Төсвийн байнгын хорооны дарга
Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын
чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулав даа?
-Чуулган завсарласны дараа тойрогтоо
ажилласан даа. Өмнө нь иргэдийг цуглуулж байгаад уулздаг байснаа энэ удаад
иргэдийн хүсэлтээр ганцаарчлан уулзлаа. Ийм болохоор Дарханы гурван сумын
багаар явж, 470 гаруй иргэнтэй ганцаарчилж уулзлаа. Иргэдээс гарсан саналыг
нэгтгэн дүгнээд Засгийн газар, орон нутгийн төвшинд анхаарах асуудлыг холбогдох
удирдлагуудад хүргүүлсэн. Иргэдтэй уулзаад явж байхад нэг зүйл ажиглагдлаа.
Өмнө нь иргэд мөнгө, гэр өгөөч гэж хүсдэг байсан. Харин одоо ийм хүсэлт тавих
хүн бараг байхгүй болжээ. Ажлын байртай болгох, жижиг бизнесийг дэмжих гээд
ажил хэргийн шинжтэй яриа өрнөдөг болсон байна. Засгийн газрын төвшинд
хэрэгжүүлж байгаа ажлын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй, сайд нар орон нутагт
ажиллаж, иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсохгүй байна гэсэн санал
хэллээ. Энэ дагуу Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн.
-Тэгвэл
Төсвийн байнгын хороо завсарлагаанаар ямар ажил хийсэн байна вэ?
-Манай Байнгын хороогоор хэлэлцэж
байгаа хоёр том хуулийн төсөл бий. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон
нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл.
Төсвийн хуульд орон нутгийн эрхийг өргөжүүлэх, төсвийн шинэтгэл хийх талаар
заалт оруулсан. Энэ хуулийг гардаж хэрэгжүүлэх хүмүүстэй ярилцсан. Төсвийн
тухай хуулийг батлахдаа маш олон зүйлд анхаарах хэрэгтэй юм байна гэсэн
дүгнэлтэд хүрсэн.
-Төсвийн
тухай хуулийн нэг гол зүйл бол төсвийн эрхийг орон нутагт шилжүүлэх шүү дээ.
Энэ асуудал дээр гишүүд өөр өөр байр суурьтай байх шиг?
-Орон нутгийн удирдлагын төвшинд эрх
мэдлээ өргөжүүлье, орон нутаг өөрөө өөрийгөөсанхүүжүүлээд аваад явъя гэж байна.
Энэ бол нэг талаас дэвшил. Гэхдээ бодох юм их бий. Монгол Улс нэгдсэн тогтолцоотой.
Өнөөдөр хэдэн аймаг санхүүгийн хувьд биеэ даах боломжтой вэ гээд тооцоод үзвэл
сонин тоо гарна. Одоогоор 5-6 аймаг л ийм чадалтай байгаа. Орон нутагт төсвийн
эрх мэдлийг өгөхөөр "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэдэг шиг
зарчим үйлчлэх вий гэж бодоод байна. Өнөөдөр хууль гаргаад төсвийн эрхийг шууд
л орон нутагт шилжүүлчихье л дээ. Гэтэл үүнийг хийж чадах боловсон хүчин орон
нутагт байгаа бил үү. Ийм боловсон хүчин бэлтгэж чадсан уу гэдэг асуулт гарч
ирнэ. Ер нь тэгээд төсвийн эрхийг орон нутагт өгнө гэсэн хатуу байр сууринаас
хандаж болохгүй. Үүнийг л би хүмүүст ойлгуулах гэж оролдсон. Зарим хүн намайг
буруугаар ойлгож магадгүй л юм.
-Хаврын
чуулган эхлэхээр хэлэлцэх асуудлын эхэнд төсвийн тодотгол байгаа юу?
-Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Таван
толгойтой холбоотой асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа хөрөнгийн эх үүсвэрийн
тал дээр тооцож харж үзэх зүйл байна гэсэн. Тиймээс ойрын хугацаанд төсөвт
тодотгол хийхгүй гэдгээ хэлсэн.
-Орон
сууцны санхүүжилтэд зориулж, Засгийн газар 800 тэрбум төгрөгийн бонд гаргахаар
боллоо. Энэ асуудлыг төсвийн тодотголоор хэлэлцэхгүй хэрэг үү?
-Бонд гаргах эрхийг Засгийн газарт
өгчихсөн. Яах вэ, нэмж бонд гаргахаар бол УИХ, Байнгын хороогоор хэлэлцэж
таарна.Манай эдийн засгийн нөхцөл байдал бидний тооцоолж байснаас хурдан эргэх
болж. Бидний батлан гаргаж байгаа төсөв хөгжлийнхөө хурдад нийцэж ажиллахгүй
байгаа учраас өөрчлөх зүйл гарч ирээд байна. Засгийн газар бонд гаргана гэхээр
үүнийг нь сөрөг талаас нь тайлбарлах нь олон байх юм. Засгийн газар эрх
мэдэлтэй болж, мөнгө гаргаж үр ашиггүй зүйлд зарж байна гэсэн мэдээллийг
нийгэмд өгдөг хэсэг бүлэг хүн байна. Тиймээс л би Засгийн газрын гишүүдийг энэ
бүхнээ иргэдэд ойлгуулаач гэж хүсээд байгаа юм.
-Засгийн
газрын бондын талаар иргэд хангалттай мэдээлэлтэй байж чадахгүй байгаа нь үнэн.
Магадгүй Засгийн газар, Сангийн яам нэг бол гадаадаас зээл тусламж авах, үгүй
бол бонд гаргах болсон нь иргэдийг төөрөгдүүлж байж мэдэх юм?
-Манай улс гаДаадаас хүү багатай,
нөхцөл нь боломжийн арилжааны зээл авах хэрэгтэй. Үүнээс айгаад хэрэггүй.
-Яагаад.
Ирээдүйгээ өрөнд оруулчих юм биш үү. Их өрийн дараах их өрийг одоогийн Засгийн
газар үүсгэж байна гэсэн шүүмжлэл нийгэмд тархаад байна шүү дээ?
-Таван толгой, Оюу толгой, Төмөр
замын төсөл хэрэгжээд эхлэхээр манай зах зээлд асар их хэмжээний мөнгө орж
ирнэ. Тухайн үед ийм хэмжээний мөнгийг эдийн засаг руугаа шууд цутгаж болохгүй.
Тиймээс гадаадаас зээл тусламж авч дэд бүтэц, орон сууцаа сайжруулаад бүтээн
байгуулалтын ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Гадаадаас зээл тусламж авахаас айх зүйл
ерөөсөө байхгүй.
П.Ариунаа
2011 оны 3-р сарын 31, Пүрэв гариг
Ардчилал
No comments:
Post a Comment