УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
Д.Хаянхярваатай уулзлаа.Парламентад суугаад удаагүй ч Байнгын хороо тэргүүлэх
хэмжээний улстөрч гэдгээ харуулж чадсан тэрбээр төсвийн эрх тэднийг орон нутагт
өгөх ёстой гэдэг байр суурьтай байдаг нэгэн.Аймаг толгойлж ажиллаж байсны хувьд
хязгаарлагдтал эрх мэдэлтэй байхын зовлонг ч чамгүй эдэлсэн байж таарна.Гэхдээ
тэр зарим гишүүний хэлдэг төсвийн эрх тэднийг нь өгөөд хаях гэдэгтэй саная
нийлдэггүй гэсэн. Мөн төсөвт тавих хяналт,хариуцлага дээшлүүлэх тухай ч
нэлээдгүй ярьж,шүүмжлэлтэй ханддаг юм.Энэ удаа Төсвийн байнгын хорооны даргын
хувьд Монгол Улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
-Төсвийн
байнгын хорооны даргын ажил аваад анхаарал хандуулж ажилласан асуудлуудаас тань
яриагаа эхэлбэл ямар вэ?
-Байнгын хорооны даргын хувьд гэж
ганцаарчилж онцлох юу байх вэ.Өнгөрсөн хугацаанд манай Байнгын хороо хэд хэдэн
асуудал дээр анхаарлаа хандуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд
өөрчлөлт оруулах, Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах, Гадаадын зээл
тусламжийн тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай зэрэг
хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж батлууллаа. Төсвийн байнгын хорооны эрхлэх
асуудлын хүрээнд Монгол Улсад ажиллаж байгаа олон улсын санхүүгийн
байгууллагуудын суурин төлөөлөгч болон ажлын хэсгүүдийн зөвлөхүүдтэй уулзаж
цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.Хаврын чуулганаар хэлэлцэх Төсвийн
тухай хууль болон Бараа ажил үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах, хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байна
гээд яривал олон зүйл хэлж болно л доо.
-Та
өмнө нь батлагдсан төсвийг захиран зарцуулдаг аймгийн дарга байсан хүн. Харин
2008 оноос хойш УИХ-д сууж улсын төсөв баталж байгаа.Ер нь улсын төсвийн талаар
ямар шүүмжлэл их гарч байна вэ?
-Батлагдсан төсөв бүхний араас
гардаг нийтлэг шүүмжлэл байна. Ер нь төсвийн үр ашгийг сайжруулах талаар бодох
цаг болсон. Хамтарсан Засгийн газар байгуулснаар томоохон төслүүдийг эргэлтэд
оруулах боломж бүрдэж, Монгол орны эдийн засаг жинхэнэ утгаараа сэргэх эхлэл
баттай тавигдаж чадсан. Энэ бол том амжилт. Гэхдээ сөрөг зүйл бас байна
аа.Тухайлбал, төсвийн үр ашгийг сайжруулах, төрийн албаны шинэчлэл хийх зэрэгт
ямар ч ахиц гараагүй гэж хэлж болно. Өнөөдөр төрийн алба дэндүү данхайсан
түүнийгээ дагаад хариуцлага суларсан, үргүй зардал нэмэгдсэн гээд яривал их юм
байна даа. Дарга, орлогч нарын орон тоо хэрээс хэтэрсэн нь улсын үйлдвэрийн
газруудад ч халдварласан. Асуудал шийдвэрлэх шат дамжлага олшрох тусам хүнд
суртал нэмэгдэж, хариуцлага сулардаг гэдгийг удирдлагын бүх шатандаа мэдэж
байгаа мөртлөө зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь Засгийн газрын сул
тал.
-Төсвийн
шинэчлэл хийх талаар 2008 оноос хойш Сангийн сайд ярьсан ч бодитой зүйл хийхгүй
байгаа талаар УИХ шүүмжлэлтэй хандаж байсан.Шинээр өргөн барьсан Төсвийн тухай
хууль, Тендерийн хуулийн өөрчлөлт нь Монгол Улсыг төсвийн шинэ харилцаанд
гаргаж чадах уу гэдэг ч мөн л асуудал.Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа
вэ?
-Шүүмжлэхийн тухайд бүгд л
шүүмжилдэг.Санаачилга гаргагч хэр олон байгаа вэ. Мөн гаргасан санаачилгыг аль
өнцгөөс харж хүлээж авах вэ гээд зовлон бэрхшээл олон бий л дээ.Ер нь бол
төсвийн шинэчлэлийг гарцаагүй хийх ёстой.Төсвийн үр ашгийг сайжруулах шаардлага
өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ зөвхөн Засгийн газрын асуудал биш УИХ-ын
түвшинд элдэв улс төргүйгээр нухацтай авч үзэх ёстой юм. Таны асуусан хуулиудын
төслийн хувьд ямартай ч эхлэлийг нь тавьж байна. Харин төсвийн шинэчлэлийг
бүхэлд нь хийнэ гэвэл арай л чадахгүй болов уу. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд
төрийн болон төрийн бус байгууллага, иргэд,олон нийтээс ирсэн саналыг хэрхэн
хүлээн авч тусгаж чадахаас нэлээд зүйл хамаарна шүү дээ.
-Ер
нь энэ шинэчлэлийг төсвийн хууль эрх зүйн хүрээнд хийхэд л хангалттай юу?
-Шинэчлэлийг хууль эрх зүйн хүрээнд
хийсэн ч хэрэгжүүлэх талаар анхаарал хандуулахгүй бол болохгүй биз дээ. Тэр
дундаа манайд хуулийн хэрэгжилт ямар байдаг билээ.
-Төсвийн
орлого ойрын хугацаанд их хэмжээгээр өснө гэсэн хүлээлт байгаа. Уул уурхайн
салбарын хөгжлийг дагаад хөрөнгө оруулалт ч ихээр орж ирж байгаа. Харин эндээс
олсон орлогыг хэрхэн зөв зарцуулах талаар ямар бодлого барих ёстой вэ. Нийгмийн
халамжид зараад дуусах уу гэсэн асуулт хүмүүсийн дунд байдаг.Нийгмийн халамжаар
ард түмнийг хэтэрхий залхуу болгох дэндүү элбэг дэлбэг төсвийг хэр сайн гэж үнэлэх
ёстой вэ?
-Эдийн засаг өснө гэдэгтэй санал нэг
байна. Манайд халамжийн тогтолцоог нэн яаралтай шинэчлэх шаардлага байгаа. Ер
нь халамж хэрээс хэтэрч байна л даа. Эзнээ олоогүй халамжийн тогтолцоо иргэдээ
залхуу болгохоос гадна сэтгэлгээний ядууралд оруулж байна. Энэ бол улс орны
аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.Өнөөдөр бид амьжиргааны бүрэн эх
үүсвэртэй нийгмийн бүхэл бүтэн нэг давхаргыг улсад ямар ч татвар төлдөггүй,
төрийн өмнө хүлээх хариуцлагагүй иргэд болгосон. Орон нутгаар явж байхад малчид
төртэй харилцах ямар нэгэн сэжимгүй боллоо, тодорхой татвар төлөх ёстой гэдэг
саналыг гаргаж байна билээ. Ер нь баян ядуугүй хишиг хүртэж байгаа шүү дээ. Ийм
төсвийг сайн төсөв гэж хэн хэлэх вэ. Нэгэнт төсөвт орлого нэмэгдэж, улс
мөнгөтэй болж буй тохиолдолд дэд бүтцийн салбартаа онцгой анхаарах ёстой байх.
Иргэдээ ажилтай болгох ёстой. Сүүлийн үед хүмүүс ажил төрөлтэй болохыг их хүсэж
байна. Ямар мэргэжилтэй болох, мэргэжилтэй болсныхоо дараа хаана ажиллах, яаж
ажиллах вэ гэдэг талаар иргэдээ сайн сургаж бэлтгэх, төлөвшүүлэхэд төр онцгой
анхаарах хэрэгтэй юм байна. Ажаад байхад ажлын байр хангалттай гарч байна.
Харин тэнд нь тохирох, ажлын байрны шаардлага хангах хүн л асуудал болоод
байгаа юм.
-Нийгмийн
халамжийн зардал төсөвт их байр суурь эзэлж буйгаас шалтгаалаад төсвийн
үзүүлэлт муудаж,инфляцийг хөөрөгдөж байгаа.Инфляци дагаад ард түмний амьдрал ч
хэцүүдэж байна.Мөнгөний бодлогод нөлөөлөх нийгмийн халамждаа дарагд-сан төсвийн
хуулийг батлаад байх нь зөв юм уу?
-Халамжийн талаар шинэчлэл хийх
ёстойг төрийн хэмжээнд ч, улс төрийн намууд ч маш сайн ойлгож байгаа.Сонгуулийн
элдэв популист амлалтууд Төсвийн тогтвортой байдлын хууль батлагдсанаар
хаагдсан гэж хэлж болно. Тийм учраас цаашдаа төсвийн үр ашиг сайжрах тал руугаа
явна.Халамж байх ёстой.Гэхдээ эзнээ олсон зөв тогтолцоо шаардлагатай байна.
-Уг
нь Төсвийн хууль бол Монгол Улс дараа жил болон дунд хугацаанд яаж амьдрах
эдийн засаг, санхүүгийн маш том төлөвлөгөө. Гэтэл 2008 оноос хойш төсөв эдийн
засаг, ард түмний амьдралд үр өгөөж үзүүлэх үүргээ улам багасгаад байна шүү
дээ?
-2008 оноос бүх юм болохгүй тал
руугаа яваад байна гэвэл санал нийлэхгүй ээ. Дээр би төсвийн үр ашгийг
нэмэгдүүлэх тухай товчхон ярьсан.Төсвийн үр өгөөжийг сайжруулах тал дээр
анхаарах болсон л гэж дахин хэлье.Бага гэлтгүй зардал хэмнэхээс эхлээд төсвийн
хөрөнгөөр хийж байгаа ажлынхаа чанар чансаа, ач холбогдлоос нь Эхлээд бодох юм
их бий.
-Монгол
Улсад бүх салбарт их бүтээн байгуулалт хийх тухай ярьдаг. Асар их хэмжээний
хөрөнгө хэрэгтэй гэдэг тооцоо судалгаа ч гарсан. Гэхдээ Монголд нэн даруй хийх
ёстой бүтээн байгуулалтад шаардагдах зардал, бидний уул уурхайгаас олох их
орлого хоёрын харьцааны талаар танд ямар төсөөлөл байна вэ?
-Юм хийх хүнд хөрөнгө багаддаггүй
гэж би боддог. Гагцхүү хөрөнгөд ямар сэтгэлээр хандаж байна вэ. Нэн түрүүнд
хийх зүйл мөн үү гэдгээс их зүйл шалтгаална. Ойрын ирээдүйд Монголын эдийн
засагт орох мөнгийг зөв зүйлд, зөв менежментээр зарцуулбал манай амьдралд эрс
өөрчлөлт гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ нэлээдгүй нь иргэдийн идэвх
санаачилгаас хамаарна шүү. Манай улс мөнгөтэй боллоо, бидний амьдрал хэзээ
сайжрах юм бол гээд гараа хумхиад суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Ер нь
өөрийнхөө амьдралыг хэн нэгнээс хамаатай юм шиг боддог сэтгэлгээгээ бид өөрчлөх
ёстой. Бидэнд хөгжлийн маш цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна.Харин өнгөрсөн
чуулганаар хөгжлийн хэд хэдэн том баримт бичиг батлагдан гарсан түүнийг
хэрэгжүүлэх шат дараалал, хугацааг хурдан тодорхойлж хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй
байгаа юм. Заримдаа дэндүү ойлгомжтой зүйл дээр хэтэрхий удаан ярилцаж хугацаа
их алдаад байх шиг надад бодогддог. Хөрөнгө санхүү сайжирч байгаа энэ үед
үндэснийхээ компаниудын чадавхыг сайжруулах,нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд
төрөөс онцгой анхаарах ёстой.
-Жил
бүрийн Төсвийн хууль батлагдах явц, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн дийлэнх нь
татварын хөнгөлөлт чөлөөлөлт байдаг. Энэ асуудлыг харах анхаарах болоогүй юу?
-Харин тийм ээ.Татварын тогтворгүй
орчин хөрөнгө оруулагчдад тийм сайн зүйл биш. Ялангуяа гадаадын хөрөнгө
оруулагчид хөрөнгө оруулалт хийхээс татгалзах нэг үндэслэл болдог байхыг
үгүйсгэхгүй. Түүнчлэн улстөрчдөд ч тийм сайхан зүйл биш, элдэв лоббид орох магадлалыг
л нэмэгдүүлнэ шүү дээ.Тийм учраас хөнгөлөлт чөлөөлөлтийг аль болох хязгаарлах
бодлого барина.
-Төсвийн
хяналт төлөвлөлтөөсөө илүү чухал байх.Хяналт сулаас төрөөс мөнгө босгодог арга
улам нарийсаж байгаа.Үүнийг сайжруулах арга байна уу?
-Төсвийн хяналт чухал.Сайжруулах
үндэс нь нэгдүгээрт,төсөв ил тод байх, хоёрдугаарт,хуулийн хэрэгжилтэд иргэний
нийгмийн зүгээс тавих шаардлага өндөр байх, гуравдугаарт,гүйцэтгэлийн Хяналтыг
мэргэжлийн өндөр түвшинд хийж хариуцлагын тогтолцоог эрс сайжруулах л гэж бодож
байна.
