ажиллагаа маш шуурхай
болж, зорчигчдын ажлыг хөнгөвчлөх юм билээ. Гэтэл өнөөдөр гааль, хорио цээрийн
алба хоёр тусдаа лаборатори нэхээд л сууж байна.Түүнээс гадна хорио цээрийн
алба л 106 хүн ажилладаг гэж байгаа. Гаальд мөн тооны хүн байх жишээтэй.Тэд
хоорондоо ажлын давхардал үүсдэг гэх мэт зөрчилдөөнтэй зүйг их байна.Төмөр
замын хувьд вагон үнэхээр хүрэлцээ муутай юм. Сүүлийн жилүүдэд ачаа эргэлт эрс
нэмэгдэж байгаа. Гэтэл вагон байдаггүй. Эхний ээлжид 200-300 чингэлэг тээврийн
вагонтой болж авахгүй бол болохгүй байгаа талаар тэндхийн ажилтнууд хэлж байна.
Өөр нэг асуудал нь тэнд ажиллаж байгаа хилийн цэргүүд.Тэд өнөөдөр амьдрах
байргүй байна.Түрээсийн байранд амьдардаг. Өртөг нь бараг Улаанбаатарынх шиг
үнэтэй. Ингэхээр цалингийнхаа 50-иас илүү хувийг нь өгчихдөг.Тэгсэн мөртлөө
хилээ манах үүрэг хүлээдэг.Тиймээс тэднийхээ орон сууцны асуудлыг шийдэх нь бас
нэг тулгамдсан асуудал болжээ.
-Замын-Үүд
боомтын хувьд хоёр удирдлагатай болсон гэх яриа байсан. Энэ байдал ямар байна?
-Үнэхээр тийм. Засгийн газраас бүрэн
эрхт төлөөлөгч гээд нэг хүн томилчхож. Гэтэл хажууд нь сумын Засаг дарга нь
гээд түүнтэй ижилхэн эрх мэдэлтэй хүн бас байж байна. Хэн нь юугаа хийх гээд
байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Бүрэн эрхт төлөөлөгч нь би ийм ийм юм хийсэн,
сумын ерөнхий төлөвлөгөөг гаргасан гээд л яриад байх юм. Гэтэл энэ чинь бүрэн
эрхт төлөөлөгчийн ажил юм уу, Засаг даргын ажил юм уу. Ийм огт ойлгомжгүй зүйл
үүсчхээд байна.
-Замын
Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
-Өнөө л хэдэн жилийн өмнө яригдаж
байсан нэг тэрбумын хашаа нь л байна. Дотор нь чөлөөт бүсийн захиргаа байрлах
нэг байшин барьж байгаа бололтой.Тэгээд л болоо. Уг нь тэнд 15 хүн ажилладаг
гэнэ.Тэдний хоёроос бусад нь Улаанбаатарт контор түрээсэлж суудаг гэсэн. Өөр
хийсэн юм байхгүй. Эндээс харахад ерөөсөө Замын-Үүдийн чөлөөт бүсэд дэд бүтэц
хийгээд, буудал бариад, худалдааны төв бий болгоно гэдэг асуудал нь үл
гүйцэлдэх асуудал юм биш үү.Тиймээс энэ чөлөөт бүсийн асуудлаа боль гэж Засгийн
газарт хэлнэ. Харин дан ганц чөлөөт бүс гэлгүйгээр Замын Үүдийн асуудлыг бүхэлд
нь авч үзэж, дэд бүтэц, барилга байгууламж зэргийг шийдэх хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, Замын-Үүд боомтынхоо л асуудалд анхааръя.
-Тэгвэл
асуудлыг шийдэхийн тулд эхний ээлжид ямар арга хэмжээ авахаар ажлын хэсэг
дүгнэлт гаргаад байна вэ?
-Бид саналаа Засгийн газарт
хүргүүлнэ. Ямар ч байсан дээр хэлсэнчлэн 2.3 км замыг барих хөрөнгийг шийдэх,
төмөр замын рентген аппаратыг нь нэн яаралтай авч өгөх хэрэгтэй гэж үзсэн. Энэ
нь цаг хугацааг хөнгөвчлөх, ачаа тээшний аюулгүй байдлыг хянах талаасаа өндөр
ач холбогдолтой. Дараагийн нэг зүйл нь ачаа тээврийн нэгдсэн стандартыг гаргаж
өгөх хэрэгтэй байна.Үүнийг хил, гаалийн ажилтнууд нэлээд ярьж байна лээ. Манай
иргэд ямар л бол ямар машин дээр, юу хамаагүй ачдаг. Энэ нь шалгалт
явуулахад маш хүндрэлтэй болгодог.Тиймээс нэгдсэн стандарт гаргаж, тийм машинд
ийм зүйл, төчнөөн хэмжээтэй гэх мэтээр зааж өгөх шаардлагатай байна.
Түүнчлэн хилийн мэргэжлийн хяналтын
албыг гаальтайгаа хамт байх уу, үгүй юу гэдгийг яаралтай шийдэж ажил үүргийн
болон зохион байгуулалтын асуудлыг нь зааглаж өгөх хэрэгтэй. Ер нь бол манай
Замын-Үүдийн боомт бол ачаалалдаа дарагдчихсан, ажил үүргийн давхардал
болчихсон, замбараагүй газар болжээ. Уг асуудалд манай Засгийн газар нэн
яаралтай арга хэмжээ авч цэгцлэх шаардлагатай байна.
Т.Гэрэл
2011 оны 5-р сарын 25, Лхагва гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment