Wednesday, 2 May 2012

Д.Хаянхярваа: Пропорциональ давамгайлсан тогтолцоог ярьсан нь үнэн



УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
Удтал дуншсан Сонгуулийн тогтолцоог өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваагийн байр суурийг сонирхлоо. Мөн тэрбээр Оюутолгойн гэрээг анхнаас нь дэмжиж байсан хүний хувьд өнөөгийн үүсээд байгаа асуудалд хариу өгсөн юм.
-Тоглоомын дүрэм тодорхой болж байх шиг байна. Холимог тогтолцоо тэр дундаа можаритор давамгайлсан 48:28 гэсэн тоон дээр   хоёр   намын   бүлэг   саналаа нэгтгэхээр болсон бололтой.Таны хувьд   пропорцнональ   элементийг илүүд үзэж байсан байх аа?
-Миний хувьд холимог тогтолцоог илүүд үздэг. Энэ талаараа ч байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ можаритор, пропорциональ хоёр элементийн аль нь давамгайлах талаар дэлгэрэнгүй ярьж байгаагүй. Энэ удаад 48:28 гэсэн хувилбарыг дэмжиж байгаа. Хоёр намын түвшинд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа учраас чухам яаж тохиролцож байгааг мэдэхгүй. Манай намын бүлгийн хуралдаанаар гол, гол асуудлуудаа хэлэлцээд саналаа хурааж, 48:28 гэсэн байр суурийг хатуу баримтлахаар шийдвэрлэсэн.
-2008 оны сонгуулийн дараахан пропорциональ элемент давамгайлсан Сонгуулийн тухай хууль Монголын нийгэмд илүү тохирох талаар МАН анх дуугарч, санаачилгыг гартаа авсан. Энэ талаар мөрийн хөтөлбөртөө ч, хоёр намын хамтарсан гэрээнд ч тусгасан байдаг. Улмаар хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ можаритор давамгайлсан тогтолцоог МАН илүүд үзэх боллоо. Намын гишүүний хувьд ямар тайлбар хийх вэ?
-Амьдрал баян юм. Манайх сонгуулийн пропорциональ давамгайлсан тогтолцооны талаар ярьж байсан нь үнэн. Гэхдээ дэлхийн улс орон болон манай улсын туулж ирсэн амьдралын туршлагыг судалж, бүлгийн хуралдаанаар гишүүд нэлээд нухацтай ярьсан. Ингээд шууд пропорциональ элемент рүү шилжих нь биш юм аа. Ямар нэгэн байдлаар алхам алхмаар энэ ажлыг урагшлуулах нь зүйтэй гэсэн байр суурь дээр гишүүд санал нэгдсэн. Ингэхдээ Монгол орны өвөрмөц өнгө төрх, бүтэц, эдийн засгийн хөгжил, хүн амын суурин байршил, нягтаршил гээд олон хүчин зүйлээс нь хамааруулж 48:28 гэсэн тоон үзүүлэлт нь өнөөгийн Монголын амьдралд илүү нийцтэй гэж үзсэн.
-Гэхдээ дээрх үйл явдлаас харахад МАН хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлдэггүй гэж дүгнэхээр харагддаг. Анх пропорциональ элементийг илүүд үзэж байсан бол бүх ард түмний санал асуулга явуулна гэж сүржигнэсэн,» Дараа нь 52:24 гэсэн хувилбар. Эцэстээ 48:28 гэсэн тоон гаргалгаа. Өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ийн гаргалгаа гаргаад байна уу. Эсвэл санаагаа өөрчлөхөд нь өөр хүчин зүйл нөлөөлөх болов уу?