-Төрийн
худалдан авах бараа,үйлчилгээтэй холбоотой авилга,хээл хахуулийн чамгүй олон
хэрэг гардаг.Тендерийн шинэ хуулиар энэ асуудал шийдвэрлэгдэх боломж байна
уу.Орон нутагт хамаг эрхийг шилжүүлснээр сайжирна гэдэгт та хэр итгэлтэй байгаа
вэ?
-Шинэ хууль гарснаар ч гэдэг юм уу.
Орон нутагт эрх мэдэл шилжсэнээр бүх зүйл сайхан болно гэж хэлж чадахгүй. Хууль
эрх зүйн орчноо сайжруулах, хуулийн заалтыг хоёрдмол санаагүй тодорхой болгох
гээд анхаарах асуудал олон. Тэгэхдээ гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын
тогтолцоог эрс сайжруулах нь энэ асуудлыг шийдэх гол арга гэж бодож байна. Энэ
бол миний л бодол.
-Төсвийн
хөрөнгөөр чанаргүй зүйл хийдэг, дээрээс нь үнийн өсөлтийн зөрүү нэхдэг асуудал
жирийн үзэгдэл болжээ. Араас нь сурвалжлахаар хэн нэг улстөрчтэй, эсвэл төрийн
албан хаагчтай холбоотой болдог юм. Үүнийг улс төрийн дарамт шахалт үзүүлж,
улсын төсвөөс мөнгө гаргаж байгаа асуудал биш биз?
-Улс төрийн шахалт гэхээсээ чанаргүй
төсөв, зураг хэргийн гол эзэн болдог. Нөгөө талаар манайд мөрддөг стандарт үндсэндээ
байхгүйн гай юм уу даа. Тухайлбал, ийм стандарттай замыг ийм төсвөөр барина
гэсэн стандарт алга. Манай Ерөнхий сайд Европын стандартыг авч хэрэгжүүлэх
талаар нэлээд тодорхой ярьсан. Ойрын үед энэ чиглэлд тодорхой ахиц гарна байх.
Харин чанаргүй хийснээс болоод нэмэгдэл зардал гаргасан мөртлөө нөгөө компани
нь ямар ч хариуцлага хүлээлгүй төр хохирдог зүйл байгааг анхаарах ёстой.
-Сүүлийн
үед гишүүдийн нэрээр төсөвт мөнгө суулгадаг болсон. Зарцуулалтад нь яаж хяналт
тавьдаг юм бэ?
-Гишүүдийн мөнгө гэдэг буруу ойлголт
байдаг.Мандатын тоогоор төсөвт суудаг мөнгийг гишүүдийнх гээд байгаа нь буруу
шүү дээ. Хамгийн гол нь орон нутгийн удирдлагуудтайгаа сайн тохиролцоод
хэрэгцээтэй зүйлд хөрөнгөө зөв зарцуулах ёстой. УИХ-ын гишүүдэд мөнгө захиран
зарцуулах эрх байхгүй эсрэгээрээ хяналт тавих ёстой.
-Төсвийн
шинэчлэлээр энэ асуудлыг зохицуулах боломжтой юу.Төрийн мөнгөөр хэн нэг нь
сонгогдсон тойрогтоо өөрийн хөрөнгө аятай захиран зарцуулж буй нь улс төрийн
монополь биш үү?
-Өөрийн хөрөнгөөр хийж байгаа аятай
ярьдаг гишүүн байхгүй байх аа. Энэ чинь татвар төлөгчдийн хөрөнгө шүү тойрогтоо
мөнгө хуваарилуулж, сонгуулийн амлалтаа биелүүлэх боломж олгодог тогтолцоо
өндөр хөгжсөн бусад оронд ч байдаг юм билээ. Гэхдээ энэ нь өөрөө захиран
зарцуулдаг гэсэн үг биш. Манайх тэр жишгээр л явж байгаа гэж ойлгодог.
-Жил
ирэх тусам төсвийн зарлага нэмэгдэж байгаа талаар судлаачид, иргэний
байгууллагынхан шүүмжилдэг. Зарлага нэмэгдэх нь төсвийн үзүүлэлтэд ямар
нөлөөтэй вэ.Олсноо үрж зарж байж улс орны хөгжилд хэрэгтэй зүйл бүтээнэ,
иргэндээ наалдуулж чадна гэх юм?
-Зарлага нэмэгдэх нь сайн үзүүлэлт
биш л дээ. Тэр дундаа удирдлагын зардал нэмэгдээд байгаа нь бүр ч буруу. Ямар
зүйлд зарлага нэмэгдэж байгаагаас хамаарч улсын хөгжилд үр ашгаа өгч байна уу,
үгүй юу гэдгийг ярина л даа. Энд нөгөө л төсвийн үр ашгийн тухай ярих хэрэгтэй.
