УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай
ярилцлаа
-Тоглоомын дүрэм тодорхой болж байх шиг байна. Холимог тогтолцоо тэр дундаа можаритор давамгайлсан 48:28 гэсэн тоон дээр хоёр намын бүлэг саналаа нэгтгэхээр болсон бололтой. Тань хувьд пропорциональ элементийг илүүд үзэх байсан байх аа?
-Миний
хувьд холимог тогтолцоог илүүд үздэг Энэ талаараа ч байр сууриа илэрхийлж
байсан. Гэхдээ можаритор, пропорциональ хоёр элементийн. аль нь давамгайлах
талаар дэлгэрэнгүй ярьж байгаагүй. Энэ удаад 48:28 гэсэн хувилбарыг дэмжиж
байгаа. Хоёр намын түвшинд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа учраас чухам яаж
тохиролцож байгааг мэдэхгүй. Манай намын бүлгийн хуралдаанаар гол, гол
асуудлуудаа хэлэлцээд саналаа хурааж, 48:28 гэсэн байр суурийг хатуу
баримтлахаар шийдвэрлэсэн.
-2008 оны сонгуулийн дараахан пропорциональ элемент давамгайлсан Сонгуулийн тухай хууль Монголын нийгэмд илүү тохирох талаар МАН анх дугарч, санаачилгыг гартаа авсан. Энэ талаар мөрийн хөтөлбөртөө ч, хоёр намын хамтарсан гэрээнд ч тусгасан байдаг. Улмаар хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ можаритор давамгайлсан тогтолцоог МАН илүүд үзэх боллоо. Намын гишүүний хувьд ямар тайлбар хийх вэ?
-Амьдрал
баян юм. Манайх сонгуулийн пропорциональ давамгайлсан тогтолцооны талаар ярьж
байсан нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орон болон манай улсын туулж ирсэн амьдралын
туршлагыг судалж, бүлгийн хуралдаанаар гишүүд нэлээд нухацтай ярьсан. Ингээд
шууд пропорциональ элемент рүү шилжих нь биш юм аа.
Ямар нэгэн байдлаар алхам алхмаар энэ ажлыг урагшлуулах нь зүйтэй гэсэн байр суурь дээр гишүүд санал нэгдсэн.
Ингэхдээ
Монгол орны өвөрмөц өнгө төрх, бүтэц, эдийн засгийн хөгжил, хүн амын суурин
байршил нягтаршил гээд олон хүчин зүйлээс нь хамааруулж 48:28 гэсэн тоон
үзүүлэлт нь өнөөгийн Монголын амьдралд илүү нийцтэй гэж үзсэн.
-Гэхдээ дээрх үйл явдлаас харахад МАН хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлдэггүй гэж дүгнэхээр харагддаг. Анх пропорциональ элементийг илүүд үзэж байсан бод бүх ард түмний санал асуулга явуулна гэж сүржигнэсэн. Дараа нь 52:24 гэсэн хувилбар. Эцэстээ 48:28 гэсэн тоон гаргалгаа. Өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ийн гаргалгаа гаргаад байна уу. Эсвэл санаагаа өөрчлөхөд нь өөр хүчин зүйл нөлөөлөх болов уу?
-Мэдээж,
улс төрийн хүчнүүд нэгнийгээ шүүмжлэх нь зүйн хэрэг. Бид ч гэсэн АН байр
сууриасаа буцлаа, ийм зүйл дээр ингэлээ гээд яривал их л зүйл бий. Адилхан
өөрийн гэсэн уураг тархитай хүмүүс учраас үзэл бодол, байр суурь өөр байх нь
гарцаагүй. Гагцхүү хэлэлцэж, ярилцсаны эцэст саналаа нэгтгэж байна. Өнөөгийн 76
гишүүн дотор багцлаад үзвэл цэвэр пропорционалийг дэмжих нь хэд бол. Ялгаа
байхгүй холимог эсвэл можариторыг хэд нь дэмжиж бол гээд үзвэл харьцангуй тоо
гарна. Ийм болохоор МАН зөвхөн хэлсэн, ярьснаасаа буцаагаад байгаа зүйл биш.
Энэ асуудалд нухацтай л хандах учиртай. Олон талаас нь хэлэлцэж байж, эцсийн
зөв шийдвэр гарна. Манайхан сонгуулийн тогтолцоо гэхээр я өөрт ашигтай байдлаар
бүхий л зүйлийг хийх нь гэж ярьдаг. Харин өөртөө ашигтай байдлаар хийнэ
гэдэг зүйлийг би огт ойлгодоггүй юм, хувь хүнийхээ зүгээс. Пропорциональ, эсвэл
можаритор байна уу, сонгуульд өрсөлдөхийн тулд хүмүүс ижилхэн л сурталчилгаа хийнэ.
Тэгэхээр тэр нь надад ашигтай гэж үзэхэд хэцүү.
-Тэгвэл хүнээ юу, эсвэл намаа дугуйлах уу. Аль нь илүү оновчтой хувилбар болж чадах вэ?
-Би
айхтар том хуульч биш. Гэхдээ Үндсэн хуульд шууд сонгоно гэсэн заалт бий. Шууд
сонгоно гэдгийг хүнээ дугуйлна гэж ойлгож байгаа. Мэдээж, энэхүү заалтыг
хуульчид өөр өөрийнхөөрөө л тайлбарладаг юм билээ. Би ойлгохдоо хүнээ дугуйлах
нь л зөв. Учир нь ард түмэн сонгох хүнээ мэдэж, саналаа шууд байдлаар өгөх нь
илүү оновчтой болов уу.
-Тойрогтоо ялагдал хүлээсэн нэр дэвшигчийг шууд УИХ-ын гишүүн болгох хувилбарыг хэрхэн хүлээж авч байгаа вэ. АН-аас 50+1 санал авсан нэр дэвшигчийг шууд УИХ-ын гишүүн болгож, шилжүүлэх хувилбарыг санал болгосон шууд Магадгүй энэ нь танд ч ашигтай хувилбар байж мэдэх юм биш үү?
-Надад
ашигтай гэсэн байдлаар асуудалд хандахыг хүсдэггүй. Энэ асуудлыг намын бүлгийн
хуралдаанаар хэлэлцсэн. Энэхүү шилжих санал нь АН-аас гаргаж ирсэн зүйл. Үүнийг
манай намын бүлгийн хуралдаанаар ерөнхийд нь дэмжсэн. Гэхдээ сонгуулиар аль ч
намын гишүүн 50+1 санал авах боломж нь хомс. Учир нь улс төрийн сонгууль
өрсөлдөөн ихтэй, олон өрсөлдөгчтэй болсон үе. Иймээс бүлэг дээр санал хураахдаа
50+1 байх уу эсвэл хамгийн олон санал авсан нь шууд гишүүн болох уу.
Гишүүдийн олонх нь хамгийн олон санал авсан нь гишүүн болох
хувилбарыг илүүд үзсэн.
Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь
No comments:
Post a Comment