-Мэдээж, улс төрийн хүчнүүд нэгнийгээ шүүмжлэх нь зүйн хэрэг. Бид ч гэсэн АН байр сууриасаа буцлаа, ийм зүйл дээр ингэлээ гээд яривал их л зүйл бий. Адилхан өөрийн гэсэн уураг тархитай хүмүүс учраас үзэл бодол, байр суурь өөр байх нь гарцаагүй. Гагцхүү хэлэлцэж, ярилцсаны эцэст саналаа нэгтгэж байна. Өнөөгийн 76 гишүүн дотор багцлаад үзвэл цэвэр пропорционалийг дэмжих нь хэд бол. Ялгаа байхгүй холимог эсвэл можариторийг хэд нь дэмжих бол гээд үзвэл харьцангуй тоо гарна. Ийм болохоор МАН зөвхөн хэлсэн, ярьснаасаа буцаад байгаа зүйл биш. Энэ асуудалд нухацтай хандах учиртай. Олон талаас нь хэлэлцэж байж, эцсийн зөв шийдвэр гарна. Манайхан сонгуулийн тогтолцоо гэхээр л өөрт ашигтай байдлаар бүхий л зүйлийг хийх нь гэж ярьдаг. Харин өөртөө ашигтай байдлаар хийнэ гэдгийг би огт ойлгодоггүй юм. Пропорциональ, эсвэл можаритор байна уу, сонгуульд өрсөлдөхийн тулд хүмүүс ижилхэн л сурталчилгаа хийнэ. Тэгэхээр тэр нь надад ашигтай гэж үзэхэд хэцүү.
-Тэгвэл хүн, эсвэл намаа дугуйлах уу. Аль нь илүү оновчтой хувилбар болж чадах вэ?
-Би айхтар том хуульч биш. Гэхдээ Үндсэн хуульд шууд сонгоно гэсэн заалт бий. Шууд сонгоно гэдгийг хүнээ дугуйлна гэж ойлгож байгаа. Мэдээж, энэхүү заалтыг хуульчид өөр өөрийнхөөрөө л тайлбарладаг юм билээ. Миний ойлгосноор хүнээ дугуйлах нь л зөв. Учир нь ард түмэн сонгох хүнээ мэдэж, саналаа шууд байдлаар өгөх нь илүү оновчтой болов уу.
-Тойрогтоо ялагдал хүлээсэн нэр дэвшигчийг шууд УИХ-ын гишүүн болгох хувилбарыг хэрхэн хүлээж авч байгаа вэ. АН-аас 50+1 санал авсан нэр дэвшигчийг шууд УИХ-ын гишүүн болгож, шилжүүлэх хувилбарыг санал болгосон шүү дээ. Магадгүй энэ нь танд ч ашигтай хувилбар байж мэдэх юм биш үү?
-Надад ашигтай гэсэн байдлаар асуудалд хандахыг хүсдэггүй. Энэ асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэхүү шилжих санал нь АН-аас гаргаж ирсэн зүйл. Үүнийг манай намын бүлгийн хуралдаанаар ерөнхийд нь дэмжсэн. Гэхдээ сонгуулиар аль ч намын гишүүн 50+1 санал авах боломж нь хомс. Учир нь улс төрийн сонгууль өрсөлдөөн ихтэй, олон өрсөлдөгчтэй болсон үе. Иймээс бүлэг дээр санал хураахдаа 50+1 байх уу, эсвэл хамгийн олон санал авсан нь шууд гишүүн болох уу. Гишүүдийн олонх нь хамгийн олон санал авсан нь гишүүн болох хувилбарыг илүүд үзсэн.

Ертөнцөд ганцхан монгол гэдэг  улс байдаггүй  юм.
-Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх нь зүйтэй хэмээн нэр бүхий 20 гишүүн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Таны хувьд Оюутолгойн гэрээг дэмжигчдийн нэг. Тэдний энэ үйлдлийг хөндлөнгөөс хэрхэн дүгнэж байгаа вэ?
-УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэхийг шаардах нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Шаардагдах ч ёстой. Энэ хүрээнд байх л асуудал. Оюутолгойн гэрээг би эхнээс нь дэмжсэн. Одоо ч энэ байр сууринаасаа ухраагүй. Төрийн гурван өндөрлөг Оюутолгойн талаар байр сууриа илэрхийлсэн явдал нь том алхам боллоо. Монгол орон төртэй гэдгийг ард түмэн дээрх үйл явдлаас ойлгосон байх. Хоёрдугаарт, олон улсын түвшинд гэрээ хэлцэл хийчихээд, хэдхэн сарын дараа өөрчилнө гээд ярих нь улс орны нэр хүндэд сайн биш үзүүлэлт гэж бодож байна. Жишээ нь, хоёр хүн тохиролцож, наймаа хийчихээд 10 хоногийн дараа асуудал яриад очвол таатай биш. Иймээс нэгэнт явуулсан гэрээг үргэлжлүүлэх нь зүйтэй. Харин цааш цаашдаа алдаагаа засаж. сайжруулах хэрэгтэй.
Монгол улс ганц Оюутолгойгоор зогсохгүй Тавантолгой, Асгатын мөнгөний орд гэхчлэн олон том ордтой.
Тэгэхээр эдгээр орд дээр гэрээ хэлэлцэл хийхдээ анхаарах ёстой. Оюутолгой дээр гаргасан алдаагаа давтахгүй байх нь гол юм. Том гэрээ хэлэлцлүүдийг монголчууд дангаараа авч явна гэж их ярих болж. Ертөнц өнөөдөр даяарчлагдлаа. Ертөнцөд ганцхан Монгол гэдэг улс байдаггүй юм. Иймээс Монгол аль болох энэ том төслүүдийг гадныхантай хамтарч, урагшлуулах учиртай. Аль болох манайд олон том орны эрх ашиг орж ирнэ тэр хэмжээгээр үндэсний аюулгүй байдал баталгаажна.Түүнээс биш манайх ганцаараа хийнэ гэдэг харьцангуй ойлголт. Тухайлбал, хоёр орцтой 12 давхар байшинг Монголын барилгачид хэдэн сар барих бол. Харин тэр барилгыг гадны байгууллага хэрхэн барих бол.
Улаанбаатарт баригдаж байгаа барилгын компаниудад ямар хүмүүс ажиллаж байна.
Ингээд үзэхээр олон зүйл бодогдоно. Иймээс хүнийхээ чадамжийг, ажил хийх боломж нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагаа сайжруулж, сахилгатай байлгах гэхчлэн монгол хүнд өөрсдөөс нь хамаарсан олон зүйл бий. Үүнийг төрийн түвшинд байнга ярьж, ард түмэн рүүгээ чиглэсэн бодлого боловсруулж, анхааруулж байхгүй бол бүхий л зүйлийг улс төрийн нэг өнцгөөс харж мэдэх юм. Монгол хүн хийж чадахаар байтал гадныханд худалдлаа гэх хардлага нийгэмд төрүүлэх байдал бий боллоо. Энэхүү буруу ойлголтоор хүн бүр цээжээ дэлдэж, намайг чадах гэж байхад энэ нөхдүүд гадныханд өгчихлөө гэсэн уур амьсгал төрвөл амаараа чаддаг, ажлаараа чаддаггүй байдал дийлэнх болчих вий дээ гэх болгоомжлол надад байдаг.
-Оюутолгойн гэрээний тухайд 30 жилийн хугацааг нааш татахгүй бол гадныхан хамаг баялгийг цөлмөөд гарах болно гэж гишүүд төдийгүй эрдэмтэд анхааруулдаг шүү дээ?
-Иймэрхүү яриа их байдаг. Уул уурхайн чиглэлийн хүн биш учраас хэдэн жилийн дотор ухаж аваад, цөлмөхийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол дэлхийн хэмжээний том орд. Дэлхийн хэмжээний томоохон компаниуд ажиллаж байгаа учраас тэгж барин, тавин худлаа яримааргүй байна. Гэрээндээ 30, 40 жилээр ашиглана гэж  тусгачихаад юу юугүй 4-5 жилийн дотор ухаад гарчихгүй болов уу. Тэгээд ч Монгол Улс хил, гааль, хууль, хяналттай газар. Төр засаг, хууль хяналтын байгууллага хэдий хэмжээний юм олборлоод гарч байна, тухайн компани яаж ажиллах, ямар хүчин чадалтай үйлдвэрлэл явуулах талаар тооцчих түвшинд хүрсэн. Аливаа зүйлийг дандаа хар талаас нь харж, ярих нь сайн зүйл биш.
-Гэхдээ "Бороо гоулд" гэж том жишээ бий шүү дээ. Тогтвортой байдлын гэрээг 10 жилээр үзэглэчихээд таван жилийн дотор хамаг  баялгаа   гадагш   нь  урсгачихсандаа монголчууд харамсахаас өөр зүйл хийж чаддаггүй?
-Тийм ээ. Хүмүүсийн хэлж байгаа санал бүхнийг төр анхааралдаа авах ёстой. Асуудлын дагуу судалж, үзэх учиртай. Нөхцөл, бололцоо нь бүрэн дүүрэн байдаг бол мэдээж 30 жилийн хугацааг наашлуулах, Монголын төрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зэргийг хийх л ёстой. Гол нь цаг хугацааны хувьд яаж хийх үү гэдгийг нухацтай бодож, цаад талтай хэлэлцээрийн ширээний ард сууж ярилцах нь чухал. Мэдээж, ид ажил өрнөж байхад шууд гэрээнд өөрчлөлт оруулна гээд дайрвал цаад тал хүлээж авахгүй болов уу. Нэгэнт гэрээ хэлцэл явсан учраас харах л үлдлээ.
-Шаардлага хүргүүлсэн гишүүд хамтарсан Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж эхэллээ. Сонгууль дөтөлсөн энэ хугацаанд тэдний энэ алхам хэр зөв шийдвэр байж чадах вэ?
-Сонгууль дөхөхөөр янз бүрийн л араншин илэрдэг. Би анхан шатнаас нь эхлээд төрийн байгууллагад 25 жил ажиллалаа. Хэлтсийн мэргэжилтнээс эхлээд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, аймгийн дарга гэсээр УИХ-д орж ирсэн. Гүйцэтгэх засаглалын ажлыг олон талаас нь харж шүүмжлэх зүйл бий юу гэвэл байгаа. Гэхдээ гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах тал дээр Монголын төр засаг анхаарах учиртай. Магадгүй энэ Засгийн газрыг огцруулья. Тэгээд дараагийн Засгийн газар нь цоо шинээр байгуулагдаж, бүх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, гоё болгоно гэвэл худлаа. Энэ бол ташаа ойлголт. Тэгэхээр хамтарсан Засгийн газартаа шаардлага тавьж, ажлыг нь чанаржуулах нь зүйтэй. Нөгөө талаасаа, ажил хийж байгаа хүмүүст хатуурхаж болно. Гэхдээ зарим талдаа урам хайрлах хэрэгтэй. Ер нь гүйцэтгэх засаглалын ажил амаргүй.
Хүнийг хөндлөнгөөс шүүмжлэх шиг амархан ажил хаана байна.
Ер нь аливаа ажлыг өнөөдрийн цаг хугацаанд нь биш ирээдүйд үнэлдэг. Иймээс хамтарсан Засгийн газрын үед хийсэн ажлын үр дүнг өнөөдөр дүгнэх нь зохимжгүй юм. Магадгүй дахиад нэг парламентын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа үнэлж, дүгнэж болох юм. Монголчууд зах зээлийн нийгмийг сонгоод 20 жил өнгөрлөө. Тухайн үеийн 20 дугаар тогтоолыг сайн, муу гэж олон талаас нь ярьж л байсан. Эргээд эрүүл саруул ухаанаар харвал 20 дугаар тогтоол хэрэгтэй л санагддаг. Өмч хувьчлалын асуудал байна. Бүхэлд нь шүүмжилдэг. Би ч шүүмжилж л явсан. Гэтэл юу ч мэдэхгүй, зах зээлийн талаар ойлголтгүй хүмүүс гарч ирээд алдах нь алдаж, онох нь оносоор өнөөдөр Монгол Улс хувийн хэвшилд тулгуурласан томоохон эдийн засагтай орон боллоо. Үүнтэй адил 20,30 жилийн дараа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхэд том төслүүдийг хөдөлгөөнд оруулж, Монголын эдийн засгийг тодорхой түвшинд эргэлтэд оруулжээ гэж дүгнэх болов уу. Мэдээж алдаа оноо бий.
Нийтлэлч
Л.Нинжсэмжид
Эх сурвалж
Нийгмийн толь

No comments:

Post a Comment