Түүнээс огт зарахгүй хав дараад харамлаад сууснаар төсөв сайн, хөгжил мундаг
болдог юм биш.
-Уул
уурхайн улирал эхэлж байгаатай холбогдуулан эдийн засагт халалт үүсэх төлөвтэй
байна.Үүний хажуугаар Ойрх дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн үнэ
өсөв.Гэтэл манай төсвийн бодлого хэтэрхий үрэлгэн,бэлэн мөнгө ихээр тарааж
байгаа нь инфляцийг хөөрөгдөх нэг үндэс мөн үү?
-Төсөв үрэлгэн гэдэгтэй санал нийлж
байна.Төсвийн зарлагыг бууруулахын тулд төрийн алба,төсвийн байгууллагуудад
бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай.Энэ талаар Засгийн газарт тодорхой
үүрэг даалгавар,чиглэл өгсөн. Засгийн газар ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.
2012-2013 онд зэс, нүүрс, төмрийн хүдрийн ордууд шинээр ашиглалтад орж төсөвт
төвлөрөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого нэмэгдэнэ. Гэхдээ
дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ огцом буурах, бензин шатахууны үнийн
өсөлттэй уялдсан инфляци зэрэг нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд сөргөөр
нөлөөлж, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт нөлөөлж болзошгүй юм. Мөн түүнчлэн
нефть бүтээгдэхүүний хараат байдлаас ангижрах зорилгоор дотооддоо нефтийн
бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг цаг алдалгүй барьж ашиглалтад оруулах нь
урт хугацаанд төсвийн орлогыг бүрдүүлэх гол эх үүсвэр болох төдийгүй нефть
бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах боломжтой болох юм.Хүний хөгжлийн
сангаас хишиг,хувь хүртээх зорилгоор тодорхой хэмжээний бэлэн мөнгийг иргэдэд
олгож байгаа ч Засгийн газар,Монголбанк хамтран инфляцийг хөөрөгдүүлэхгүй байх
чиглэлийн арга хэмжээнүүдийг авч эхэлсэн
-2011
онд орж ирсэн гэж төсөөлөөд төсөвт тусгасан их наяд орчим төгрөг Таван
толгойгоос орж амжихгүй нь тодорхой болсон.Үүнийг яаж нөхөх вэ?
-Монгол Улсын 2011 оны төсөвт
"Эрдэнэс Монгол" ХХК-иас 350 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулахаар
төлөвлөж хууль баталсан. Нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх нь Засгийн
газрын үүрэг. Энэ талаар Засгийн газар ажиллаж байгаа.
-Монгол
Улсын төсвийн талаар та хамгийн сүүлд авсан мэдээллээсээ хуваалцахгүй
юу.Төсвийн байнгын хорооны даргын ширээн дээр байнга байж байдаг тооцоо
судалгаа гэдэг утгаар ч байж болно.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн нийт орлого 2011 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 467,7 тэрбум
төгрөгт хүрсэн байна.Энэ нь орлогын төлөвлөгөө 76.7 тэрбум
төгрөгөөр буюу 19,6 хувиар биелсэн гэсэн үг.Улсын төсвийн нийт зарлага эхний
хоёр сарын байдлаар 773,3 тэрбум төгрөг төлөвлөснөөс 469,9 тэрбум төгрөгийг
санхүүжүүлж 60.8 хувийн биелэлттэй байна. Гадаад худалдааны нийт эргэлт 1031,5
сая ам доллар болж 2010 оны мөн үеэс 423,9 сая ам.доллар буюу 69,8 хувиар
өсжээ. Экспортын орлого 415,8 сая, импортын орлого 615,6 сая ам доллар байгаа
гэсэн үзүүлэлт гарсан байна.
-Бид
гадаадад хэр их өртэй юм бол. Өрөө хэдийд барагдуулж дуусахаар байна?
Гадаад өрийг төдийд төлж дуусна
гэсэн хугацаа байхгүй. Дэлхийн бусад орнуудын адил тодорхой зорилготой
хугацаатай зээл авч, төлж байх энэ процесс байнга л үргэлжилнэ гэж ойлгож
явдаг. Монгол улс 2010 онд 91,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. 2011
оны эхний хоёр сарын байдлаар 3,3 тэрбум төгрөгийн зээл аваад байна.
Н.Сарангэрэл
2011 оны 4-р сарын 12, Мягмар гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment